Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/22

 

Т.К-д холбогдох эрүүгийн хэргийн тухай  

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/118 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Т.К-д  холбогдох эрүүгийн 2313000790076 дугаартай хэргийг яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэм,  яллагдагч Т.К-, түүний өмгөөлөгч К.Ержан, хохирогчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек, орчуулагч М.Нурасыл нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, **настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ***хүнтэй, **** хамт Баян-**** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай С овогт Т.К- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Шар говь гэх газарт байрлах байшиндаа 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагийн орчимд эхнэр Н.А-г, Х.Э-тэй хардаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, баруун өгзгөнд хутгалж, мөн уг зодооныг салгах гэсэн Х.Э-ийн зүүн гарын тохой, зүүн өгзгөнд тус тус хутгалж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Прокурорын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 59 дүгээр яллах дүгнэлтээр Т.К-ий дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн  2023/ШЗ/118 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалт, 2 дахь заалтыг тус тус удирдлага болгож, Т.К-д холбогдох эрүүгийн 2313000790076 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр  нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд: 

3.1. Хэрэг прокурорын хяналтад байх хугацаанд яллагдагч Т.К- хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг прокуророос хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны үед нотлох баримтуудын хүрээнд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар тогтоосон байдал, эсхүл шүүгдэгч болон хохирогч нар хоорондоо гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар төлж өгөх, төлүүлж авахаар харилцан тохиролцсон тодорхой үнийн дүн байгаа эсэхийг хянахгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлгүй болжээ. Тодруулбал, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Э-ийн өмгөөлөгчөөс “..Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар хохирогч бидэнд прокуророос мэдэгдээгүй. Мөн хохиролд 82500 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлсэн мэтээр ирүүлсэн байна. Хохирогч Х.Э- нь өмгөөллийн хөлс гэж 900000 төгрөгийг өөрт учирсан хор уршигт тооцож нэхэмжилж байгаа, нийт 982600 төгрөг гаргуулж өгнө үү" гэж ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч Т.К-ий өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогч Х.Э-т унаа, эмчилгээний зардал 82.600 төгрөгийг төлнө, харин өмгөөллийн хөлс 900.000 төгрөгийг төлж өгөх хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн практикт байхгүй, нотлох баримт нь хангалтгүй. Тиймээс бодит хохирол 82500 төгрөгийг хохирогч Х.Э- авна гэвэл одоо ч төлөх боломжтой” гэж мэтгэлцсэнээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан шүүгдэгч нь “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж хуульчилсан хуулийн нөхцөл шаардлага хангагдаагүй байна.

3.2. Мөн хохирогч Н.А- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад анх удаа өгсөн мэдүүлэгт “...Урд өмнө нь 3 удаа зодсон асуудал гарч байсан бөгөөд энэ үед би 3 хүүхдээ бодоод гомдол гаргаж байгаагүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дахь тал/, мөн шүүх хуралдаанд: “...нөхөр Т.К- нь намайг урд нь 3 удаа зодож байсан” гэж, шүүгдэгч Т.К- нь шүүх хуралдаанд “... урьд Х.Э-ээс болж эхнэрээ 2,3 удаа зодож байсан маань үнэн. Бүх зүйл Х.Э-ээс болж байгаа” гэж тус тус мэдүүлж байх тул түүний энэхүү үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна.

 

4. Яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд:

4.1. Миний үйлчлүүлэгч К- нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд хуулийн хөнгөлөлт эдлэн хэргээ түргэг шуурхай шийдвэрлүүлэхийг хүсэж ирсэн тул мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, хэрэг прокурорт шилжих мөчид хохирогч Х.Э-ийн нэхэмжилсэн Х.Э-т учирсан бодит хохирол 830000 төгрөгийг бүрэн төлж өгөхөө илэрхийлсэн. Т.К-ий хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгөхийг хүсэн өмгөөлөгч би Т.К-ий хамт хүсэлтээ гаргасан тул прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангагдаж байна гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

4.2. Харин хоёр дахь хохирогч Н.А- нь санал гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлээд ирсэн. Анхан шатны шүүх хурал болохоор товлогдсон өдөр хохирогч Х.Э- шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд түүний өмгөөлөгч Я.Сьезд хохирогчийг заавал оролцуулж өгөх хүсэлт гаргаснаар шүүх хурал 7 хоногийн хугацаатай хойшлогдсон боловч дараагийн шүүх хуралдаанд хохирогч Х.Э- мөн адил шүүх хуралдаанд ирэлгүй өөрийг нь оролцуулалгүй хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж өмгөөлөгчид төлсөн гэх 900.000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн хүсэлт илгээсэн байна. Хүсэлтийн хамт өмгөөлөгч Я.Сьездийн дансны хуулгыг нотлох баримтаар хавсаргасан өгсөн байх ба энэхүү дансны хуулгаар Х.Э-ээс мөнгө шилжүүлсэн байдал тогтоогдохгүй байгаа юм. Харин Т.К- шүүх хуралдаанд хохирол 83000 төгрөгийг бэлэн аваад ирсэн боловч Х.Э- өөрөө байхгүй тул өгч чадаагүй өмгөөлөгч нь өөрт өг гэж аваагүй болно.

4.3. Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд түүний нэхэмжилсэн бодит хохирол 83000 төгрөг байсан юм. Гэтэл шүүх хуралдааны шатанд нэмж нэхэмжилж буй өмгөөллийн хөлсөнд маргаантай байна гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл хангагдаагүй гэж үзэн хэргийг буцаасан нь хуульд нийцэхгүй гэж үзнэ. Учир нь хохирол , хор уршгийн хэмжээг хохирогчийн хэлснээр бус нотлох баримтад тулгуурлан тогтоох ёстой 6олохоос хохирогчийн амны зоргоор тогтоох боломжгүй. Өмгөөлөгч Я.Сьездийн тайлбарлаж буйгаар 500.000, 400.000-аар миний данс руу хувааж хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч уг дансны хуулгаар эхний удаа Х.Э-ээс гэх утгаар 500.000 төгрөг хийсэн боловч хохирогч Х.Э- эсвэл өөр Х.Э-ээс шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй, дараагийн удаа 400.000 төгрөгийн хувьд Х.Э-ээс зээл гэж хийсэн байгаа байдал Э- нь өмгөөллийн хөлс 900.000 төгрөг төлсөн гэдгийг нотолж чадахгүй нотлох баримт болоод байгаа юм.

4.4. Үүнээс гадна өмгөөллийн хөлс бодит хохирол, хор ууршиг биш бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд өмгөөллийн хөлсийг гаргуулсан практик байхгүй. Гэтэл шүүх хийсвэрээр дүгнэлт хийн нэмж нэхэмжилсэн өмгөөллийн хөлсийг бодит хохиролд тооцон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл хангагдаагүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж буй нь нэг талыг барьсан хууль бус шийдвэр гэж үзнэ. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэргийг буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүсье.

           

5. Прокурорын эсэргүүцэлд:

5.1. Прокуророос хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж яллагдагч Т.К-д холбогдох хэргийг түүнээс гаргасан хүсэлтийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

5.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан бүх нөхцөл байдал хангагдсан, шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байхад үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан байна.

5.3. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй мөн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хүсэлтээсээ татгалзаагүй юм.

5.4. Харин шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн өмгөөлөгч Я.Сьездээс гаргасан өмгөөллийн хөлстэй холбоотой баримт нь эргэлзээтэй, хэрэв уг нотлох баримтыг үндэслэн шүүх хохирол, хор уршигт өмгөөллийн хөлсийг оруулан тооцож, шийдвэрлэвэл шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлж байхад шүүх хэргийн хохирол хор уршиг нөхөн төлөгдөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, мөн ингэж үзсэн ч хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтой, иргэний нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байна.

5.5. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдаагүй шүүх хуралдааны явцад өгсөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэн Т.К-ий үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай анги 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчсөн байна.

5.6. Шаардлагатай гэж үзсэн шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж, гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах боломжтой байхад нэг үе шаттай хийгддэг /хялбаршуулсан хэргийн/ эрүүгийн хариуцлагын хуралдаанаас шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийг баримталсан нь үндэслэлгүй байна.

5.7. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам гэдгийг шүүхээс анхаарч үзээгүй, уг хуульд заасан зорилго, зорилт, зарчмын ойлголтуудыг бүрэн агуулгаар нь хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.

5.8. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/118 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

 

            6. Хохирогчийн өмгөөлөгч Я.Сьездийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:  

6.1. Хохирогч нь 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хавтаст хэрэгтэй танилцсан байдаг. Тухайн үед шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар мэдэгдэж байсан. Түүнээс хойш хохирогч шүүх хуралдаанд оролцож байгаагүй.

6.2. Хэрэг прокурорын хяналтын шатанд байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гэж байгаа талаараа прокурорын зүгээс мэдэгдэх ёстой байсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зарчим нь шүүгдэгч хохирлоо нөхөн төлсөн эсвэл төлөхөө илэрхийлсэн байх ёстой. Одоогоор 981,000 төгрөгийн хохирол гарсан ба үүнийг төлж барагдуулаагүй байгаа. Тиймээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зарчим алдагдаж байгаа.

6.3. Иймд хохирлын асуудал маргаантай байгаа тул ердийн журмаар шийдвэрлэгдэх ёстой. Тиймээс прокурор болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, эсэргүүцэл үндэслэлгүй. Гэр бүлийн тухай асуудал хэлж байгаа нь өнөөдрийн хэрэгт хамаарахгүй, гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэж байсан гэдгийг ярих ч шаардлагагүй байсан. Тиймээс анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

7. Давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ яллагдагч Т.К-, түүний өмгөөлөгч К.Ержан нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзлээ.

 

8. Прокуророос яллагдагч Т.К-ийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Шар говь гэх газарт байрлах байшиндаа 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагийн орчимд эхнэр Н.А-г, Х.Э-тэй хардаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, баруун өгзгөнд хутгалж, мөн уг зодооныг салгах гэсэн Х.Э-ийн зүүн гарын тохой, зүүн өгзгөнд тус тус хутгалж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

9. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцээд, “Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй” талаар дүгнэж, Т.К-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

10.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Ялангуяа анхан шатны шүүхийн “...мөн хохирогч Н.А- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад анх удаа өгсөн мэдүүлэгт “...Урд өмнө нь 3 удаа зодсон асуудал гарч байсан бөгөөд энэ үед би 3 хүүхдээ бодоод гомдол гаргаж байгаагүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дахь тал/, мөн шүүх хуралдаанд: “...нөхөр Т.К- нь намайг урд нь 3 удаа зодож байсан” гэж, шүүгдэгч Т.К- нь шүүх хуралдаанд “... урьд Х.Э-ээс болж эхнэрээ 2,3 удаа зодож байсан маань үнэн. Бүх зүйл Х.Э-ээс болж байгаа” гэж тус тус мэдүүлж байх тул түүний энэхүү үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай” гэж заасан тодорхой үндэслэлийг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх замаар тодруулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны хийгээд хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх хохирол, хор уршгийн талаар буюу мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх”-ийг шүүх хуралдаанаар хянах ба яллагдагч Т.К- нь прокурорын шатанд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хэдий ч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө хангалттай илэрхийлсэн байдал хэргээс тогтоогдоогүй, энэ талаар талуудын байр суурь харилцан зөрүүтэй байна.

Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан ажлын хөлсөнд 900.000 төгрөг төлсөн байдал нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш, үүнийг шүүх хохирол, хор уршигт тооцож, хэрхэн шийдвэрлэх талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс урьдчилж дүгнэлт хийх боломжгүй хэдий ч өмгөөлөгчид төлсөн хөлсийг төлөх эсэх талаарх яллагдагчийн байр суурь нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх урьдчилсан нөхцөл болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх”-д хамааралгүйг тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хуульчилсан байх бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн “яллах дүгнэлтийн” хүрээнд бус “эрүүгийн хэргийн хүрээнд” гэж хуульчилсан учраас анхан шатны шүүхийн “яллагдагчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай” гэх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул яллагдагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/118 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/118 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

 

                                    ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ