Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00190

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00190

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц-ийн Б,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 155/2024/01382/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1981-1982 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд ээж Д.Ц-ийн туслах малчнаар ажиллаж байгаад хугацаат цэргийн албанд татагдсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болтол тухайн үед хөдөлмөрийн дэвтэр аваагүй, ажиллаж байсан үеийн тушаал шийдвэр байхгүй тул нэгдэлд ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Мөн цэргийн алба хаасан лавлагаа болон Хөгжил нэгдэлд ажиллаж байсан цалингийн баримтад миний овгийг хойд аав З.Ж гэж бичсэн зөрчилтэй байна. Хойд аав З.Ж нь Х гэдэг хүнтэй сууж байсан, манай ээж Д.Ц-тэй албан ёсны гэрлэлтийн бүртгэл байхгүй. Хойд аав З.Ж болон ээж Д.Ц- нар эрт нас барсан тул тэдгээртэй холбоотой баримт олдохгүй байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ж-ын Бын Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбар, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлтэй баталгаажилтын хуудсын хуулбар, Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-ны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас 1982 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкетын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-5, 54-56 дахь тал)

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Бын төрсний бүртгэлийн лавлагаа, Ж овогтой Б (рх********************) гэх бүртгэл улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэлтэй эсэх лавлагаа, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Ц.Бтой холбоотой Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 1981-1982 оны тушаал, шийдвэр байгаа эсэх лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Ц-, З.Ж нарын гэрлэлтийн бүртгэл байгаа эсэх лавлагаа зэрэг баримтыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Х.Н-г гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 14, 21-25, 35-36, 46, 47-48 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ц.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4. Ц.Б өөрийн төрсөн эх Д.Ц-ээр овоглосон иргэний бүртгэлтэй бөгөөд түүний ажиллаж байх хугацаанд авч байсан цалин хөлсний баримтад З.Жар овоглож бичсэн, Ж-ын Б (рх********************) гэх бүртгэл улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэлгүй, З.Ж нь З.Х-тай гэрлэлтээ бүртгүүлсэн тухай:

а. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Хойд аав З.Ж нь Х гэдэг хүнтэй сууж байсан, манай ээж Д.Ц-тэй албан ёсны гэрлэлтийн бүртгэл байхгүй. Хойд аав З.Ж болон ээж Д.Ц- нар эрт нас барсан тул тэдгээртэй холбоотой баримт олдохгүй байна... гэх тайлбар,

б. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд Ж овогтой Б (рх********************) гэх бүртгэл бүртгэгдээгүй байна. Ц- овогтой Б (рх********************) -ын ХААТР маягтууд болон төрсний бүртгэлийн лавлагааг хүргүүлэв гэх бичилттэй 30/1525 дугаар албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гарсан иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: РХ********************, иргэний бүртгэлийн дугаар: ********************, овог: Цагаан хуулар, эцэг /эх/-ийн нэр: Ц-, өөрийн нэр: Б, хүйс: эрэгтэй, төрсөн он сар өдөр: 1**********1, төрсөн газар: -, бүртгэсэн газар: Хөвсгөл Рэнчинлхүмбэ, бүртгэлийн дугаар: 44, бүртгэсэн он сар өдөр: 1964-03-21. Эцгийн: -, Эхийн: эцэг /эх/-ийн нэр: Дугар, өөрийн нэр: Ц- гэх бичилттэй CVL24670100010************ дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...4. РД: РХ********************, ...5. Овог: Ц-, 6. Нэр: Б...17. Эцэг эх, эхнэр нөхөр, 16 хүртэлх насны хүүхэд: эх Д- Ц-...бүртгэгчийн нэр, он сар өдөр: 1988.09.23 бүртгүүлсэн: Б гэх бичилттэй, Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Ц- Б, төрсөн он сар өдөр: 1**********1...14. Хуудас бичсэн: 1985 оны 11 сарын 11 гэх бичилттэй архивын хуулбарууд, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдлийн архивын хуулбар, (хавтаст хэргийн 23-25 дахь тал)

в. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдөр гарсан Нөхрийн: эцэг (эх)-ийн нэр: З-, өөрийн нэр: Ж, бүртгэсэн газар: Хөвсгөл Рэнчинлхүмбэ, бүртгэлийн дугаар: 10, бүртгэсэн он сар өдөр: 1964-02-24. Эхнэрийн: эцэг (эх)-ийн нэр: З-, өөрийн нэр: Х гэх бичилттэй CVL25670100--------- дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 48 дахь тал)

г. Гэрч Х.Н-гийн ...Ц- гэж Бын ээж юм. Хөгжил нэгдэлд мал маллаж байсан. Ж гэж Ц-ийн нөхөр болох хүн. Бын төрсөн аав нь Ж мөн эсэхийг мэдэхгүй байна. Миний мэдэхийн энэ хоёр хүн нэг гэртээ амьдардаг, нэгдлийн хонь малладаг байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон тул Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.Бын Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний 70 дугаар дансны архивын хуулбар болон цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетыг Ц-ийн Бод холбогдох нотлох баримтад үнэлсэн болно. (хавтаст хэргийн 3-5, 55-56 дахь тал)

4.1. Нэхэмжлэгч Ц.Б Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.Бын 1981 оны 1 дүгээр сараас 1982 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний 70 дугаар дансны архивын хуулбар, (хавтаст хэргийн 3-5 дахь тал)

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас 1982 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкетын овог нэр: Ж Б...хаана ямар ажил хийж байсан: 1978 оноос эхлэн Хөгжил нэгдлийн 2-р бригадад хоньчин...ам бүл хэд, таны юу болох, хэн хэдэн настай, хаана ямар ажилтай: ам бүл 10, эцэг Ж 65 настай, хоньчин, дүү М- 12 настай, Бя- 9, Б- 8 настай сургуульд, дүү Б- 4 настай, дүү Н-2 сартай... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 56 дахь тал)

Гэрч Х.Н-гийн ...Ц.Б нь бага наснаас сургуулиас гарч, эцэг эхийн туслах малчнаар ажиллаж байсан. 14, 15 наснаас эхлэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 2-р бригадад 1982 оны 06 сард цэргийн албанд явах хүртэл хоньчноор...тасраагүй ажиллаж байсан...Би 8-р анги төгсөөд 1974 оноос Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд далайн тээвэр гэж явдаг байхад морь чаргаар Ханх сумаас өргөн хэрэгцээний бараа ачдаг ажил хийдэг байсан. 1976-1979 онд цэргийн алба хаасан. 1980 оноос 1991 онд Хатгалын дамжлага баазад грушик хийсэн... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 44 дэхь тал)

Нэхэмжлэгч Ц.Бын шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Б өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Ц.Бын Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

5.  Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлтэй баталгаажилтын хуудсын хуулбар нотариатчаар гэрчлүүлээгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна. (хавтаст хэргийн 54 дэхь тал)

6.  Ц.Бод холбогдох Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан хугацааны тушаал шийдвэр байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1981-1982 оны тушаал шүүж үзэхэд Ц.Бтой холбоотой тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/73 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 36 дахь тал)

7.  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 12 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цагаан хуулар овогт Ц-ийн Бын Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА