Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00190

 

      А.Үгийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/03222 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Үгийн хариуцагч НЛ ХХК-д холбогдуулан гаргасан 4 907 107 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: А.Ү нь НЛ ХХК-тай 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 10 000 000 төгрөгийн  зээлийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, үүргийн гүйцэтгэлд 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол улсад орж ирсэн 08-27 УБЗ улсын дугаартай тоёота приус 30 загварын автомашиныг барьцаалсан. 4 747 700 төгрөг төлөөд үлдэгдэл 10 000 000  төгрөгийг НЛ ХХК-аас зээлдэн авч фидуцийн гэрээ байгуулсан. Автомашиныг нийт 14 747 700 төгрөгөөр худалдаж авсан. Гэрээний үүрэгт 2019 оны 10 дугаар сар хүртэл 15 574 700 төгрөг НЛ ХХК-д төлсөн. Ар гэрт гачигдал гарсан мөн дэлхий нийтэд ковид цар тахал өвчин тархсан учраас зээлээ 2019 оны 11 дүгээр сараас хойш хугацаанд нь төлж чадаагүй. НЛ ХХК-аас 2020 оны 2 дугаар сард автомашины зээлээ хугацаанд нь төлөөгүй гэж хурааж авсан. Хариуцагч НЛ ХХК-ийн салбарын захиралтай уулзахад 2020 оны 4 дүгээр сард багтааж хугацаа хэтэрсэн төлбөрөө төлж хэвийн графикийн дагуу зээлээ төлөхийг шаардсан бөгөөд үүнээс хойш хугацаа хэтэрсэн зээлээ төлөөгүй тохиолдолд фидуцийн гэрээний дагуу барьцаалсан автомашиныг худалдан борлуулна гэж хэлсэн. Гэвч хугацаа хэтэрсэн зээлийг төлж чадаагүй. 2020 оны 7 дугаар сарын эхээр салбарын захиралтай утсаар холбогдож наадмын дараа зээлийн үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөөд автомашинаа авна гэж хэлсэн. 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн автомашиныг бусдад худалдагдсан гэдгийг мэдээд салбарын захиралтай уулзахад автомашиныг зээлийн үлдэгдэл төлбөр болох 9 000 000 төгрөгт тооцож бусдад худалдсан, ингэхдээ өөр хүнд зээл олгох замаар худалдсан гэж хэлсэн. 9 000 000 төгрөгийн задаргааг асуухад “үндсэн зээл 5 566 217 төгрөг, үндсэн хүү 1 724 230 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 709 295 төгрөг болсон” гэж хэлсэн. Автомашиныг 9 000 000 төгрөгөөр худалдсаныг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн ханш 12 000 000-13 000 000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Машинаа эд хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлнэ гэхэд машиныг бусдад худалдсан учир үнэлгээ хийлгэх боломжгүй гэсэн.  

2019 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаандаа хүүгээ төлж байсан. 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 1 272 015 төгрөг болно. Гэтэл хариуцагч үндсэн хүүг 1 724 230 төгрөг гэж 452 215 төгрөг нэмж тооцсон байна.  Мөн үндсэн хүү 1 272 015 төгрөгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцоход 254 403 төгрөг болж байгаа. Гэтэл нэмэгдүүлсэн хүүнд үндэслэлгүйгээр 1 454 892 төгрөг нэмж бодож авсан. НЛ ХХК-аас энэ талаар асуухад хэлж өгөөгүй. 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан фидуцийн гэрээний 3.1.2-т тухайн машины түргэн борлогдох үнийг 12 000 000 төгрөг гэж тогтоосон. Гэрээний дагуу түргэн борлогдох үнээр борлуулсаны дараа зээлийн төлбөрөөс илүү гарсан төлбөрийг зээлдэгчид олгох үүрэгтэй. Гэтэл уг үүргээ зөрчсөн. НЛ ХХК нь автомашиныг бусдад худалдан борлуулахдаа зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 452 215 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 454 892 төгрөг, нийт 1 907 107 төгрөг илүү тооцож авсан. Үүнийг машиныг худалдан борлуулсан зээлийн үлдэгдэл төлбөр болох 9 000 000 төгрөгөөс хасахад 7 092 893 төгрөг болно. Фидуцийн гэрээнд заасан машины түргэн борлогдох 12 000 000 төгрөгөөс хасч тооцоход 4 907 107 төгрөг үндэслэлгүйгээр илүү авсан. Иймд НЛ ХХК-аас 4 907 107 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Ү нь 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч компанитай 404200324 тоот зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг автомашины лизингийн зориулалтаар сарын 2.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь гэрээний эргэн төлөлтийн хувиарийг зөрчиж 2019 оны 11 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүй бөгөөд эргэн төлөлт 90 хоногоор хэтэрсэн тул зээлийн гэрээний 2.17, 2.17.1-т тус тус заасны дагуу 08-27 УБЗ улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашиныг зогсоолд байршуулан зээл төлөх хугацаа олгосон. Зээлдэгч үүнийг зөвшөөрсөн бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид 2020 оны 4 дүгээр сард багтаан зээлээ төлж хэвийн болгох, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээл хаалгахыг зөвшөөрсөн өргөдөл бичиж өгсөн. Хариуцагчийн зүгээс гэрээ болон хуульд заасан ажиллагааг хийсэн, хууль зөрчсөн зүйлгүй. Фидуцийн гэрээний 3.2.2-т барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан орлогоор зээлийн төлбөрийг төлүүлнэ. 4.2.10-т зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааг үл маргах журмаар үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэх өгөхийг зөвшөөрнө гэж заасан. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгөө бодитойгоор хүлээн авсан тул гэрээг дуусгавар болгосон гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх заалтыг баримтлан хариуцагч НЛ ХХК-аас 4 907 107 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Үгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 93 500 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлжээ.

 Нэхэмжлэгч А.Үгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нотлох баримт дутуу байхад хэргийг хянан шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2020/14344 дүгээр шүүгчийн захирамжаар А.Ү, Нэткапитал лизинг ХХК-ийн байгуулсан 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний хүү алдангийг хэрхэн тооцсон талаарх тооцооллыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгчээс уг баримтыг гаргаж өгөөгүй, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдаан хийж шийдвэрээ гаргасан. 2019 оны 10 дугаар сар хүртэл зээлийн гэрээний дагуу 15 574 700 төгрөг нэхэмжлэгчид төлсөн. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсгийг зөрчсөн. Мөн шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Уг автомашиныг тухайн үед 14 747 700 төгрөгөөр худалдаж авсан. Үүний 4 747 700 төгрөгийг нэхэмжлэгч гаргаж үлдэгдэл төлбөр 10 000 000 төгрөгийг хариуцагчаас зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд худалдаж авсан автомашинаа барьцаалсан. Ар гэрт гачигдал гарсан мөн ковид цар тахал тархсан тул зээлээ төлж чадаагүй. Хариуцагч нь 2020 оны 2 дугаар сард машиныг хурааж авсан. Тухайн үед зээлийн төлбөрийг хойшлуулах талаар захирал, эдийн засагчид удаа дараа хандаж байсан. Хариуцагч 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр надад хэлэлгүй автомашиныг худалдсан байсан. Зээлийн хүү 452 215 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 454 892 төгрөг, нийт 1 907 107 төгрөгийг илүү тооцож авсан. Машиныг бусдад худалдах гэж байгаа бол үнэлгээ хийлгэж үүргийн гүйцэтгэлээс илүү гарсан төлбөрийг нэхэмжлэгчид өгөх ёстой байсан. Гэтэл шүүх хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлтийг хүлээж аваагүй хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулж авсан нь үүргийн гүйцэтгэл хангуулахаар заасан үнийн дүнг давсан эсэхийг тогтоох шаардлагатай байсан. Хариуцагч нь 2020 оны 8 дугаар сарын 04-ний өлөр 08-27 УБЗ дугаартай автомашиныг бусдад 9 000 000 төгрөгөөр худалдаж, зээлийн үлдэгдэл хүү, нэмэгдүүлсэн хүү 9 130 000 төгрөг байхад илүү үнээр худалдаж 770 000 төгрөгийг завшсан баримтыг шүүх шинжлэн судлаагүй. Мөн хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Шүүх хэргийн материалыг нэхэмжлэгчид танилцуулаагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2-т заасан эрхийг хязгаарласан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.Ү нь хариуцагч НЛ ХХК-д холбогдуулан 4 907 107 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ үндэслэлгүйгээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж тооцож авсан. Автомашиныг худалдахдаа үнэлгээ хийлгэж үүргийн гүйцэтгэлээс илүү гарсан төлбөрийг нэхэмжлэгчид өгөх ёстой байсан” гэж тайлбарлаж байна.

Талууд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр автомашин худалдаж авах зориулалтаар 10 000 000 төгрөг, сарын 2,90 хувийн хүүтэй, 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зээлдэн авах тухай зээлийн, үүргийн гүйцэтгэлд Тоёота приус 30 маркийн ......... улсын дугаартай автомашин барьцаалах тухай фидуцийн гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 10 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгчээ. /хх3-8/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн  гэрээ байгуулагдсан байх ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

Шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон, үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

Дээрх хуулийн зүйл хэсэгт “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний үүрэгт нийт 16 271 707 төгрөг төлөхөөс 13 504 225 төгрөг төлж, үүргийн зөрчил 2019 оны 11 дүгээр сараас үүссэн, хариуцагч 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр маргаан бүхий автомашиныг Д.Төрмөнхөд 9 900 000 төгрөгөөр худалдсан нь хэрэгт авагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээ, зээл хүү тооцооллын хүснэгт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх47-48/

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн зээл хүүгийн тооцооллоос үзэхэд нэхэмжлэгч нь нийт 13 504 225 төгрөг төлсөн байх ба автомашиныг хариуцагч хураан авч бусдад худалдсан өдрийн байдлаар 8 999 730 төгрөгийн төлбөрийн үүрэгтэй байсан байна. Хариуцагч 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 8 999 744 төгрөг “А.Ү зээл төлөв” гэх утгаар нэхэмжлэгчийн зээлийн дансанд шилжүүлж гэрээний үүргийг дуусгавар болгосон байна. /хх8, 48/

Зохигчид фидуцийн гэрээний 2.2-т суудлын автомашины үнийг түргэн борлогдох үнээр буюу 12 000 000 төгрөг гэж тохиролцжээ. Уг үнэлгээ нь зах зээлийн бодит үнэ биш, талууд зах зээлийн үнээс бага, богино хугацаанд худалдан борлуулах үнээр автомашины үнэлгээг тогтоосон байна. Мөн гэрээний 3.1.2-т “үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү төлөх хугацааг 30-аас дээш хоногоор хоцроосон тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч барьцаалсан хөрөнгийг үл маргах журмаар гэрээгээр тохиролцсон түргэн борлогдох үнээр худалдаж хохирлоо гаргуулан авна” гэж заасан байхад автомашиныг энэ үнэлгээнээс бага дүнгээр худалдсан нь үндэслэл муутай болжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй. /хх7/

Иймд автомашины түргэн борлогдох үнэ 12 000 000 төгрөгөөс нэхэмжлэгчээс төлөгдөх 8 999 730 төгрөгийг хасч үлдэх 3 000 270 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар давж заалдах шатны шүүх тогтов.

Нэхэмжлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг илүү тооцож авсан талаарх өөрийн тооцоолол, үндэслэлийг хэрэгт гаргаагүй. Мөн шинжээч томилуулж автомашины үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх “хэрэгт ач холбогдолгүй” гэх үндэслэлээр хангахаас татгалзсан нь буруу биш, талууд гэрээгээр автомашиныг худалдах үнэлгээг тохиролцон тогтоосон байна. Шүүх хариуцагчид 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хэргийн материал танилцуулсан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/03222 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч НЛ ХХК-аас 3 000 270 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч А.Үд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 906 837 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтад “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 62 954 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 464 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                                    

   

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ш.ОЮУНХАНД

 

     ШҮҮГЧИД                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                        А.МӨНХЗУЛ