Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 00005

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Б.Эрхэмбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Бад холбогдох 1832000000001 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1989 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, 2 ах, дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн № 11 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Равдангийн Ба. /РД: МЗ89042675/

 

           Шүүгдэгч Р.Ба нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 15-16 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн № 11 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч У.Сгийн цээжний зүүн талд нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Бын өгсөн…. ...  2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр уулнаас ирээд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр найз Балхаатай таараад нэг шил архи гудамжинд хувааж уучаад гэр лүүгээ харих гээд явж байгаад найзууд архи уугаад байж байхад нь таараад гадаа байж байхаар манайд оръё гээд гэртээ оруулсан. Тэгээд манай гэрт Эр, Отгонбаатар, Да, Тү, Эн нарын хамт архи уусан. 2 шил архи ууж байгаад би тасарсан байсан. Сг хэдийд ирсний санахгүй байгаа юм. С бид нарын араас ирсэн гэсэн. Би хутга бариад үүдэндээ сууж байсан гэсэн. Тэгсэн С надаас хутга булааж авах гээд ноцолдож байх үед би хутгаар хатгасан байсан. Тэгээд С надаас хутга булааж аваад ногооны талбайн тийшээ хол шидсэн байсан. Бид дараа нь хутгыг хайгаад олоогүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч У.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн:.......Би 2017 оны 12 сарын 26-ны өдөр өөрийн найз Р.Бын Нарангийн 11 тоот гэрт нь найзуудтайгаа хамт архи уусан. Тэгтэл Ба нэлээд согтчихсон бололтой гартаа хутга барьж босч ирээд “Эндээс гарсныг чинь хутгална шүү” гэж хэлээд байшингийнхаа хаалгыг онгойлгочихоод  амбаарынхаа гадаа үүдэнд зогсоод агсам тавиад эхэлсэн. Тэгэхээр нь би эрүүл шахуу байсан болохоороо байшингаас нь гараад Бад “Яах гээд байгаа юм бэ хөгшөөн, архи дарс уучихаад хутга шөвөгөөр яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд хутгыг нь авах гэсэн чинь Ба шууд над руу хутгаа ширвэж би бултаад хойшилсон чинь миний өмсөж явсан хар хөх өнгөтэй куртканы энгэрийг зүссэн. Тэгээд би Бын хутгатай гарыг нь бариад авсан чинь дутуу барьчихсан юм байна лээ, Бын хутгатай гар миний зүүн суга руу хутгалчихсан байсан. Тухайн үедээ би хутгалчихсан гэж мэдээгүй зүүн сугаар халуу дүүгээд  нойтон оргиод байхаар нь сөхөөд харсан чинь миний зүүн суга орчим газарт нэг удаа хутгалчихсан байсан.Тэгэхээр нь би Быг газар унагааж гар дээр нь гишгэж байгаад хутгыг нь тавиулж аваад байшингийнх нь урд байдаг ногооны хашаа руу нь хүчтэй шидчихсэн юм. Ингээд би эхлээд гэртээ харьсан, дараа нь нэгдсэн эмнэлэг орж шархаа цэвэрлүүлсэн гэх мэдүүлэг /Хх-н 11 дүгээр хуудас/

Гэрч Ц.Даын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: ........Би өчигдөр буюу 2017 оны 12 сарын 26-ны өдөр 15 цагийн орчим өнчин ягаан байрны хажууд Эр, Тү, Эн, Ба, бас танихгүй хоёр залуу нар архи уугаад байж байхаар нь очиж хамт архи уусан. Тэгтэл Ба “Ингэж гадаа архи ууж байхаар манай гэрт очъё” гэж хэлэхээр нь бүгдээрээ зөвшөөрөөд Бын гэрт явж очиж дахиж 0,75 граммын хоёр шил архи ууж байтал гаднаас С, Эр хоёр орж ирсэн.Тэгтэл Ба гартаа хутга барьчихаад “Та нараас гарч ирснийг нь чинь хутгална” гэж хэлээд байхаар нь бид нар тоглоод байна гэж ойлгоод ерөөсөө тоогоогүй инээлдэж юм яриад сууж байсан юм. Бын араас С гараад явахаар нь би хэсэг хугацааны дараа араас нь гарсан чинь С Бын гараас хутгыг нь авах гээд ноцолдож байсан. Би тэгэхээр нь Сд туслаад Бын хутгыг нь гараас нь булааж авах гэж ноцолдож байгаад зүүн гарын долоовор хуруугаа Бын хутганд исгэчихээр нь Бын хашаанаас ганцаараа гараад явчихсан юм. Тэрнээс хойш Бын гэрт дахиж очоогүй гэх мэдүүлэг /Хх-н 17 дугаар хуудас/

Гэрч Э.Түийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.....Би өчигдөр буюу 2017 оны 12 сарын 26-ны өдөр өөрийн найз Лхагвасайхан, Эр, Сүхбаатар ах нартай хамт өнчин ягаан байрны хажууд архи ууж Мишээл дэлгүүррүү дахиж архи авахаар явж байгаад Ба болон танихгүй өндөр биетэй залуу нартай таарч бүгдээрээ нийлж зургаа долуулаа болоод өнчин ягаан байрны хажууд дахиж очоод архи уусан. Тэгтэл Ба “Манай гэрт очиж ууя” гэж хэлэхээр нь би Сүхбаатар ах, Да ах нарыг дагуулаад Бын гэрт очсон. Бын гэрт танихгүй хоёр залуу байсан. Бид нар нийлээд архи уугаад байж байтал Эр, С, Эн, Түвшинжаргал нар цуварч ирсэн.Ингээд архи уугаад байж байтал Ба байшингийнхаа үүдэнд гараад гартаа хутга барьчихсан “Гарч ирснийг чинь хутгална” гээд байхаар нь бид нар тоогоогүй тоглож байна гэж бодсон. С босоод “Чи яах гээд хутга шөвөг бариад байгаа юм бэ? далд хийгээч” гэж хэлээд гарсан. Хэсэг хугацааны дараа С ганцаараа эргэж орж ирээд “Намайг хутгалчихлаа ш дээ” гэж хэлэхээр нь курткыг нь сөхөөд харсан чинь Сгийн зүүн суганы дор нэг хутгалчихсан, хутгалсан шархнаас нь бага зэрэг цус гарч байсан. Эр бид хоёр нийлж Сгийн шархыг ногоон өнгөтэй пудволкоор боож өгсөн.Ингээд С гэррүүгээ явчихсан гэх мэдүүлэг /Хх-н 19 дүгээр хуудас/

Гэрч Б.Эрын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.....Би өчигдөр буюу 2017 оны 12 сарын 26-ны өдөр С ахтай хамт явж байгаад Отгонбаярруу утасдаж хаана байгааг нь асуусан чинь Бын гэрт байна гэж хэлэхээр нь С ах бид хоёр хамт Бын гэрт очсон.Тэр үед Бын гэрт Тү, Ба, Отгонбаяр, Сүхбаатар ах бас танихгүй хоёр гурван залуу нар нийлчихсэн архи ууж байсан. С ах бид хоёр ороод нэг нэг хундага архи уусан. Тэгтэл Ба байшингийнхаа үүдэнд зогсчихоод гартаа хутга барьчихсан “Та нарыг гаргахгүйээ, гарч ирснийг нь хутгална” гээд байхаар нь бид нар тоглоод байна гэж ойлгоод тоогоогүй. Тэгтэл С гарч явчихаад хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд “Намайг Ба хутгалчихлаа би хатгуулчихлаа” гэж хэлэхээр нь курткыг нь сөхөөд харсан чинь зүүн суганы доод хэсэгтээ нэг удаа хутгалуулсан байсан. Тэр хутгалуулсан шархыг нь пудволкоор боож өгөөд бүгдээрээ Бын байшингаас гараад тарцгаасан. Би шууд гэр рүүгээ харьсан гэх мэдүүлэг /Хх-н 21 дүгээр хуудас/

Гэрч Э.Энын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ......... Би өчигдөр буюу 2017 оны 12 сарын 26-ны өдөр 15 цагаас 16 цагийн хооронд С ах Эр ах хоёр Нарангийн 11 тоотод байдаг Ба ахын гэрт байна гэхээр нь араас нь ганцаараа явж очсон. Бын гэрт зөндөө олон танихгүй хүмүүс архи ууж байсан. Архи ууж байхад гэрийн эзэн Ба ах нэлээд халамцуу болчихсон гэрээсээ гараад үүднийхээ амбаарт зогсоод байсан. Би Ба ахын гэрээс гарч бие засах гэсэн чинь Ба ах байшингийнхаа үүдний амбаарт хутга барьчихсан зогсож байхаар нь би айгаад байшингаас нь гараагүй эргэж орж тэнд байгаа хүмүүст “Ба ах хутга барьчихсан зогсож байна шүү дээ” гэж хэлсэн чинь С ах “Агаа нь гарч уулзаадахъя” гэж хэлээд гарсан. Хэсэг хугацааны дараа С ах эргэж орж ирээд “Намайг хатгачихлаа” гэж хэлсэн, тэнд байсан хүмүүс ахын курткыг сөхөөд харсан чинь зүүн суганы доор нь нэг удаа хутгалсан байсан гэх мэдүүлэг /Хх-н 22 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 02 ...... Дүгнэлт:

1.Сгийн биед цээжний зүүн талд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарны.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 25 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 04-09 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангайн 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 33 дугаар хуудас/

Р.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 35 дугаар хуудас/

Р.Ба нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 35 дугаар хуудас/

Хохирогч У.Сгийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 37 дугаар хуудас/ зэрэг болно.

          

             Шүүгдэгч Р.Ба нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 15-16 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Нарангийн № 11 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч У.Сгийн цээжний зүүн талд нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Р.Бын хохирогч У.Сгийн цээжний зүүн талд  хутгалсан үйлдэл нь хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Р.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд 4 хувааж сард 112500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч У.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Сартуул овогт Равдангийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Ба нь 450000 төгрөгийн торгох ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Р.Ба нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Р.Ба цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Р.Бад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН