Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 305/ШШ2025/00100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ***********-н нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, гэрч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд ********* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажиллаж байсныг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ******** нь 1986 оны 6 дугаар сард арван жилээ төгсөөд 10 дугаар сард нь нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт оёдолчноор ажилласан байдаг. Ингээд ажиллаж байгаад 1992 онд хүүхэд асрах чөлөө авсан байхад нь нийтийн ахуйн үйлчилгээний газар татан буугдсан. Тэрнээс хойш тухайн газарт ажиллаагүй байдаг. Мөн өмнө нь зэрэг хамгаалж байсантай холбоотой тушаал байдаг боловч ажилд орсон, гарсан тушаал байдаггүй. Иймээс шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байгаа. Ажиллаж байсан үеийн зураг, нийтийн ахуйн үйлчилгээний газрын номын хэсгийг нотлох баримтаар өгсөн. 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд гээд сүүлийн цалинтай тэтгэмжтэй чөлөө олгосон гээд тэр хүртэл тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-******** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 358 дугаартай тодорхойлолт,

-******* аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаар “Мэргэжлийн шалгалт авсан дүнгийн тухай” тушаал, хавсралт,

-мөн удирдах газрын 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 343 дугаар “Цалингүй тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаал,

-мөн удирдах газрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар “Цалингүй, тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаал,

-***********-н төрсний бүртгэлийн лавлагаа,

-НААҮ-АҮ-ний байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулав гэх Түүх өгүүлсэн дурсамж номын 53, 54, 286 дугаар талын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зураг,

-Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03-10/504 дугаар, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03-04/667 дугаар лавлагаанууд,

-***********-н мэргэжлийн үнэмлэх,

-Гэрэл зургууд.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2.1. Нэхэмжлэгч ********** нь 1986 оны 10 дугаар сараас 1991 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд ****** аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

2.2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

3. ******** нь 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажиллаж байсан болох нь:

-******** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 358 дугаар “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын цалингийн баримт шилжиж ирээгүй, Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын 1987-1991 оны тушаалуудыг шүүж үзэхэд ********-г ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болно…” гэх тодорхойлолт,

-******* аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаар “…1. Төмөр, оёдлын тасгийн ажилчдаас мэргэжлийн шалгалт авсан 143 ажилчны мэргэжлийн зэргийг 1-р хавсралтаар баталсугай. 2. Мэргэжлийн зэрэг олгосон тушаалыг үндэслэн 7-р сарын 1-нээс зэргээр нь цалинжуулахыг ерөнхий нягтлан бодогч ********-д зөвшөөрсүгэй” гэх тушаал, уг тушаалын хавсралтын 25 дугаарт ******** хуучин зэрэг II, шинэ зэрэг IIIа” гэх тушаал, хавсралт,

-мөн удирдах газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 343 дугаар “…Хүүхдээ асрахаар цалингүй тэтгэмжтэй чөлөөг доорхи нэр бүхий хүмүүст олгосугай. …10. ******* оёдолчин чөлөөний хугацаа эхлэх 1990-12-21, дуусах 1991-10-10…” гэх тушаал,

-мөн удирдах газрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар “…Дараах ажилчдад хүүхдээ нэг нас хүртэл асрахад нь зориулж цалингүй тэтгэмжтэй чөлөө олгосугай гээд 7 дугаарт ********, эрхэлсэн ажил оёдолчин, чөлөөний хугацаа эхлэх 1990-10-7, дуусах 1991-07-19…” гэх тушаал,

 -Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн CVL********** дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд ...******** овгийн ********* 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эцгийн овог нэр ****** эхийн овог нэр ****** гэж бүртгэгдсэн,

-********-н 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн мэргэжлийн үнэмлэх,

-Гэрч ********-н “...******** Ахуйн үйлчилгээнд оёдолчноор орж миний шавь болон ажиллаж байсан. 1986 онд оёдолчноор орж ирж байсан. ******** 3 дугаар зэрэгтэй. Юм оёулаад оёсон зүйлээс нь шалтгаалаад зэрэг өгдөг. Би 1986, 1987 он хоёр дараалсан чанарын аварга болж байсан. 1986 онд чанарын аварга болоход ******** байсан. ******** миний удирдлагад байсан. Би багшаар нь ажиллаж байсан. ******** оёдол хийдэг байсан. Нэг даруухан дуугай тийм охин байсан. Энэ зураг 1989 оны зураг байна. Дээр нь бичсэн байна. 5 сард майн баярын зураг байна. Энэ зураг 1989 оны зураг байна. ********в даргыг үдэх гээд ******* толгойн цаад талд гарч зугаалга хийсэн...” гэх мэдүүлэг, гэрэл зургууд зэргээр тогтоогдож байна.

4. Иймд *******--г 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *********--г 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчноор ажиллаж байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                        

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ