| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Эрдэнэтуяа |
| Хэргийн индекс | 122/2024/0019/З |
| Дугаар | 122/ШШ2024/0023 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 122/ШШ2024/0023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: “Өнөмонгол гэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороо, аймгийн Засаг даргад тус тус холбогдох,
Гуравдагч этгээд: “Мөнх тайж алтай” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: “Гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаан, агаар сэлгэлтийн Чип багц нийлүүлэх (Баруун-Урт сум) СҮАХААГ/20240102034 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2024.06.27-ны өдрийн “Мөнх тайж алтай” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 148 тоот шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Мөнх тайж алтай” ХХК-ийн хооронд байгуулсан “Гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн чип багц нийлүүлэх худалдан авах (Баруун-Урт сум) гэрээ Дугаар: СҮАХААГ/2024072034 захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55.1.1-д зааснаар “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” үндэслэлээр илт хууль бусад тооцуулах, “Өнөмонгол гэр” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт тооцож, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Өнөмонгол гэр” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Батчимэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золбоо, өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир (цахим), хариуцагч Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уранчимэг, аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, гуравдагч этгээд “Мөнх тайж алтай” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Ч.Мөнхсүх, түүний өмгөөлөгч А.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Өнөмонгол гэр” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Батчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Манай “Өнөмонгол гэр” ХХК (РД:5026997) нь Монгол гэр, тавилгын үйлдвэрлэл худалдаа, оёдол, зөөлөн эдлэл оёх, гар урлалын зүйлс хийх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 24 ажилтантай дотоодын үйлдвэрлэгч юм.
Бид Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зарласан СYАХААГ/20240102034 дугаартай “Гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаан, агаар сэлгэлтийн Чип багц нийлүүлэх (Баруун-Урт сум)” төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад зохих журмын дагуу оролцсон. Бид тендерийн баримт бичигт заасан бүхий л баримтыг шаардлага хангуулан хүргүүлсэн.
Улмаар Сүхбаатар аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024.05.30-ны “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 107 тоот албан бичгээр манай тендерийг ТШЗ-ын 18.1-д заасан Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ батлагдсан төсөвт өртгийн 30-иас багагүй гэх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр манай тендерээс татгалзаж “Мөнх тайж алтай” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдсэн.
Бид тус шийдвэрт холбогдуулан гаргасан гомдлын дагуу тус үнэлгээний хорооны шийдвэрийг Монгол Улсын Сангийн яамнаас хянан үзээд 2024.06.20-ны өдрийн 03/5321 тоот “Гомдол хянасан тухай” шийдвэрийн 2 дахь хэсэгт зааснаар “Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ын 20-1-д Материалуудын дээжийг ШУТИС-ийн харьяа Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвөөр хянуулж баталгаажуулсан байх ёстой” гэж заасан байна. “Мөнх тайж алтай” ХХК нь дулаалгын материалуудын дээжийг ШУТИС-ын харьяа Барилгын эрчим хүчний төвийн 2024.05.14-ний 03/0524 дугаартай дүгнэлтээр хянуулж баталгаажуулсан байх бөгөөд халаалт болон агаар сэлгэлтийн материалуудын
дээжийг Барилга эрчим хүчний хэмнэлтийн төвөөр хянуулж, баталгаажуулсан талаар мэдээллийг ирүүлээгүй байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн дээрх шалгуурыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гэж зааж дахин үнэлгээ хийлгэхээр захиалагчид буцаасан.
Улмаар Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газар дахин үнэлж
2024.07.01-ний “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 148 тоот шийдвэрээр өмнөх шийдвэрээ дахин гаргаж мөн манай тендерээс шаардлага хангаагүй гэж үзэн татгалзаж мөн шаардлага хангаагүй “Мөнх тайж алтай” ХХК-г хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдсэн.
ТБОНӨХБАҮХА-ын 59.5-д "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж заасны дагуу Монгол Улсын Сангийн яам энэ асуудлаар дахин хянахгүй тул шууд шүүхэд хандаж байна.
Захиалагчийн ирүүлсэн мэдэгдэлд “ТШЗ-ны 18.1-д заасан ... харилцагч банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Манай тендерт Хаан банкны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5084/24/160 дугаартай зээлийн тодорхойлолтыг хавсаргасан бөгөөд тус тодорхойлолтоор Хаан банкнаас манай компанид 988,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт хийх боломжтой болохыг тодорхойлсон.
Гэтэл тендерийн үнэлгээний хорооноос Сангийн сайдын 2023.12.25-ны А/255 дугаар тушаалаар батлагдсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал заавар” журмын 6.2-т харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендерт харгалзан үзэхгүй гэж заасан ба шаардлагад нийцэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь: Хаан банкны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5084/24/160 дугаартай зээлийн тодорхойлолтоор “зээлийн судалгаа хийж 988,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт хийх боломжтой гэж” тодорхой
мөнгөн дүн бүхий тодорхойлолт гаргаж өгсөн тул ТШЗ-ын 18.1-д заасан шаардлагыг хангаж байгаа юм.
Тендерийн баримт бичигт Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ын 20-1-д материалуудын дээжийг ШУТИС-ийн харьяа Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвөөр хянуулж баталгаажуулсан байх ёстой” гэж заасан байхад “Мөнх тайж алтай” ХХК халаалт болон агаар сэлгэлтийн материалуудын дээжийг Барилга эрчим хүчний хэмнэлтийн төвөөр хянуулж, баталгаажуулаагүй байхад шалгаруулсан нь ТБОНӨББАҮХАТХ-ын 26.9.Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасныг зөрчсөн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Мөн хуулийн 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан. Гэтэл Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газар тус хуульд заасан “нотлох баримтыг үнэлэх” ажиллагааг бүрэн хийгээгүй байна.
Иймд Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024.07.01-ний 148 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгож, “Өнөмонгол гэр” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийг сайн үнэлэгдсэн тендерт тооцож гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг хариуцагчид даалгуулж манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж өгнө үү.
Бүрдүүлбэр хангах тухайд:
Тус нэхэмжлэлд Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.08.09-ний 0096 тоот захирамжаар бүрдүүлбэр хангах хугацаа тогтоожээ.
Маргаан бүхий захиргааны актыг хэзээ мэдсэн тухайд:
Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024.07.01-ний 148 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг tender.gov.mn 2024.07.02-ны өдөр цахим системд тус шийдвэрийг оруулснаар олж мэдсэн болно.
Захиргааны ерөнхий хуулийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 33.6-д “Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ” гэж заасны дагуу манай компани нэхэмжлэлийг 2024.07.31-ний өдрийн дотор шуудангийн байгууллагад хүргэсэн болно.
Нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж буй тухайд:
Хариуцагч байгууллага хууль бусаар манай компанийн тендер шаардлага бүрэн хангасан байхад татгалзаж харин тендерийн шаардлага хангаагүй “Мөнх тайж алтай” ХХК-ийн тендерийг шаардлага хангасан гэж үзсэн. Зүй нь хуулийн дагуу бол эсрэгээрээ “Мөнх тайж алтай” ХХК-ийн тендерээс шаардлага хангаагүй гэж үзэж татгалзаж манай компанийн тендерийг “хамгийн сайн тендерт” үнэлж гэрээ байгуулах эрх олгох ёстой байсан. Хариуцагч байгууллагын дээрх хууль бус шийдвэрийн улмаас манай компанийн тендерт шударгаар явуулах бизнесийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэжээ.
Нэхэмжлэгч “Өнөмонгол гэр” ХХК нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Манай “Өнөмонгол гэр” ХХК Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024.07.01-ний өдрийн 148 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах, “Өнөмонгол гэр” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт тооцож гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
Манай компани тус тендерт хамгийн бага үнийн санал өгсөн бөгөөд манай
компанийн тендерээс татгалзсан Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024.03.30-ны 107 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулснаар тус тендерт хамгийн сайн үнэлэгдсэн “Мөнх тайж алтай” ХХК-иас бага үнийн саналтай болж “хамгийн сайн үнэлэгдсэн тендер”-т шалгарч гэрээ байгуулах эрх олж авах боломжтой. Дээрх байдлаар манай эрх хууль ёсны ашиг сонирхол хангагдах боломжтой.
Нөгөө талаас хариуцагч бидэнд 2024.07.01-ний 148 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлэхдээ “Мөнх тайж алтай” ХХК-ийг шалгаруулсан талаар мэдэгдсэн болохоос ямар тоот албан бичгээр тус шийдвэр гаргасныг мэдэгдээгүй. Харин шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариу тайлбар ирүүлэхдээ 2024.06.27-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрээр “Мөнх тайж алтай” ХХК-г шалгаруулсан талаар болон тус компанийг шалгаруулсан үйл явцын талаар дурдаж ирүүлжээ.
Иймд гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаан, агаар сэлгэлтийн Чип багц нийлүүлэх (Баруун-Урт сум) СҮАХААГ/20240102034 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2024.06.27-ны өдрийн “Мөнх тайж алтай” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Тус шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хариуцагч хариу тайлбартаа Үнэлгээний хороо халаалт болон агаар сэлгэлтийн материалууд нь импортоор орж ирдэг бараа тул монголд хянадаг эсэх талаар эргэлзээтэй байсан тул ТБОНӨХБАҮХАТХ-ын 25.1-д заасны дагуу тодруулга авсан гэжээ.
ТШЗ 20.1-д заасан “Материалуудын дээжийг ШУТИС-ын харьяа Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвөөр хянуулж баталгаажуулсан байх ёстой” гэсэн шаардлага тавигдсан бөгөөд тендерийн үнэлгээний хороо санаачилгаараа тендерийн баримт бичгийн тус шаардлагыг өөрчлөх, тухайн нөхцөлийг хангаагүй байхад шаардан авах эрх байхгүй. ТБОНӨХБАҮХАТХ-ын 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэж заасан. Энэ нь тодорхойгүй, зөрчилдөөнтэй асуудлын талаар тодорхой болгох зорилготой захиалагчаас авч болдог арга хэмжээ болохоос тодруулга авсны үндсэн дээр тендерийн баримт бичгээр шаардсан нөхцөлийг хангах боломжгүй байгаа юм байна хэмээн дүгнэж тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангаагүй байхад хангасан гэж үзэх үндэслэлгүй.
Энэ талаар тендерийн үнэлгээний хороо тодруулга авч “Мөнх тайж алтай” ХХК-аас Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвийн 2024.06.26-ны 05/0624 тоот албан бичгийг нэмэлтээр ирүүлсэн байгаа нь ТБОНӨХБАҮХАТХ-ын 25.3-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцүүлэх зорилгоор нэмэлт баримт бичиг, загвар, дээж ирүүлэхийг шаардахгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.
Өмнө “Мөнх тайж алтай” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон 2024.05.20-ны үнэлгээний хорооны шийдвэрийг Монгол Улсын Сангийн яамнаас хянан үзээд 2024.06.20-ны өдрийн 03/5321 тоот “Гомдол хянасан тухай” шийдвэрийн 2 дахь хэсэгт зааснаар “Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ын 20-1-д “Материалуудын дээжийг ШУТИС-ийн харьяа Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвөөр хянуулж баталгаажуулсан байх ёстой” гэж заасан байна. “Мөнх тайж алтай” ХХК нь дулаалгын материалуудын дээжийг ШУТИС-ын харьяа Барилгын эрчим хүчний төвийн 2024.05.14-ний өдрийн 03/0524 дугаартай дүгнэлтээр хянуулж баталгаажуулсан байх бөгөөд халаалт болон агаар сэлгэлтийн материалуудын дээжийг Барилга эрчим хүчний хэмнэлтийн төвөөр хянуулж, баталгаажуулсан талаар мэдээллийг ирүүлээгүй байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн дээрх шалгуурыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.
Гэтэл дээд шатны байгууллагаас хууль бус байна гэж дүгнэсэн асуудлаар дахин шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 98.2-д “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна.
Мөн зарим материалуудыг Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвөөр хянуулж баталгаажуулах боломжгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд ижил төстэй бүтээгдэхүүн санал болгосон манай компанийн хувьд бүх материалуудыг Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвөөр хянуулж баталгаажуулж тус шаардлагыг хангасан. Гэтэл тендерийн баримт бичигт тавигдсан шаардлага хангасан манай компаниас татгалзаж харин тус шаардлагыг хангаагүй компанийг тодруулга, нэмэлтээр баримт авах замаар шаардлага хангах боломжгүй тул шаардлага хангасан гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй хууль бус үйл ажиллагаа байна.
Иймд гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаан, агаар сэлгэлтийн Чип багц нийлүүлэх (Баруун-Урт сум) СҮАХААГ/20240102034 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2024.06.27-ны өдрийн “Мөнх тайж алтай” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, Сүхбаатар аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024.07.01-ний өдрийн 148 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “Өнөмонгол гэр” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт тооцож гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг хариуцагчид даалгаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золбоо шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хариуцагчаас захиалагч нь аймгийн Засаг дарга, Худалдан авах газрын аль юм бэ. Үнэлгээний хороо эцсийн шийдвэр гаргадаггүй, байнгын үйл ажиллагаа явуулдаггүй, энэ зөвлөмжийг хуульд нийцсэн эсэх асуудлаар захиалагч хянаж, шалгаж шийдвэрээ гаргадаг байгаа. Энэ талаар тайлбар өгнө үү. Хурлын тэмдэглэлд яагаад нэг хүний гарын үсэг байхгүй байгаа вэ, шинэчилсэн бүх журмуудыг уншиж судалсан уу. Галсанжамц гишүүний А3 сертификатын хугацаа дууссан байхад цахим системтэй харьцахад ямар нэгэн саад болдоггүй юм уу гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Өнөмонгол гэр” ХХК нь Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 04 сарын 26-ны өдөр зарлагдсан гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаан агаар сэлгэлтийн чип багц нийлүүлэх Баруун-Урт төсөл гэх тендерт шалгаруулалтад оролцсон. Манай компанийн зүгээс өмнө нь энэ төрлийн тендерүүдэд оролцож байсан туршлагатай учраас тендерийн баримт бичгийн бүх шаардлагыг хангуулан хүргүүлж тендерт оролцсон. Захиалагчийн зүгээс тендерийг нээхэд “Өнөмонгол гэр” компанийн хувьд хамгийн бага зарцуулах үнийн дүн бүхий санал өгсөн. Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газраас тендерийн үнэлгээг явуулаад 2024 оны 05 сарын 30-ны өдрийн “мэдэгдэл хүргүүлэх” тухай 107 тоот албан бичгээр “Өнөмонгол гэр” ХХК-ийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1-т заасан түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна гэх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр тендерээс татгалзсан тухай мэдэгдсэн. Гурван оролцогчоос “Мөнх тайж алтай” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдсэн. Уг мэдэгдлийн дагуу “Өнөмонгол гэр” ХХК-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан хугацаанд Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдлын дагуу Сангийн яамнаас 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 035321 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын баримт бичигт өгөгдлийн хүснэгтийн 20.1-т заасан материалуудын дээжийг ШУТИС-ын харьяа Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвөөр хянуулж батлуулсан байх ёстой гэж заасан байна. Хамгийн сайн дүгнэгдсэн “Мөнх тайж алтай” ХХК нь дулаалгын материалуудын дээжүүдийг ШУТИС-ын харьяа Эрчим хүчний барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвийн дүгнэлтээр баталгаажуулаагүй байна. Энэ шаардлагыг хангаагүй байхад шаардлагыг хангасан гэж үнэлсэн нь захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байх тул дахин үнэлгээ хийлгүүлэхээр буцаалаа гэж мэдэгдсэн. Сүхбаатар аймгийн худалдан авах ажиллагааны газар дахин үнэлгээ хийгээд 2024 оны 07 сарын 01-ний өдрийн “мэдэгдэл хүргүүлэх тухай” 158 тоот шийдвэрээр өмнөх шийдвэрээ дахин гаргаж, “Мөнх тайж алтай” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгуулж, гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт зөрчил гарч байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-т зааснаар гомдлыг хянаад гаргасан дээд шатын захиргааны байгууллагын шийдвэрийг доод шатын захиргааны байгууллага заавал биелүүлдэг зарчимтай. Дээд шатны захиргааны байгууллага болох Монгол Улсын Сангийн яамнаас материалуудын дээжүүдийг ШУТИС-ийн харьяа Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн хяналтаар баталгаажуулсан байх ёстой гэдэг. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 20.1-т заасан энэ шаардлагыг хангаагүй байна. Энэ талаар хангасан гэж дүгнэж буруу шийдсэн байхад дахин энэ шийдвэрээ гаргасан байгаа. Энэ шийдвэр гаргахын өмнөх хурлын тэмдэглэлийг бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авч үзэхээр Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газар таавраар энэ бол импортын бараа бүтээгдэхүүн байж таарна, тиймээс Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвөөс дүгнэлтүүд гарагддаггүй байж магадгүй. Ийм учраас энэ талаар тодруулга авъя гээд “Мөнх тайж Алтай” ХХК-аас тодруулга авсан байдаг. Тодруулга авахдаа үүнтэй холбоотой баримтыг ирүүлнэ үү гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэж заасан. Тэгэхээр өрсөлдөөнд нөлөөлөхгүй тохиолдолд тодруулга авах тухай зохицуулалт байгаа. Тухайн тодруулга дээр импортын бараа бүтээгдэхүүн байх тул Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн дүгнэлтийг ирүүлэх талаар шаардан авч байгаа нь өрсөлдөөнд нөлөөлж байна. Тендерт оролцож байгаа “Өнөмонгол гэр” ХХК нь Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн тодорхойлолтыг бүх материал дээрээ аваад хүргүүлчихсэн байгаа. Гэтэл “Мөнх тайж алтай” ХХК-ийн материалын баримтууд байхгүй байхад түүний шаардлагыг хангуулах зорилгоор тодруулга авч байгаа нь өрсөлдөөнд нөлөөлж байна. Энэ талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт шууд хориглочихсон байгаа. Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газраас тодруулга авах тухай албан бичигт энэ талаар холбогдох баримтыг ирүүлнэ үү гэсэн байна. Үүний дагуу “Мөнх тайж алтай” ХХК-аас тайлбар, Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн тодорхойлолтын хамт ирүүлсэн. Тендерт ирүүлээгүй баримтыг тендерийг нээсэн, хүлээж авснаас хойш тендерт оролцогчоос нэмж авч байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендерийг хүргүүлэх, түүнийг нээх зэрэг бүх зохицуулалтыг зөрчихөөс гадна мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасан хориглогдсон үйл ажиллагааг зөрчиж байна. Захиалагч тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцүүлэх зорилгоор нэмэлт баримт бичиг загвар, дээж ирүүлэхийг шаардаж болохгүй. Дүгнэлт гаргах боломжгүй учир дүгнэлт ирүүлээгүй боловч шаардлага хангасан тухай шийдвэрийг үнэлгээний хорооноос гаргасан.
Үнэлгээний хороо нь өөрийнхөө тендерийн баримт бичигт заагдсан шаардлагыг засаж өөрчлөх, түүнийг гуйвуулж тайлбарлах, шаардлага хангаагүй тендерийг шаардлага хангасан гэж дүгнэх эрх байхгүй. Тендерийн баримт бичгийг боловсруулах үедээ энэ талаар холбогдох байгууллагаас зааварчилгаа авах ёстой байсан. Энэ талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолт бэлтгэхэд өрсөлдөөнийг хязгаарлахгүй байх зөвлөгөөг тухайн салбарын иргэний нийгмийн байгууллага, аж ахуй эрхлэгчээс авч болно” гэж заасан. Тендерийн баримт бичиг нь тендерт оролцогчдод хоёр өөрөөр хэрэгжиж байна. “Өнөмонгол гэр” ХХК хувьд Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвөөс материалуудынхаа дээжүүдийг дулааны дүгнэлтээр нь гаргуулчихсан байгаа. Манай компаниас энэ дүгнэлт байлгахыг шаардаад, “Мөнх тайж алтай” ХХК-аас тухай дүгнэлтийг гаргуулахгүй байхыг шаардаж байгаа нь тэгш, шударга байх зарчмын зохицуулалтуудыг зөрчиж байна. Хэрэв тендерийн баримт бичгийн бүх шаардлага хангаагүйн улмаас цуцлагдах юм бол дахиад баримт бичгээ шинээр боловсруулаад, тендерийн баримт бичиг дээр байх шаардлага өөрчлөгдсөн бол энэ талаар тендерт оролцогчдод тухай бүр мэдэгдэх ёстой. Үндсэндээ үнэлгээний хороо тендерийн баримт бичгээ зөрчсөн, өөрчилсөн шийдвэр гарсан. Хууль бус шийдвэр гарсан учраас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсэгт захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн үндсэн зарчмыг зөрчсөн. Сангийн сайдын 2023 оны 12 сарын 25-ны өдрийн А/225 дугаар тушаалаар батлагдсан тендер үнэлэх эрх олгох аргачилсан зааврын 6.2-т заасныг барьсан гэж байгаа. Уг заалтад банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэсэн бол банк нь бодит санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендерт харгалзаж үзэхгүй гэж заасан байна. Хаан банкны тодорхойлолтоор зээлийн судалгаа хийж 988,000,000 төгрөгийн санхүүжилт хийх боломжтой гэсэн байхад энэ шаардлагыг хангаагүй гэж дүгнэж байна. Бүх тендерүүд дээр ийм тодорхойлолтоор тендерийн үнэлгээ хийгдээд энэ түргэн хөрвөх чадавхыг хангаж байна гэж үздэг. Гэтэл аргачилсан заавраа зөрчиж буруу тайлбарласан байгаа. Сүхбаатар аймгийн худалдан авах ажиллагааны газраас гаргасан шийдвэрүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, албан зааврын журмаа зөрчиж тендерийг бодитой үнэлээгүй, хууль ёсны шийдвэр гаргаж чадаагүй. Энэ талаар маргаж байхад тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар нь “Мөнх тайж алтай” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн чип нийлүүлэх, худалдан авагч Баруун-Урт сум гэх гэрээ нь хууль бус тендерийн үр дагавраар байгуулагдсан. Тухайн захиргааны гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т захиргааны хэм хэмжээг зөрчсөн илт хууль бус захиргааны хэм хэмжээ болно. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны гэрээ байгуулагдсаныг мэдээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох;” гэж заасны дагуу бусад байдлаар хэрэгжсэн гэж үзээд энэ маргаан захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үндэслэлээр илт хууль бус бусад тооцуулах гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Иймд захиргааны гэрээг хүчингүй болгож захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоож, тендерийн харьцуулалтад заагдсан бүх шаардлагуудыг нэгэн зэрэг хангасан. Мөн хамгийн бага харьцуулах үнийг хүргүүлсэн “Өнөмонгол гэр” ХХК-ийг тухайн тендер дээр хамгийн сайн хангагдсан тендерээр шалгаруулахыг хариуцагчид Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгаж өгнө үү ... гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газар болон Тендерийн үнэлгээний хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Дараах тайлбарыг хүргүүлж байна.
Гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаан, агаар сэлэлтийн Чип багц нийлүүлэх (Баруун-Урт сум) СҮАХААГ/20240102034 дугаартай тендерийг 2024 оны
04 дүгээр сарын 26-ны өдөр зарлан 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 10 минутад нээсэн.
Тус тендерийг нээхэд:
| Компанийн нэр | Үнийн санал | Тендерийн баталгаа |
| “Мөнх тайж алтай” ХХК | 2,585,917,321 төгрөг | Байгаа |
| “Буянт хөрс наран” ХХК | 2,477,712,600 төгрөг | Байгаа |
| “Өнөмонгол гэр” ХХК | 2,448,061,867 төгрөг | Байгаа |
Дээрх компаниуд материал ирүүлсэн.
Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хурал 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээний хороогоор хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргасан.
• “Өнөмонгол гэр” ХХК-ний ирүүлсэн Хаан банкны 2024 оны 05 дугаар сарын
14-ний өдрийн 5084/24/160 дугаартай бичигт зээлийн бодлого, бүтээгдэхүүний журмын дагуу холбогдох материалыг хангасан нөхцөлд зээлийн судалгаа хийж 988,000,000 төгрөгийг олгох тухай бичиг ирүүлсэн нь Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалаар батлагдсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал заавар” журмын 6.2-т Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй гэж заасан тул тус компанийн ирүүлсэн бичиг нь шаардлагад нийцээгүй. Ийнхүү Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаар бичгээр “Өнөмонгол гэр” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн.
• “Буянт хөрс наран” ХХК-ний Хаан банкны 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 303 дугаар бичигт зээлийн бодлого, бүтээгдэхүүний журмын дагуу холбогдох материалыг хангасан нөхцөлд зээлийн судалгаа хийж 800,000,000 төгрөгийг олгох тухай бичиг ирүүлсэн нь Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалаар батлагдсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал заавар” журмын 6.2-т Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй гэж заасан тул тус компанийн ирүүлсэн бичиг нь шаардлагад нийцээгүй, мөн ижил төстэй ажлын шаардлага хангаагүй тул татгалзах мэдэгдэл хүргүүлсэн.
• “Мөнх тайж алтай” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26-27 дугаар зүйлийн шаардлагыг хангасан тул 2,585,917,321 (Хоёр тэрбум таван зуун наян таван сая есөн зуун арван долоон мянга гурван зуун хорин нэгэн) төгрөгөөр захиалагчид гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлсэн.
Дээрх тендер шалгаруулалтын үр дүнг 2024 оны 05 дугаар сарын 30-нд цахим системд хуулийн хугацаанд нийтэлсэн. Сангийн яамнаас гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр зогсоосон тухай “Өнөмонгол гэр” ХХК нь сангийн яаманд гомдол гаргаж 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/4904 дугаар бичгээр “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” мэдэгдэл яаманд ирсэн. Үүний дагуу холбогдох материалыг 2024 оны 06 дугаар сарын 11-нд sugarmаа[email protected] хаягаар хугацаанд нь хүргүүлсэн.
• Сангийн яам холбогдох материалыг хянаж үзээд, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 03/5321 дугаар бичгээр “Гомдол хянасан тухай” мэдэгдэл ирсэн.
“Өнөмонгол гэр” ХХК нь 3 асуудлаар гомдол гаргасан байна. Үүнд:
дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаартай бичиг болох Захиалагчийн шийдвэрийг
хүлээн зөвшөөрөөгүй байна.
Сангийн яам уг асуудлыг хянаж “Өнөмонгол гэр” ХХК-ний Хаан банкны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5084/24/160 дугаартай бичиг нь Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалаар батлагдсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал заавар” журмын 6.2-т Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй гэж заасан тул захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.
2. “Мөнх тайж алтай” ХХК-ийн материалаас мэргэжлийн цахилгааны инженер санал болгоогүй, сургалт хийх эрх бүхий Б.Мягмарцэрэн нь тус компанийн ажилтан биш, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зэрэг асуудлаар гомдол гаргасан байна. Сангийн яам уг асуудлыг хянаж захиалагч тендер шалгаруулалтын баримт бичигт цахилгааны инженертэй байх, сургалт хийх эрх бүхий этгээд нь үндсэн ажилтан байх шалгуур заагаагүй байх тул “Мөнх тайж алтай” ХХК нь мэргэжлийн цахилгааны инженер санал болгоогүй, сургалт хийх эрх бүхий Б.Мягмарцэрэн нь тус компанийн ажилтан биш, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх гомдол үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.
3. Захиалагч тендерийн баримт бичигт “Материалуудын дээжийг ШУТИС-ын харьяа Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвөөр хянуулж баталгаажуулсан байх
ёстой” гэж заасан. “Мөнх тайж алтай” ХХК нь халаалт болон агаар сэлгэлтийн материалуудын дээжийг дээрх төвөөр хянуулаагүй тухай гомдол гаргасан.
Сангийн яам уг асуудлыг хянаж “Мөнх тайж алтай” ХХК нь дулаалгын материалуудын дээжийг ШУТИС-ийн харьяа Барилгын эрчим хүч, хэмнэлтийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03/0524 дугаартай дүгнэлтээр хянуулж баталгаажуулсан байх бөгөөд халаалт болон агаар сэлгэлтийн материалуудын дээжийг Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвөөр хянуулж, баталгаажуулсан талаар мэдээллийг ирүүлээгүй байх тул захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.
Сангийн яамны шийдвэр: “Өнөмонгол гэр” ХХК нь Сангийн яаманд дээрх 3 асуудлаар гомдол гаргаж, эхний 2 асуудал нь захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, сүүлийн асуудал нь захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Иймд тус тендерийн үнэлгээг дахин хийх чиглэл өгсөн.
2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус тендерийн үнэлгээг сангийн яамнаас ирсэн чиглэлийн дагуу үнэлгээний хороо дахин үнэлгээ хийсэн.
Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж Сангийн яам “Буянт хөрс наран” ХХК болон “Өнөмонгол гэр” ХХК-иудын ирүүлсэн дээрх банкны бичгүүд нь Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалаар батлагдсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал заавар” журмын 6.2-т Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй гэж заасан”-ы дагуу захиалагчийн талд шийдвэрлэсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1 дэх заалтыг хангахгүй байгаа тул тус 2 компаниас татгалзсан.
Үнэлгээний хороо халаалт болон агаар сэлгэлтийн материалууд нь импортоор орж ирдэг бараа тул монголд хянадаг эсэх талаар эргэлзээтэй байсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана,” 25.2-т “Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно” гэж заасны дагуу “Мөнх тайж алтай” ХХК-д 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаар бичгээр тодруулга хүргүүлсэн.
“Мөнх тайж алтай” ХХК-ийн тодруулгын хариу:
2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 321 дүгээр бичгээр 2022 онд ижил төстэй тендерт орж халаалт болон агаар сэлгэлтийн материалуудын дээжийг Барилгын эрчим хүч, хэмнэлтийн төвийн шинжилгээнд хамруулах гэтэл зулхай цагаан даавуу хоёр нь жингийн асуудал үүсдэг учраас шинжилгээнд хамруулах шаардлагатай, халаалт болон агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжийн материал нь өөр материалаар орлуулж хийх боломжгүй, мөн монголд импортоор орж ирдэг барааны техникийн үзүүлэлтийг туршиж үзэх үндэсний стандарт байхгүй бөгөөд олон улсын жишгийн дагуу нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг үндэслэл болгодог ба шинжилгээний дүгнэлт шаардлагагүй тухай хариу ирсэн байна. Мөн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 05/0624 дугаартай албан бичгийг энэ тухай тайлбар бичиг давхар авч ирүүлсэн.
“Мөнх тайж алтай” ХХК-ийн тодруулгын хариу ирсэн учраас 2024 оны 06 дугаар сарын 27-нд дахин үнэлгээ хийсэн.
Үнэлгээний хороо тодруулгын хариутай танилцаж дахин үнэлгээ хийж халаалт болон агаар сэлгэлтийн материал нь шинжилгээнд хамруулах шаардлагагүй гэж үзэн “Мөнх тайж алтай” ХХК-ийг дахин шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж захиалагчид хүргүүлсэн.
Үнэлгээний хорооны хурлын шийдвэр: “Өнөмонгол гэр” ХХК, “Буянт хөрс наран” ХХК-иудын түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн баталгаа нь Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалаар батлагдсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал заавар” журмын 6.2-т Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй” тухай журам, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1 дэх заалтыг хангахгүй байгаа тул шалгараагүй байна.
“Мөнх тайж алтай” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26-27 дугаар зүйлийн шаардлагыг хангасан тул 2,585,917,321 (Хоёр тэрбум таван зуун наян таван сая есөн зуун арван долоон мянга гурван зуун хорин нэгэн төгрөг)-өөр гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөмж хүргүүлсэн.
Захиалагч дээрх шийдвэрийн үр дүнг цахим системд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 13 цаг 42 минутад оруулсан. “Өнөмонгол гэр” ХХК нь тендер шалгаруулалтын үр дүнг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр харсан тухай бичигт дурдсан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг цахим системд нийтэлснээр мэдэгдсэнд тооцно” гэж заасан тул уг асуудал нь тендерт оролцогчийн өөрийн хариуцлагын асуудал гэж үзлээ.
Тус тендерийн эцсийн шийдвэр болох үр дүнг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 13 цаг 42 минутад оруулсан боловч “Өнөмонгол гэр” ХХК-ийн танай газарт гаргасан гомдол нь 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1. Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэсэн заалтыг зөрчсөн байна.
Мөн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 85/24 дүгээр бичгээр “Бүрдүүлбэр хангаж нэхэмжлэл гаргах тухай” бичиг ирсний дагуу манай газраас 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 206 дугаар бичгээр хариу тайлбар болон хавсралт материалуудыг танай газарт хүргүүлсэн. Ийнхүү 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 77/24 дүгээр бичгээр манай газрын явуулсан тайлбар бичигтэй танилцсан утга бүхий бичиг ирсэн нь он, сарын хувьд ойлгомжгүй байна. Иймд хугацаа хэтэрсэн асуудалд гомдол гаргасан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уранчимэг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаан агаар сэлгэлтийн чип багц нийлүүлэх тендерийг 2024 оны 04 сарын 26-ны өдөр зарлаад, 05 сарын 17-ны өдөр нээсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 03 сарын 24-ны өдөр зарласан гээд байх шиг байна систем дээр 04 сарын 26-ны өдөр зарласан. “Өнөмонгол гэр” ХХК нь хамгийн бага үнийн санал болгосон боловч бид нарыг шалгаруулаагүй гэж байна. Хуульд зааснаар харьцуулах үнэ гэж юуг хэлдэг юм бэ гэхээр тендерийн үнэлгээ нь хянан үзэх шат болон үнэлгээний шат гэсэн хоёр үе шаттай үнэлэгддэг. Хянан үзэх шатандаа энэ хоёр компани нь хасагдсан. Хасагдсан шалтгаан нь зээлжих эрхийн түргэн хөрвөх чадавх хөрөнгийн баталгаагаар хасагдсан. Шинэчлэгдсэн журам гарснаар банкны бичгийн талаар их маргаан гардаг болсон. Үүнтэй холбоотойгоор журамлаад оруулаад өгчихсөн байгаа. Сангийн сайдын 2023 оны 12 сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалын 6.2-т харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол тус тендерээс татгалзах эрхтэй гэж заасан. Бид нар санхүүгийн чадвартай компани шалгаруулах үүрэгтэй. Ажлаа эхлэхийн тулд тухайн төсөвт өртгийнхөө 30 хувийг нь хангасан байх ёстой. Тэгэхээр холбогдох материалыг хангасан нөхцөлд судалгаа хийж 988,000,000 төгрөгийг олгоно гэсэн бичиг ирээгүй учраас журмын дагуу энэ компаниас татгалзсан. “Өнөмонгол гэр” ХХК нь хянан үзэх шатанд хасагдсан. Үнэлгээний шатанд “Мөнх тайж алтай” ХХК үлдсэн. Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвөөр дулаалгын материалуудын дээжийг хянуулаагүй гэж байна. Энэ асуудал анхны хурал, үнэлгээний хороогоор яригдаж байсан. Бид импортын барааг хянуулна гэж ер нь байхгүй. Монгол Улсад бүхэл бүтэн үндэсний хянадаг стандарт лаборатори байхгүй. “Мөнх тайж алтай” ХХК нь Монгол Улсад хянуулах шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг хянуулаад ирүүлсэн байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тодруулгатай холбоотой зүйл ярьж байна. Бид нар тодруулга дээр загвар дээж ирүүлэхийг шаардаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүйгээр тодруулга авах эрхтэй. Энэ ажил бол улирлын чанартай, захиалагчийн зүгээс хурдан шалгаруулахгүй бол нийт 867 өрхөд нийлүүлнэ, үйлдвэрлэл явуулна, захиалга өгөх учир бид нарыг яаравчлуулсан. Бид нар захиалагчаас компанийг асуухад өмнөх жил нь нийлүүлэлтээр ямар нэгэн доголдол гаргаагүй, цаг хугацаандаа нийлүүлсэн гэсэн тул бид нар шалгаруулсан. Өвлийн улирлаас өмнө өрхүүддээ нийлүүлээд, нийлүүлсний дараа суурилуулах ажилтай байсан. Тодруулга дээр өрсөлдөөнд нөлөөлсөн гэж үзэхгүй байгаа. Хянан үзэх шатанд журмын дагуу хоёр компани нь хасагдсан.Үнэлгээний шатанд ганцхан “Мөнх тайж алтай” ХХК үлдсэн байгаа. Сангийн яамнаас импортын барааг дахин үнэлээ гэсэн. “Мөнх тайж алтай” ХХК-ийг шалгаруулахгүй гэсэн бичиг ирээгүй. Сангийн яамнаас ирсэн бичигт зээл нь судлагдаагүй учир зөв гээд захиалагчийн талд шийдвэр гарсан байгаа гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Өнөмонгол гэр” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/95 дугаартай захирамжаар “Гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн чип багц нийлүүлэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах” тендерийн үнэлгээний хороо байгуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.6-т заасны дагуу Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны алба тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Уг албанаас 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 145 дугаартай албан бичгээр “Мөнх тайж алтай” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж ирсэн.
Ийнхүү Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3-т заасны дагуу Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын ирүүлсэн мэдэгдлийг хүлээн авч, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т заасны дагуу хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч болон “Мөнх тайж алтай” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон бөгөөд дээрх байдлаар гэрээ байгуулахад захиалагчийн зүгээс ямар нэгэн хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл гаргаагүй болно.
Иймд захиргааны гэрээг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Засаг даргын 2024 оны 02 сарын 19-ийн өдрийн А/95 дугаар захирамжаар гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн чип багц нийлүүлэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 зүйлийн 45.6 дах хэсэгт зааснаар аймаг нийслэл сум дүүргийн төсвийн хөрөнгөөр худалдан авах бариа ажил үйлчилгээг энэ хуулийн 45.5-т заасан захиалагчийн өөрийн хэрэгцээнд худалдан авахаас бусад тохиолдолд тендер шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын аймаг нийслэл дүүрэг дэх нэгж зохион байгуулна гэсний дагуу Сүхбаатар аймаг дахь Худалдан авах ажиллагааны газарт энэ тендерийг зохион байгуулах тухай захирамжаар үүрэг болгосон байгаа. Тендер сонгон шалгаруулалтыг хэрхэн яаж явуулсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уранчимэг тайлбарласан байгаа. 2024 оны 06 сарын 27-ны өдрийн худалдан авах ажиллагааны газрын 145 дугаартай албан бичгээр “Мөнх тайж алтай” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 зүйлийн 28.1.1-т заасны дагуу захиалагч дараах шийдвэрийг гаргана гэсэн байгаа. Үүнд хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох гэсний дагуу зөвлөмжид зааснаар “Мөнх тайж алтай” ХХК-тай гэрээ байгуулагдсан. Аймгийн засаг дарга энэ ажиллагаанд оролцохдоо ямар нэгэн захиалагчийн зүгээс хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн аливаа үйлдэл гаргаагүй. Иймд захиргааны гэрээг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн захиргааны гэрээг илт хууль бусад тооцуулах үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар захиргааны гэрээ нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх ёстой гэсэн урьдчилсан нөхцөлийг хангах ёстой. Уг захиргааны гэрээ нь өөрөө ямар нэгэн байдлаар хууль, захиргааны хэмжээний зөрчсөн зүйл байхгүй гэдгийг тодруулж хэлье гэв.
Гуравдагч этгээд “Мөнх тайж алтай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхсүх шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэг: Үйл баримтын тухайд:
“Мөнх тайж алтай” ХХК нь Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар буюу Худалдан авах ажиллагааны газраас зарласан Гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаан, агаар сэлгэлтийн Чип багц нийлүүлэх (Баруун-Урт сум) СҮАХААГ/20240102034 дугаартай тендер сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд тус тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024.06.27-ны өдрийн хуралдаанаар “Мөнх тайж алтай” ХХК-ийн материалыг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт тооцон шалгаруулж, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/820 дугаар албан бичгээр Гэрээ байгуулах эрх олгосон.
Тус компанийн хувьд захиалагчтай гэрээ байгуулан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн бараа материалыг нийлүүлсэн бөгөөд захиалагчийн зүгээс холбогдох ажлын хэсэг гарган бараа материалыг акт үйлдэн хүлээн авсан болно.
Хоёр: Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Өнөмонгол гэр ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хаан банкны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн (5034/24/16сГ)дугаартай бичигт зээлийн бодлого, бүтээгдэхүүний журмын дагуу холбогдох материалыг хангасан нөхцөлд зээлийн судалгаа хийж 988,000,000 төгрөгийг олгох тухай бичиг ирүүлсэн нь Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалаар батлагдсан Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал заавар журмын 6.2-т харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендерт харгалзан үзэхгүй гэж заасан ... зээлийн санхүүжилт хийх боломжтой гэж тодорхой мөнгөн дүн бүхий тодорхойлолт гаргаж өгсөн тул ТШЗ-ын 18.1-д заасан шаардлагыг хангаж байгаа ... хэмээн тайлбарлах боловч энэ талаарх Тендерийн үнэлгээний хорооны татгалзсан шийдвэрийг ТБОНӨХБАҮАТ хуульд заасны дагуу хянаад үнэлгээний хорооны шийдвэр үндэслэл болсон болох дүгнэлтийг ирүүлсэн тус дүгнэлт нь одоо хүртэл хуулийн хүчин төгөлдөр байх тул энэ талаар захиалагчийн хариу тайлбартаа санал нэг байна.
Мөн нэхэмжлэгчээс Тендерийн баримт бичигт Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ын 20-1-д материалуудын дээжийг ШУТИС-ийн харьяа Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвөөр хянуулж баталгаажуулсан байх ёстой гэж заасан байхад “Мөнх тайж алтай” ХХК халаалт болон агаар сэлгэлтийн материалуудын дээжийг Барилга эрчим хүчний хэмнэлтийн төвөөр хянуулж, баталгаажуулаагүй байхад шалгаруулсан нь ТБОНӨББАҮХАТХ-ын 26.9. Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж заасныг зөрчсөн гэж буруутгажээ.
Дээрх асуудлыг эргэлзээтэй шийдвэрлэх үүднээс хариуцагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа. ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэж заасны дагуу хуулиар хүлээсэн эрхийнхээ хүрээнд холбогдох асуудлаар тайлбар ирүүлэхийг шаардсан.
Манай компанийн зүгээс тодруулгыг эрх бүхий мэргэжлийн байгууллагад хандсаны үндсэн дээр 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 321 дүгээр бичгээр “...2022 онд ижил төстэй тендерт ороход ...Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр багш ...агаар сэлгэлт, халаалтын тоног төхөөрөмжийг өөр материалаар орлуулж хийх боломжгүй учраас шинжилгээнд хамруулах шаардлагагүй, ... чип багцын халаалт, агаар сэлгэлтийн тоноглолуудын шинжилгээний дүгнэлт шаардлагагүй... гэх тайлбар, мэргэжлийн байгууллагын буюу Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 05/0624 дугаартай албан бичгийг энэ тухай тайлбар бичиг давхар авч хүргүүлсэн тул энэ талаар маргаж буй нэхэмжлэгчийн үндэслэл үнэнд нийцэхгүй байна.
Гурав: Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
Нэхэмжлэгч “Өнөмонгол гэр” ХХК нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа Гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаан. агаар сэлгэлтийн Чип багц нийлүүлэх (Баруун-Урт сум) СҮАХААГ/20240102034-дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2024.06.27-ны өдрийн “Мөнх тайж алтай” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, “Өнөмонгол гэр” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт тооцож, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг хариуцагчид даалгах гэж тодорхойлсон байна. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн 30 хоног дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж болохоор заасан байна.
“Өнөмонгол гэр” ХХК-ийн хувьд маргаан бүхий актыг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мэдсэн болохоо илэрхийлсэн болно.
Гэтэл тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэн даруй 45 хоногийн хугацаа өнгөрсний дараагаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 14.1.1-т заасан шаардлагад нийцэхгүй байна.
Иймд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 54.1.8-т энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл, тайлбарыг сонслоо. Тайлбар, хууль зүйн үндэслэл нь бүхэлдээ нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл шаардлагад хамаарахгүй, ач холбогдолгүй байна. Зарим тохиолдолд хуулийн зохицуулалтыг буруу ойлгож тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Сангийн яамны гаргасан шийдвэрийг дагаж мөрдсөнгүй гэж байна. Сангийн яамнаас нэхэмжлэгч компани нь санхүүгийн боломжийг хангахгүй гэж шийдээд, шийдвэр нь хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон. Уг шийдвэрт нэхэмжлэгч талаас маргаагүй атлаа Сангийн яамны шийдвэр зөв байсан гэж байгаа логикийн зөрчилтэй зүйл ярьж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан хориглосон үйл ажиллагааг хэрэгжүүлээд, баримт бүрдүүлж авсан гэж байна. Сангийн яамны тендерийн үнэлгээний журмын 6.2-т зааснаар судалгаа хийх ёстой байсан. Манай компани илэрхий дүн тавьсан байхад хассан гэж байна. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар “банк” гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монгол банкны зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлдэг. Мөн хуулийн 6 дугаар зүйлд банкны эрхлэх үйл ажиллагаа гэдэгт, 6.1-т Монгол банкны зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа эрхэлнэ. 6.1.2-т Зээл гэсэн байна. Зээлийг монгол банкны зөвшөөрлөөр олгоно. Зээлийн үйл ажиллагааг Монгол банкны зөвшөөрөлтэйгөөр явуулна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10-т Банкнаас олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон журмыг Монгол банк батална гэсэн байна. Монгол банк уг зохицуулалтын дагуу Монгол банкны ерөнхийлөгчийн 2022 оны 11 сарын 09-ний өдрийн А/311 тоот тушаалаар “банкны зээл олгох үйл ажиллагааны журам”-ыг баталсан. Зээл олгох үйл ажиллагааны журмын нийтлэг үндэслэлийн 1.1-т “Энэ журмын зорилго нь банкны зээлийн эрсдэлийн хүлээн зөвшөөрөх хэмжээ (credit risk appetite) болон зээлийн бодлогыг тодорхойлох, зээлийн үйл ажиллагаа, зээлийн үйл ажиллагаанд тавих хяналт, зээлийн үйл ажиллагааг зохицуулахад баримтлах зарчмыг тодорхойлоход оршино” гэж заасан. 4.1-т “Банк нь зээл хүсэгчийн хүсэлт, холбогдох баримт материал дээр үндэслэн зээлийн судалгааг дараах байдлаар хийнэ”, 5.1-т “Банк энэ журмын 4 дүгээр бүлэгт заасны дагуу зээлийн судалгааг хийсний дараа зээлийг зөвхөн шаардлага хангасан этгээдэд олгох шийдвэр гаргана” гэж тус тус журамласан байгаа. Өөрөөр хэлбэл банк зээл олгох боломжтой гэх агуулгын цаана урьдчилсан нөхцөл нь зээл хүсэгчийн хувьд банкнаас тавьж байгаа зээлийн судалгааг хийгээд, судалгааны үр дүнд шаардлагыг хангасан тохиолдолд зээл олгох боломжтой гэсэн хариуг өгнө. Судалгаа хийгээгүй тохиолдолд зээл олгох шийдвэрийг гаргах боломжгүй бөгөөд судалгаанд үндэслэнэ. Судалгаагүй зээл олгох боломжтой гэсэн албан бичиг бол зээл олго гэсэн шийдвэр биш байна. Тэгэхээр хариуцагчийн хэлж байгаа тайлбар хууль ёсны, үндэслэл бүхий болсон байна. Сангийн яамны албан бичигт Хаан банкны мэдэгдэлтэй холбоотой захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрт гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрч, шийдвэр нь хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч уг асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал манай компани шаардлага хангах байсныг хангаагүй байдлаар шийдсэн нь буруу гэж шүүхэд тайлбар гаргах боломжгүй болж байна. Материалыг авчраад ШУТИС-ийн харьяа барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвөөр баталгаажуулсан байх гэдгийг тендерийн баримт бичигт тус шаардлагыг өөрчлөх, тухайн нөхцөлийг хангаагүй байхад шаардан авах эрх байхгүй. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасныг ноцтой зөрчсөн гэж байна. Хариуцагч талаас Монголд Улсад хянадаг талаар эргэлзээтэй байсан тул бид нар тодруулга авсан гэсэн тайлбарыг дэмжиж байна. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэсэн байна. Сангийн яамны холбогдох журам буюу банкны зээл олгохтой холбоотой нарийвчилсан журамд нийцэхгүй байсан учраас хянан үзэх шатанд үнэлгээний шат руу хоёр өрсөлдөгч орж ирэх боломжгүй нөхцөл бүрдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно” гэж заасан. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол худалдан авах ажиллагааг зохион байгуулах, мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлыг хангах ажиллагааг цахим системээр гүйцэтгэнэ”, 15 дугаар зүйлийн 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл төрийн цахим системд байгаа мэдээлэл бүгдэд нээлттэй, уг мэдээллүүдийг авахыг хориглосон. Энэ цахим системийн мэдээлэлд байхгүй асуудал, тодорхойгүй нөхцөл байдалтай холбогдуулаад авах эрх нь захиалагчид буюу сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд байгаа. Захиалагч тендерийн оролцогчоос техникийн чадавх, туршлагаа нотлох ямар нэгэн бичиг баримт ирүүлэхийг тендерийн бичиг баримтад заах ба хэрэв гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой машин механизм, тоног төхөөрөмж, үйлдвэр байрны мэдээлэл ирүүлэхийг захиалагч тендерийн бичиг баримт заасан бол үнэлгээний хороо, тендер шалгаруулалт оролцогчоос тухайн шаардлагыг хангаж буй талаараа худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан ирүүлсэн тендерийн материал цахим системд дамжуулан шалгах боломжтой. Эрх бүхий байгууллагаас хөтөлж бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээлэл, үнэлгээний хорооны тендерт оролцогчид бичгээр авсан тайлбар зэрэгт үндэслэн шаардлага хангаж буй эсэхийг хянан үзэж шийдвэр гаргахаар байгаа. Үнэлгээний хороо хянан үзэх тендерийн бичиг баримтын хүрээнд тендерт оролцогчид цахим системээр дамжуулан ирүүлсэн тендерийн материал мөн системээр дамжуулан шалгах боломжтой. Байгууллагаас хөтөлж бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээлэлд оролцогч болон түүний тендерийн талаар авсан тайлбар тодруулгаар л хязгаарлагдахаар байна. Үнэлгээний хорооны олгосон эрхийн хүрээнд Монголд Улсад хянадаг эсэх талаар дурдсан цахим мэдээлэл нь цахим мэдээллийн системд байхгүй. Уг асуудлаар тодруулга авахыг хүссэн байгаа. Уг тодруулга авах тухай албан бичигт ямар нэгэн нэмэлтээр бичиг баримт ирүүлэхийг шаардсан агуулга байхгүй. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 20.1-т заасан техникийн чадавхуудтай холбоотой эсэх баримтыг л ирүүлэх тухай байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэх үндэслэлд яриад байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцүүлэх зорилгоор нэмэлт баримт бичиг, загвар, дээж ирүүлэхийг шаардахгүй” гэх зохицуулалтад хамаарахгүй байгаа. Тендерийн бичиг баримтад туссан асуудлаар бусад оролцогчийн эрхийг хангахгүй, нөлөөлөхгүй энэ нөхцөл байдалд зайлшгүй тодруулга авах зорилгоор авч байна. Үүнийг тендерийн бичиг баримтаас харж болно. Миний үйлчлүүлэгч компаниас ирүүлсэн тендерийн бичиг баримтад хоёр төрлийн стандарт Монгол Улсад үйлчилдэг учраас уг стандартад нийцэж байгаа эсэх талаар баримтуудыг бүрдүүлээд, нэрлэн заасан байгууллагаар хянуулаад ирүүлсэн. Бусад нь импортоор орж ирдэг буюу олон улсын стандартад нийцсэн гэдгийг дүгнэх байдлаар харьцуулалтаар явдаг. Ийм учраас уг асуудлаар нэмж тодруулга авсан асуудлыг буруутгах боломжгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-т заасныг зөрчсөн гэж гээд Сангийн яамны шийдвэрийг дурдаад байгаа. Сангийн яамны шийдвэр гарахдаа нэхэмжлэгч талаас гурван гомдол гаргасныг танайх шаардлагаа хангаагүй юм байна. Асуудлыг шийдэхдээ захиалагч тал Төрийн болон орон нутгийн өмчийн бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2-т заасан зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах буюу уг хуулийн дагуу шийдвэрийг хүргүүлсэн. Энэ нөхцөл байдалд өрсөлдөөнд нөлөөлөхүйц, үнэлгээний шатанд нэг хуулийн этгээд байгаа гэж үзээд, уг хуулийн этгээдтэй холбоотой Монгол Улсад үнэлдэггүй ч гэсэн харьцуулалтын аргаар явуулдаг тендерийн бичиг баримтад заасан тодорхойлолтыг ирүүлэх тухай албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу тайлбараа явуулсан. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т баримт авахыг хориглохгүй зохицуулалт байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ярьж байгаа нь хууль зүйн хувьд тайлбарууд нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нар, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр “Гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаан, агаар сэлгэлтийн Чип багц нийлүүлэх (Баруун-Урт сум) СҮАХААГ/20240102034 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2024.06.27-ны өдрийн “Мөнх тайж алтай” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 148 тоот шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Мөнх тайж алтай” ХХК-ийн хооронд байгуулсан “Гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн чип багц нийлүүлэх худалдан авах (Баруун-Урт сум) гэрээ Дугаар: СҮАХААГ/2024072034 захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55.1.1-д зааснаар “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” үндэслэлээр илт хууль бусад тооцуулах, “Өнөмонгол гэр” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт тооцож, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, оролцогчдын маргасан асуудалд дүгнэлт хийж шийдвэрлэлээ.
3. Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан Гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаан, агаар сэлгэлтийн Чип багц нийлүүлэх (Баруун-Урт сум) СҮАХААГ/20240102034 дугаартай тендерт гурван компани оролцсоноос “Мөнх тайж алтай” ХХК-ийг шалгаруулж, “Өнөмонгол гэр” ХХК болон “Буянт хөрс наран” хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын ирүүлсэн тендерийн баримтыг шаардлага хангаагүй тухай мэдэгдэж, Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 148 тоот албан бичгээр хүргүүлсэн(1-р хх 63 х).
4.“Өнөмонгол гэр” ХХК-аас “Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 148 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах, “Өнөмонгол гэр” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт тооцож гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шууданд хийсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “захиалагч энэ хуулийн 28.1-т заасан шийдвэрийг цахим системд нийтэлснээр мэдэгдсэнд тооцно” гэжээ. Худалдан авах ажиллагааны газраас дээрх мэдэгдлийг цахим системд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байршуулж энэ өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тоолоход Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацаанд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.(1-р хх 10, 21)
5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” гэсэн байх тул нэхэмжлэгч “Өнөмонгол гэр” ХХК нь нэхэмжлэлээ шууд шүүхэд гаргасан нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж дүгнэхээр байна.
6. Шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2/62 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаан, агаар сэлгэлтийн Чип багц нийлүүлэх (Баруун-Урт сум) СҮАХААГ/20240102034 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2024.06.27-ны өдрийн “Мөнх тайж алтай” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр урьд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар аймгийн Засаг дарга болон “Мөнх тайж алтай” ХХК-ийн хооронд байгуулсан “Гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн чип багц нийлүүлэх худалдан авах (Баруун-Урт сум) гэрээ Дугаар: СҮАХААГ/2024072034 захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55.1.1-д зааснаар “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” үндэслэлээр илт хууль бусад тооцуулах” гэж нэмэгдүүлсэн.
7. Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь захиргааны ямар нэгэн шийдвэр гарсан тухай оролцогчдод албан бичгээр мэдэгдэж байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагаа байх тул “Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 148 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоот нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан Захиргааны актын шинжийг агуулаагүй байна гэж дүгнэв.
8. Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас Гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаан, агаар сэлгэлтийн Чип багц нийлүүлэх (Баруун-Урт сум) СҮАХААГ/20240102034 дугаартай тендерийг зарлаж уг тендерт “Мөнх тайж алтай” ХХК, “Өнөмонгол гэр” ХХК, “Буянт хөрс наран” ХХК-иуд оролцож холбогдох баримтуудаа хуулийн хугацаанд ирүүлсэн.
9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2-т худалдан авах ажиллагаа тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх гэсэн үе шаттай явагдана гэж хуульчилсан.
Дээрх худалдан авах ажиллагаа нь хуульд заасан үе шаттай явагдан “Өнөмонгол гэр” ХХК, “Буянт хөрс наран” ХХК-иуд нь тендерийг хянан үзэх шатанд хасагдаж, “Мөнх тайж алтай” ХХК-ийн тендер нь үнэлэх шатанд үлдэж, Үнэлгээний хороо тус тендерийг үнэлсэн байна.(1-р хх 35-36, 56-59 )
10. Нэхэмжлэгч “Өнөмонгол гэр” ХХК нь Сангийн яаманд хандаж “Тухайн компанийн тендерээс хариуцагч банкны мэдэгдэл шаардлага хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр, гэрээ байгуулах эрх олгосон “Мөнх тайж алтай” ХХК нь мэргэжлийн цахилгааны инженер санал болгоогүй, сургалт хийх эрх бүхий Б.Мягмарцэрэн нь тус компанийн ажилтан биш, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, халаалт, агаар сэлгэлтийн материалуудын дээжийг ШУТИС-ын харьяа Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвөөр баталгаажуулаагүй байхад шаардлагад нийцсэн гэж шалгаруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хянан үзэхийг хүсэж” гомдол гаргасан.
11. Сангийн яам 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Гомдлыг хянасан тухай” 03/5321 дугаартай албан бичигтээ: “Өнөмонгол гэр” ХХК-ийн ирүүлсэн ХААН банкны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5084/24/160 дугаартай тодорхойлолтод “... журмын дагуу холбогдох шаардлагыг хангасан нөхцөлд зээлийн судалгаа хийж, зээлийн санхүүжилт хийх боломжийг тодорхойлж байна” гэж дурдсан байх тул Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох, аргачлал”-ын 6.2-т “Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй.” гэж заасны дагуу шаардлагад нийцээгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
-Тендер шалгаруулалтын баримт бичигт цахилгааны инженертэй байх сургалт хийх эрх бүхий этгээд нь үндсэн ажилтан байх талаар шалгуур заагаагүй байх тул “Мөнх тайж алтай” ХХК нь мэргэжлийн цахилгааны инженер санал болгоогүй, сургалт хийх эрх бүхий Б.Мягмарцэрэн нь тус компанийн ажилтан биш, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.
- Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-д “Материалуудын дээжийг ШУТИС-ын харьяа Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвөөр баталгаажуулсан байх ёстой” гэж заасан байна. “Мөнх тайж алтай” ХХК нь дулаалгын материалуудын дээжийг ШУТИС-ын харьяа Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03/0524 дугаартай дүгнэлтээр хянуулж, баталгаажуулсан байх бөгөөд халаалт болон агаар сэлгэлтийн материалуудын дээжийг Барилга эрчим хүчний хэмнэлтийн төвөөр хянуулж баталгаажуулсан талаар мэдээллийг ирүүлээгүй байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийг дээрх шалгуурыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж дүгнэн тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.(1-р хх 46-47)
12. Худалдан авах ажиллагааны газраас 2024.06.25-ны өдрийн 142 дугаартай албан бичгээр “Мөнх тайж алтай” ХХК-аас “Халаалт болон агаар сэлгэлтийн материал хянуулсан бүрдэл хэсэг дутуу байгаа” талаар тодруулжээ.(1-р хх 48)
13.“Мөнх тайж алтай” ХХК 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 321 тоот албан бичгээр тодруулгын хариуг 2022 онд ижил төстэй тендерт орж халаалт болон агаар сэлгэлтийн материалуудын дээжийг Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн шинжилгээнд хамруулах гэтэл зулхай, цагаан даавуу хоёр нь жингийн асуудал үүсдэг учраас шинжилгээнд хамруулах шаардлагатай, халаалт болон агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжийн материал нь өөр материалаар орлуулж хийх боломжгүй, мөн Монголд импортоор орж ирдэг барааны техникийн үзүүлэлтийг туршиж үзэх үндэсний стандарт байхгүй бөгөөд олон улсын жишгийн дагуу нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг үндэслэн олгодог ба шинжилгээний дүгнэлт шаардлагагүй гэж тайлбарлан барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 05/0624 дугаартай албан бичгийг хавсарган ирүүлсэн. (1-р хх 49-55)
14.Ийнхүү Худалдан авах ажиллагааны газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Захиалагч Тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана”, 25.2-т “Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно” гэсний дагуу тодруулгыг хүлээн авч Тендерийн үнэлгээний хороо хуралдаж халаалт болон агаар сэлгэлтийн материал нь шинжилгээнд хамруулах шаардлагагүй гэж үзэн “Мөнх тайж алтай” ХХК-ийн тендерийг шалгаруулсан нь холбогдох хууль, журмыг зөрчөөгүй байна гэж шүүхээс дүгнэж байна.
15. Нэхэмжлэгч “Өнөмонгол гэр” ХХК нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн тул түүний илүү төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 50 дугаар зүйлийн 50.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Өнөмонгол гэр” ХХК-ийн “Гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаан, агаар сэлгэлтийн Чип багц нийлүүлэх (Баруун-Урт сум) СҮАХААГ/20240102034 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2024.06.27-ны өдрийн “Мөнх тайж алтай” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 148 тоот шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Мөнх тайж алтай” ХХК-ийн хооронд байгуулсан “Гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн чип багц нийлүүлэх худалдан авах (Баруун-Урт сум) гэрээ Дугаар: СҮАХААГ/2024072034 захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55.1.1-д зааснаар “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” үндэслэлээр илт хууль бусад тооцуулах, “Өнөмонгол гэр” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт тооцож, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Өнөмонгол гэр” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА