Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/19

 

Т.Х-д холбогдох эрүүгийн хэргийн тухай   

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/115 дугаар шүүгчийн захирамжтай,  

 

шүүгдэгч  Т.Х-д холбогдох эрүүгийн 2209000002455 /2202005352205/ дугаартай, 2 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,  шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.   

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, *** боловсролтой, **** мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл ** хүнтэй, **** хамт **** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Н овогт Т-ын Х- нь Монгол Улсын боловсролын их сургуулийн өмнөх боловсролын коллежийн D********** дугаартай боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг нь мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар цэцэрлэгт 2008 оны 9 дүгээр сараас эхлэн 2010 оны 9 дүгээр сарыг дуустал, 2010 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар цэцэрлэгт багшаар ажилд орж ашиглаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар цэцэрлэгт 4,691,547 төгрөг,  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар цэцэрлэгт 120,940,600 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Прокурорын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаар яллах дүгнэлтээр Т.Х-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн  2023/ШЗ/115 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалт, 2 дахь заалтыг тус тус удирдлага болгож, Т.Х-д холбогдох эрүүгийн 2209000002455 /2202005352205/ дугаартай хэрэгт дараах үндэслэлээр  нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд: 

4.1. D********** дугаартай дипломд төгсөлтийн шалгалтын комиссын дарга (проф. Ц.Батсуурь), ректор (проф.Б.Жадамба) гэж гарын үсэг зурж, Монгол Улсын Боловсролын их сургууль гэж тэмдэг дарагджээ. Яллагдагчийн өмгөөлөгч Я.Сьездийн “0********** дугаартай дипломд дарагдсан тэмдэг, эрх бүхий албан тушаалтан нарын гарын үсэг нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн албан ёсны тэмдэг, тус сургуулийн удирдлагын гарын үсэг эсэхийг шинжээч томилох журмаар тогтоож өгөхийг хүсье” гэх хүсэлтийг хүлээн авч, уг дипломд дарагдсан тэмдэг, гарын үсэг хуурамч эсэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасныг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргуулж, ирүүлэхийг мөрдөгч болон прокурорт даалгах нь зүйтэй.

4.2. Яллагдагч Т.Х- нь цэцэрлэгт заримдаа бүлгийн, заримдаа туслах багшаар ажиллаж байсан гэж мэдүүлж байх тул туслах багшаар хэдэн оноос хэдэн он хүртэл, бүлгийн багшаар хэдээс хэдэн он хүртэл ажилласан эсэхийг тогтоож, энэ хугацааны хохирлын тооцоог бодитой тогтоох.

           

5. Прокурорын эсэргүүцэлд:

5.1. Шүүгчийн захирамжид заасан яллагдагч Т.Х-н D********** дугаартай дипломд дарагдсан тэмдэг, гарын үсэг хуурамч эсэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргуулж, ирүүлэхийг мөрдөгч болон прокурорт даалгасан заалт нь үндэслэлгүй. Учир нь прокуророос яллагдагч Т.Х- нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын коллежийн D********** дугаартай боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар цэцэрлэгт 2008 оны 9 дүгээр сараас эхлэн 2010 оны 9 дүгээр сарыг дуустал, 2010 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар цэцэрлэгт тус тус багшаар ажилд орж ашиглаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар цэцэрлэгт 4.691.547 төгрөг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар цэцэрлэгт 120.940.600 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.

Яллагдагч Т.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гэмт хэргийн үндсэн шинж нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл юм. Иймд яллагдагч Т.Х-г боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн. Харин түүний нэр дээрх D********** дугаартай боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамчаар үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй бөгөөд хэрэгт авагдсан гэрч Я.Н-ийн “...Тухайн шалгалтыг Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан.....Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна." гэх мэдүүлгээр түүний боловсролын дипломыг хуурамчаар үйлдсэнийг тогтоох боломжгүй юм.

5.2. Харин гэрч Б.Д-ийн “...Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. ...Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа. ...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг, гэрч Ч.Энх-Амгалангийн "...Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Цэдэвсүрэнгийн “...Одоогийн байдлаар нийт 196 хүний мэдээллийг нарийвчлан тулгалт хийж үзсэн ба үүнээс 12 иргэн нь суралцаж төгссөн нь үнэн байна, харин үлдэгдэл иргэдийн хувьд бол манай сургуульд огт элсэн орж төгсөлт хийгээгүй энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Үүнийг бол бидний зүгээс хуурамч диплом хийлгэсэн гэж үзэж байна.....Ерөнхийдөө манай зүгээс мэдээллийг шүүхдээ бол элсэлт болон төгсөлт хийсэн захирлын тушаалыг үндэслэж хийж байгаа...” гэх мэдүүлгүүдээр яллагдагч Т.Х- Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын коллежийн D********** дугаартай боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь тогтоогдсон.

5.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс яллах дүгнэлтэд заагаагүй, мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэснээр хэрэгт ач холбогдолгүй ажиллагааг хийж гүйцэтгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.

5.4. Яллагдагч Т.Х- нь цэцэрлэгт заримдаа бүлгийн, заримдаа туслах багшаар ажиллаж байсан гэж мэдүүлж байх тул туслах багшаар хэдэн оноос хэдэн он хүртэл, бүлгийн багшаар хэдээс хэдэн он хүртэл ажилласан эсэхийг тогтоож, энэ хугацааны хохирлын тооцоог бодитой тогтоох шаардлагатай гэсэн захирамжийн заалт дараах байдлаар үгүйсгэгдэж байна.

5.5. Хавтаст хэргийн 180 дугаар хуудсанд авагдсан яллагдагч Т.Х-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тэрээр 2008 оны 9 дүгээр сараас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 6 дугаар цэцэрлэгт ажиллаж эхэлсэн байх бөгөөд 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс тус цэцэрлэгт жирэмсний амралт авсан багш Ш.А-ийн оронд түр, 2009 оны 3 дугаар сарын 02-ноос багш Б.В-ийн оронд туслах багшаар, 2009 оны 9 дүгээр сарын 15-аас дунд бүлгийн багшаар түр, 2010 оны 2 дугаар сарын 01-ээс бүлгийн багшаар бүр, 2011 оны 3 дугаар сарын 18-аас Өлгий сумын хүүхдийн 12 дугаар цэцэрлэгт тус тус томилогдон ажиллажээ. Яллагдагч Т.Х-н төрийн албан хаагчийн анкет, ажил байдлын тодорхойлолтод түүний хуурамч бүхий бичиг баримт ашиглан бүлгийн багшаар ажилласан талаар дурдагджээ. Мөн ажлын байрны тодорхойлолтын тавигдах ерөнхий шаардлагаар бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй байх шаардлагатай байна.

5.6. Гэрч С.Ж “...Бүлгийн багшийн албан тушаалд боловсролын бакалавр зэргийн диплом шаардлагатай байдаг” гэж мэдүүлжээ. Иймд яллагдагч Т.Х- нь хуурамч диплом ашиглаж хүүхдийн цэцэрлэгт багшаар ажилд орсон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

5.7. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н-ийн “...Т.Х- нь 2011 оны 3 дугаар сард ажилд томилогдож, түүнээс хойш тасралтгүй манай цэцэрлэгт ажиллаж байгаа. ...5 жилийн тэтгэмжийг 2 удаа авсан. ...Т.Х- нь манай байгууллагад 12 жил ажиллахдаа нийт 112.916.246 төгрөгийн цалин авсан, мөн хоёр удаа 5 жилийн тэтгэмж авсан байна. Энэ бүхнийг тооцож үзэхэд нийт 118.968.546 төгрөгийн цалин хөлс урамшуулал авсан байна.” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Айжаны “...Т.Х- нь анх 2008 оны 9 дүгээр сард ажилд орж ажиллаж байгаад 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажилд томилогдох тушаал нь гарсан байна. Тэгээд түр ажиллаж байгаад 2010 оны 9 дүгээр сард манай байгууллагаас шилжиж явсан. ...ямар нэгэн тэтгэвэр тэтгэмжид хамрагдаагүй. ...Т.Х- манай цэцэрлэгт түр ажиллах хугацаанд нийт 20 сар ажилласан байна. Энэ хугацаанд нийт 4.691.547 төгрөгийн цалин хөлс авсан” гэх мэдүүлгүүдээр түүний ажилласан хугацааны хохирол бодитой тогтоогдсон байна.

 

5.8. Иймд Баян-Өлгий дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн шүүгчийн 2023/ШЭ/115 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.

 

                6. Яллагдагчийн өмгөөлөгч Я.Сьездийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:

6.1. Иргэн хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Шүүгдэгчийг дипломыг мэдсээр байж ашигласан гэж байгаа. Тухайн дипломд сургуулийн тамга дарагдаж, гарын үсэг зурагдсан байна. Тийм байхад яагаад дипломыг хуурамч гэж байгааг ойлгохгүй байна. Сургууль төгсөөгүй гэж тайлбарлаж байгаа. Тэгвэл сургууль төгсөөгүй хүмүүст яагаад диплом олгодог юм бэ ? Хохирлын хувьд 2008 оны 9 дүгээр сараас гэж байна. Гэхдээ тухайн хугацаанд туслах багшаар ажиллаж байсан. Туслах багшаар ажиллахад бакалаврын диплом шаарддаггүй байгаа. Хохирлыг 2008 оны 9 дүгээр сараас хойш тогтоосон байгаа. Гэхдээ тухайн хугацаанд туслах багшаар ямар хугацаанд ажиллаж байсан зэрэг хугацааг нь нарийвчлан тогтоох ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хянаж үзээд, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

 

8. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нийцээгүй байх тул дараах үндэслэлээр хүчингүй болгох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцэх ба шүүгчийн захирамж “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг ойлгох боловч анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/115 дугаар шүүгчийн захирамж хуулийн эл шаардлагыг хангаагүй байна.

 

9. Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид анхан шатны шүүх: (1) эд мөрийн баримтаар хураан авч, хавсаргаж ирүүлсэн D********** дугаартай дипломд дарагдсан тэмдэг болон уг дипломд зурагдсан гарын үсгүүд хуурамч эсэхийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулах, (2) хохирлын тооцоог бодитой тогтоох гэсэн хоёр үндэслэлээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримталж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд хэргийн 2 дахь хавтаст авагдсан яллах дүгнэлтэд яллагдагч Т.Х-н “Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын коллежийн D********** дугаартай боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ... ашиглаж, Өлгий сумын 6 дугаар цэцэрлэгт 4.691.547 төгрөг, 12 дугаар цэцэрлэгт 120.940.600 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийн 1 дэх хавтасны 83 дахь талд авагдсан Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1208 дугаартай, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт хаяглаж хүргүүлсэн албан бичгийн 1 дүгээр хавсралтаар тус сургуульд суралцаж төгссөн 12 төгсөгчийн мэдээллийг, 2 дугаар хавсралтаар тус сургуульд суралцаж төгсөөгүй 164 иргэний мэдээллийг, 3 дугаар хавсралтаар тус сургуульд суралцаж төгссөн бөгөөд регистрийн дугаар нь алдаатай 20 иргэний мэдээллийг, нийт 196 иргэний мэдээллийг хүргүүлсэн ба уг мэдээллийн 2 дугаар хавсралтад хамаарах, төгссөн гэх мэдээлэл нь  олдоогүй иргэдийн жагсаалтын 23 дахь мөрөнд /хэргийн 1 дэх хавтасны 86 дахь тал/ ********** регистрийн дугаартай, Тогтохын Х-н нэр дээр бүртгэлтэй, “СӨНХ-ийн багш” мэргэжлийн гэх D********** дугаартай бакалаврын диплом нь Монгол Улсын Боловсролын Их Сургуульд өөр хүний буюу Батбаяр овогтой Отгонсүрэнгийн нэр дээр, Цэцэрлэгийн багш, арга зүйч мэргэжлийн бакалаврын дипломын бүртгэлтэй талаарх баримтат мэдээлэл бүхий нөхцөл байдал тогтоогджээ.

 

Уг баримтыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь нотлох баримтаар үнэлэх эсэхийг шийдвэрлэх боломжтойгоос гадна шаардлагатай гэж үзвэл, дээрх эд мөрийн баримтад зурагдсан гарын үсэг болон дарагдсан тамга, тэмдэг хуурамч эсэх нь  хэргийг хянан шийдвэрлэхэд болон хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзвэл энэ талаар шүүхийн шатанд шинжээч томилох боломжтой байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхээр хуульчилсан.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хэрэгжилтийг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж хуульчилсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан хохирол, хор уршигтай холбоотой нөхцөл байдлыг тогтоохоор тодорхой баримтат мэдээллийг цуглуулж, хэрэгт хавсаргасан бөгөөд шүүх эдгээр баримтуудыг мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар үнэлж, дүгнэх бүрэн боломжтой байхад энэ талаар мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж заасныг баримтлан хэргийг прокурорт буцаасныг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн хоёр үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

12. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг удирдлага болгож хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.  

 

12.1. Мөрдөгч, прокурор, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болон бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно” гэж тус тус хуульчилсан. Түүнчлэн мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь давж заалдах шатны шүүхэд эрх олгосон бус, харин үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм.

 

Өөрөөр хэлбэл, давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед дээр дурдсан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчим алдагдсан” зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгүүлэх, эсхүл арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгохыг дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд үүрэг болгосон.

 

12.2. Тиймээс шүүхэд эрх олгосон бус заавал хэрэглэхээр үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг давж заалдах шатны шүүхээс хэрэглэж, анхан шатны шүүхийн шүүгчийн хуульд нийцээгүй захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд бүрэн нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шүүгчийн захирамжийг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болголоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/115 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК