| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Эрдэнэтуяа |
| Хэргийн индекс | 122/2024/0014/З |
| Дугаар | 122/ШШ2024/0021 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 122/ШШ2024/0021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Гомдол гаргагч: “******* *******” ХХК-ийн гомдолтой,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Дэлгэрмандах,
Гомдлын шаардлага: “Сүхбаатар аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Н.Дэлгэрмандахын “******* *******” ХХК-д оногдуулсан 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0048056 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уужимдалай (цахимаар), түүний өмгөөлөгч Б.Баяраа (цахимаар), хариуцагч Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Дэлгэрмандах, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхболд (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн нөхцөл байдлын талаарх хураангуй:
1.1. Гомдлын шаардлага: Гомдол гаргагч “******* *******” ХХК нь Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Дэлгэрмандахад холбогдуулан Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Дэлгэрмандахын “******* *******” ХХК-д 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0048056 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 (таван сая) төгрөгийн торгууль оногдуулж, усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрт 108,897,177.6 (нэг зуун найман сая найман зуун ерэн долоон мянга нэг зуун далан долоон төгрөг зургаан мөнгө) төгрөгийг төлөх тухай шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.
1.2. Эрх бүхий албан тушаалтан болох Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Дэлгэрмандах нь Салбарын хяналтын газрын ерөнхий болон ахлах байцаагч нартай хамтран 01/07 тоот удирдамжийн дагуу Сүхбаатар аймгийн ******* сумын 4, 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд 2024 оны ус ашиглах дүгнэлт, гэрээгүй гүний худгаас унд ахуйд ус ашигласан, шүүрлийн усыг шавхан зайлуулсан гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзээд “******* *******” ХХК-ийг 5000 нэгжтэй тэнцэх буюу 5,000,000 төгрөгөөр торгож, усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрт 108,897,177.6 төгрөгийг тус тус гаргуулахаар шийтгэл ногдуулжээ.
2. Процессын түүх:
2.1. Дээрх шийтгэлийн хуудсыг “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболдод 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр танилцуулсан байх бөгөөд тэрээр гаргасан шийдвэртэй танилцаж гарын үсэг зурсан байна.
2.2. “******* *******” ХХК нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг гомдлоо 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан бөгөөд тус шүүх 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3. Гомдол гаргагч “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Чингүн шүүхэд гаргасан гомдолдоо: Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Дэлгэрмандах нь “******* *******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн Усны тухай хууль зөрчих гэсэн 7.15 дугаар зүйлийн 2-т “Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол ...” гэснийг үндэслэн 2024.05.06-ны өдрийн №0048056 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай Шийтгэлийн хуудсаар манай “******* *******” ХХК-д 5,000,000 (таван сая) төгрөгийн торгууль ногдуулсныг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:
Манай “******* *******” ХХК нь 2020 оны 12 сард Монгол Улсын Компанийн тухай хууль болон бусад холбогдох журмын дагуу үүсгэн байгуулагдаж Зөвшөөрлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, холбогдох бусад хуульд заасан үндэслэл журмын дагуу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр М\/-021459 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Монгол ******* *******” ХХК-аас шилжүүлэн авч Сүхбаатар аймаг дахь ******* сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
“******* *******” ХХК нь Монгол Улсын хуулийг дээдэлж, улсдаа тогтмол татвар, хураамжийг төлж улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцон зүтгэж буй нийгэмд эзлэх тодорхой байр суурьтай нэр хүндтэй компани юм.
Гэтэл манай компанийн уурхай дээр 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбарын хяналтын газрын ерөнхий болон ахлах байцаагч нарын 01/07 тоот урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамжаар шалгалт хийсэн. Тус шалгалтын ажлаар манай компанийг 2024 оны ус ашиглах гэрээ, дүгнэлтгүйгээр гүний худгаас унд ахуйд ус ашигласан, шүүрлийн усыг шавхан зайлуулсан буюу ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлж ажиллаагүй зөрчлүүдийг гаргасан хэмээн үзсэн.
Бодит байдал дээр тухайн маргаан бүхий усны дүгнэлт гаргахад шаардлагатай үндсэн бичиг баримтуудын нэг нь Уулын ажлын төлөвлөгөө байдаг.
Манай компани нь 2024 оны уулын ажлын төлөвлөгөөг батлуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газар руу хуульд заасан хугацаандаа багтаан цахимаар хүргүүлсэн. Тухайн төрийн байгууллагад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх уул уурхайн компаниуд төлөвлөгөө тайлангаа цахимаар илгээдэг. Ашигт малтмал газрын тосны газрын
цахим системд доголдол үүссэн бөгөөд үүний улмаас төлөвлөгөөг батлах явцад улсын хэмжээнд удаашрал бий болсон. Манай компани нь 2024 оны 02 дугаар сараас эхлэн ашигт малтмал, газрын тосны газраас Уулын ажлын төлөвлөгөөг батлуулахаар тогтмол харилцсан. Үүний үр дүнд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тухайн төлөвлөгөөг батлуулж авсан.
Уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан даруй Усны дүгнэлт гаргуулах хүсэлтээ 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр холбогдох байгууллага руу цахимаар илгээсэн боловч цахим систем нь болохгүй болохоор нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр цаасаар усны газарт хүргүүлсэн. Төрийн байгууллагын зохион байгуулалт, ачааллаас шалтгаалж усны дүгнэлтийг цаг хугацаанд нь гаргуулах боломжгүйд хүрсэн. “******* *******” ХХК нь 2023 оны ус ашигласан болон бусад холбогдох төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан.
Ашигт малтмал, газрын тосны газрын цахим систем, ажлын ачааллаас шалтгаалж буюу өөрөөр хэлбэл төрийн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалж Монгол Улсын хэмжээнд уул уурхайн бүх компанийн ундны ус ашиглах, шүүрлийн ус зайлуулах үйл ажиллагааг нэгэн зэрэг зогсоосон шийдвэр гараагүй байна. Уул уурхайн салбар нь эдийн засгийн тэргүүлэгч салбар тул төрийн байгууллагын зарим шийдвэр үйл ажиллагаанаас шалтгаалж энэ салбарыг зогсоох, ялангуяа хувийн хэвшлийн үйл ажиллагааг алдагдуулах, хохирол учруулах нөхцөл байдлыг үүсгэж хэрхэвч болохгүй гэдгийг шүүхээс анхаарч үзэхийг хүсье. Уул уурхайн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас хамаарсан нөхцөл байдал нь манай байгууллагын төдийгүй Монгол Улс дахь нийт уул уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох үндэслэл болохгүй бөгөөд тухайлбал, “Оюу *******” ХХК, “Эрдэнэт” үйлдвэр, “Таван *******” зэрэг стратегийн ордууд ч мөн бидэнтэй ижил нөхцөл байдалтай байгаа боловч үйл ажиллагаа нь хэвийн явагдсаар байгаа билээ.
Иймд дараах гомдлын шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Дэлгэрмандахын 2024.05.06-ны өдрийн №0048056 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай Шийтгэлийн хуудас нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуулийн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү.
Жич: Зөрчлийн хэрэгт дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримтуудыг өгсөн болно гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уужимдалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлан төлөвлөгөөг хоцроосон гэх зөрчлийг хүлээн зөвшөөрч байна. Энэ гаргасан зөрчилдөө 5,000,000 төгрөгөөр торгуулахад татгалзах зүйлгүй. Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь заалтаар нөхөн төлбөр оногдуулсныг хэрэгсэхгүй болговол эвлэрэх боломжтой.
Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2-т “Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр торгууль оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай уул уурхайн компани Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа. Хүрэн нүүрсний ил уурхайд ус заавал ашиглах шаардлагатай байдаг. Анх удаа ус ашиглаж байгаа асуудал биш. Уулын ажлын төлөвлөгөөгүйгээр бид уурхайд ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй. Энэ төлөвлөгөөгүйгээр усны гэрээ байгуулж, ус ашиглах боломжгүй гэсэн үг. Уулын ажлын төлөвлөгөө батлуулах хүсэлтээ өмнө жил цахимаар явуулсан. Төрийн байгууллагын удаашралаас шалтгаалж уулын ажлын төлөвлөгөө батлагдаагүй удсан. Тиймээс усны дүгнэлт, гэрээгүйгээр ус ашиглахаас өөр аргагүй болсон. Хавар уурхайн хөрсний ус хайлаад усны түвшин дээшилдэг. Энэ шүүрлийн усыг зайлуулахгүй бол уурхай нуур шиг болж тоног төхөөрөмжүүд живэх байсан. Төрийн байгууллагуудын удаашралаас шалтгаалсан.
Ундны усыг мөн ашиглахаас өөр арга байгаагүй. Устай холбоотой төлбөрийг манай байгууллага төлсөн. Биднээс шалтгаалахгүйгээр дээрх нөхцөл байдал үүсэж байгаа тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
4.Хариуцагч Н.Дэлгэрмандах шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Д.Бат-Эрдэнэд ******* сумын иргэн Ч.Адъяасүрэн, Цэгмид нар нь “******* *******” ХХК нь 2024 оны ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл, гэрээг гаргуулаагүй шүүрлийн ус шавхан зайлуулсан, голын усыг боож, голдирлыг өөрчилсөн, усны газраас өгсөн усны судалгааны ажлыг хийж гүйцэтгэж тайлан мэдээг ирүүлээгүй, 5 голын судлыг тастаж усыг соруулан асгаж байгаа нь байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулж байгаа тул “******* *******” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож байгаль дэлхийг хамгаалъя гэсэн гомдол мэдээллийг биеэр очиж гаргасан.
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын үүрэг чиглэлийн дагуу “******* *******” ХХК-д Байгаль орчин аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын ерөнхий байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан 01/07 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд салбарын хяналтын ерөнхий байцаагчаар ахлуулсан ажлын хэсэгтэй хамтарсан хяналт шалгалтыг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хийж гүйцэтгэсэн.
“******* *******” ХХК-д хийсэн хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн.
“******* *******” ХХК нь 2024 оны уулын ажлын төлөвлөгөөг батлуулахаар 2023 оны 12 сард Ашигт малтмал газрын тосны газарт хугацаанд нь хүргүүлсэн. Тухайн төрийн байгууллагад Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх уул уурхайн компани нь төлөвлөгөө тайлангаа цахимаар илгээдэг. Ашигт малтмал газрын тосны газрын цахим системд доголдол үүсэж удааширсан бид 2 сараас эхлэн Ашигт малтмал, газрын тосны газарт өдөр болгон очиж төлөвлөгөөгөө 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр батлуулж авсан гэх Б.Болдбаярын мэдүүлэг.
Уулын ажлын төлөвлөгөө батлагдсаны дараа ус ашиглах дүгнэлт, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэх мэт бичиг баримтууд батлагддаг. Уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан өдөр Усны газарт 2024 оны усны дүгнэлтийг гаргуулахаар хүсэлт бичиг баримтыг хүргүүлсэн. “******* *******” ХХК нь өөрсдөөс шалтгаалах зүйлээ хийсэн. Тайлан төлөвлөгөө баталдаг төрийн байгууллага удаашралтай байдлаас болж компани бичиг баримтууд хойшлогддог. Энэ байдлаас болж жил бүр ийм асуудал үүсэж байна. Цаашид тайлан төлөвлөгөө баталдаг төрийн байгууллагууд хууль дүрэм журам болон цахим системээ сайжруулах хэрэгтэй байна. Жил бүр ийм асуудал үүсэх нь хувийн хэвшил компаниудад хохиролтой байна гэх мэдүүлэг
Гүний худагт 2023 оны 10 дугаар сард тоолуурыг суурилуулсан. 2024 оны 04 дүгээр сард ажилчдын кемп оффис ашиглалтад орж байгаатай холбогдуулан худгийн өргөтгөл засварын ажил хийж байгаа ажилчид тоолуурын шугам хоолойг гэмтээж салгасан байна. Энэ зөрчил нь ажилчдын хариуцлагагүй байдлаас үүссэн байна. Бид зөрчлөө арилгана гэх Б.Болдбаярын мэдүүлэг.
Хариуцан ажилладаг ажилтан урт хугацааны амралтаа аваад явчихсан уг тайланг өгөөгүй амарсныг нь мэдээгүй хоцроочихсон байна. Уг зөрчлөө бол хүлээн зөвшөөрч байна гэх Б.Болдбаярын мэдүүлэг
Зөвшөөрөлгүй ус ашигласан гэсэн гэх асуудалд хариуцлага хүлээхгүй ээ бичиг баримт нь төрийн байгууллагаасаа шат дараатай батлагддаг. Төрийн байгууллагаас хугацааг тодорхой болгож өгөх хэрэгтэй байна хоног хугацаа нь дандаа сунжирч байдаг. Худгийн тоолуур салгасан эвдсэн, БОМТ-ний тайлан хоцроосон асуудалд бол хариуцлагаа хүлээнэ гэх Б.Болдбаярын мэдүүлгүүдээр зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна. Дээрх зөрчлүүд нь зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дах заалт “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан, эсхүл уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж, холбогдох газарт тайлагнаагүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 7.15 дугаар зүйлийн 1.4 дэх “ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй”, 2 дахь “Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэх заалтын дагуу арга хэмжээ тооцогдох боловч Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх заалт “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу Зөрчлийн тухай хуульд хүндрүүлсэн заалт нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дах заалтад зааснаар 5000 нэгжээр торгож, 108,897,177.6 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулан шийдвэрлэсэн.
Төрийн байгууллагын удаашралаас болж үйлдэгдсэн гэх зөрчил нь усны тухай хууль болон зөрчлийн тухай хуульд заасан зүйл заалтаар шийтгэл оногдуулахгүй байх үндэслэл байхгүй тул зөрчлийн арга хэмжээг оногдуулан шийдвэрлэнэ.
Тайлан төлөвлөгөө батлан гаргадаг төрийн байгууллагын удаашрал болон цахим системийн гацалт удаашралтын талаарх гомдол мэдээллийг тухайн төрийн байгууллагад гаргах нь зүйтэй.
Ус ашиглах гэрээ дүгнэлт нь тухайн жилийн уулын ажлын хугацаатай уялдуулан хийгддэг тул тухайн жилийнхээ 12 сараар гэрээ дүгнэлтийг дүгнэж акт үйлдэн дуусгавар болдог тул дараа онд заавал ус ашиглах дүгнэлт, гэрээг гаргуулан усыг ашиглана. Ус ашиглах гэрээ дүгнэлтэд дуусгавар болох хугацааг зааж өгсөн байна.
“******* *******” ХХК нь жил бүр дээрх зөрчлүүдийг давтан гаргадаг уг зөрчлүүдээ төрийн байгууллагын буруутай үйлдэл гэж тайлбар гаргадаг ч холбогдох газруудад мэдэгдсэн төрийн байгууллагын эс үйлдэхүйг мэдээлсэн арга хэмжээ авсан шийдвэрлэгдсэн асуудал байхгүй байна. Гомдол гаргагч иргэд, малчдад үнэн зөв тайлбар мэдээлэл өгч ажилладаггүй, “******* *******” ХХК-тай холбогдуулан иргэдийн гомдол тасардаггүй төрийн байгууллагад хүндрэл учруулдаг зэрэг асуудлууд тогтмол гардаг.
Иймд 0048056 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус акт гэж үзэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байгаа тул оролцогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү.
Тухайн уурхайд нэн даруй арга хэмжээ авахдаа байгаль орчин аялал жуулчлалын газарт хүсэлтийг ирүүлдэг. Дур мэдэж ус шавхаж болохгүй. Эхний улиралдаа буюу 05 сарын 01-ний дотор усны гэрээ, дүгнэлт байгуулж болох байсан. Энэ удаашралтай байгаа асуудлаа ашигт малтмалын газартаа уламжлах талаар өмнө жилээс хэлсэн. Ер нь энэ асуудал “******* *******” ХХК-ийн уурхайд жил бүр гардаг. Ашигт малтмалын газрын удаашралын талаар би хариуцлага хүлээхгүй гэв.
Хариуцагч Н.Дэлгэрмандахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн хяналт шалгалтын тухай хуульд “хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа (үйлдэл, эс үйлдэхүй), түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг хэлнэ гэсэн байдаг. Энэ нь хууль бус үйлдлээс сэргийлэх зорилготой. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд мөн хяналт шалгалт явуулах байгууллагын бүрэн эрхийг заасан. Нэхэмжлэгч тал зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдлоо. Давагдашгүй хүчин зүйл гэж үзэхээр нөхцөл байдал харагдахгүй байна. Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-т “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаад улсын хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөлд заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна” гэж заасан. “******* *******” ХХК нь хуульд заасан гэрээ, дүгнэлтгүйгээр буюу эрхгүйгээр ус ашигласан. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 1.1-т “Энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах эрх үүснэ” гэсэн бөгөөд энэ заалтыг биелүүлээгүй нь “******* *******” ХХК усыг хууль бусаар ашигласан гэх үндэслэл болж байна. Тиймээс эрх бүхий албан тушаалтны шийдвэр хуульд нийцсэн гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх гомдол, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагад дурдсан Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Дэлгэрмандахын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0048056 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0048056 дугаартай шийтгэлийн хуудсаар “******* ******* ” ХХК-ийг 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг хугацаанд нь холбогдох газарт хүргүүлж тайлагнаагүй, 2024 оны менежментийн төлөвлөгөөгүй, 2024 оны ус ашиглах дүгнэлт, гэрээ, зөвшөөрөлгүй ус ашигласан, шүүрлийн ус шавхан зайлуулсан зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгийн торгууль оногдуулж, усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрт 108,897,177.6 төгрөг төлүүлэхээр шийтгэл оногдуулжээ.
3.Нэхэмжлэгч нь, маргаан бүхий усны дүгнэлт гаргахад шаардлагатай үндсэн баримт бичгүүдийн нэг нь уулын ажлын төлөвлөгөө байдаг. 2024 оны уулын ажлын төлөвлөгөөг батлуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ашигт малтмал, газрын тосны газар руу хуульд заасан хугацаандаа багтаан цахимаар хүргүүлсэн. Ашигт малтмал газрын тосны газрын цахим системд доголдол үүсэж үүний улмаас төлөвлөгөөг батлах явцад улсын хэмжээнд удаашрал бий болсон. 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тухайн төлөвлөгөөг батлуулж авсан. Уулын ажлын төлөвлөгөө батлагдсан даруй усны дүгнэлт гаргуулах хүсэлтээ 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр холбогдох байгууллага руу цахимаар илгээсэн боловч цахим систем нь болохгүй болохоор нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр цаасаар усны газарт хүргүүлсэн. Төрийн байгууллагын зохион байгуулалт, ачааллаас шалтгаалж усны дүгнэлтийг цаг хугацаанд нь гаргуулах боломжгүйд хүрсэн гэж тайлбарлаж байна.
4.Хариуцагч нь, дээрх зөрчлүүд Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь заалт “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан, эсхүл уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж, холбогдох газарт тайлагнаагүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 7.15 дугаар зүйлийн 1.4 дэх “ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй”, 7.15 дугаар зүйлийн 2 дахь “Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно ”гэх заалтын дагуу арга хэмжээ тооцогдох боловч Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх заалт “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу зөрчлийн тухай хуульд хүндрүүлсэн заалт нь зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар таван мянган нэгжээр торгож, нөхөн төлбөрийг оногдуулж шийдвэрлэсэн гэж маргаж байна.
5. Усны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3-т аймаг, нийслэлийн байгаль орчны алба улсын байцаагчид усны тухай хууль тогтоомжийн биелэлт, усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, усан орчныг нөхөн сэргээх, ус хангамж, ариутгах татуургын болон хаягдал ус зайлуулах үйл ажиллагаанд хяналт тавих, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлд Зөрчлийн тухай хууль зөрчсөн дээрх зөрчлийг шалган шийдвэрлэх эрх хэмжээг олгосон.
6. Байгаль орчин аялал жуулчлалын яамны салбарын хяналтын ерөнхий байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан 01/07 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу Сүхбаатар аймгийн ******* сумын 4, 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-д 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хяналт шалгалт явуулж эхэлсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ус ашиглах хүсэлтээ усны газарт 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр цахимаар, 4 дүгээр сарын 08-ны өдөр цаасаар хүргүүлсэн гэж тайлбарладаг боловч хавтаст хэргийн 70 дугаар хуудаст байгаа Усны газрын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/582 дугаар албан бичгийн огноо хэсэгт байгаа бичвэрээс харахад уг хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 24/59 дугаартай албан бичгээр хүргүүлж Усны газарт хандсан гэж үзэхээр байна.
Иймд тус уурхайд шалгалтын ажил эхлэх хугацаа буюу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлж байх үед зөвшөөрөлгүй ус ашигласан байсан гэж дүгнэхээр байна.
7.Дээрх шалгалтаар “******* *******” ХХК нь 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг хугацаанд нь тайлагнаагүй, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, 2024 оны ус ашиглах дүгнэлт, гэрээгүй гүний худгаас ус ашигласан, шүүрлийн усыг шавхан зайлуулсан зөрчил үйлдсэн болохыг илрүүлж, зөрчлийн хэргийг шалгах ажиллагаа явуулж, шалган тогтоосон болох нь зөрчлийн хэрэгт авагдсан / Үзлэг хийсэн тэмдэглэл хх-51-52х, холбогдогчийн мэдүүлэг хх-41-44, 47-49х, Ус ашиглуулах дүгнэлт хх-71-74х, Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол хх-27-28х, Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоолууд хх-40,46х, Ус ашиглуулах дүгнэлт гаргах боломжгүй тухай албан бичиг хх-121х, Ус ашиглахыг зөвшөөрөл олгох тухай Буйр нуур- Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргын тушаалууд хх-122-123х, Ус ашиглах гэрээ хх-124-130х / зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
8.2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг хугацаанд нь тайлагнаагүй, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, худгийн тоолуурыг салгаж эвдсэн гэдгийг гомдол гаргагч “******* *******” ХХК хүлээн зөвшөөрч байгаа хийгээд энэ талаар маргаагүй болно.
9.Зөрчлийн тухай хуулийн Усны тухай хууль зөрчих гэсэн 7.15 дугаар зүйлийн 2-т Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилсан.
10.Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-т “Иргэн, аж ахуй нэгж, байгууллага, гадаад улсын хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөлд заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна ”, 28 дугаар зүйлийн 28.18-т “Ус ашиглуулах дүгнэлт, холбогдох зөвшөөрөлгүйгээр ус ашиглахыг хориглоно” гэж заасан. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 11-т “Энэ хуулийн 28.6-д заасан ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулахаар заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах эрх үүснэ” гэсэн бөгөөд хуулийн дээрх заалтыг биелүүлээгүй нь “******* *******” компани усыг хууль бусаар ашигласан гэж үзэх үндэслэл болж байна.
11. Хариуцагч улсын байцаагч Н.Дэлгэрмандахын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2430000283 дугаартай Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор ******* сумын 4,6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК нь 2024 оны ус ашиглах гэрээ дүгнэлтгүй шүүрлийн усыг шавхан зайлуулсан, гүн өрмийн худгийг тоолууржуулаагүй унд ахуйд усыг ашигласан зөрчилд учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгохоор томилогдсон шинжээч нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А-156 тоот тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын дагуу усны нөөцөд учирсан хохирлыг тооцсон нь холбогдох хууль журмыг зөрчөөгүй.
12. Хариуцагч улсын байцаагч Н.Дэлгэрмандах нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэн прокурорт танилцуулан Зөрчлийн 2430000283 дугаар аван хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуулийн дагуу явуулан холбогдогчид шийтгэх хуудсаар торгууль, нөхөн төлбөр ногдуулан 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгасан байна.
13.Иймд “******* *******” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4-т заасан ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлэлгүй зөвшөөрөлгүй ус ашигласан болох нь нотлогдож байх тул эрх бүхий албан тушаалтны шийдвэр үндэслэл бүхий байна гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан “******* *******” ХХК-ийн Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Дэлгэрмандахад холбогдуулан гаргасан Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Дэлгэрмандахын “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0048056 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА