Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00171

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00171

 

 

 

 

 

 

 

                 Л.Г, Л.Ц, Ц.Ннарын нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/02909 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Г, Л.Ц, Ц.Ннарын хариуцагч О.Нд холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Л.Г, Л.Ц, Ц.Ннар ...байрыг эзэмшдэг. Дүү Л.Гболон хариуцагч О.Н нар хамтран амьдарч байгаад дундаасаа нэг хүүхэдтэй болж, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шийдвэр гарсан. Тэр цагаас эхлэн хариуцагч О.Нг байраа чөлөөлж өгөхийг шаардаж эхэлсэн  боловч шаардлагыг огт хүлээж авахгүй хэл амаар доромжилж байранд 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хууль бусаар амьдарч байна. Иймд ...хоёр өрөө орон сууцыг О.Нн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү. Л.Г, Л.Ц, Ц.Ннар 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр орон сууцны өмчлөгч болсон. 2012 оны 5 дугаар сарын 05-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу төрсөн дүү Л.Г бэлэглэсэн. Л.Г2014 онд хариуцагч О.Нтэй танилцаж, тус орон сууцанд амьдарч байсан. Гэвч тэд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарсан. Тухайн орон сууц нь тэднийг гэр бүлийн харилцаатай болохоос өмнө буюу 2012 онд Л.Гансүхийн өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд Л.Гансүхийн хуваарьт өмч юм. Тухайн орон сууцны өмчлөгч Л.Гнь өөрийн хүсэлтээр 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр орон сууц бэлэглэлийн гэрээний бэлэглэсэн учир хууль ёсны өмчлөгч нь Л.Г, Л.Ц, Ц.Нбид нар юм. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

            Хариуцагчийн хариу тайлбарт: Хариуцагч О.Н нь Л.Гансүхтэй 2012 онд гэр бүл болж хамтран амьдарсан бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр охин Г.Аззаяа төрсөн. Л.Гансүх, О.Н нарыг гэр бүл болж хамтран амьдарч эхлэх үед нэхэмжлэгч нарын төрсөн эцэг Баянгол дүүргийн 6 дугаар бичил хороолол, 19 дүгээр байрны 70 тоот хаягт байрлах 30 м.кв хоёр өрөө орон сууцыг Л.Гансүх, О.Н нарт гэр бүлийн хэрэгцээнд зориулж бэлэглэсэн байдаг бөгөөд тухайн үеэс өнөөдрийг хүртэл хариуцагч О.Н нь орон сууцыг эзэмшиж ашиглаж хэрэглээний төлбөрийг төлсөөр ирсэн хууль ёсны шударга эзэмшигч юм. Нэхэмжлэгч нар нь ор үндэслэлгүй, худал зүйл бичсэн байна. 2016 онд Л.Гансүх, О.Н нар нь таарамжгүй харьцааны улмаас шүүхийн байгууллагаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор хандсан байдаг боловч ойлголцож хамтран амьдарч эхэлсэн ба одоог хүртэл албан ёсоор салаагүй. Л.Гнь архи согтууруулах төрлийн зүйл хэрэглэхээрээ гэрээсээ 1 сараар эсвэл удаан хугацааны турш алга болдог. Мөн Л.Гнь орон сууцны хууль ёсны өмчлөгч байхдаа орон сууцны гэрчилгээн дээр О.Н болон охин Г.Аззаяа нарын нэрийг нэмэх талаар ярихад О.Нн зүгээс нэрээ нэмэхгүй, харин охиноо нэмье гэхэд Л.Гбайраа барьцаанд тавьж зээл авахад хүүхдийн нэр, зураг ороод муу энергитэй газраар дэмий гээд тухайн үед нэр нэмэх асуудлыг больсон. Гэр бүлийн дундын эд хөрөнгийг захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүнээс зөвшөөрөл авах ёстой ба, гэрлэгч нар хамтран өмчлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан байдаг боловч Л.Гнь өөрийн ах, эгч нарын нэр дээр орон сууцны гэрчилгээг шилжүүлсэн байна. Л.Г, Л.Ц, Ц.Ннар маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч биш. Орон сууцны гэрчилгээтэй болсон нь өмчлөх эрхийг үүсгэхгүй ба хууль ёсны дагуу уг гэрчилгээг олж авсан эсэх үйл баримт чухал ач холбогдолтой. Хамтран амьдрах хугацаанд тус орон сууц хэний нэр дээр байхаас үл хамаарч тухайн орон сууц нь гэр бүлийн дундын хамтын өмч учир нэхэмжлэгч нар бие даасан шаардлага гаргах эрхгүй юм. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Тиймээс тухайн орон сууц нь дундын өмч мөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:   Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ..., 2 өрөө орон сууцыг хариуцагч Манал овогт О.Н /РД:ХН80092367/-н хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

                Хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж заасан. Хариуцагчийн өмгөөлөгч 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдаан давхацсан тухай хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тус шүүхэд хүргүүлж хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй талаар илэрхийсэн атал шүүх талуудыг тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх боломжийг хязгаарлаж өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн байсан. Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээ шүүхийн шийдвэрт тусгаагүй, энэ талаар дүгнээгүй орхигдуулсан. Хэрэв талуудыг тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцүүлж тайлбар няцаалт хийх боломжоор хангасан бол хэргийн шийдвэрлэлт ямар байхыг мэдэхгүй байна. Нэхэмжлэгч нар өөрсдийн төрсөн дүү Л.Гансүхийн эхнэр хариуцагч О.Нг тухайн орон сууцнаас гаргахын тулд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр авсан мэт дүр үзүүлсэн хэлцэл хийж улмаар өөрсдийгөө өмчлөгч гэж шүүхийн байгууллагад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Нэхэмжлэгч нар бодитоор бэлэглэлийн гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг авсан бус Л.Гтухайн орон сууцыг хуваахаас зайлсхийж, мөн О.Н, Г.Аззаяа нарыг орон сууцнаас гаргахын тулд бэлэглэсэн мэтээр дүр үзүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байдаг. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан биелэгдэх боломжтой шийдвэр гаргасан эсэх үйл баримтад дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Л.Г, Л.Ц, Ц.Ннар нь хариуцагч О.Нд холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч О.Нн эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Маргаан бүхий орон сууцыг 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс нэхэмжлэгч нар өмчилж байгаад 2012 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээгээр Л.Гансүхийн өмчлөлд, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Л.Гнь нэхэмжлэгч нарын өмчлөлд буцаан шилжүүлсэн болох нь хэргийн 8, 20, 35 дугаар талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, орон сууц бэлэглэлийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргаж буй этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй байхаас гадна шаардлага тавигдаж буй этгээдийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсон байх шаардлагатай.

Дээрх орон сууцыг эзэмших, өмчлөх эрх хууль буюу гэрээний үндсэн дээр хариуцагч О.Нд үүссэн болох нь тогтоогдоогүй байна. Хариуцагч О.Н нь нэхэмжлэгчийн дүү Л.Гансүхтэй хамтын амьдралтай байсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 04304 дугаар шийдвэрээр тэдний дундаас төрсөн охин Г.Аззаяаг насанд хүртэл нь Л.Гансүхээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хх9-10/ Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна” гэж заасан боловч хариуцагч нь орон сууцны өмнөх өмчлөгч Л.Гансүхтэй гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байх тул маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 277 дугаар зүйлийн 277.1 дэх хэсэгт бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй гэж заасан боловч хариуцагч нь уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шаардлага гаргаагүй болно.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулсан, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Дашням оролцсон байх тул хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нар нь хариуцагч О.Нд холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ. Иймд бусад этгээдийн хувьд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/02909 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

                

                                                                                              А.МӨНХЗУЛ