Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 157/ШШ2025/00039

 

                 2025         02          19                                        157/ШШ2025/00039  

 

 

 

                                                    Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн Г сум, 5 дугаар багт оршин суух Ч овогт Л-ийнн Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Г сум, 6 дугаар багт оршин суух Б-ын Г Б овогт С-ынР нарт холбогдох,

“4,400,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /цахим/,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б /цахим/, гэрч О.Н /цахим/, гэрч Э.Ц /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч С.Р, Б.Г нарт холбогдуулан “4,400,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов.

1.1.Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие өөрийн өмчлөлийн Самсунг смарт маркийн 85 инчийн зурагт /UE85.AU.7100UACE/ болон гэрийн тооно, дулаалга зэргийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Х аймгаас Г сум хүртэл 120 км шороон замаар тээвэрлүүлэхээр Б.Г түүний нөхөр С.Р нартай харилцан тохиролцож тээврийн хөлсөнд 40,000 төгрөгийг С.Ргийн эзэмшлийн Хаан банкны 5942038142 тоот дансанд шилжүүлсэн.

Хариуцагч нар нь 5523 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийг гүйцэтгэж 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тээвэрлүүлсэн эд хөрөнгүүдээ хүлээн авахаар шалгах үед зурагтын дэлгэц хагарч асахгүй болсон байсан бөгөөд хамт тээвэрлүүлсэн гэрийн тоононы рам байхгүй байсан тул миний бие гомдолтой байгаа талаараа С.Р, Б.Г нарт мэдэгдэхэд ...бид шалгаж хүлээн аваагүй, анх тээвэр хийх үед хагархай байсан ч байж магадгүй ... гэж хэлээд гэмтлийг хариуцахгүй, хохирлыг чинь барагдуулж өгөхгүй гэж маргасан. Улмаар миний бие цахим орчинд буюу өөрийн фейсбүүк хаягаас болсон явдлын талаар бичиж гомдолтой байгаа талаараа албан ёсоор хариуцагч нарт мэдэгдсэн.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 388 дугаар зүйлийн 388.1.2-т зааснаар тээвэрлэгч нь ачааг хүлээн авах үедээ ачааны гадаад байдал, сав, баглаа, боодол зэргийг шалгах үүрэгтэй. Мөн хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-т Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна.” гэж тус тус заасан байдаг.

Үүнээс дүгнэлт хийхэд хариуцагч С.Р, Б.Г нар нь тээвэрлэхээр тохиролцсон зурагтны сав, баглаа, боодол болон бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авах үүрэгтэй бөгөөд тохиролцсон газарт бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж хүргэж өгөх үүрэгтэй байна. Гэтэл тус үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас тээвэр хийлгэсэн зурагтын дэлгэц гэмтэж надад 4,400,000. төгрөгийн хохирол учирсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн тус хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /алдар нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заасан байдаг.

Тус зурагтыг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 8,499,900.00 төгрөгөөр Сайн Интернэшнл ХХК-иас худалдан авч байсан бөгөөд засварын газарт үзүүлж зурагтны дэлгэцийг ямар үнээр засварлах талаар Нью динамик ХХК-аас үнийн санал авахад 4,400,000 төгрөгөөр засварлах боломжтой гэсэн үнийн саналыг өгсөн.

Иймд хариуцагч С.Р, Б.Г нараас зурагтны дэлгэцний засварын зардал буюу 4,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.” гэжээ. 

 

2.Хариуцагч С.Р, Б.Г нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч А.Э-ын надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байнаЛ.Э нь Улаанбаатар хотоос зурагт авч Х аймгийн Чингис хотод авчирсан гэдэг. Харин би 2023 оны 10-р сарын 25-ны өдөр Чингис хотоос Г сум руу хүргэж өгсөн. Нэхэмжлэлд Иргэний хуулийн 380-р зүйлийн 280.1.2 тээвэрлэлтийг гэрээгээр хийж зохих газарт бараа материалыг хүргэж хөлс авах гэжээ. Хоорондоо бид ярилцаад хөлсийг тохирсон. Харин гэрээ хийгээгүй юм. Иргэний хуулийн 381.1-д ...ачаа тээвэрлэхийг санал болгож байгаа этгээд нь тээвэрлэлтийн гэрээг заавал байгуулах үүрэгтэй, Иргэний хуулийн 388.1-д Тээвэрлэх ачааг хүлээн авахдаа дараах зүйлийг шалгах үүрэгтэй. Мөн хуулийн 388.2-д   ачааны гадаад байдал, сав баглаа боодол зэргийг үзэх гэж заажээ. Харин хуульд дээрхи байдлыг харж үз гэсэн болохоос бүх зүйлийг задалж үз, шалгаж үз гэж заагаагүй учир үзээгүй. Би буруугүй. Мөн хуулийн 393.1-т заасан ачааг алдсан, дутаасан, гэмтээсэн зүйл байхгүй. Зурагтыг өгөхдөө өөрөө задалж харуулж өгөөгүй нь анхаарал татаж байна. Уг зурагт Улаанбаатараас Х ачиж хүрэхдээ гэмтэл үгүйг юугаар баталж байна?. Би хүний эд хөрөнгөнд шууд халдах, задлах эрх байхгүйг мөн хуулийн 382.2-т хуульчлан заасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ. 

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид нэхэмжлэлийн шаардлагын 50%-аар буюу 2,200,000 төгрөгийг төлнө гэвэл хариуцагч талтай эвлэрэх боломжтой. Заавал маргаан үүсгээд байх шаардлагагүй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг хуульд зааснаар шийдвэрлүүлэх саналтай байна... гэв.  

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг хүлээн авахад татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагын 50% буюу 2,200,000 төгрөгийг төлөхөөр эвлэрч болно, заавал маргаад байх зүйлгүй...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч С.Р, Б.Г нарт холбогдуулж “зурагтны дэлгэцийн засварын зардалд 4,400,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 4,400,000 төгрөгийн тавин хувь болох 2,200,000 төгрөгт эвлэрэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь эвлэрэх хүсэлтийг хүлээн авч, зохигчид харилцан тохиролцов.

 

3.Нэхэмжлэгч Л.Э, хариуцагч С.Р, Б.Г  нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэхээр Б.Б, Г.Б нарт итгэмжлэл /хх-ийн 30, 51 хуудас/ олгосон ба итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Л.Э нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бт итгэмжлэл олгохдоо нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах, хариуцагчтай эвлэрэх эрхийг, хариуцагч С.Р, Б.Г нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бд итгэмжлэл олгохдоо нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхийг тус тус олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2,200,000 төгрөгөөр багасгаж хариуцагч талтай эвлэрэхээр гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч талтай эвлэрэхээр гаргасан тайлбар зэрэг нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно.” гэж, 106.5 дахь хэсэгт “...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.” гэж заасан байна.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарын эвлэрэл нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

6. Шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,350 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, зохигчийн эвлэрсэн дүн болох 2,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 50,150 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хувааж хариуцуулахаар шийдвэрлэв.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг зохигчдод тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Э-ын нэхэмжлэлтэй хариуцагч С.Р, Б.Г нарт холбогдох “4,400,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигч талууд нь 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч Л.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 85,350 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, зохигчийн эвлэрсэн дүн болох 2,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 50,150 төгрөгийн тал хувь 25,075 төгрөгийг төрийн сангийн данснаас, 25,075 төгрөгийг хариуцагч С.Р, Б.Г нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Эд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.Р, Б.Г нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.БОЛОР-ЭРДЭНЭ