Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00131

 

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00131

 

 

 

 

 

 

                      НЗК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03002 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч НЗК ББСБ ХХК-ийн хариуцагч Ч.Г, Ц.Бнарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 41 559 724 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагч Ц.Батсайхан, хариуцагч Ч.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэрэнмядаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ч.Г, Ц.Бнар 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 30 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хувийн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ч.Гын өмчлөлийн ...бүртгэлтэй орон сууцыг барьцаалан 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр баталгаат ипотекийн гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр зээлийн гэрээг 3 сарын хугацаагаар сунгасан. Зээлдэгч нар нь зээл, зээлийн хүүг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж дуусгах үүргээ зөрчсөн. Зээлдэгч нараас удаа дараа үүргээ гүйцэтгэхийг шаардсан. Зээлдэгч нараас 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл зээлийн төлбөрт 25 000 000 төгрөг, хүүнд 13 800 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 759 724 төгрөг, нийт 41 559 724 төгрөгийг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

           

            Хариуцагчийн хариу тайлбарт: Ч.Гын өмчлөлийн орон сууцыг барьцаалан 30 000 000 төгрөгийг НКББСБ-аас 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр сарын 4 хувийн хүүтэй зээлдэн авсан. Зээлийг Ч.Гын төрсөн ах Ч.Ц“Си эйч си” ХХК-аар дамжуулан авч улсын төсвийн хөрөнгөөр Зайсан Монголын бурхан шашны төв, Гандан Тэгчилэн Хийдийн 1080 лам хурах Их Цогчэн Дуганын ажлыг дуусгахад ашигласан. Их Цогчэн Дуганын барилгыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байнгын ашиглалтад өгч, авсан зээлийн зорилго биелэгдсэн. Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтөд эдийн засгийн боломжоосоо шалтгаалж үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байсан. Өнгөрсөн хугацаанд зээлээс 5 000 000 төгрөг, хүүний төлбөрт 20 000 000 төгрөг, нийт 25 000 000 төгрөг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 25 000 000 төгрөгийг ирэх саруудад гүйцэтгэл, санхүүжүүлэлтээс шалтгаалан 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5 000 000 төгрөгийг, 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10 000 000 төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 10 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна. Зээлийн хүүнд 20 000 000 төгрөг төлсөн тул хүүгийн төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Их Цогчэн Дугана барилгын барьцаа хөрөнгө болох 582 000 000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сард чөлөөлж олгогдох үед зээлийн төлбөрийг хийх боломжтой гэжээ.

           

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан Их тугч овогтой Ч.Г/РД:УБ73102701/, Алдар овогтой Ц.Б /РД:УБ70030419/ нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35 639 99 /дөчин нэгэн сая таван зуун тавин есөн мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулан, НЗББСБ-д /РД:5560926/ олгож, шаардлагаас үлдэх 5 919 825 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Ч.Гын өмчлөлийн ...дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 4 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

           

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэлийн шаардлагаас 5 919 825 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй. Нэхэмжлэгч НЗК ББСБ ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нийт 5 919 725 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасны дагуу ихэсгэсэн. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн бодит үйлдэл гаргалгүй нэхэмжлэгчийг хохироосоор байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Мөн зээлийн гэрээний 3.5 дах хэсэгт “Зээлийг хугацаанд нь эргүүлэн төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйгээс холбогдон гарсан бүх зардлыг зээлдэгч бүрэн хариуцна”, мөн 8.2 дахь хэсэгт “Энэ гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлийн төлбөрийг барагдуулж дуусах хүртэл хугацаанд тооцогдоно” гэж харилцан тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхтэй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага буюу 5 919 825 төгрөгт холбогдох хэсгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч НЗК ББСБ ХХК-ийн нэрийг “Нандинзоос” ХХК гэж буруу бичсэн. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 35 639 999 төгрөг гэдгийг “35 639 99” төгрөг гэж буруу бичсэн. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 516 020 төгрөгийг хариуцагчаас гаргуулахдаа шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад 4 550 төгрөг гэж, хариуцагчаас 4 550 төгрөгийг..” гэж тус тус буруу бичсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэрэнмядагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Нандин зоос кредит ББСБ” ХХК-ийн зээлийн хүү хэт өндөр буюу сарын 4 хувийн хүүтэй байсан бөгөөд хийж байгаа ажлаа үргэлжүүлэх, зогсоохгүй байх үүднээс аргагүйн эрхэнд энэхүү зээлийг авсан. НКББСБ нь зээлийн хүүгийн талаарх мэдээллээ нийтэд нээлттэй мэдээллэх үүрэгтэй бөгөөд уг зээлийг авахад мэдээлэл нь нээлттэй байгаагүй. Барьцаа хөрөнгө шаардлага хангасан тохиолдолд 4 хувийн хүүтэй зээл олгох боломжтой гэсэн мэдээллийг эдийн засагч өгсөн. Тухайн үед өөр газраас зээл авах боломжгүй, цаг хугацаа давчуу байсан учраас энэ зээлийн нөхцөлийг зөвшөөрч сарын 4 хувийн хүүтэй, бусад ББСБ-аас өндөр хүүтэй зээлдэн авсан нь зээлийг эгүүлэн төлөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 20 084 000 төгрөг, үндсэн ззэлээс 5 000 000 төгрөг нийт 25 084 000 төгрөг эргүүлэн төлсөн нь үндсэн зээл 30 000 000 төгрөгийн гуравны хоёр хувиас илүү төлөлт хийсэн байна. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн хүүнээс чөлөөлж өгөхийг шүүх болон зээлдүүлэгчээс хүссэн ч хүлээж авалгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсан үед төрөөс орон сууцны зээлийн хүүний төлөлтийг зогсоосон, үндсэн зээл төлөлтийг хойшлуулж, ахмадуудын зээлийг чөлөөлж иргэн аж ахуйн нэгжид бодитой тусламж үзүүлсээр байна. Ард иргэд болон улс нийгэмдээ ашиг тус өгөх шашин, түүх, соёлын дурсгалын томоохон барилгын обьект болох Монголын Бурхан Шашинтны Төв Гандан Тэгчилэн Хийдийн 1080 лам хурах “Их Цогчэн дугана”-ын барилгыг барьж дуусахад уг зээлийг ашигласан тул 20 000 000 төгрөгийн зээлийн хүүнд хангалттай боломжийн төлөлт хийсэн гэж үзээд үндсэн зээлийн үлдэгдэл болох 25 000 000 төгрөгийг төлөх санал хүсэлтийг зээлдүүлэгчид гаргасан. Энэ барилгын ач холбогдол, үр нөлөөг ойлгоод аж ахуй нэгж, ард иргэдийн зүгээс тусламж дэмжлэг, хандив өргөж байсан. Зээлдэгчийн зээлийн хүүг нэгэнт боломжийн хэмжээнд төлсөн байдал болон зээлийг нийтэд ач холбогдол бүхий сайн үйлсэд зарцуулсан зэргийг харгалзан үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч НЗК ББСБ ХХК нь хариуцагч Ч.Г, Ц.Бнарт холбогдуулан үндсэн зээл 25 000 000 төгрөг, зээлийн хүү 13 800 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 759 724 төгрөг, нийт 41 559 729 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч “зээлийн хүү хэт өндөр, өнгөрсөн хугацаанд зээл, зээлийн хүүнд тодорхой хэмжээний төлөлт хийсэн учраас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулах” хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ч.Г, Ц.Бнар 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч НЗК ББСБ ХХК-аас хувийн хэрэгцээний зориулалтаар 30 000 000 төгрөг, сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авах тухай 00-1540 дугаартай зээлийн, үүргийн гүйцэтгэлд Ч.Гын өмчлөлийн ...50.7 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалах тухай баталгаат ипотекийн гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 00-1540 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг тус тус байгуулж, нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 30 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгчээ. /хх9-12, 14-16, 17-19/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байхад хариуцагч гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй байна.

Гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дууссан, энэ хугацаанд гүйцэтгэвэл зохих 48 000 000 төгрөгийн үүргээс хариуцагч тал зээлийн гэрээний хугацаанд болон хугацаа дууссанаас хойш үндсэн зээлд 5 000 000 төгрөг, зээлийн хүүнд 19 600 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 484 410 төгрөг, нийт 25 084 410 төгрөг төлсөн байх ба уг тооцооллын талаар маргаагүй болно.

Хариуцагч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, гэрээний 2.1.1, 3.7-д заасны дагуу үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардсан нь хууль зөрчөөгүй байна. Шүүх зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлтийн талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, үндсэн зээл 25 000 000 төгрөг, зээлийн хүүнд 8 866 666 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 733 333 төгрөг, нийт 35 639 999 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 , 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгтэй нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн хүүнд 4 933 334 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 986 391 төгрөг, нийт 5 919 725 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нэхэмжлэгч шүүхэд хандсан 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр цуцлагдсан байх тул гэрээ цуцлагдсанаас хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй. Шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг залруулах нь зүйтэй. Тодруулбал, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгч НЗК ББСБ ХХК-ийн нэрийг “НББСБ” ХХК гэж, хариуцагчаас гаргуулах мөнгөн дүнг алдаатай бичсэн, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн дүнг буруу тооцоолсон байх тул уг алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулна. 

Хариуцагч нь нэхэмжлэгч хэт өндөр хүүтэй зээл олгосон гэх тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд хариуцагчийн зээл зарцуулсан нөхцөл байдал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03002 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Г, Ц.Бнараас зээлийн гэрээний үүрэгт 35 639 999 төгрөг /гучин таван сая зургаан зуун гучин есөн мянга есөн зуун ерэн ес/ гаргуулан, нэхэмжлэгч НЗК ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 919 825 /таван сая есөн зуун арван есөн мянга найман зуун хорин тав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Ч.Гын өмчлөлийн Баянгол дүүрэг 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 2/4 байр 19 тоот 50.7 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205059420 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2, 3 дах заалтыг хасч 1 дэх заалтад нэмж нэгтгэн,

 “4.” дэх заалтыг “2.” гэж найруулгын хувьд “Улсын тэмдэгтийн хуурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445 820 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагчаас 336 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, “5” дах заалтыг “3.” гэж дарааллыг тус тус өөрчилсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406 350 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                                    

   

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

     ШҮҮГЧИД                               Ш.ОЮУНХАНД

 

                                                        А.МӨНХЗУЛ