Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 318/ШШ2025/00107

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх би,                                           

            Нэхэмжлэгч: Д.Б-н,

            Хариуцагч: С.Г-д холбогдох,

            8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 28ы өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр С.Г нь надад 1000 боодол өвс өгнө гэж 8,000,000 төгрөг авсан. 2023 оны 12 дугаар сард 1000 боодол өвсөө авч 10,000 төгрөгөөр зарахаар очиход би танд 11,000 төгрөгөөр зараад өгнө гээд өвс өгөөгүй. 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, дахин нэг удаа 1,500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг өгсөн. 2024 оны намар үлдэгдэл мөнгөндөө өвс авахаар очиход өвсөө зарчихсан, мөнгө байхгүй, танд би одоо 10,000,000 төгрөг өгнө гэсэн. Тэгээд сүүлд 2,000,000 төгрөг өгсөн ба одоо үлдэгдэл 8,000,000 төгрөгийг С.Гээс гаргуулж өгнө үү” гэжээ. 

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд Д.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Гэд холбогдох 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянагдаж байгаа. Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч С.Г бид дараах байдлаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгч Д.Б би нэхэмжлэлийн шаардлага болох 8,000,000 төгрөг гаргуулахаас 3,000,000 төгрөгөөс татгалзаж, 5,000,000 төгрөгт цахилгаан генратор авахаар, Хариуцагч С.Г би 5,000,000 төгрөгт 2024 оны 7 дугаар сард худалдан авсан цахилгаан генратор өгөхөөр харилцан тохиролцож байна. Иймд нэхэмжлэгч, хариуцагч бид дахин энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар маргаангүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болно” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлийг заажээ.

            2. Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч С.Г нар нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. Үүнд:

            Нэхэмжлэгч Д.Б 8,000,000 төгрөг гаргуулахаас 3,000,000 төгрөгөөсөө татгалзаж, үлдэх 5,000,000 төгрөгт хариуцагч С.Г цахилгаан генратор өгөхөөр,       

            3. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.                                     

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зйүлийн 56.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө” гэж заасан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Д.Бийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,950 төгрөгөөс 74,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 74,475 төгрөг, хариуцагч С.Гээс 47,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Бэд олгох нь зүйтэй байна.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:  

            1. Нэхэмжлэгч Д.Б нь 8,000,000 төгрөг гаргуулахаас 3,000,000 төгрөгөөсөө татгалзаж, 5,000,000 төгрөгт хариуцагч С.Гээс цахилгаан генратор авахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,950 төгрөгөөс 74,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 74,475 төгрөг, С.Гээс 47,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Бэд олгосугай.                                                 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.8 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.             

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.              

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ГАНСҮХ