| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00019/И |
| Дугаар | 137/ШШ2025/00070 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 137/ШШ2025/00070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...... баг, ...... тоотод оршин суух, ......... эрхэлдэг, А овогт Б-ийн О /РД: ......, утас:....../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, . тоо.......тод оршин суух, ...... эрхэлдэг, Ж овогт Д-ийн Б /РД: ......, утас: ......./-д холбогдох
96,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч Б.О, хариуцагч Д.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Тус сумын иргэн Б.О миний бие 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Замын-Үүд сумын иргэн Д.Б гэх хүнд 99,000,000 төгрөг зээлүүлсэн. Яагаад зээлүүлсэн бэ гэвэл Д.Б нь надад хандан би том оврын автобус тээврийн компани байгуулж байгаа, надад хөрөнгө оруулаач, автобус аваад БНХАУ-ын Эрээн хот Замын-Үүд сумын хооронд тээвэр хийх гэсэн чинь мөнгө дутаад байна гэхээр нь за би судалж байгаад хариу хэлье гээд утсаа салгатал удаа дараа миний гар утас руу дахин, дахин залгаад мөнгө зээлээч гээд байхаар нь өөрийн данснаас 99,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч хэдэн сарын дараа миний данс руу 3,000,000 төгрөг хийсэн. Түүнээс хойш үлдэгдэл болох 96,000,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй. Мөнгөө нэхэхээр удаа дараа худлаа хэлж, утсаа салгаж утсаа авахгүй худлаа яриад байхаар нь Замын-Үүд сумын цагдаад гомдол гаргасан боловч миний гомдлыг иргэний маргаан, аман хэлцэл хийсэн гэсэн учраас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 205 дугаартай прокурорын тогтоолоор хаасан. Иймд миний зээлдүүлсэн 96,000,000 төгрөгийг Д.Б-оос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3 сарын хугацаанд нэхэмжилсэн мөнгөө гаргуулаад авах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид анх хамтран автобус авч, түүний зөвшөөрлийг компанид оруулах замаар Эрээн-Замын-Үүд хооронд хүн зорчигч тээвэрлэж, олох ашгийг хуваахаар тохирсон. Үүний үндсэн дээр Б.О-ээс 2023 оны 07 сарын 25-ны өдөр 99,000,000 төгрөгийг автобусны үнэ хэмээн шилжүүлсэн бөгөөд БНХАУ-д үйлдвэрлэгдэн 50 хүний суудалтай 2015 онд үйлдвэрлэсэн автобус худалдан авч О ХХК-нд эзэмших эрхийг шилжүүлж улмаар Замын-Үүд Эрээн хооронд зорчигч тээвэрлэх зөвшөөрлийг гаргуулсан болно. Өнөөдөр улс хооронд зорчигч тээвэрлэх эрхтэйгээр автобус хэвийн явж байгаа тул түүнийг шилжүүлж буюу компанид эзэмшиж буй эрхийг шилжүүлж өгөх замаар эвлэрч шийдвэрлэх замаар эвлэрч шийдвэрлэх саналаар хариу тайлбар гаргасан байна гэв.
Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнгө өгсөн авсан нь үнэн. Бид амаараа хэлэлцэж тохирсон хүмүүс юм. Тухайн үед жижиг тэрэг явахгүй, том оврын автобус явахаар болсон гэж сумын удирдлагаас хэлсэн учир автобус квот авсан. Тэгтэл жижиг тэрэг явах болж бидний ажил өөрчлөгдсөн юм. Уг нь том оврын автобус авч ашгаа хуваах зорилгоор анх тохирсон. Одоо автобусаа зараад өр төлбөрөө барагдуулах зорилготой байна. 96,000,000 төгрөгөөс автобусаа 65 сая төгрөгөөр О ХХК-нд зарсан, үлдэх 31,000,000 төгрөгийг нь мөн хувааж төлөх хүсэлтэй байна. Компани нь 2025 оны 12 сарын 31-ний өдрийн дотор хувааж төлнө гэсэн, энэ хугацаанд мөн 31,000,000 төгрөгийг төлөх боломжтой байна гэв.
Нэхэмжлэгч талаас:
Улсын тэмдэгтийн хураамжид 637,950 төгрөг төлсөн баримт
Б.О-ийн ХААН банкны 53.............. дугаартай депозит дансны хуулга
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 2024 оны 12 сарын 11-ний өдрийн 205 дугаартай прокурорын тогтоолын хуулбар зэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч талаас:
Д.Б-ын Төрийн банкны 346................. дугаартай депозит дансны хуулга
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
О ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
О ХХК-ны 2025 оны 02 сарын 17-ны өдрийн А/88 тоот албан тоот зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон:
Миний бие Б.О Д.Б-д 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Замын-Үүд сумын иргэн Д.Б гэх хүнд 99,000,000 төгрөг зээлүүлсэн ба 3,000,000 төгрөгийг буцаан өгөөд үлдэх 96,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Д.Б нь 99,000,000 төгрөгийг зээлээгүй хамтарч автобус авч хил хооронд явуулж ашгийг хувааж авах зорилгоор Б.О-ээс мөнгө авсан. Гэхдээ 96,000,000 төгрөгийг өгөхгүй гэхгүй, автобусыг О ХХК-д 65,000,000 төгрөгөөр зарсан, 2025 оны 12 сарын 31-ний дотор мөнгийг цуглуулж өгнө гэсэн тул би 96,000,000 төгрөгийг 10 сарын хугацаанд төлж барагдуулна гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан.
Б.О 2023 оны 07 сарын 24-ний өдөр 99,000,000 төгрөгийг Д.Б-д шилжүүлсэн нь Х банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 06/, хариуцагчийн Д.Б-ын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хариуцагч нь 99,000,000 төгрөгийг зээлийн журмаар аваагүй, хамтарч том оврын автобус авах зорилгоор авсан гэх боловч энэ тайлбараар нотлох баримтыг хүрээнд нотолж чадаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй.
Хариуцагч Д.Б нь авсан мөнгийг 1 жилийн дотор эргүүлэн төлнө гэсэн боловч хил хооронд дан ганц автобус яваагүй гэх шалтгаанаар ашиг орлого буурсан учир мөнгийг хугацаандаа өгч чадаагүй гэх тайлбараас зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
Шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн бөгөөд хариуцагч Д.Б шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б.О-тэй 96,000,000 төгрөгийг 10 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрэх хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч талаас хугацааг зөвшөөрөөгүй болно.
Эдгээр үндэслэлээр хариуцагч Д.Б-оос 96,000.000 төгрөг гаргуулж, Б.О-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.О-ээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн 637,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-оос 637,950 төгрөг гаргуулж, Б.О-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Д.Б-оос 96,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 637,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-оос 637,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б