Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, нарийн бичгийн дарга Б.Жанерке, улсын яллагч Х.Ө,
шүүгдэгч нарын өмгөөлөгчид Я.С, Х.З, С.Н, А.С, шүүгдэгч А.М, М.Б, Х.Ж, К.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.М, М.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ж, К.Н нарт холбогдох 201604000267 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
- Шүүгдэгч А.М: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, О овогт Аын М, 1960 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ногооннуур сумын Засаг даргын орлогч ажилтай, ам бүл 3, Ногооннуур сумын *** дугаар багт эхнэр, 1 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД:******.
- Шүүгдэгч М.Б: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, О овогт Мейрамханы Б, 1988 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Ногооннуур сумын ** дугаар багт эхнэрийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД:******.
- Шүүгдэгч Х.Ж: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, А овогт Хы Ж, 1956 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 61 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Э” ХХК-ий захирал ажилтай, ам бүл 3, Өлгий сумын ***дугаар багт хүү, бэрийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД:******.
- Шүүгдэгч К.Н: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Х овогт Кгийн Н, 1985 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, Өлгий сумын *** дугаар баг * тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД:*****.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
- Шүүгдэгч Аын М нь 1500000 төгрөгийн хахуулийг авсан гэмт хэргийг,
- Шүүгдэгч Мейрамханы Б нь өөрийн эцэг сумын засаг дарга А.Мы 1500000 төгрөгний хахууль авсныг өөрийн Х банкны ********** дугаарын дансанд шилжүүлэн гаргаж авсан гэмт хэргийг,
- Шүүгдэгч Хы Ж нь Ногооннуур сумын засаг дарга А.Мд 1500000 төгрөгийн хахуулийг өгсөн гэмт хэргийг,
- Шүүгдэгч Кн Н нь Ногооннуур сумын засаг дарга А.Мы хахууль өгөгч Х.Жаас шаардан авсан хахуулийн мөнгө болох 1500000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Тухайн үед 7 дугаар сарын сүүлээр би Өлгий суманд явж байхад Х.Ж намайг дуудаж, машин авчирсан, та машин авах уу ? гэхэд, би машиныг очоод үзсэн. Би Х.Жд “Та буруу машин авчирсан байна, энэ машин техникийн тодорхойлолтонд заасан машин биш байна, та адилхан Ногооннуур сумын иргэн, энэ машиныг хүлээлгэж өгөхөд юу гэж бодох юм, наад машинаа зарах юм уу? солих юм уу? өөрөө мэд, техникийн тодорхойлолтод заасан машиныг аваад ирээрэй” гээд хэлээд явсан юм. ... Х.Ж нь “Танд мөнгө өгье” гээд, би тийм асуудал байхгүй гээд хэлж байсан. ... 2015 оны 7 дугаар сарын үед К.Н бас надад санал тавьж, “Манай хадам ээжийн машины асуудлыг шийдэж өгөөч ээ, энэ асуудал бас хүндэрч байна ...” гэхэд би Над “Шийдэж өгөх боломжгүй, хуулийн байгууллага шалгаж байгаа, техникийн шаардлагад нийцэхгүй байгаа, олон хүний хэл ам гарч байгаа би шийдэж өгч чадахгүй” гэдгээ хэлсэн. Надад 5 сая төгрөг өгье, 3 сая төгрөг өгье гээд санал тавьсан, би болохгүй гэдгээ хэлсэн” гэв.
- Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... К.Н бид хоёр Х банкны АТМ руу хамт орсон, би хажууд нь зогсож байгаад дансаа хэлээд 1500000 төгрөг шилжүүлж өгсөн” гэв.
- Шүүгдэгч Х.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед М дарга хотод байсан, би утсаар яриад бид хоёр 5 сая төгрөгөөр тохирсон байсан. Тохирсон талаар СД бичлэгт байгаа. ... М бид хоёр хуучин Х банкны хажууд уулзсан. Тэнд байгаа АТМ нь ажиллахгүй байсан болохоор Н, Б нар шинэ Х банкны АТМ руу орж мөнгө шилжүүлсэн. Шилжсэн данс, мөнгө нь минийх, би картаа хүргэн хүүд өгсөн нь үнэн” гэв.
Шүүгдэгч К.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Анх А.Мтай намын байрт тааралдсан байхад надад “Танай хадам ээж санал тавьж байгаа” гэж хэлсэн. ... Тэгэхэд би 7 сая төгрөг их байна, бизнесийн ашиг гэж байгаа гэж хэлэхэд А.М надад тэгвэл 3 сая төгрөгөөр тохиръё гэж хэлсэн. Дараа нь би хадам ээжид очоод 3 сая төгрөгөөр тохирсноо хэлсэн. Хадам ээж А.М руу утасдаад хэдүүлээ Х банкны хажууд уулзахаар болоод тохирсон. А.Мтай би уулзсан, хадам ээж надад картаа өгсөн. М.Б бид хоёр очоод М.Б өөрийнхөө дансанд мөнгөө шилжүүлж авсан. Тухайн үед Засаг даргын Тамгын газрын машины зогсоолд зогсож байхад би А.Мд мөнгөө шилжүүлсэн байгаа та хэлсэндээ байгаарай гэж хэлээд явсан. Тухайн өдөр А.М надад нэхэмжлэл, гэрээний үндсэн хуулбараа явуулаарай гэхээр нь би гэрээний үндсэн хуулбараа явуулаагүй, хуулбар, нэхэмжлэл явуулсан. А.Маас удаа дараа мөнгө асуухад өгөөгүй 2 жил болсон миний мэддэг зүйл ийм л байгаа” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.М нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан доорх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч Х.Ж, К.Н нар өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож тогтоогдсон гэж үзлээ.
- Шүүгдэгч Аын М нь “Э” ХХК-ний захирал Х.Ж тендерийн санхүүжилтийг авахаар сумын засаг дарга А.Маас удаа дараа шаардахад 3000000 төгрөг, 5000000 төгрөг өгвөл санхүүжилтийн мөнгийг өгье гэж хариу хахууль өгөхийг шаардаж улмаар 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүү Мы Бы Х банкны ********** дугаарын дансаар
1500000 төгрөгийн хахуулийг авсан гэмт хэргийг,
- Шүүгдэгч Хы Ж нь тендерийн санхүүжилтийг авахаар Ногооннуур сумын засаг дарга А.Маас удаа дараа шаардахад “3000000 төгрөг, 5000000 төгрөг өгвөл санхүүжилтийн мөнгийг өгнө” гэж хэлсний дагуу хүргэн К.Наар дамжуулан засаг дарга А.Мд хахуулийн мөнгө болох 1500000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр түүний хүү Мы Бы Х банкин дахь ********** дугаарын дансаар дамжуулан өгсөн гэмт хэргийг,
- Шүүгдэгч Кн Н нь Ногооннуур сумын засаг дарга А.Мд “Э” ХХК-ний захирал Х.Жаас шаардан авсан хахуулийн мөнгө болох 1500000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр түүний хүү Мы Бы Х банкин дахь ********** дугаарын дансаар шилжүүлэн өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
- 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаагч, комиссар Э.Ганбатын “Э” ХХК-ний захирал Х.Ж нь тендерийн санхүүжилтийг авахаар 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Мы Бы Х банкин дахь ********** дугаар дансаар 1500000 төгрөг авсан гэх хэрэгт хахууль өгсөн Х.Ж, хахууль авсан А.М болон түүний хүү М.Б нарын Х банкин дахь харилцах дансны гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэлд: “... Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас авсан зөвшөөрлийн дагуу тус аймгийн Х банкны салбараас авсан Хы Жын ***** дугаарын дансанд 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 26 минутанд ****** дугаарын данснаас ****** дугаарын утасны МАМАМА гэсэн утгатай 2000000 төгрөг шилжин орсон байв. Уг өдрийн 19 цаг 11 минутанд Х.Ж өөрийн ***** дугаарын данснаас ********** дугаарын данс руу АТМ-ээс 800000 төгрөг шилжүүлсэн, 19 цаг 12 минутанд Х.Ж өөрийн ***** дугаарын данснаас ********** дугаарын данс руу АТМ төхөөрөмжөөс 700000 төгрөг шилжүүлсэн нийт 1500000 төгрөг шилжүүлсэн байсныг тэмдэглэн шар өнгийн тодруулагчаар тодруулав. Х банкнаас ирүүлсэн Мы Бы ********** дугаарын дансанд 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 19 цаг 11 минутанд ***** дугаарын данснаас 800000 төгрөг шилжин орсон, 19 цаг 12 минутанд ***** дугаарын данснаас 700000 төгрөг шилжин орсон байсныг тус тус тэмдэглэн авлаа” гэх /1 дүгээр хх-ийн 6-56 дугаар хуудас/,
- Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: Үүнд: “... 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Аын М нь өөрийн хүү Мы Бы Х банкин дахь ********** дугаар дансаар 1500000 төгрөг авсан гэх хэрэгт Ногооннуур сумын ЗДТГ-аас зарласан БӨА-НОГ.ЗДТГ-ХА2014/02 дугаартай тендерийн материалд үзлэг хийхээр тогтов. ... холбогдох материалуудын хуулбарыг хуулбарлан авч хэргийн материалд хавсаргав” гэх /1 дүгээр хх-ийн 57-78 дугаар хуудас/,
- Гэрч А.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ер нь ээж бид 2 нэг нэгнээсээ мөнгө авдаг, буцааж шилжүүлдэг асуудал байнга байдаг юм. 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ээж надад мөнгө хэрэгтэй байна гээд надаас 2000000 төгрөгийг өөрийнхөө Х банкны дансаар шилжүүлүүлэн авсан, би энэ мөнгийг өөрийнхөө мобайл банкыг ашиглаад Улаанбаатар хотоос утаснаасаа шилжүүлсэн. Тэр үед ээж Баян-Өлгий аймагт байсан. Ээж уг мөнгийг юунд хэрхэн зарцуулах гэж байгаа талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй, мөнгө хэрэгтэй байна гээд авсан. Тэгэхээр ээж Х.Ж надаас 2000000 төгрөг авсан гэж ойлгож болно. Тухайн үед ээж надад энэ талаар ямар нэгэн зүйл хэлээгүй, харин энэ асуудлыг 2016 онд ээжээсээ сонссон юм. Юу гэхээр манай ээжийн эрхлэн үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК нь Ногооннуур сумын ЗДТГ-аас зарласан хог ачиж буулгадаг автомашин нийлүүлэх тендерт шалгараад уг автомашиныг нь би БНХАУ-аас авчиран өгч байсан юм. Бид бизнес хийдэг хүмүүс бөгөөд бизнесийн эх үүсвэрийг банк, ББСБ зэргээс зээл аваад зээлийн мөнгөөрөө тухайн автомашиныг худалдан авчраад нийлүүлсэн. Тэгээд мөнгө нь хэзээ орж ирэх бэ, авсан зээлээ төлөх, үлдэгдэл мөнгөөр бизнесийн үйл ажиллагаанд зарцуулах мөнгө төгрөг хэрэгтэй байна гээд ээжээс Ногооннуур суманд нийлүүлсэн машины мөнгө хэзээ орж ирэх вэ гэж утсаар асуухаар удахгүй өгнө гэсэн, бага багаар хийнэ гэсэн гэж хэлдэг байсан. Тэгээд сүүлдээ мөнгө төгрөг орж ирэхгүй байгаа шалтгааныг ээжээсээ сонсоход Ногооннуур сумын Засаг дарга М гэж хүн машины мөнгийг гаргаж өгөхгүй удаасан, мөнгөө нэхээд очихоор ээжээс 5.0-7.0 сая төгрөг өг гэж мөнгө төгрөг нэхсэн байсан. Сүүлдээ ээж аргаа бараад надаас 2000000 төгрөг аваад түүнээсээ 1500000 төгрөг өгсөн тухай хэлсэн юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 158-160 146-156 дугаар хуудас /,
- Шүүгдэгч К.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэгэхэд засаг дарга М нь хадам ээжээс та 7000000 төгрөг, 5000000 төгрөг өгвөл танай мөнгийг гаргаж өгнө гэж хахууль өгөхийг шаардсан байсан. Энэ талаар манай хадам ээж надад хэлж байсан. Тэгэхээр нь би хадам ээжийн өмнөөс засаг дарга Мтай уулзан таны хэлж байгаа асуудал болохгүй, боломжгүй асуудал байна. Та албан тушаалын эрх мэдлээ ашиглан бусдаас хээл хахууль авч болохгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд засаг дарга М нь за яахав тэгвэл би мөнгөө буулгая та нар надад 3000000 төгрөг өг, өнөөдөр одоо 1500000 төгрөгийг өг гэсэн шаардлагыг тавьсан юм. Тэгэхээр нь би хадам ээжтэй уулзан Мы хэлсэн саналыг хэлэхэд хадам ээж бид нар ярилцсан. Учир нь бид хахуулийн хэрэгт холбогдох асуудал гарах вий дээ, хээл хахуулийн хэрэгт холбогдвол баримт материал байх ёстой гэж ярилцсан. Тэгээд засаг дарга Мы шахалт, дарамтанд аргагүй байдалд ороод 1500000 төгрөгийг өгөхөөр болсон. Тэгээд хадам ээж Ж Улаанбаатар хотод байсан хүү Еаас 2000000 төгрөгийг Мобайл банкаар шилжүүлэн аваад Мтай хадам ээж бид 3 уулзан мөнгө өгье гэдгээ хэлсэн. Тухайн үед М нь Х банкны гадаа Тоёото ланд крузер 100 маркын цагаан өнгөтэй машинтай байсан бөгөөд хүү Б нь хамт байсан. Тэгээд намайг дуудан уулзахад надад цаасан дээр бичсэн Х банкны дансны дугаар өгөөд энэ манай хүү Б байгаа юм та 2 хамт яваад мөнгөө шилжүүлчих гэсэн. Би хадам ээж Жаас Х банкны картыг нь аваад Х банкны АТМ машинруу хүү Бы хамт ороод дансны дугаар луу нь 800000 төгрөгөөр, 700000 төгрөгөөр нийт 1500000 төгрөгийг шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхэд хүү Б нь хамт байсан бөгөөд түүний гар утсанд 800000 төгрөг, 700000 төгрөг орсон тухай мессеж ирсэн. Тэгээд за мөнгө орчлоо гэсэн бид Мтай уулзаад за таны хэлсэн мөнгийг бид шилжүүллээ. Та одоо хэлсэн ёсоороо манай компаний мөнгийг шилжүүлээрэй гэж хэлэхэд энэ сарын санхүүжилт орохоор шууд шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд бид гар бариад салцгаасан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хадам ээжийн компаний мөнгө шилжин орж ирээгүй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 161-164 дүгээр хуудас/,
- Гэрч Х.Дий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сард шиг санагдаж байна намайг ажилтай байхад Авлигатай тэмцэх газраас явж байгаа хүн надтай уулзаад “Э” ХХК-ний захирал Х.Ж гэж хүн Ногооннуур сумын засаг дарга Мд гомдолтой байгаа асуудлыг хурдан шуурхай шийдээч гэсэн асуудал ярьж уулзаж байсан. “Э” ХХК-ний захирал Х.Жтай уулзахад Ногооннуур сумын ЗДТГ-аас зарласан хог ачиж буулгах тендерт “Э” ХХК шалгарч гэрээний үүргээ биелүүлж автомашиныг нийлүүлсэн байхад сумын засаг дарга М нь мөнгийг нь одоо хүртэл өгөхгүй чирэгдүүлж байгаа тухай асуудал байсан. Ногооннуур сумын засаг дарга Мтай утсаар яриад яагаад одоо болтол “Э” ХХК-ний захирал Х.Ж гэж хүний мөнгийг олгохгүй чирэгдүүлж байгаа талаар ярихад одоо орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө орж ирэхээр шилжүүлж өгнө гэж надад хэлсэн. Үүний дараа аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас Ногооннуур сумын орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг арай илүү тавьж суулгаад “Э” ХХК-ний захирал Х.Жтай дахин уулзаж танай компаний мөнгийг олгуулах зорилгоор арай илүү мөнгийг суулгаж өглөө. Та М даргатай уулзаад мөнгөө аваарай гэж хэлсэн. Тэгэхэд Х.Ж нь Ногооннуур сумын засаг дарга Мтай удаа дараа уулзаж мөнгөө авъя гэхээр урдаас мөнгө өг гээд шаардаад байх юм гэж хэлсэн. Тэгэхээр нь наад асуудлаа холбогдох хуулийн байгууллагад хандаарай. Харин би өөрийн чадах зүйлээ хийе гээд мөнгийг нь Ногооннуур сумын төрийн сан руу шилжүүлүүлсэн. Тэгээд М даргыг дуудаж уулзаад та бэлэвсэн ядарсан эмэгтэй хүнийг ингэж чирэгдүүлээд яах юм бэ ? асуудлын хурдан шуурхай шийдэж өг, танай сумын орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг арай илүү тавьж өгсөн. Энэ мөнгөнөөс “Э” ХХК-ний захирал Х.Жын асуудлыг шийдээрэй гэсэн үүрэг чиглэл өгч явуулсан юм” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 195-197 дугаар хуудас/,
- Гэрч М.Тий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Үнэлгээний хорооноос ирүүлсэн “Э” ХХК-тай гэрээ байгуулахад гэрээний санхүүжилтийн 60 % болох 19504400 төгрөгийг шилжүүлье гэдгийг засаг даргад амаар танилцуулахад наад асуудал чинь маргаантай байгаа учраас санхүүжилт олгох боломжгүй хүлээж байсан гэсэн хариуг амаар өгсөн. Тэгээд “Э” ХХКнд санхүүжилтийг олголгүй байж байх хооронд энэ компаний хүмүүс өөрсдөө машинаа авчирч ирсэн бөгөөд машин авчирсныг засаг дарга М сонсоод өөрөө очиж машиныг авна гээд аймгийн төв рүү явсан. Тэгээд ирэхдээ “Э” ХХК-ний авчирсан автомашин нь сумын ЗДТГ-ын захиалсан автомашины даац стандартад хүрэхгүй байна гээд ирсэн. Үүнээс хойш “Э” ХХК, сумын ЗДТГ, сумын засаг дарга нарын хооронд автомашины даацтай холбоотой маргаан үүссэн юм. 2014 оны 11 дүгээр сарын 05-нд би тушаал гаргаж автомашин хүлээж авах комисс томилж автомашиныг хүлээж авсан, дараа нь “Э” ХХК-ний зүгээс санхүүжилтийн мөнгийг авах нэхэмжлэл хүсэлт гаргасныг сумын Засаг дарга Мд танилцуулахад санхүүжилтийн асуудлыг хүлээж бай, холбогдох байгууллагад хандаж дүгнэлт гаргуулъя гэсэн. Тэгээд аймгийн Аудитын газарт дүгнэлт гаргуулах хүсэлт тавьж улмаар 2015 оны 3 дугаар сард дүгнэлт гарсан. Дүгнэлтийн хуулбарыг байцаалтад хавсаргуулая. “Э” ХХК-ний захирал Ж надтай уулзаж санхүүжилтийн мөнгөө авъя гэсэн хүсэлт тавьдаг. ЗДТГ-ын дарга миний хувьд мөнгө гаргах 1-р гарын үсгийн эрх байхгүй учир та засаг дарга Мтай уулз гэж хэлээд явуулдаг. Захирал Ж нь засаг дарга Мтай уулзаад буцаж манай өрөөнд орж ирэхдээ засаг дарга М мөнгө өгвөл санхүүжилтийн мөнгийг олгож болох юм гээд байна гээд гомдоод уйлж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 165-170 146-156 дугаар хуудас /,
- Гэрч Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Захиалагчаас ирүүлсэн техникийн тодорхойлолтод 8 тн түүнээс дээш даацтай автомашиныг 35,0 сая төгрөгөнд худалдан авах гэж заасан байсан. Тухайн үед үнэлгээний хорооны гишүүд интернетээс шинэ 8 тн-оос дээш автомашины үнэ нь 50,0 сая түүнээс дээш үнэтэй байсан, хуучин автомашины үнэ нь 30,0 саяаас дээш тэр орчим үнэтэй байсан. Тэгээд үнэлгээний хорооны гишүүд материалаа ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн материалыг шалгаж үзэхэд “Э” ХХК-ний материалд ирүүлсэн автомашины санал нь 5-8 тн-ын даацтай гэж байсан тул санал өгсөн. “Э” ХХК-ний нийлүүлсэн автомашиныг сумын ЗДТГ хүлээж авсан гэж байсан, харин санхүүжилтийг засаг дарга М яагаад ямар үндэслэлээр олгохгүй байгаа асуудлыг мэдэхгүй байна. Ард иргэдийн ярьж байгаагаас сонсоход засаг дарга М нам, улс төрийн асуудал байдаг юм шиг байна лээ. “Э” ХХК-ний мөнгийг одоог хүртэл олгоогүй байгаа гэж сонсож байна. Намайг үнэлгээний хорооны даргаар, үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж “Э” ХХК-ийг шалгаруулсан асуудалд засаг дарга М надад өсөрхөж уурлаад нэг удаа намайг загнаж чи орон нутгийн “Н” ХХК-ийг шалгаруулах ёстой байхад шалгаруулсангүй гэсэн би хуулийн дагуу ажилласан гэдгээ хэлснээр тэрнээс болоод бид 2 маргалдаж хэрүүл хийж байсан юм. Тухайн үед одоо сумын ИТХ-ын дарга хийж байгаа Талгатбек хажууд байсан бөгөөд бид хоёрыг битгий марга гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 174-176 дугаар хуудас/,
- Гэрч Д.Талгатбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Намайг үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахад “Н” ХХК, “Э” ХХК, “Х” ХХК, “Т” ХХК-иуд материалаа ирүүлсэн байсан. Компаниудын ирүүлсэн материалыг гишүүд үзэж судлаад хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэж “Н” ХХК-ийг шалгаруулсан, энэ компанийн бичиг бүрэн байх шиг байсан. Тэгээд ЗДТГ-т материалаа хүргүүлсэн. Үүний дараа аймгийн Худалдан авах ажиллагааны газраас хүмүүс ирээд үнэлгээний хорооны гишүүд буруу шийдвэр гаргасан байна гэж байсан. Тэгээд дахин үнэлгээний хороо байгуулсан гэж байсан би тэр үнэлгээний хороонд ороогүй учир ямар шийдвэр гаргасан эсэхийг нь мэдэхгүй байна. Дараа сонсоход “Э” ХХК-ийг шалгаруулсан гэж байсан. Захиалагчаас ирүүлсэн техникийн тодорхойлолтод 8-15 тн гэж байсан билүү, 5-8 тн даацтай гэсэн байл уу тэгээд үнэлгээний хорооны гишүүд интернет орж үнийн санал судласан гэж байсан би тухайн үед нь байгаагүй, дараа нь саналаа хэлж байсан юм. “Н” ХХК, “Э” ХХК-иудын нийлүүлэх автомашины даац нь адилхан 5-8 тн даацтай автомашин нийлүүлнэ гэж байсан харин “Н” ХХК нь бага үнийн санал ирүүлсэн байсан. 2014 оны хавар билүү намар билүү би сумын ЗДТГ-ын контор луу орж байхад үүдэнд засаг дарга М, үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан Б.С 2 чи би дээрээ тулсан нэг нэгэн рүүгээ дайраад маргалдаж, чи зайлаарай, чамайг би зайлуулна, би чамайг зайлуулна гээд маргалдаж байхад нь би очсон бөгөөд та 2 болиоч ээ гээд маргааныг болиулж салгасан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 180-182 дугаар хуудас/,
- Гэрч Т.Шийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Намайг томилж ажиллуулсан үнэлгээний хорооны өмнө сумын ЗДТГ-ын дарга Т үнэлгээний хороо байгуулсан бөгөөд уг үнэлгээний хороо хууль бусаар ажилласан гэсэн тул дахин үнэлгээний хороог байгуулж намайг даргаар томилсон байсан. Өмнөх үнэлгээний хорооны шалгаруулсан “Н” ХХК болон уг компанитай өрсөлдсөн, аймгийн худалдан авах ажиллагааны газарт гомдол гаргасан “Э” ХХК-ний материалууд байсан. Энэ 2 компаний материалыг хуулийн дагуу хянаж үзэж аль компаний материал хуулийн дагуу бүрдсэн эсэхийг нягтлан шалгахад “Н” ХХК нь бага үнийн санал амалсан боловч уг компаний аудитын баталгаажуулсан санхүүгийн тайлан нь дутуу байсан, санхүүгийн баталгаа байхгүй байсан, урд өмнө тендер сонгон шалгаруулалтад оролцож байгаагүй, туршлага байхгүй байсан. Харин “Э” ХХК-ний бүх материал нь бүрэн өмнө хэд хэдэн удаа тендерт оролцсон туршлагатай компани байсан учир энэ компанитай гэрээ байгуулах нь зүйтэй гэж захиалагчид уламжилсан байгаа. Энэ компанийн нийлүүлсэн автомашин нь “Кама” маркын автомашин байсан, харин тендерийн бичиг баримтад Forland маркын автомашин нийлүүлнэ гэсэн боловч нийлүүлэхэд Кама маркын шинэ автомашин байсан. Өөрөөр хэлбэл автомашины марк өөрчлөгдсөнөөс өөрөөр зөрүү дутуу зүйл байгаагүй. Ажлын хэсгийнхэн автомашины хүлээн авахдаа автомашины даацыг шалгуулж хэдэн тныг даах чадвартайг нь шалгуулж байсан. Одоо энэ машин сумын ард иргэд, байгууллагын хог ачиж, өөрөө буулгах ажлыг хэвийн хийж байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 183-185 дугаар хуудас/,
- Гэрч С.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний хүлээн авсан Кама маркын *********** улсын дугаартай ачаа ачиж, өөрөө буулгах зориулалттай автомашиныг 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авснаас хойш өнөөдрийн хүртэл энэ машин хэвийн ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл эвдэрсэн, засаж янзалсан эд анги байхгүй. Харин машины дугуй хагарсныг нөхөж тавьсан байгаа. Өөрөөр хэлбэл машины дугуй хагарсанаас өөрөөр ямар ч эд анги нь эвдрээгүй. Энэ машины өөрийн кабин дээр 3.1 тоннын даацтай гэж бичсэн байдаг ч машин хүлээн авах комисс техникийн тодорхойлолт гаргуулж машины даацыг шалгуулсан байсан тэрэн дээр яг хэдэн тн даацтай гэснийг санахгүй байна. Өнөөдрийн байдлаар дээд тал нь 6 тн гаранг ачиж байна, айлын хашаанд орж хог ачихад хашаан дотор эргэхэд ямар ч асуудал байхгүй хэвийн байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 186-187 дугаар хуудас /,
- Гэрч Х.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ногооннуур сумын ИТХ-ын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09 дугаар тогтоолын хавсралтад Хог тээвэрлэх автомашин худалдан авах, уг автомашиныг худалдан авахад 35000000 төгрөг зарцуулахаар төсөвлөн баталсан байна. Ногооннуур сум 2014 онд нийт 460443900 төгрөг сумын ИТХ-аар батлагдсанаас 334847900 төгрөгийн санхүүжилт олгогдсон байна. Энэ олгогдсон 334847900 төгрөгийг батлагдсан төсвөөс юу юунд зарцуулах эсэх асуудал нь засаг даргын эрх хэмжээний асуудал. Энэ мөнгийг хог ачиж тээвэрлэх автомашин худалдан авахад зарцуулна уу, өөр бусад зүйлд зарцуулна уу аймгийн санхүү төрийн сангаас сумын асуудалд оролцдоггүй юм. Сумын ЗДТГ, “Э” ХХК-тай гэрээ байгуулаад хог ачиж өөрөө буулгах автомашиныг хүлээн аваад өнөөдрийн хүртэл ашиглаж байгаа бол тухайн 2014 ондоо санхүүжилтийг олгох ёстой. Харин яагаад ямар шалтгаанаар олгохгүй байгаа нь цаанаа ямар асуудалтайг би мэдэхгүй байна. Нэгэнт автомашиныг хүлээж авсан бол мөнгийг олгох ёстой. Хэрэв 2014 ондоо уг автомашины санхүүжилтийн мөнгийг олгож чадаагүй бол 2015 оны орон нутгийн хөгжлийн мөнгөд тусгах, 2015 онд машины санхүүжилтийг олгож чадаагүй бол 2016 оны орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөнд тусгах ёстой байдаг. 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтад 2014 оны автомашины үлдэгдэл мөнгө болох 33601500 төгрөгийг тусгасан байсан. Би энэ мөнгийг цааш нь хэрхэн зарцуулсан эсэхийг мэдэхгүй байна, энэ нь орон нутгийн засаг даргын эрх хэмжээний асуудал байдаг. 2015 онд Ногооннуур сум 284945600 төгрөгийг төсөвлөснөөс аймгийн санхүү төрийн сангаас 138700000 төгрөгийг олгосон байна, үлдэгдэл мөнгийг орон нутгийн дотоод санхүүжилтээр бүрдүүлэх ёстой байдаг” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 192-194, 195 дугаар хуудас/,
- Гэрч Х.К-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, өөрөө бодож байсан зүйлээ хэлээд машины үнэ дээр тохиролцвол машины мөнгийг өгөх боломжтой гэж хэлсэн байгаа. Гэвч шүүхээс миний хэлсэн саналыг хэлэлцэлгүйгээр “Э” ХХК-ний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэр гаргасан. Одоо ЗДТГ-аас “Э” ХХК-нд автомашины үнэ 32504000 төгрөг дээр улсын тэмдэгтийн хураамж 320470 төгрөгийг төлөх ёстой байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 196-197 дугаар хуудас /,
- Шүүгдэгч Х.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ... засаг дарга Мтай уулзаж мөнгөө авах тухай нэхэж шаардахад надад 7000000 төгрөг өг, энэ мөнгийг өгч чадахгүй бол 5000000 төгрөг өг би мөнгийг чинь шууд шилжүүлнэ гэдэг байсан. Автомашин хүлээн авах комиссийн дарга ЗДТГ-ын дарга Т гэж хүн байсан. Тэр үед машин хүлээн авах комиссын хүмүүс нь засаг дарга Мтай утсаар яриад байх шиг байсан. Тэгэхээр нь би Мтай утсаар ярихад машин хүлээн авах комиссын дарга нь ЗДТГ-ын дарга Т байх шиг байна наад хүндээ машин хүлээлгэн өгч болохгүй шүү би одоо Улаанбаатар хотод ажилтай явж байгаа учир намайг Баян-Өлгийд очтол хүлээлгэн өгч болохгүй шүү учир нь Т өөр хүнийг жолоочоор томилох гээд байна, би өөрийнхөө хүнийг жолооч томилох ёстой юм гээд байсан. Тухайн үед засаг дарга Мтай ярьсан яриаг, надаас мөнгө төгрөг нэхэж байгаа яриаг гар утсан дээрээ бичлэг хийж хадгалж авсан юм. Тухайн үед нэгэнт ЗДТГ-тай гэрээ байгуулсан учир ЗДТГын дарга Т гэж хүнд машиныг хүлээлгэн өгсөн. Уг машинд хэн нь хэн гэдэг жолоочийг томилох нь надад хамаагүй учир би гэрээнийхээ үүргийг биелүүлж машинаа хүлээлгэн өгсөн. Тэгээд М мөнгө өгөхгүй янз бүрийн байдлаар удаашруулсаар байгаад 2015 оны 7 дугаар сар болсон. Би арга ядаад энэ болж байгаа асуудлуудыг хүргэн Над хэлсэн. Тэгэхэд манай хүргэн би Мтай уулзъя гэсэн. Тэгээд нэг өдөр би Мтай уулзлаа таниас нэхэж байгаа мөнгийг буулгаад 3000000 төгрөг өгвөл мөнгийг чинь гаргаж өгье гэж байна тэгэхдээ өнөөдөр 1500000 төгрөгийг өг гэж шаардаж нэхэж байна гэсээр ирж уулзсан. Би санхүүжилтийн мөнгөө олж авахын тулд аргагүй байдалд орж Мы хэлсэн 1500000 төгрөгийг өгөхөөр болж Улаанбаатарт байсан хүү Етай ярьж 2000000 төгрөг авсан. Мы утас руу би залгахад захын хажуу талын Х банкин дээр байна гэсэн. Тэгэхээр нь очиж уулзахад чи надад мөнгө өг тэгвэл би чамд мөнгийг нь чинь шилжүүллээ, чи надад ядаж 3000000 төгрөг өг манай хүүхэд хуримаа хийх гээд мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь за М даргаа таны хэлснээр болъё би чамд өнөөдөр 1500000 төгрөгийг чинь өгье харин чи манай компанийн мөнгийг шилжүүл энэ асуудлаас болоод манай компани өр ширэнд ороод байна гэдгээ хэлсэн. Тухайн үед М өөрийнхөө хүүтэйгээ хамт явж байсан, би хүргэн хүү Нтай хамт явж байсан учир хүргэн Над картаа өгөөд чи Мы авна гээд байгаа мөнгийг нь шилжүүлээд өгчих гэдгээ хэлээд картаа өгөөд явуулсан, учир нь би АТМ машинаас хэрхэн мөнгө шилжүүлдэг эсэхийг мэдэхгүй, ойрын хараа муу учир мөнгө шилжүүлж чаддаггүй юм. Тэгээд Мы хүү нь манай хүргэнтэй хамт Х банкны АТМ рүү ороод гарч ирээд менгө шилжүүлчлээ гэдгээ хэлсэн. Би дотроо Мы данс руу мөнгө хийсэн байна гэж ойлгосон. Тэр үед М за танай компаний мөнгийг энэ сарын санхүүжилт орж ирэхээр хийнэ гэж хэлээд бид салаад явцгаасан. Тэгээд мөнгө шилжүүлээгүй. Тэгээд ярихад за өнөө маргаашгүй хийнэ гээд байсан тэгээд за за мөнгө хийчих байх гэж бодоод би хувийн ажлаар Казахстан улс руу яваад 2016 оны хавар 03 дугаар сарын үед ирсэн. Тэгээд Мтай уулзахад та эхлээд үлдэгдэл 1500000 төгрөг өгчих тэгвэл би мөнгийг чинь өгнө гэдэг байсан. Тэгээд 2016 оны 04 дүгээр сард Авлигатай тэмцэх газраас хүмүүс Баян-Өлгий аймагт ирсэн ажиллаж байхаар нь орж уулзаад учир байдлаа хэлсэн тэгэхэд аймгийн Засаг дарга Дтай утсаар яриад засаг дарга Мы асуудлыг хэлээд ийм юм байж болохгүй “Э” ХХК-ний мөнгийг нь өгүүлэх арга хэмжээ ав гэж хэлсэн, би Д даргатай уулзахад Ногооннуур сумын Засаг даргад үүрэг өгсөн байгаа гэсэн тэгээд ч манай компаний мөнгийг өгөхгүй байсан учир аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, шүүхээс Ногооннуур сумын ЗДТГ-ыг манай компанийн мөнгийг олго гэсэн шүүхийн шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл манай компанийн мөнгийг олгохгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 225-229 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч А.Мы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ж, Н гэдэг хүн бол Ногооннуур сумын ЗДТГ-аас зарласан хогийн машин нийлүүлэх тендерт ялаад хогийн машин нийлүүлсэн байгаа. Тендерийг шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг ЗДТГ-ын дарга зохион байгуулж хийсэн байна. Тэгээд машиныг авчирч ирээд ЗДТГ-т хүлээлгэн өгөхөд байгууллага, иргэдээс хэл ам гаргаж машиныг хүлээж аваагүй байна. Учир нь техникийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр. Тэгээд энэ машиныг хурлын дарга зохих хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргаад шалгуулж байсан. Аудитын байгууллагаас дүгнэлт гарахад зохих мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуул гэсэн гэж сонссон. Тендерт ороход техникийн тодорхойлолтод 8 тн даацтай машин гэж бичсэн байсан. Харин хүлээж авсан машин нь 3.2 тн даацтай гээд улмаар маргаан нь шийдэгдэхгүй өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Энэ маргааны улмаас санхүүжилт нь одоог хүртэл шийдэгдээгүй явж байна. Машин нийлүүлэгч тал нь хүлээж авсан акт, мөнгө авах хүсэлтийг надад танилцуулж байгаагүй. Тэгээд 2015 онд байхаа Өлгий суманд ирээд явж байхад Н юм уу Ж нарын аль нэг нь надтай уулзъя гэж утсаар ярьж дуудсан. Тэгээд би аймгийн захиргаанд ажилтай явж байсан. Тэгээд машинтай явж байсан. Нын жижиг цагаан машинд орж уулзахад машины мөнгийг шилжүүлэн өгөх ямар арга байна зохих, мөнгө төгрөг өгье чи аргалаад шилжүүлж өгөөч гэж гуйсан. Тэгээд би энэ машин угаасаа маргаантай хуулийн байгууллагаар шалгагдаад дүгнэлт гараагүй, техникийн шаардлага хангахгүй байгаа, би дангаараа шийдэх боломжгүй чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгээд би цаашаа явсан. Үүнээс 7-10 хоногийн дараа аймагт ажлаар ирсэн байхад манай Б гэдэг хүүхэд би Н гэдэг залуутай уулзсан тэр миний таньдаг залуу байсан юм, машины мөнгө шилжүүлэн өгөх ямар арга байна гэж надаас асуухаар нь тэр чамд ямар хамаатай юм, маргаантай асуудал байгаа, чи яах гэж оролцох гээд байгаа юм гэж загнасан. Тэгэхэд Б Н миний дансанд 1500000 төгрөг хийсэн байна. Би тэрийг хэрэгцээтэй зүйлд зарцуулсан одоо яах вэ гэсэн. Машины мөнгө олгох асуудлыг би дангаараа шийдэх асуудал биш, чи тэр мөнгийг буцааж өг гэж хүүгээ загнасан. Ерөнхийдөө болсон асуудал энэ л дээ. Б мөнгийг нь өгч чадаагүй мөнгө олдохгүй байна гээд явсан байсан мөнгийг нь өгөөгүй юм шиг байна лээ. Бы авсан мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй. Тэгээд одоо ЗДТГ-ын дарга, төрийн сангийн төлөөлөгчөөс энэ машин бүрэн гүйцэт хүлээж авсан, гүйцэтгэл нь энэ байна, хүлээж авсан акт нь энэ байна, байгууллагын нэхэмжлэл нь энэ байна гэж надад танилцуулсан асуудал нэг ч байхгүй. Би өнөөдрийг хүртэл огт хүлээж аваагүй гэж бодож байгаа” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 4-7 дугаар хуудас/,
... “Э” ХХК-ний захирал Ж надад хээл хахууль өгье гэж байсан би уг асуудлыг нь хүлээн зөвшөөрөөгүй, энэ хүний нийлүүлсэн автомашин нь техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй байна, энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгаж байгаа учир таны мөнгийг өгч чадахгүй байна гэдгийг нь хэлсэн. Үүний дараа миний хүү болох Быг Н гэх залуу дуудан уулзаж чи аавдаа хэлж машины мөнгийг шилжүүлж өгөх арга хэмжээ авч өгөөч, би чамд 1500000 төгрөг өгье гэж дансаараа 1500000 төгрөг шилжүүлэн өгсөн байна лээ. Энэ асуудлыг миний хүү Б надад би Н гэдэг залуугаас 1500000 төгрөг авсан байгаа та машины мөнгийг нь шилжүүлэн өгөх ямар арга байна гэж хэлсэн. Тэгэхээр нь наад машины асуудал чинь хэл ам дагуулсан маргаантай байгаа, чи наад мөнгөө буцааж өг, яагаад хүнээс мөнгө авч байгаа юм гэж загнасан. Ерөнхийдөө болсон асуудал ийм байгаа, Б ажил төрөлгүй учир уг мөнгийг өнөөдрийг хүртэл буцаан өгч чадаагүй явж байгаа” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 08-12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөн шүүгдэгч А.Мы анх мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн /1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар хуудас/ мэдүүлэг нь дээр дурдагдсан гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэг авагдсан бусад үйл баримтуудтай тохирсон ба тогтоогдсон байна.
Шүүгдэгч М.Б нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өөрийн төрсөн эцэг болох А.Мы эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй юм.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч Х.Ж, К.Н нар өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Х.Ж түүний өмгөөлөгч нар “ засаг дарга А.М нь хясан боогдуулсны улмаас хахууль өгсөн” гэж тайлбарлах боловч энэ нь эргэлзээтэй ба хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
Мөн нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.
Хээл хахууль гэдэгт хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрх, төлбөргүй буюу хөнгөлттэй үзүүлсэн аливаа ажил үйлчилгээ зэргийг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч Х.Ж, К.Н нар нь өөрийн хууль бус ямар зорилгыг гүйцэтгүүлэх, эсхүл өөртөө ямар давуу байдал олох зорилгоор бусдад хээл хахууль өгсөн болохыг хөдөлбөргүй тогтоож, нотолсон байна.
- Авилгын эсрэг хуулийн 3 зүйлийн 3.1.1, 3.1.2 дахь хэсэгт тус тус тодорхойлсноор нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг “авлига” гэж, мөн тухайн этгээд /нийтийн албан тушаалтан/ албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг “ашиг хонжоо” гэж ойлгоно.
Мөн хууль тогтоомж буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийн дагуу өөрт олгогдсон албаны болон бусад бүрэн эрхийг санаатайгаар харш ашигласан явдал нь албан тушаалын байдлаа урвуулж /албан тушаалын эрх мэдлээ/ ашигласан гэх үйлдлийн шинж болно.
Шүүгдэгч А.М нь гэмт хэрэг үйлдсэн гэх 2015 оны 07 сарын 28-ны өдрийн байдлаар Сумын засаг дарга ажилтай, улс төрийн албаны удирдах албан тушаалтны хувьд Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасан хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Авлигын гэмт хэргийн субъект мөн юм.
Шүүгдэгч А.М, Х.Ж, К.Н нарын үйлдэлд Аймгийн прокурорын газраас Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ хуулийг буцаан хэрэглэж буй үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлтээ улсын яллагчаас тайлбарлаагүй, энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолд огт тусгаагүй хэргийн зүйлчлэлийг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим зөрчсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч А.Мы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Ж, К.Н нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч М.Б нь хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэх 2015 оны 07 сарын 28-ны өдрийн байдлаар ямар нэгэн албан тушаал эрхэлж байгаагүйн хувьд Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасан хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Авлигын гэмт хэргийн субъект биш гэж үзлээ.
Учир нь: Уг хээл хахууль авах, өгөх гэмт хэрэг нь 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн ба Аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Бд 2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.
Нөгөө талаар Аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Бд 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эцэг сумын засаг дарга А.Мы 1500000 төгрөгний хахууль авсныг өөрийн Х банкин дахь ********** дугаарын дансанд шилжүүлэн гаргаж авсан үйлдэлд Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ “Нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулийг хэрэглэх” талаарх журам зөрчиж, 2015 оны Эрүүгийн хуулийг /шинэчилсэн найруулга/ буцаан хэрэглэж буй үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлтээ улсын яллагчаас тайлбарлаагүй, энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолд огт тусгаагүй хэргийн зүйлчлэлийг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим зөрчсөн байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулсан гэм буруугүйд тооцох зарчимд үндэслэн шүүгдэгч М.Быг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгайн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Ж, К.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилсэн, гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Ж, К.Н нарт хорих ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулав.
Харин шүүгдэгч А.Мы үйлдэлд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Мы үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын бага хэмжээгээр торгож шийдвэрлэлээ.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Мд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй тул шүүхээс зөвтгөж, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон өөрчилснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 5400 нэгж нь 5400000 / таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгтэй тэнцэх юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Х.Ж, К.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас тус тус чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн Тайлбар хэсэгт: “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө”
- “Хахууль авагчийг хууль бус үйлдэл хийлгэхээр урьдчилан төлөвлөж, зориуд санаатайгаар хахууль өгсөн хүнийг ялаас чөлөөлөхгүй. Хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн нь түүнд хүлээлгэх ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно” гэж заасныг шүүхээс анхаарч үзэв.
Цагаатгагдсан этгээд М.Б, шүүгдэгч А.М, Х.Ж, К.Н нар нь цагдан хоригдож байгаагүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Маас 1500000 төгрөг гаргуулж улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД хуурцаг 1 ширхэгийг хэргийн хамт хадгалав.
- М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болгож, шүүгдэгч А.Мд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүгдэгч Х.Ж, К.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж, Цагаатгагдсан этгээд М.Бы эзэмшлийн **-*** улсын дугаартай Митсубиши Оутландер маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Х.Жын эзэмшлийн Самсунг Эс-3 маркийн гар утас зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Мы өмчлөлийн Ногооннуур сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн Г-*****дугаартай 3292 мкв газрыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэв.
- Цагаатгагдсан этгээд М.Б, шүүгдэгч Х.Ж, К.Н нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг буцаан олгож, шүүгдэгч А.Мы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэгүй болгож, гэм буруугүйд тооцон цагаатгасугай.
- М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болгосугай.
- Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
- Шүүгдэгч О овогт Аын Мыг “Хахууль авах” гэмт
хэргийг,
- Шүүгдэгч А овогт Хы Ж, Х овогт Кгийн Н нарыг “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 / таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ныг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Х.Жд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хорих ял, шүүгдэгч К.Над нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас тус тус чөлөөлсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
- Цагаатгагдсан этгээд М.Б, шүүгдэгч А.М, Х.Ж, К.Н нар нь цагдан хоригдож байгаагүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Маас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД хуурцаг 1 ширхэгийг хэргийн хамт хадгалсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1
дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Мд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүгдэгч Х.Ж, К.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Цагаатгагдсан этгээд М.Бы эзэмшлийн **-*** улсын дугаартай Митсубиши Оутландер маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Х.Жын эзэмшлийн Самсунг Эс-3 маркийн гар утас зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Мы өмчлөлийн Ногооннуур сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн Г-*****дугаартай 3292 мкв газрыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэлд шилжүүлсүгэй.
- Цагаатгагдсан этгээд М.Б, шүүгдэгч Х.Ж, К.Н нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг буцаан олгож, шүүгдэгч А.Мы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Мд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Х.Ж, К.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК