Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 318/ШШ2025/00100

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх би,  

Нэхэмжлэгч: МК ХХК-ийн,

Хариуцагч: Ц.Б-д холбогдох, 

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 540,284 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МК ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 44040618 тоот үйлчилгээний гэрээ болон гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан 99820201 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Samsung A04S, Green утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, Үйлчилгээний гэрээ болон гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 107,742 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 432,542 төгрөг нийт 540,284 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч МК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 540,284 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

   

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж хэргийг хялбаршуулсаг журмаар шийдвэрлэх үндэслэлийг заажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 540,284 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч “МК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзнэ.                                    

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зйүлийн 56.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө” гэж заасан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ нэхэмжлэгч “МК” ХХК ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,860 төгрөгийн тал хувь болох 8,430 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 8,430 төгрөг, хариуцагч Ц.Бгаас 8,430 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “МК” ХХК-д олгох нь зүйтэй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2- дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Бд холбогдох, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 540,284 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “МК” ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,860 төгрөгийн тал хувь болох 8,430 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 8,430 төгрөг, хариуцагч Ц.Бгаас 8,430 төгрөгийг тус тус гаргуулж “МК” ХХК-д олгосугай.            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.    

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ГАНСҮХ