Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/16

 

Р.Е-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч  Р.Е-д холбогдох эрүүгийн 2213003430035 дугаартай, 2 хавтастай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-, түүний өмгөөлөгч Б.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек, орчуулагч М.Нурасыл нар оролцов.   

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, **настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, ам бүл ** хүнтэй, **** хамт *****оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Т овогт Р-ын Е- /РД: ***********/ нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн үед Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Харганат тохой” гэх газарт өөрийн ****БӨҮ улсын дугаартай “Кiа ргоntiег” загварын тээрийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож уул өөдөө өгсөх үйлдэл хийх явцдаа тээврийн хэрэгслийн хүчийг алдагдуулж, ухрахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж, хохирогч О.Б-г дайрч зам тээврийн осол гаргасны улмаас түүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар яллах дүгнэлтээр Р.Е-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн  2023/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолоор:   

- Шүүгдэгч Т овогт Р-ын Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хохирогч О.Б-гийн амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Р.Е-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Е-д оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Е- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Р.Е-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Е- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 9.328.000 /есөн сая гурван зуун хорин найман мянга/ төгрөг төлснийг дурдаж, илүү нэхэмжилсэн 10.250.000 /арван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л- нь цаашид гарах хохирол, төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-ы давж заалдах гомдолд:

4.1. Анхан шатны шүүх талийгаач нөхөр болох хохирогч О.Б- болон түүний хууль ёсны төлөөлөгч миний эрх ашгийг хэт дордуулан, харин ч амьд мэнд байгаа шүүгдэгч Р.Е-ын эрх ашгийг дээрдүүлэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл амьд үлдсэн хүний жаргал, үхсэн хүний хохь гэгчээр өнгөцхөн хэт нэг тал болох шүүгдэгчийг өмөөрч шийдвэрлэсэн байна. Миний бодсоноор хэргийг шийдвэрлэсэн шүүгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар бүгд нэг сум нутгийн хүмүүс учраас ашиг сонирхлоор шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.2. Талийгаачийн ажил явдал болон түүнд гарсан бодит хохирлыг гаргахдаа шууд улсын яллагчийн санал болгосноор гаргаж бусад хохирлыг хэлэлцэхгүй орхигдуулсан байна. Бодит хохирлын хэмжээг шүүх тогтоохоос биш прокурорын санал болгосноор тогтоож байгаа нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхээр байна. Бага зэргийн хохирлыг шүүхийн хэлэлцүүлгийн өмнө төлүүлсэн болгож, цаашид учирсан хохиролгүй мэтээр шүүгдэгчийн эрх ашгийг дээрдүүлэн түүнд ял оногдуулахдаа хохирлыг арилгасан мэтээр тайлбарлан түүний ялыг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хууль эрхийн мэдлэггүй бэлэвсэрсэн авгай болон тэжээгчээ алдаж өнчрөн хоцорсон хоёр хүүхдийг илт доромжлон тохуурхсан байдалтай шийдвэрлэсэн анхан шатны шүүхэд гомдолтой байна.

4.3. Хохирлын талаар талийгаачийн төрсөн эгч нь болох О.Ж- мэддэг ба бүх зардлыг гаргаж зарцуулж байсан болохоор шүүх анхаарахгүйгээр О.Ж-гаас мэдүүлэг, тодруулга авахгүйгээр зориуд орхигдуулан шийдвэрлэсэн. Шүүгдэгч бүрэн бус машин жолоодсоноос, замын хөдөлгөөний дүрэм журам зөрчсөнөөс болж нөхөр маань халуун амь насаа алдсан болох нь тодорхой байсаар байхад гарсан зардлуудыг орхигдуулж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл гарсан бүх зардлууд шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. АТҮТ-ийн техникийн шинжээчийн дүгнэлтээр хойд дугуйны тоормосгүй, гар тоормос ажилладаггүй гэсэн дүгнэлтийг шүүх авч үзээгүй ба энэ нь замд гаргах үед жолооч заавал шалгаж байж хөдөлгөөнд оролцох ёстой байсан.

4.4. Талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Б.Л- миний бие эх хуний хувьд шүүгдэгч Р.Е-ын 2 жилийн өмнө эхнэр нь нас барж гурван хүүхэдтэй өнчрөн хоцорсон явдалд энэрэнгүй байдлаар хандаж түүнд аль болох зөөлөн сэтгэлээр хандан түүнийг хорих ялаар шийтгэхгүй байх талаар шүүхэд саналаа хэлж байлаа. Шүүгдэгч түүнийг зөвөөр ойлгон хүлээн авч гарсан ямарваа зардлыг төлж өгөхөө илэрхийлэн зөвшөөрч байхад шүүх хэр хэмжээний хохирлыг хэдийд яаж төлж барагдуулах талаар тодруулахгүйгээр зөвхөн шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх талаар илүүд үзэж байжээ. Хохирогчид бид нийтдээ 19,578,000 төгрөгийн хохирол нэхэхээс биш талийгаачийг амь оруулан босгож ирэхийг шүүгдэгчээс нэхээгүй. Хүний алтан амь хэзээ ч мөнгөөр хэмжигдэхгүй гэдгийг анхан шатны шүүхийн шүүгч анхаарч үзээгүй.

4.5. Шүүгдэгч Р.Е- нь анх хэрэг гарснаас авхуулаад хэргийг нуун дарагдуулахыг оролдож надад тайлбарлахдаа талийгаач өөрөө арагшаа унаснаас болж дагз нь ургаа чулуунд цохиулснаас болж дагз нь цоорч нас барсан гэж байсан. Үүний нэг жишээ нь гэрч Г-аар анх худлаа мэдүүлэг өгүүлснээр батлагдаж байгаа. 

4.6. Улсын яллагч шүүгдэгчийг 1.6 жилийн хорих ялаар шийтгүүлэхээр санал гар аж, ял төлөвлөөд байхад шүүх зориуд шийтгэх тогтоолд тусгахгүйгээр улсын яллагчийн санал дүгнэлтийг нэр төдий тусгаж бичээд зөвхөн хохирлыг нь төлж барагдуулсан гэж тусгаж бичээд хэт нэг талыг баримталсан байна. Өөрөөр хэлбэл хохирлын мөнгийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад прокурор дүгнэлтээ хэлснээс хойш өгсөн болно. Үүнийг шүүх хуралдааны цахим дүрс бичлэгээс харж болно. Шүүх хуралдаанд хохирогчийн төлөөлөгч оролцсон талаар мэдэгдэхгүй байна.

4.7. Шийтгэх тогтоолын 65-т /8 р тал/ "Шүүгдэгч Р.Е-ын Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж хуний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэсэн байна. Гэтэл хохирлыг бүрэн гаргуулахгүйгээр түүний үйлдсэн гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.8. Энэ гэмт хэрэг нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үйлдэгдсэн. Өөрөөр хэлбэл улсын мал тооллогоос өмнө үйлдэгдсэн. Шүүгдэгч хөрөнгө муутай мэтээр 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор малаа нууж тоолуулан өөрийгөө мал хөрөнгөгүй мэтээр хуурамч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгчээ. Орон нутгийн хүмүүсийн ярьснаар Р.Е- нь 2022 оны жилийн эцэст 500 гаруй толгой мал  тоолуулж байжээ. Р.Е- нь талийгаач эцэг Р-ын хамт нэг гэрт амьдардаг ба хэдэн жилийн өмнө түүний эцэг мянгат малчнаар тодорч байсныг нутгийн хүмүүс бахархан ярилцдаг. Б.Р нас барснаас хойш бүх хөрөнгийг нь Р.Е- өвлөн авсан болно.

4.9. Анхан шатны шүүх гэм хорыг арилгах тухай Иргэний тухай хуулийн зохих зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах тухай тухайлан зохицуулсан байхад Иргэний хуулийн 505 дугаар зүйл /бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах/, 510 дугаар зүйл /эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах/ зэрэг зүйл заалтуудыг хэрэглэсэн нь буруу байна.

4.10. Шүүгдэгч Р.Е- нь хохирогчийн ар гэр болон надаас удаа дараа уучлал хүсэж, цаашид хохирлыг төлж барагдуулах талаар өөрөө зөвшөөрч байсан ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд амлалт өгч байсан. Харин шүүх шийдвэр гаргахдаа энэ бүх зүйлийг түүнд оногдуулах ялыг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалтай дүгнэсэн байдаг. Миний түүнд хорих ял оногдуулахгүй байх саналыг хүртэл тусгасан хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 сарын хугацаанд шүүгдэгч сайн дураар өөрийн өгсөн амлалтын дагуу хохирлыг төлж барагдуулах талаар санаачилга гаргаагүй болохоор миний бие энэхүү гомдлыг гаргахад хүрч байна.

4.11. Иймд дээрх гаргасан гомдлын нөхцөл байдлыг тал бүрээс нь судлан үзэж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх эсхүл мөрдөн байцаалтад буцааж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна.

 

5. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Баян-Өлгий аймгийн хяналтын прокурор Х.Өрен би, шүүгдэгч М.Е-д холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах журмаар гаргасан шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна.

5.2. Холбогдох гэмт хэргийн объектын хувьд хүний амь нас эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг байгаа. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн амь нас хохирсон байдаг. Холбогдох гэмт хэрэгт мөрдөгчөөс хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд бүрэн тогтоосон. Улмаар хэрэг бүрэн шалгагдан тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн.

5.3. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол бүхий хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд хэргийн холбогдогч буюу яллагдагч тухайн үед 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Бусад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулаагүй байсан. Анхан шатны шүүх хуралдаан хэргийг хэлэлцэх явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс прокуророос яллах дүгнэлтэд дурдан ирүүлсэн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн хохирлыг бэлэн байдлаар бүрэн төлж барагдуулах ажиллагаа шүүх хуралдааны танхимд хийгдсэн.

5.4. Анхан шатны шүүх хуралдаанаас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналтай эсэх болон холбогдох бусад байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоол гаргасан. Шийтгэх тогтоолыг агуулгын хувьд тухайн үед гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүх хуралдааны явц, талуудын мэтгэлцээн зэрэгт  үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж тухайн үед прокуророос шийтгэх тогтоолыг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байдаг.

5.5. Харин өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс өөрт учирсан хохирлоо дутуу гаргуулсан талаар гомдол гаргасан. Гэмт хэргийн хор уршиг арилаагүй, хүний амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон. Биед хохирлоос гадна сэтгэл санааны хохирол гаргуулан авах нэхэмжлэх эрх нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нээлттэй байгаа. Холбогдох баримтыг гаргаж өгөх эрх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль болон шийтгэх тогтоолд тодорхой дурдаж өгсөн байна.

5.6. Эдгээр үйл баримтыг харгалзан хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тухайн үед 10,250,000 төгрөг сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх боломжгүй гэж шүүх дүгнэсэн байна. Харин энэхүү сэтгэл санааны хохирлыг нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй орхиж шийдвэрлэсэн тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлэх боломжтой. Хохиролтой холбоотой баримтыг хянан хэлэлцэх нь үндэслэлгүй гэж дүгнэв. Харин сэтгэл санааны хохирол 10,250,000 төгрөгийг анхан шатны шүүх хуралдаанд анхнаасаа нэхэмжилж орж ирсэн тул харгалзан үзэх нь зүйтэй гэх байр суурьтай байна. Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан байгаа тул бусад зардлыг хэвээр үлдээж шийдвэрлэх боломжтой.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

6. Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол  үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

7. Шийтгэх тогтоол “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий, бүхий л нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгсөн байдлыг ойлгоно.

 

8. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил тогтоогдоогүй болно.

 

9. Шүүгдэгч Р.Е- нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн үед Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Харганат тохой” гэх нэртэй газарт өөрийн ****БӨҮ улсын дугаартай “Кiа ргоntiег” загварын тээрийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож яваад уул өөдөө өгсөх үйлдэл хийх үед жолоодож явсан тээврийн хэрэгслийн хүчийг алдагдуулж, ухрахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасныг зөрчиж, хохирогч О.Б-г дайрч зам тээврийн осол гаргасны улмаас түүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон байна.  

 

10. Р.Е-ын тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу болгоомжгүй үйлдлийнх нь улмаас нэг хүний амь насыг хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд түүнд мөн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг баримталж, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жил хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны хийгээд шударга ёсны зарчимд нийцсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлийн улмаас үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон, анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг хуульд зааснаар харгалзаж үзсэн тул энэ талаарх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

 

11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л- нь гэмт хэргийн улмаас учирсан  хохиролд 9.328.000 төгрөг, иргэний нэхэмжлэлд 10.250.000 төгрөг, нийт 19.578.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Е- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 9.328.000 төгрөг төлснийг дурдаж, иргэний нэхэмжлэлээс 10.250.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л- нь хохирол, төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэжээ.

 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ. Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээдээр хариуцуулан хор уршгийг арилгуулахаар заасан. Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гаргаж өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шаардсан хохирол, хор уршгийн заримыг нь хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан гэм буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэн, иргэний нэхэмжлэлээс үлдсэн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нь тайлбарлаж шийдвэрлэснийг давж заалдах гомдолд дурдсанаар буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн охин Б.Ё, талийгаачийн баз н.Б нар талийгаачийн ажил явдалд оролцохоор Улаанбаатар хотоос ирж буцсан зардалд 1.350.000 төгрөг, мөн охин Б.Ё-ийн 2 сар цалингүй чөлөө авсан гэх хохиролд 1.700.000 төгрөг, БНКазахстан Улсаас талийгаачийн ажил явдалд оролцохоор ах дүү, хамаатан саднууд нийт 18 хүн ирсэн бөгөөд 1 хүн нэг талдаа 200,000 төгрөг, ирж буцахдаа 400,000 төгрөг, нийт 7,200,000 төгрөг, нийт 10,250,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилснийг анхан шатны шүүх хэлэлцээгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л- нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар, шүүхэд мэдүүлэх замаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй байна. Түүний энэхүү нэхэмжлэлийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

14. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК