Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/23

 

С.А-ад холбогдох эрүүгийн хэргийн тухай 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/61 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.А-ад холбогдох эрүүгийн 2113001980081 дугаартай, 3 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,  шүүгдэгч С.А-, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл ** хүнтэй, *** хамт **** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт С-ын А-  /РД:********/ Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийг 2006 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “эх баригч, бага эмч” мэргэжлээр төгссөн гэх №***** дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газарт голомт хяналт хариуцсан мэргэжилтнээр томилогдож, үргэлжлүүлэн 2009 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус төвд гоц халдвартын лаборантаар томилогдон одоог хүртэл ажиллахдаа Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн цалингийн санд 130.114.396 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 40 дүгээр яллах дүгнэлтээр С.А-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн  2023/ШЦТ/61 дүгээр шийтгэх тогтоолоор: 

3.1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Самалханы А-ад холбогдох хэргээс “шүүгдэгч С.А- нь 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газарт голомт хяналт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллахдаа Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн харьяа магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийг 2006 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “эх баригч, бага эмч” мэргэжлээр суралцаж төгссөн гэх №***** дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

3.2. Шүүгдэгч Ш овогт С-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-ын А-ыг 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч С.А-ад эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэж,

3.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.А-ад сануулж,

3.6. Шүүгдэгч С.А- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

3.7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.А-аас 103.355.405 төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлээс 16.323.747 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч С.А-ын хувьд ногдох хөрөнгө, орлогоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 103.355.405 (нэг зуун гурван сая гурван зуун тавин таван мянга дөрвөн зуун тав) төгрөгийг албадан гаргуулж Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж,

3.9. 2113001980081 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч С.А-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 6761 БӨА улсын дугаартай “Тоёота королла” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүгдэгч С.А- би Байгалийн Голомтод Халдварт өвчин Судлалын Үндэсний Төв, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн Газар, Баян-Өлгий аймгийн Байгалийн Голомтот Халдвар Өвчин Судлалын Төвийн хамтарсан 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Гоц халдвартын мэргэжил эзэмшүүлэх гэрээ” 08 дугаартай гэрээ, Байгалийн Голомтот Өвчин судлалын Үндэсний төвийн “Сургалт зохион байгуулах тухай” 85 дугаартай тушаал, мөн Үндэсний төвийн захирамж 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Сургалтад хамааруулах тухай” 1/298 дугаартай албан бичиг зэрэг эрх зүйн баримт бичгийн үндсэн дээр Эрүүл Мэндийн Яамны харьяа БГХӨС-ын Үндэсний төвийн дэргэдэх мэргэжил эзэмшүүлэх курст суралцан, төгсөж, 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Гоц халдвартын лаборант”-ын мэргэжил эзэмшиж, тусгай мэргэжлийн С/102/08 дугаартай “Мэргэжлийн Үнэмлэх” авсан.

4.2. Ингэж С.А- би Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн Газар, Баян-Өлгий аймгийн Байгалийн Голомтод Өвчин Судлалын Төвийн захиалгаар суралцаж, “Гоц халдвартын лаборант” мэргэжил эзэмшсэн учир Баян-Өлгий аймгийн Байгалийн Голомтод Өвчин Судлалын Төвийн даргын 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” 04 дугаартай тушаалаар тус байгууллагад мэргэжлийн дагуу “Гоц халдвартын лаборант”-ын албан тушаалд томилогдсон.

 

4.3. Шүүгдэгч С.А- миний бие Баян-Өлгий аймгийн Байгалийн Голомтод халдварт өвчинтэй тэмцэх Төвийн даргын 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” 4 дүгээр тушаалаар тус байгууллагад “Гоц халдвартын лаборантын” албан тушаалд томилогдоход ямар нэгэн диплом ашиглаагүй бөгөөд ЭМЯ-ны дэргэдэх Байгалийн голомтот Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн мэргэжил олгох дамжааг дүүргэсэн “Гоц халдвартын лаборант” мэргэжлийн 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн С/102/08 дугаартай мэргэжлийн үнэмлэх, захиалгаар сургасан гэрээ зэргийг үндэслэл болгож тухайн албан тушаалд томилогдсон.

4.4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/61 дугаартай “Шийтгэх тогтоол” нь хэт нэг талыг баримталсан, нотлох баримтад хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй гэж гомдол гаргаж байна. Тухайлбал, Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.А- намайг Баян-Өлгий аймгийн БГХӨТ-х газрын “гоц халдвартын лаборант”-ын албан тушаалд томилох эрх зүйн угтвар нөхцөл болсон хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 1) Улсын Байгалийн Голомтод Халдварт өвчинтэй Тэмцэх Үндэсний төв, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн Газар, Баян-Өлгий аймгийн БГХӨТ-х газрын хамтарсан 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Гоц халдвартын мэргэжил эзэмшүүлэх сургалтын гэрээ”, БГХӨС-ын Үндэсний Төвийн захирлын 2008 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Сургалт Зохион байгуулах тухай” 85 дугаартай тушаал, мөн БГХӨС-ын Үндэсний төвийн Захирлын 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Сургалтад хамааруулах тухай” 1/298 дугаартай албан бичиг, мөн “Гоц халдвартын лаборант”-ын мэргэжил эзэмшсэнийг батлах 2008 оны 12-р сарын 05-ны өдрийн С/102/08 дугаартай “Мэргэжлийн үнэмлэх” зэрэг бичгийн нотлох баримтыг шүүх огт нотлох баримтаар үнэлээгүй орхигдуулсан байна.

4.5. Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.А- миний 2008 оны “Гоц халдвартын лаборант” мэргэжил эзэмшсэн тухай С/102/08 дугаартай “Мэргэжлийн үнэмлэх”-ийг нотлох баримтаар үнэлж, дүгнээгүй байгаа нь миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Шүүгдэгч С.А- намайг ажил олгогчийн захиалгаар “Гоц халдвартын лаборант” мэргэжлээр 2008 онд мэргэжлийн дамжаанд суралцан төгссөнийг бүрэн үгүйсгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” гэсэн заалт, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэрэг гарсан байдал” гэх заалт, 1.2-д заасан “Гэмт хэргийг хэн үйлдсэн” гэх заалт, 1.3-д заасан “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэх заалтуудын шаардлага хангагдаагүй байна.

4.6. Нэгэнт С.А- миний бие “Гоц халдвартын лаборант” мэргэжил 2008 онд дамжааг дүүргэж эзэмшсэн тул ЭМШУИС-ийн магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийг “Бага эмч,” мэргэжлээр төгссөн гэх ***** дугаартай дипломыг (хуурамч диплом) ашиглах шаардлага байхгүй байсан болно.

4.7. С.А- би Баян-Өлгий аймгийн БГХӨТ-газрын “Голомт хяналт хариуцсан” ажилтнаар томилогдон ажиллаж байхад тус байгууллагын “Гоц халдвартын лаборант” мэргэжилтэн Мурат гэх хүн өндөр насны тэтгэвэрт гарах болсонтой холбогдуулан хамт олны хурлаар хэлэлцүүлэн намайг “Гоц халдвартын лаборант”-ын дамжаанд явуулж сургасан юм. С.А- намайг “Гоц халдвартын лаборант”-ын дамжаанд явуулах болсон шалтгаан үндэслэл нь “Гоц халдвартын лаборант” гэх албан тушаал нь байнга хөдөө, хээрийн нөхцөлд газар нутагт тархан амьдарч байгаа зэрлэг, араатан амьтантай байнга харьцдаг, түүнээс дээж авдаг, шинжилгээ хийдэг учраас хээрийн нөхцөлд ажилладаг, боломжтой, зэрлэг араатан амьтнаас айж, хээрийн нөхцөлд ажилладаг, боломжтой, зэрлэг араатан амьтнаас айж, цочирдоггүй байх боломжийг хангаж, эрэгтэй хүнийг “Гоц халдвартын лаборант”-аар сургаж бэлтгэх болж дамжаанд явуулж байсан юм. Миний бие С.А- нь “гоц халдвартын лаборант”-ын мэргэжил эзэмшиж, тухайн албанд мэргэжлийн дагуу томилогдсон юм.

4.8. С.А- би “Гоц халдвартын лаборант” гэх албан албан тушаалд ЭМШУИС-ийн харьяа магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийн “эх барих бага эмч” гэх ***** дугаартай хуурамч дипломыг ашигласан үйлдэл нотлох баримтаар батлагдаагүй, С.А- 20 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалд тавих шаардлага” хэсэгт “дээд боловсрол” шаардаагүй ба, харин 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 22-р зүйлийн 22.1.2 дахь хэсэгт “Дээд боловсролтой байх” гэсэн шаардлага тавьсан байна. Миний бие одоогийн байдлаар “Дээд боловсролтой” бакалавр зэрэгтэй.

4.9. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, С.А-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

5.1. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргаж байгаа давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй байна. Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

5.2. Хэргийг хэт нэг талыг баримталж, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, нотолж тогтоох ёстой баримтуудыг шалгаж тогтоогоогүй гэх тайлбарыг шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Энэ тайлбар нь үндэслэлгүй, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт 2 жилийн хугацаанд ажиллагаанууд хийгдсэн байдаг. Үүний хүрээнд шүүгдэгч нь хуурамч диплом ашигласан нь тогтоогдсон.

5.3. Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгчийг тухайн сургуулийг төгссөн дипломыг ашиглан 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилд орсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Анхан шатны шүүхээс яллах дүгнэлтийн хүрээнд шийдээгүй, тухайлбал 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсон нь тогтоогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгосныг прокурорын зүгээс хүлээж авсан.

5.4. Харин дараа нь Гоц халдвартын эмчээр ажилд орчхоод дараа нь лаборантын мэргэжлээр суралцахдаа тухайн хуурамч дипломыг ашигласан болох нь тогтоогдсон. Холбогдох байгууллага, Алтангэрэл гэх гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Мэргэжил олгох сургалтад анагаах ухааны дундаас дээш түвшний мэдлэг эзэмшсэн байхыг шаарддаг. 2008 онд “гоц халдвартын лаборант гэх мэргэжил олгох сургалтад ямар нэгэн мэргэжилгүй хүн суралцах боломжгүй тухай мэдүүлэг, мөн тухайн сургуулийг шалгалт өгч төгсөөгүй болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

5.5. Шүүгдэгч нь 2008 онд гоц халдвартын эмчээр ажиллахдаа тухайн хуурамч дипломыг ашигласан нь тогтоогдож байгаа тул давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж уг гэмт хэргээс учирсан нийт 103 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.А-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмыг зөрчиж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хангаагүй тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, С.А-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулгатай шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

8. Шүүгдэгч С.А- нь Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургуулийн харьяа магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийг  2006 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “эх баригч, бага эмч” мэргэжлээр төгссөн гэх №***** дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газарт голомт хяналт хариуцсан мэргэжилтнээр томилогдож, үргэлжлүүлэн 2009 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус төвд гоц халдвартын лаборантаар томилогдон одоог хүртэл ажиллахдаа Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн цалингийн санд 130.114.396 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

9. Анхан шатны шүүх шүүгдэгч С.А-ын Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрын даргын 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай  тушаалаар голомт хяналт хариуцсан мэргэжилтнээр томилогдох үед Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн харьяа Сувилахуйн сургуулийг эх баригч, бага эмч мэргэжлээр суралцаж төгссөн гэх №***** дугаартай дипломыг ашиглаж ажилд томилогдсон нь нотлогдоогүй байна гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.А-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “шүүгдэгч С.А- нь 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газарт голомт хяналт хариуцсан мэргэжилтнээр томилогдохдоо Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн харьяа магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийг 2006 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “эх баригч, бага эмч” мэргэжлээр төгссөн гэх №***** дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж томилогдсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны болон 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчим нийцжээ.

10. Тухайн үед голомт хяналтын хариуцсан мэргэжилтний орон тоонд зөвхөн дээд боловсролтой хүн ажиллах эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, шүүгдэгч С.А- нь дээрх албан тушаалын шаардлагыг хангаж, ажилд орохын тулд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн харьяа магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийг 2006 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “эх баригч, бага эмч” мэргэжлээр төгссөн гэх №***** дугаартай бакалаврын хуурамч дипломыг ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  үндэслэлтэй болжээ.

11. Шүүгдэгч С.А- нь Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх төвийн гоц халдвартын лаборантаар 2009 оны 02 дугаар сарын 01-ний өдөр томилогдон ажиллахдаа Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургуулийн харьяа магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийг 2006 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “эх баригч, бага эмч” мэргэжлээр төгссөн гэх №***** дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд түүний энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдлыг тогтоох болон хууль ёсны, гэм буруугийн зарчмуудад тус тус нийцжээ.

12. Анхан шатны шүүх шүүгдэгч С.А-ын гэмт үйлдэл нь Баян-Өлгий аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх төвийн гоц халдвартын лаборантаар 2009 оны 02 дугаар сарын 01-ний өдөр томилогдсоноос эхлэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн прокурорын тогтоолоор түүнийг яллагдагчаар татах хүртэл хугацаанд үргэлжилсэн бөгөөд яллагдагчаар татсанаар мөрдөн байцаалтын шатанд түүнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсхүл энэ үеэс эхлэн ажил олгогч хуурамч диплом гэдгийг мэдэх боломж бүрдсэн тул тухайн ажил, албан тушаалд ажиллуулахгүйгээр гэмт үйлдлийг нь таслан зогсоох бүрэн боломжтой байсан.

Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж хуульчилсан тул шүүгдэгч С.А-ын гэмт үйлдлийг 2009 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн гэж дүгнэж, түүнийг яллагдагчаар татсан хугацааг гэмт хэрэг төгссөн цаг хугацаанд тооцон, түүний хууль бус үйлдлийн улмаас олсон ашиг орлогыг 2009 оны 02 дугаар сараас эхлэн 2022 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд тооцсон нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцжээ.

 

13. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн “...С.А- миний бие Баян-Өлгий аймгийн Байгалийн Голомтод халдварт өвчинтэй тэмцэх Төвийн даргын 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” 4 дүгээр тушаалаар тус байгууллагад “Гоц халдвартын лаборантын” албан тушаалд томилогдоход ямар нэгэн диплом ашиглаагүй бөгөөд ЭМЯ-ны дэргэдэх Байгалийн голомтот Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн мэргэжил олгох дамжааг дүүргэсэн “Гоц халдвартын лаборант” мэргэжлийн 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн С/102/08 дугаартай мэргэжлийн үнэмлэх, захиалгаар сургасан гэрээ зэргийг үндэслэл болгож тухайн албан тушаалд томилогдсон.   Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/61 дугаартай “Шийтгэх тогтоол” нь хэт нэг талыг баримталсан, нотлох баримтад хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй гэж гомдол гаргаж байна...” гэх давж заалдах гомдлын 4.4, 4.8 дахь хэсэгт заасан үндэслэлүүд нь нотлох баримтад тулгуурлаагүй үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Учир нь шүүгдэгч С.А- нь ЭМЯ-ны дэргэдэх Байгалийн голомтот Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн мэргэжил олгох дамжааг дүүргэсэн “Гоц халдвартын лаборант” мэргэжлийн 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн С/102/08 дугаартай мэргэжлийн үнэмлэх авч, Баян-Өлгий аймгийн Байгалийн Голомтод Өвчин Судлалын Төвийн даргын 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” 04 дугаартай тушаалаар тус байгууллагад мэргэжлийн дагуу “Гоц халдвартын лаборант”-ын албан тушаалд томилогдсон ЭМШУИС-ийн магадлан итгэмжлэгдсэн Сувилахуйн сургуулийг “Бага эмч” мэргэжлээр төгссөн гэх №***** дугаартай дипломыг ашиглах шаардлага байхгүй гэх боловч шүүгдэгч С.А- нь анх “Гоц халдвартын лаборант”-ын мэргэжил эзэмшүүлэх сурталтад бүртгүүлэхдээ  уг хуурамч дипломыг ашигласан болох нь тогтоогджээ.  “Гоц халдвартын лаборант”-ын мэргэжил эзэмшүүлэх сурталтанд хамаарагдах нь хүн нь анагаах ухааны дундаас дээш түвшний мэдлэг эзэмшсэн байх шаардлагатай болох нь гэрч Э.Золжаргалын мэдүүлгээр нотлогджээ. /2 дугаар хавтаст хэргийн 181-182 дахь тал/

14. Шүүгдэгч С.А- нь №***** дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж  ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/61 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.А-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

 

                                    ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ