| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00020И |
| Дугаар | 315/ШШ2025/00055 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 315/ШШ2025/00055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1-р багт оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1988 оны 01 дүгээр сарын 01-ээс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тус хугацаанд нэгдэлд хонь, адуу хариулж байсан. Нийгмийн даатгалын хэлтсээс тус ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн тул 1988 оны 01 дүгээр сарын 01-ээс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 11/102 дугаартай лавлагаа, Ц.******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Ц.******* 1984-1992 онуудад Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий 11/102 дугаартай архивын лавлагаа (хх-5х), Ц.******* 1984-1990 онуудад Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-6-7х),
5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “...******* нь 1984-1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ээжтэйгээ хамт мал малладаг байсан. Ээж нь гэж олон хүүхэдтэй хөгшин байсан. Эднийх хонь, хуц хариулдаг байсан. Би 1967-1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Бид нэг гол усанд хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
6. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “....******* нь 1984-1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд ээжтэйгээ малчнаар ажиллаж байсан. Эднийх хуц болон адуу хариулдаг байсан. Би 1970-1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Бид нэг нэгдэлд ажиллаж байсан болохоор Ц.******* ажиллаж байсан талаар нь сайн мэднэ.” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд ******* овогт ******* ******* 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА