| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00086И |
| Дугаар | 315/ШШ2025/00052 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 315/ШШ2025/00052
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* ******* ХХК-ийн захирал ******* нэхэмжлэлтэй,
“******* *******” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах” тухай хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******
Дампуурлын хэрэг гүйцэтгэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* *******" ХХК нь Сүхбаатар хөгжил Үйлдвэр******* ОНӨААТҮГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Аймгийн Засаг даргын тамгын газар, Хөгжлийн бодлогын хэлтсийн хамтарч боловсруулсан "хаяг, шошго, сав баглаа, боодлын үйлдвэрийн төслийг худалдаж авсан юм. Улмаар 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр №17/1 жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн гэрээ байгуулан төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Манай компани *******" ХХК-ийн оёдлын үйлдвэрийн бүтээгдэхүүний хаяг, шошгыг хэвлэх, "Сүхбаатар *******" ХХК-ийн бүтээгдэхүүний сав баглаа боодлыг хийх, хамтарч ажиллах зорилгоор төсөлд оролцсон. ******* *******" ХХК үйлдвэрийн тоног төхөөрөмжөө худалдан авч суурилуулан ажиллаж эхэлсэн ч гол захиалагч ******* ХХК-ийн оёдлын үйлдвэр огт захиалга өгөөгүй, татан буугдсан. Сүхбаатар ******* ХХК-тай 2019 оныг хүртэл хамтран ажилласан боловч үйл ажиллагаа нь доголдож татан буугдсан. Дэлхий нийтэд учирсан аюулт цар тахал Ковид 19 өвчний улмаас давагдашгүй хүчин зүйл үүссэн тул 2020 оны 4 дүгээр сараас манай компанийн үйл ажиллагаа доголдон, ажилчдаа цомхотгож, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 2 жил 8 сар сул зогсолт хийсэн. "******* *******" ХХК 2020, 2021, 2022, 2023 онд үйл ажиллагаа явуулаагүй тул татварын албанд "Х” тайлан гаргаж өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан № 17/1 жижиг дунд үйлдвэрийг дэмжих Зээлийн гэрээ, гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т "гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлсийн улмаас аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний үүргээ биелүүлэх хугацааг тухайн нөхцөл байдлыг арилгах хүртэл хойшлуулна" гэж заасан юм.
Гэтэл Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 190 дугаартай шийдвэрээр "******* *******" ХХК нь 199,125,000 төгрөг төлөхөөр болсон. Энэхүү шийдвэрт зээлийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хуримтлагдсан хүү 5,150,000 төгрөг, алданги 66,375,000 төгрөгийг манай компаниас гаргуулахаар оруулж тусгасан нь компанийн санхүү, төлбөрийн чадварт хүнд байдал үүсгэсэн юм. Ковид-19 цар тахал өвчний улмаас Засгийн газрын тогтоолоор хөл хорио тогтоож, хил хааснаас давагдашгүй хүчин зүйл үүсэж, ******* явуулах боломжгүй болж "******* *******" ХХК 2020, 2021 онд сул зогсолт хийсэн тул зээлийн хүү, алдангийг шүүх хурлын үед хасаж тооцуулах үндэслэлтэй байжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд манай компани өөрийн хөрөнгө болох үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 55,873,745 төгрөгөөр үнэлж, нэрийн дэлгүүрийг 17,000,000 төгрөгт бодож нэхэмжлэгч талд шилжүүлж өгсөн.
Би 2014 онд 1 гишүүнтэй "******* *******" ХХК-ийг үүсгэн байгуулсан юм. Тус компани "Хас банк", "Төрийн банк", "Голомт банк" болон бусад банканд зээл, хугацаа хэтэрсэн аливаа өр төлбөр байхгүй. Мөн бусад хуулийн этгээд, хувь хүнээс авсан зээл, өр төлбөр, авлага байхгүй болно.
"******* *******" ХХК нь ******* явуулах ажлын байр, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгөгүй болсон тул Дампуурлын тухай хуулийн дагуу хуулийн этгээдийг дампуурсанд тооцон, татан буулгаж өгнө үү гэв.
Хэрэг гүйцэтгэгч ******* шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017-2022 онуудын санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2017 онд эргэлтийн хөрөнгө 1,066,100 төгрөг, эргэлтийн бус хөрөнгө 1,800,000 төгрөг, өр төлбөрийн эздийн өмч 2,866,100 төгрөг, өр төлбөр /өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа 100%, 2018 онд эргэлтийн хөрөнгө 1,066,100 төгрөг, эргэлтийн бус хөрөнгө 1,800,000 төгрөг, өр төлбөрийн эздийн өмч 2,866,100 төгрөг, өр төлбөр /өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа 100%, 2019-2023 онуудад эргэлтийн хөрөнгө 4,934,600 төгрөг, эргэлтийн бус хөрөнгө 134,231,500 төгрөг, өр төлбөрийн эздийн өмч 139,166,100 төгрөг, өр төлбөр /өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа 100% байна.
"******* *******" ХХК-ийн 2023 оны тайлан балансад нийт хөрөнгө болон өр төлбөр, эздийн өмчийн дүнг 139,166,100 төгрөгөөр тусгажээ. "******* *******" ХХК-ийн балансад урт хугацаат өр төлбөрийг бүрэн тусгаагүй тайлагнасан байна. 2018-2023 оны урт хугацаат зээлийн үлдэгдлийг бодитоор тусгаагүй байна. Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 147/ШШ2021/00190 тоот шийдвэрээр "******* *******" ХХК нь "Сүхбаатар ************** " ОНӨААТҮГ-т нийт 200,590,800 төгрөгийн өр төлбөртэй болохыг тогтоосон байгааг тайлан балансад тусгаагүй байна. Мөн шүүхээр улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр болох 1,160,904 төгрөгийг нэхэмжлэгч буюу "Сүхбаатар ************** ” ОНӨААТҮГ-т гаргуулахаар шийдвэрлэсэн байна. "******* *******" ХХК-ийн нийт өр төлбөр 201,751,704 төгрөг болж "Сүхбаатар хөгжил ************** " ОНӨААТҮГ-т тоног төхөөрөмжийг 55,873,745 төгрөгөөр тооцон шилжүүлсэн дүнг хасч тооцвол нийт өр төлбөрийн үлдэгдэл 145,877,959 төгрөг болж, их хэмжээний өр төлбөрт орсон байна гэжээ.
"******* *******" ХХК-ний нийт хөрөнгө буюу бараа материалын үлдэгдэл: "******* *******" ХХК-ний данс бүртгэлд тусгагдсан 127,731,500 төгрөгийн үндсэн хөрөнгө нь “Сүхбаатар хөгжил ************** ” ОНӨААТҮГ-ын эзэмшилд шилжсэнтэй холбоотойгоор данс бүртгэлээс хасагдаж нийт хөрөнгө нь 11,434,600 (арван нэгэн сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга зургаан зуу)төгрөг болж буурахаар байна.
Тус компанийн 2023 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд мөн шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас тооцож үзэхэд компанийн өр төлбөр 145,185,055 төгрөг, нийт хөрөнгө 11,43,600 төгрөг болж өөрийн хөрөнгө үлдээгүй байна.
Монгол улсын Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд ******* ******* ХХК нь өөрийн хөрөнгийн -1269.7 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. ******* ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.” гэв.
2. Хүсэлт гаргагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
2.1. “******* *******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
2.2. “******* *******” ХХК-ийн дүрэм,
2.3. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн гэрээ, сав баглаа боодлын үйлдвэрийн төсөл
2.4. “******* *******” ХХК-ийн / РД: 3678326 / Санхүү байдлын тайлан / 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 онууд /
2.5. Өмчийн өөрчлөлтийн тайлан / 2020, 2021, 2022 он /
2.6. Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 190 дугаартай шийдвэр,
3. Хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд
3.1. Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024.11.05-ны өдрийн 1/454 дугаартай албан тоот
3.2. Сүхбаатар аймгийн Авто тээврийн төвийн 2024.09.25-ны өдрийн 61 дугаартай албан тоот
3.3. Хас банкны Сүхбаатар салбарын 2024.09.25-ны өдрийн 201 дугаартай албан тоот
3.4. Төрийн банкны Сүхбаатар салбарын 2024.09.27-ны өдрийн 44/756 дугаартай албан тоот
3.5. Голомт банкны Сүхбаатар салбарын 2024.10.01-ний өдрийн 10/367 дугаартай албан тоот
3.6. Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 3/379 дугаартай албан тоот
3.7. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа
3.8. Хаан банкны Сүхбаатар салбарын 2024.09.21-ний өдрийн 5648/24 дугаартай албан тоот
3.9. Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1146 дугаартай албан тоот
3.10. Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01-16/60 дугаартай албан тоот
4. Хэрэг гүйцэтгэгчээс дараах нотлох баримтыг ирүүлсэн. Үүнд
4.1. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт
4.2. Хэрэг гүйцэтгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн нэмэлт тодруулга зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.1 ******* ******* ХХК нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “...******* *******" ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр №17/1 жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн гэрээ байгуулан 136,600,000 төгрөгийн төслийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй 4 жилийн хугацаатай авч, төслийг хэрэгжүүлсэн.
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 190 дугаартай шийдвэрээр "******* *******" ХХК нь Сүхбаатар хөгжил Үйлдвэр******* ОНӨААТҮГ-аас авсан 136,600,000 төгрөгийн зээлийн хуримтлагдсан хүү 5,150,000 төгрөг, алданги 66,375,000 төгрөгийг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь компанийн санхүү, төлбөрийн чадварт хүндрэл үүсгэсэн. Тус шийдвэрийн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд манай компани өөрийн хөрөнгө болох үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 55,873,745 төгрөгөөр үнэлж, нэрийн дэлгүүрийг 17,000,000 төгрөгт бодож нийт 72,873,745 төгрөгийн хөрөнгийг нэхэмжлэгч талд шилжүүлж өгсөн.
Одоо шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийн үлдэгдэл 127,717,055 төгрөгийг төлөх боломжгүй, компани өөрийн хөрөнгийн 10 хувиас дээш гарсан өр төлбөртэй болж 2020-2024 онд компанийн үйл ажиллагаа зогссон тул “******* *******” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоож, дампуурсанд тооцож, шүүхийн шийдвэрээр татан буулгаж өгнө үү.” гэжээ.
2. Хэрэг гүйцэтгэгч ******* шүүхэд гаргасан дүгнэлтээ дараах үндэслэлээр тодорхойлсон.
Тус компани нь нийт 145,185,055 төгрөгийн өр төлбөртэй, тооцоолсон нийт хөрөнгө нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд тусгаснаар 11,434,600 төгрөг болж, өөрийн хөрөнгө үлдээгүй, өр төлбөрт орсон байх ба өр төлбөрийн хэмжээ нь өөрийн хөрөнгийн хэмжээнээс -1269.7 хувиар хэтэрсэн тул ******* ******* ХХК-ийг татан буулгах саналтай байна гэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. “******* *******” ХХК нь анх 2 үүсгэн байгуулагчтай, 2,000,000 төгрөгийн дүрмийн сантай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь бичиг хэргийн худалдаа эрхлэх чиглэлээр байгуулагдан, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, захирлаар *******г томилсон байна.
2014.10.06-ны өдөр гадаад худалдаа эрхлэх, 2015.05.26-ны өдөр хувь нийлүүлэгчээс 1 хасагдаж, үүсгэн байгуулагчийн тоо 1 болсон, 2015.05.26-ны өдөр барилгын засал чимэглэл эрхлэх үйл ажиллагаа, 2018.12.07-ны өдөр цаасан болон картонон сав, баглаа боодол ******* эрхлэх үйл ажиллагааг тус тус шинээр бүртгэсэн бүртгэлийн баримт хэрэгт авагджээ. (хх-6х)
3.2. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийн дагуу дампуурлын хэрэг үүсгэж, тус компанийн санхүүгийн тайлан болон бусад нотлох баримтыг шинжлэн, компани өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй, цаашид биелүүлэх боломжгүй байдалд хүрсэн гэж үзэж, шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 147/ШЗ2024/00319 дугаар захирамжаар “******* *******” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон.(хх-85-87х)
3.3. ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон талаарх мэдээллийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл Өдрийн сонины 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн № 67 (7438) дугаарт, мөн орон нутгийн BBS телевизээр 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд өдрийн 5-7 удаагийн давтамжтайгаар 21 хоногийн хугацаанд зарлаж, тус компаниас авлагатай нэхэмжлэгч нар нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг мэдэгдсэн.(хх-89-90х)
3.4. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулна гэж, мөн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт түр хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулна гэж тус тус зааснаар “******* *******” ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2024 оны 06 дугаар сарын 10-нд зарласан боловч нэхэмжлэл ирээгүй.
3.5. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 00753 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр *******ыг томилсон.(хх-97-98х)
3.6. Хүсэлт гаргагч ******* ******* ХХК нь Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 190 дугаартай шийдвэрийн дагуу 200,590,800 төгрөг төлөхөөс 72,873,745 төгрөгийн хөрөнгийг нэхэмжлэгч талд шилжүүлж өгсөн, 127,717,055 төгрөгийн төлбөрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа үйл баримт тогтоогдсон. /хх-75-80х/
3.7. Хэрэг гүйцэтгэгч ******* хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн, тус компанийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “******* *******” ХХК-ийн дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, мөн 2024 оны 12 сарын 17-ны өдөр 04 дугаартай дүгнэлтийн нэмэлт тодруулга нотлох баримтыг тус тус гарган шүүхэд ирүүлсэн.(хх-117-1128х )
3.8. Дүгнэлтээр компани нь нийт 145,877,500 төгрөгийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөртэй, тооцоолсон нийт хөрөнгө нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд тусгаснаар 11,434,600 төгрөг болж, өөрийн хөрөнгө үлдээгүй, өр төлбөрт орсон байх ба өр төлбөрийн хэмжээ нь өөрийн хөрөнгийн хэмжээнээс -1269.7 хувиар хэтэрсэн гэж ******* ******* ХХК-ийг татан буулгах дүгнэлтийг гаргасан.(хх-126х)
3.9. ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай шүүгчийн захирамж гарч нийтэд мэдээлэхэд Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д зааснаар талууд дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй байна.
4. Хэрэгт авагдсан баримт болон хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээс үзэхэд хүсэлт гаргагч ******* ******* ХХК нь 2017, 2018, 2019 онд хэвийн ажилласан, өр төлбөргүй бага хэмжээтэй боловч ашигтай ажилласан тайлан гаргасан. 2020, 2021, 2022, 2023 онуудад үйл ажиллагаа явуулаагүй гэж Татварын газарт Х тайлан гаргасан.
5. Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Дампуурлын хэрэг үүсгэх тухай хариуцагчийн хүсэлтэд төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэл, дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай санал, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасныг тусгаж, дараахь зүйлийг хавсаргана.
7.1.1-д Сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан тэнцэл гэж заасныг Монгол улсын дээд шүүхийн 2000.01.19-ний өдрийн №01 тогтоолоор “..*******лийн 3 жил гэдгийг хуанлийн тооллоор бус харин аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байсан үеийн *******лийн 3 жилийг хамруулан ойлговол зохино.” гэж тайлбарласнаар тухайн компанийн үйл ажиллагаа явуулж байсан 2017, 2018, 2019 оны тайланд хэрэг гүйцэтгэгч дүгнэлт өгөхөөр байх ба тус онуудын тайлангаар ашигтай ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн тайлангаар тогтоогдож байх тул хэрэг гүйцэтгэгч үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй гэж шүүх үзлээ.( хх-117-126х )
6. Мөн анхан шатны санхүүгийн баримт ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, үйл ажиллагааны зардалтай холбоотой тоо баримт огт тусгагдаагүй байгаа нь тус компанийн үйл ажиллагаа явагдсан эсэх нь эргэлзээтэй.
7. ******* ******* ХХК нь төлбөрийн чадваргүй болсон үндэслэлээ тус 2017.12.13-ны өдөр авсан жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн гэрээний үүрэгтэй холбон тайлбарлах боловч тус 136,600,000 төгрөгийн зээлээс Сүхбаатар хөгжил Үйлдвэр******* ОНӨААТҮГ-аас тус компанийн дансанд 26,085,000 төгрөгийн зээл огт ороогүй. Тус зээлийг ОНӨААТҮГ-аас түүхий эд худалдан авах Хятадын компани руу шууд шилжсэн гэж хүсэлт гаргагч тайлбарлаж байгаа боловч нотлоогүй.
8. Мөн “******* *******” ХХК нь “...2017.12.13-ны өдөр тус 136,600,000 төгрөгийн зээлийг авахдаа зүсэх машин 1ш, хэвлэгч машин 1ш-ийг тус тус барьцаалж авсан. Барьцааны эд зүйл болох 2 машины үнэлгээг 127,731,500 төгрөг (тоног төхөөрөмж) гэж балансад тусгасан боловч зээлийн 136,600,000 төгрөгийг 2017 оны тайлангийн орлогод аваагүй, зарлагыг мөн тайланд тусгаагүй. Мөн компанийн үйл ажиллагааны санхүүгийн анхан шатны баримт гэх зүйл тус компанид байдаггүй, хэрэгт авагдсан харилцах дансны хуулганд орлого зарлага гэх зүйл байхгүйгээс тухайн компанийн үйл ажиллагаатай холбоотой компанийн үйл ажиллагаа явуулсан эсэх, хэрхэн ашиггүй ажилласан зэрэг нь тодорхойгүй, тогтоогдох боломжгүй байна.
9. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 190 дугаартай шийдвэрийн дагуу 200,590,800 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн байх бөгөөд тус компани 2017-2019 онуудад төлбөрийн чадваргүй болоогүй, ашигтай ажилласан. 2020-2023 онуудад компани үйл ажиллагаа явуулаагүй зогсож Х тайлан гаргаж, тус компанийн тайлан баланс хэвээрээ байгаа. Мөн компанийн үйл ажиллагаатай холбоотой ямар ч зардал гараагүй байх ба тус зээлээ компанийн тайлан балансад орлогоор аваагүй, харин өр болгон бүртгэж явсан үйл баримт тогтоогдож байгаа нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 33 дугаар зүйлийн 33.1-д заасан үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.
10. Дээр дурдсан өр төлбөрийг төлөөгүй нь хүсэлт гаргагч компанийн өөрийн удирдлагын буруутай үйл ажиллагаатай холбоотой, бусдаас болон компанийн үйл ажиллагаатай холбоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.”, 11.2 дах хэсэг “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж зааснаар шүүхийн шийдвэр биелэгдэх учиртай тул дээрх үндэслэлээр “******* *******” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, гэрээний үүрэг болон хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй.
11. Иймд “******* *******” ХХК-ийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг баримтлан төлбөрийн чадваргүйд тооцон, татан буулгах тухай хүсэлт гаргагч “******* *******” ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА