| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 2113001050048 |
| Дугаар | 2023/ДШМ/17 |
| Огноо | 2023-05-26 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2023/ДШМ/17
Ч.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ч.Б-, Б.А-, А.Б-, М.Э- нарт холбогдох эрүүгийн 2113001050048 дугаартай, 5 хавтастай хэргийг шүүгдэгч Ч.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Ч.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакен, Х.Зулхаш, Я.Баярсайхан /цахим сүлжээгээр/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн, **настай, эрэгтэй, **** боловсролтой, *** мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл ** хүнтэй, ***** хамт ***** тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээс ял шийтгүүлж байгаагүй, Ж ургийн овогт Ч-ын Б-, РД:**********,
2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл ** хүнтэй, **** хамт ********тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээс ял шийтгүүлж байгаагүй, Х ургийн овогт Б-ын А-, РД:**********,
3. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн, **настай, эрэгтэй, *** боловсролтой, **** мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ****** ажилтай, ам бүл *** хүнтэй, ***** хамт ****** тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээс ял шийтгүүлж байгаагүй, Ж ургийн овогт А-н Б-, РД:********,
4. Монгол Улсын иргэн, яс үндэс ******, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, ***** мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл ** хүнтэй, **** хамт ****** тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээс ял шийтгүүлж байгаагүй, Ж ургийн овогт М-ийн Э-, РД:**********
.
5. Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар:
5.1.Шүүгдэгч Ч.Б- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Ш” ХХК-д акт, шаардлага хүргүүлээгүй байхад "Ш” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай албан бичгийг хүргүүлж, улмаар тус компаниас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар 9.950.000 төгрөгийг шилжүүлснийг “Р” ХХК-ний *********** дугаарын данс руу 2019 оны 12 сарын 25-ны өдөр “нөхөн сэргээлт” гэсэн утгаар шилжүүлж, тус компанийн дэд захирал А.Б-ээр бэлнээр гаргуулж, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын мэргэжилтэн Б.А-ээр дамжуулан авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон,
5.2. Шүүгдэгч Б.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-ыг “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Ш” ХХК-д акт, шаардлага хүргүүлээгүй байхад тус компанид 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай газрын нөхөн төлбөр төлүүлэх тухай албан бичиг хүргүүлж, улмаар “Ш” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар 9.950.000 төгрөгийг шилжүүлж авсан” гэх гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн данснаас “Р” ХХК-ний *********** дугаарын данс руу 2019 оны 12 сарын 25-ны өдөр “нөхөн сэргээлт” гэсэн утгаар шилжүүлсэн 9.950.000 төгрөгийг уг компанийн данснаас бэлнээр гаргуулан авч, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-д хүргэж өгөх байдлаар дэмжлэг үзүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хамжигчаар оролцсон,
5.3. Шүүгдэгч А.Б- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-ыг"... албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Ш” ХХК-д акт, шаардлага хүргүүлээгүй байхад тус компанид 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай газрын нөхөн төлбөр төлүүлэх тухай албан бичиг хүргүүлж, улмаар “Ш” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар 9.950.000 төгрөгийг шилжүүлж авсан” гэх гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, “Ш ХХК-ны эзэмшил газарт нөхөн сэргээлт хийх тухай гэрээ, нөхөн сэргээлт хийхэд гарах зардлын төсөв, ажлын гүйцэтгэлийн тайлан гэх баримт бичгийг хуурамчаар үйлдэж, өөрийнхөө үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг “Р” ХХК-ний *********** дугаарын дансанд 2019 оны 12 сарын 25-ны өдөр “нөхөн сэргээлт” гэсэн утгаар шилжүүлсэн 9.950.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Б-д бэлнээр гаргаж өгч, дэмжлэг үзүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хамжигчаар оролцсон,
5.4. Шүүгдэгч М.Э- нь “Ш” ХХК-нд инженерээр ажиллахдаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай, шүүгдэгч Ч.Б- нь “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Ш” ХХК-нд акт, шаардлага хүргүүлээгүй байхад тус компанид 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай газрын нөхөн төлбөр төлүүлэх тухай албан бичиг хүргүүлж, уг компаниас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар шилжүүлж авсан 9.950.000 төгрөгийг “Р” ХХК-ний *********** дугаарын данс руу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “нөхөн сэргээлт” гэсэн утгаар дахин шилжүүлж, бэлнээр гаргуулан авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон” гэх гэмт хэрэг үйлдэхийг санаачлах байдлаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
6. Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 49/а дугаар яллах дүгнэлтээр Ч.Б-, Б.А-, А.Б-, М.Э- нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
7. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолоор:
7.1. Шүүгдэгч Ж ургийн овогт Ч-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Х ургийн овогт Б-ын А-, Ж ургийн овогт А-ын Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт буруутайд,
шүүгдэгч Ж ургийн овогт М-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцож үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож,
7.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 (долоон сая) төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-эд нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр, шүүгдэгч А.Б-эд нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ад нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 (долоон сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,
7.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр, шүүгдэгч Б.А-эд оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр, шүүгдэгч А.Б-эд оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр, М.Э-ад оногдуулсан 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тус 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
7.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ч.Б-, Б.А-, А.Б-, М.Э- нарт тус тус сануулж,
7.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-, М.Э- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, шүүгдэгч Б.А-, А.Б- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг тус тус торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,
7.6. Шүүгдэгч Ч.Б-, Б.А-, А.Б-, М.Э- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
7.7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримлан, шүүгдэгч Ч.Б-аас 2,975,000 (хоёр сая есөн зуун далан таван мянга ) төгрөг гаргуулан хохирогч Ш ХХК-нд олгож,
7.8. 2113001050048 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд, зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Э- 2,975,000 төгрөгийн, шүүгдэгч Б.А- 3,000,000 төгрөгийн, шүүгдэгч А.Б- 1,000,000 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг тус тус дурдаж,
7.9. Эрүүгийн хэрэгт шүүгдэгч Б.А-ийн эзэмшлийн **** БӨТ улсын дугаартай УАЗ-31512 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 9 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Б-ы эзэмшлийн **** БӨҮ улсын дугаартай “Тоёота хайлукс” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
8. Шүүгдэгч Ч.Б-ы давж заалдах гомдлын агуулга:
8.1. Шүүгдэгч Ч.Б- миний бие Өлгий сумын ЗДТГ-ын албан тушаалд ажиллаж байхад тус Өлгий сумын ЗДТГ-ын ажилтан, Газрын даамлын мэргэжилтэн Б.А- надад орж ирээд албан тушаалаар харьцаж ““Ш” ХХК нь ШТС барих зориулалтаар албан газрыг томсгож, нэмж 2100 м.кв газрыг эзэмшилд авсан боловч, газрын үнэ өртгийг төлөхгүй өдий хүрлээ. Энэхүү газрын төлбөрийг төлөх гэтэл Өлгий сумын ЗДТГ-аас нэхэмжлэлийн хэлбэртэй албан бичиг явуул гэж байна” гэж хэлээд “Ш” ХХК-ны эрх бүхий албан тушаалтан утсаар ярь гэж хэлээд надад утас залгаж өгсөн. Миний утсаар ярьсан хүн одоогийн шүүгдэгч Э- байсан ба Э- гуай утсаар хэлж байгаад тухайн гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл болж буй “албан бичгийг өөрийн санаанд тохируулан” бичүүлж авсан. Дараа нь А- нь тухайн мөнгийг “Ш” ХХК нь шилжүүлж өгөх болсон гэж хэлээд бичиг баримтын бүрдүүлбэр хангуулах үүднээс “нөхөн сэргээлт хийх хуулийн этгээдтэй гэрээ байгуулах ёстой” гэж хэлэхээр урьд нь нөхөн сэргээлт хийлгэж байсан, ажил төрлийн холбоотой “Р” ХХК-ны эрх бүхий албан тушаалтан Б-ээр дамжуулан “нөхөн сэргээлтийн гэрээ” хийлгэж, “Ш” ХХК-аас шилжиж ирсэн 9,000,000 /есөн сая/ төгрөгийг уг компанийн дансанд шилжүүлж өгсөн. Шүүгдэгч Ч.Б- надад “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох” гэсэн ямар нэгэн санаа зорилго байгаагүй, уг мөнгөнөөс нэг ч төгрөг хувьдаа ашиглаагүй, зөвхөн төрийн албан хаагч Б.А-, “Ш” ХХК-ны эрх бүхий албан тушаалтан Э- нарт итгэсний улмаас уг хэрэгт холбогдож байна. Энэ хэрэгт холбоотой мэдүүлэг, хүсэлт, гомдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад дэлгэрэнгүй ярьсан тул та бүхэн судална гэдэгт итгэж байна.
8.2. Тухайн хэргийг зохион байгуулж, урьдчилан тохиролцож Өлгий сумын ЗДТГ-ын дарга Ч.Б- миний албан тушаалын байдлыг овжин ашиглаж, гэмт хэрэгт түлхэж анх санаачлан зохион байгуулсан “Ш” ХХК-ны шилжүүлсэн 9,000,000 төгрөгийг шүүгдэгч Б-ээс гардан авч завшсан шүүгдэгч А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан “хамжигч”-аар оролцсон гэж хөнгөрүүлэн ял шийтгэсэн нь хэргийн бодит байдалд тохирохгүй байна.
8.3. Шүүгдэгч Ч.Б- миний бие гэмт хэргийн улмаас учирсан 9,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй бөгөөд бүх мөнгийг А- авч хувьдаа завшсан болох нь нотлох баримтаар батлагдсан, мөнгөний бүгдийг А-т олгосныг Б- баталсан, А- өөрөө зөвшөөрсөн байхад Б- надаар 2,975,000 төгрөг төлүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж гомдол гаргаж байна.
8.4. Шүүгдэгч Ч.Б- надад “Ш” ХХК нь Өлгий сумын нутаг дэвсгэрээс газар эзэмшсэн эсэх, нэмж газар олгосон эсэх, газрын төлбөр эсвэл газрын үнэ өртгийг төлөх эсэхийг огт мэдэхгүй, газар эзэмшихтэй холбоотой асуудал миний чиг үүрэгт огт хамааралгүй. Ч.Б- надад гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, сэдэлт байхгүй, бусдын ятгалгад орж энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл нөхцөл байдлыг буруугаар ойлгож, газрын албаны ажилтанд тусалж байна хэмээн бодож буруутай үйлдэл хийсэнд гэмшиж байна.
8.5. Ч.Б- миний бие шүүхэд болон мөрдөн байцаалтад шүүгдэгч Э-ын үйлдсэн гэмт хэргийг илчилж өгсөн. Миний илчилснээр Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь илчлэгдсэн.
8.6. “Ш” ХХК нь өөртөө хууль бусаар газар эзэмшсэний төлбөр болгож А-т нөхөн сэргээлт хийлгэсний төлбөр болгож 9 сая төгрөг олгосныг хохирол хэмээн үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
8.7. Иймд шүүгдэгч Ч.Б- надад оногдуулсан торгуулийн ял болон нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг багасгаж, 2,975,000 төгрөгийн хохирлыг хасаж өгнө үү.
9. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:
9.1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина би шүүгдэгч Я.Б-, Б.А-, А.Б-, М.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Б-ы давж заалдах гомдлын дагуу оролцож дараах тайлбар дүгнэлтийг гаргаж байна.
9.2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тодорхойлох нь хэсгийн 5.4, 5.5 дахь хэсэгт шүүгдэгч нараас хохирлыг хувь тэнцүүлэн гаргасан үндэслэлийг тодорхой тайлбарласан. Шүүгдэгч Б.Б- 1 сая төгрөгийг, шүүгдэгч Б.А- 3 сая төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрсөн тул хохирлын үлдэх хэсгийг шүүгдэгч Ч.Б-, М.Э- нараас хувь тэнцүүлэн гаргасан нь үндэслэлтэй болсон. Шүүгдэгч Ч.Б- нь өөрт нь оногдуулсан ялын хэмжээг багасгахыг давж заалдах гомдолдоо хүссэн боловч тухайн гэмт хэргийг гүйцэтгэсэн хүн Ч.Б- болох нь нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон.
9.3. Шүүгдэгч Ч.Б- нь албан бичиг үйлдэж явуулж, “Р” ХХК-ийн захирал А.Б-ийг дуудан ирүүлж түүний компаниар газрын нөхөн сэргэлт хийлгэсэн мэтээр тохиролцож энэ гэмт хэргийг гүйцэтгэсэн. Харин шүүгдэгч Б.А- нь энэ гэмт хэрэгт хамжигчаар оролцсон. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан ял нь гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэгт оролцсон байдал, шүүгдэгчийн хувийн байдалд бүрэн тохирсон гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн тайлбар дүгнэлттэй байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
10. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Б-ы гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хэвээр нь үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
12. Шүүгдэгч Ч.Б- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Ш” ХХК-д акт, шаардлага хүргүүлээгүй байхад "Ш” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай албан бичгийг хүргүүлж, улмаар тус компаниас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар 9.950.000 төгрөгийг шилжүүлснийг “Р” ХХК-ний *********** дугаарын данс руу 2019 оны 12 сарын 25-ны өдөр “нөхөн сэргээлт” гэсэн утгаар шилжүүлж, тус компанийн дэд захирал А.Б-ээр бэлнээр гаргуулж, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын мэргэжилтэн Б.А-ээр дамжуулан авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон;
- шүүгдэгч Б.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-ыг “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Ш” ХХК-д акт, шаардлага хүргүүлээгүй байхад тус компанид 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай газрын нөхөн төлбөр төлүүлэх тухай албан бичиг хүргүүлж, улмаар “Ш” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар 9.950.000 төгрөгийг шилжүүлж авсан” гэх гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн данснаас “Р” ХХК-ний *********** дугаарын данс руу 2019 оны 12 сарын 25-ны өдөр “нөхөн сэргээлт” гэсэн утгаар шилжүүлсэн 9.950.000 төгрөгийг уг компанийн данснаас бэлнээр гаргуулан авч, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-д хүргэж өгөх байдлаар дэмжлэг үзүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хамжигчаар оролцсон;
- шүүгдэгч А.Б- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-ыг"... албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Ш” ХХК-д акт, шаардлага хүргүүлээгүй байхад тус компанид 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай газрын нөхөн төлбөр төлүүлэх тухай албан бичиг хүргүүлж, улмаар “Ш” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар 9.950.000 төгрөгийг шилжүүлж авсан” гэх гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, “Ш ХХК-ны эзэмшил газарт нөхөн сэргээлт хийх тухай гэрээ, нөхөн сэргээлт хийхэд гарах зардлын төсөв, ажлын гүйцэтгэлийн тайлан гэх баримт бичгийг хуурамчаар үйлдэж, өөрийнхөө үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг “Р” ХХК-ний *********** дугаарын дансанд 2019 оны 12 сарын 25-ны өдөр “нөхөн сэргээлт” гэсэн утгаар шилжүүлсэн 9.950.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Б-д бэлнээр гаргаж өгч, дэмжлэг үзүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хамжигчаар оролцсон;
- шүүгдэгч М.Э- нь “Ш” ХХК-нд инженерээр ажиллахдаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай, шүүгдэгч Ч.Б- нь “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Ш” ХХК-нд акт, шаардлага хүргүүлээгүй байхад тус компанид 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай газрын нөхөн төлбөр төлүүлэх тухай албан бичиг хүргүүлж, уг компаниас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар шилжүүлж авсан 9.950.000 төгрөгийг “Р” ХХК-ний *********** дугаарын данс руу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “нөхөн сэргээлт” гэсэн утгаар дахин шилжүүлж, бэлнээр гаргуулан авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон” гэх гэмт хэрэг үйлдэхийг санаачлах байдлаар хамтран оролцсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн нь:
1. “Шунхлай” шатахуун түгээх станцын эзэмшлийн гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 10-12 дахь тал),
2. Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын 2019 оны баримт материалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 13-34 дэх тал),
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Шинээр нэмж олгогдсон газрын төлбөр төлөгдөөгүй байна, ажил хийгдэж нэмж сунгагдсан газрын төлбөр аудитын актаар тогтоогдсон учраас газрын нөхөн төлбөрийг төлнө үү” гэсэн утгатай албан бичиг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн. Албан тоотод бичсэнээр бол шинээр сунгагдсан газрын төлбөр нь төлөгдөөгүй байсан учраас нөхөн төлүүлэх акт гарсан гэж ойлгосон. Манай компанийн зүгээс манай эзэмшлийн газрын төлбөр нь төлөгдөөгүй учраас ийм албан бичиг ирж байна гэж ойлгоод уг мөнгийг тухайн албан бичигт дурдсан төрийн сангийн данс руу “Ш” ХХК-ний өөрийн данснаас шилжүүлсэн байгаа. Төлөх ёсгүй байсан уг 9.950.000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах, хохирлоо барагдуулах хүсэлттэй байна” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 63-64 дэх тал),
4. Гэрч Х.Д-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б-тай холбоотой асуудлаар гомдол гаргасан юм. ...Ч.Б- нь Өлгий сумын нутаг дэвсгэрт орших эзэнгүй газраас иргэд хайрга олборлож газрыг нь сэндийлэгдэж орхисон тул нөхөн сэргээлт хийнэ гэж 21 сая төгрөг гаргуулж авсан. Гэхдээ ямар нэгэн сэндийлэгдсэн газар байхгүй. Зүгээр л хэвийн эрүүл байсан газарт хэвийн бус байсан гэж тайлан гаргаж хийсэн нэрийдлээр мөнгө шилжүүлж авсан. Тухайн үед “Р” ХХК-нийг тэр ажлыг хийсэн гэж зориуд худал материал бүрдүүлсэн байгаа. Тухайн үедээ Ч.Б- нь нөхөн сэргээлт хийлгүүлэх ёстой талбайд нөхөн сэргээлт хийлгүүлээгүй, хувийн өмчийн шатахуун түгээх станцийн орчимд нөхөн сэргээлт хийсэн гэж материал бүрдүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-37 дахь тал),
5. Гэрч М.А-ын “...Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-р багийн нутаг дэвсгэрээс 1970-аад оноос эхлээд хайрга олборлож эхэлсэн газар байдаг юм. Тухайн газраас “Эрчим баян” ХХК, “Жол” ХХК нь бүтээн байгуулалтын ажилд зориулж хайрга олборлосон байсан. Ингээд тухайн 2 компани нь тус газарт нөхөн сэргээлт хийгээгүй байсан тул 2018 оны 11 дүгээр сард хяналт шалгалт хийж улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. Тухайн албан шаардлагын дагуу нөхөн сэргээлт хийлгэж нөхөн сэргээлт хийсэн актыг 2020 оны 01 дүгээр сард манай байгууллагад ирүүлж шалгахад нөхөн сэргээлтийг журмын дагуу хийж гүйцэтгэсэн байсан. Дээрх 2 компани бол барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд бөгөөд тэр компаниуд нь авсан газрынхаа нөхөн сэргээлтийг хийчихэж байгаа юм. Гэтэл тус газарт компаниудаас гадна иргэд мөн тэр газраас хайрга авдаг бөгөөд иргэдийн авсан газрыг нөхөн сэргээх шаардлага гарч тэр талаар Өлгий сумын Засаг даргад албан шаардлага хүргүүлж, түүний дагуу Өлгий сумын Засаг даргын Тамгын газар нь “Р” ХХК-тай 5 сая төгрөгийн гэрээ байгуулж түүний дагуу нөхөн сэргээлт хийж улсын комисст 2019 оны 11 сарын 21-ний өдөр хүлээлгэж өгсөн байдаг.” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал),
6. Гэрч Б.Д-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би “Р” ХХК-ийг 2017 билүү 2018 онд байх байгуулсан. Манай компани сантехникийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би тухайн компанийг байгуулаад аав Б-эд үлдээгээд Солонгос улс руу явсан. Манай аав миний нэрийн өмнөөс компанийг ажиллуулж байсан. Тус компанийн дэд захирлаар ажилладаг. Би энэ талаар мэдэхгүй, манай аав мэднэ. Би 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Солонгос улс руу яваад 2019 оны 02 сарын 11-ний өдөр буцаж ирсэн. Би дээр хэлсэн, миний аав манай компанийг ажиллуулдаг, би өөрөө бол компаниараа ажил хийдэггүй. Би гэрээг харлаа. Энэ ажлыг би хийгээгүй, манай аав хийсэн. Гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал),
7. Гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2015 оноос 2019 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд “Ш” шатахуун түгээх станцын Баян-Өлгий аймгийн салбарт түгээгчээр ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш одоог хүртэл эрхлэгчээр ажиллаж байна. “Ш” шатахуун түгээх станц нь анх 2015 оны 08 дугаар сард Баян-Өлгий аймгийн Өлгий суманд байгуулагдаж байсан. Би анх байгуулагдсанаас хойш ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутагт “Шунхлай” шатахуун түгээх станц тус сумын 13 дугаар багт ганц л байдаг. Өөр Баян-Өлгий аймагт ямар нэгэн салбар байхгүй. Тухайн газар нь “Ш” ХХК-ний эзэмшил газар гэж явдаг бөгөөд 2019 оноос хойш тухайн газарт ямар нэгэн нөхөн сэргээлтийн ажил хийгдсэн тохиолдол байхгүй. “Ш” ХХК нь хувийн компани бөгөөд тухайн газар нь компанийн эзэмшлийн газар байгаа юм...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60-61 дэх тал),
8. Гэрч Д.Н-ийн “...Үндэсний Аудитын газрын нэгдсэн удирдамжийн дагуу 2019 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь газрын тухай хуульд нийцсэн эсэх сэдэвт нийцлийн аудит хийгдэж Өлгий сумын нутагт нийт 5 акт тавигдсан. Тухайн актаар 700.000 төгрөгийн 2 акт, 600.000 төгрөгийн 1 акт, 900.000 төгрөгийн 1 акт, 9.699.000 төгрөгийн 1 акт тус тус тавигдсан. Өөр ямар нэгэн акт тавигдаагүй. Өлгий суманд ийм мөнгөн дүнтэй акт л тавигдсан. Ингээд хамгийн өндөр дүнтэй 9.699.000 төгрөгийн актын хувьд 3 иргэн, аж ахуй нэгжийг нэгтгээд тавьсан акт байгаа юм. Энэ нь дотроо иргэн А-д 843.000 төгрөг, Рысжан ХХК-д 7.310.000 төгрөг, Пазилет энэрлийн санд 1.545.000 төгрөг нийлээд 9.699.000 төгрөгийн акт тавигдсан. 2019 оны шалгалтаар бол 9.950.000 төгрөгний акт тавигдаагүй.” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79- 80 дахь тал),
9. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг ажиллаж байхад буюу 2016-2020 онд ердөө л 2019 онд л Өлгий сумын 4-р багт хайрганы нөхөн сэргээлт хийсэн. Өөр ямар ч газарт нөхөн сэргээлт хийгээгүй. “Шунхлай” шатахуун түгээх станцын дэргэд 2016- 2020 онд ямар ч нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй. Би сумын Засаг дарга гэдэг утгаараа хаана ямар ажил хийж байгааг мэднэ. Тэгээд ч тэр газарт нөхөн сэргээлт хийх шаардлага байхгүй, юунд нь нөхөн сэргээлт хийх юм. ...Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын гарын үсэгтэй байгааг бодоход тэр хүн сайн мэдэж байгаа байх. Би бол ямар нэгэн мөнгө орж ирсэн, гарсныг мэдэхгүй байна. ************** дугаартай данс нь хаанахын данс гэдгийг мэдэхгүй байна. Энэ нь төрийн сангийн данс бол мөнгө гарахдаа 1, 2-р гарын үсэг зурагдаж л гарах учиртай. Өлгий сумын данс бол би гарын үсэг зурна. Хэрэв Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын данс бол Б-ы гарын үсгээр мөнгө нь гарна. Ийм хэмжээний акт, шаардлага ирсэн эсэхийг ч санахгүй байна. “Ш” шатахуун түгээх станцын газарт акт, шаардлага ирснийг санахгүй л байна. Баримт үзвэл тодорхой харагдах байх...” гэсэн мэдүүлэг, (1 дэх хавтаст хэргийн 82-83 дахь тал),
10. Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ нь Үндэсний Аудитын газрын нэгдсэн удирдамжийн дагуу 2019 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд Баян- Өлгий аймгийн нутаг дэвсгэрт иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь газрын тухай хуульд нийцсэн эсэх сэдэвт нийцлийн аудит хийгдэж Өлгий суманд албан тоотоор хүргүүлсэн. Албан тоотын хавсралтаар акт, шаардлагаа хүргүүлж байсан.Тухайн үед нийт 5 акт хүргүүлж байсан. ...2019 оны шалгалтаар бол 9.950.000 төгрөгийн акт тавигдаагүй. Мөн “Ш” ХХК- д ямар нэгэн акт, шаардлага хүргүүлээгүй. Энэ ямар учиртай албан тоот хүргүүлснийг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 85-86 дахь тал),
11. Гэрч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өлгий сумын Засаг даргын Тамгын газар нь ************** тоот дугаарын нэмэлт санхүүжилтийн данстай. Энэ дансанд төсвийн хөрөнгөөс бусад мөнгө төвлөрүүлж, орж ирсэн мөнгийг аймгаас зөвшөөрөл авч гаргадаг. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-ы хүсэлтээр “Р” ХХК-тай байгуулсан гэрээ болон төлбөрийн хүсэлт, цаад компанийн нэхэмжлэх баримтуудын хамт оруулж ирсэн тул мөнгийг гаргах зөвшөөрөлд 2-р гарын үсэг зурж, 1-р гарын үсгийг Б- дарга зураад “Р” ХХК руу 9.950.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 88-89 дэх тал),
12. Шинжээч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Ж.Естай, газар, өмчлөл, газар зохион байгуулалтын төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Өмиржан, газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Т.Баатар нарын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 91-94 дэх тал),
13. Иргэн М.Э-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг “Ш” ХХК-нд шилжүүлэн эзэмшүүлсэн тухай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 106 дугаартай “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамж, мөн “Ш” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг өөрчлөн эзэмшүүлсэн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 118 дугаартай “Газрын хэмжээг өөрчлөн эзэмшүүлэх” тухай захирамжуудын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал),
14. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын ************** тоот данснаас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Р” ХХК-ийн дансанд 9.950.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 2 дахь хавтаст хэргийн 45 дахь тал),
15. “Р” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 146 дахь тал),
16. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын ************** тоот данснаас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Р” ХХК-ийн данс руу 9.950.000 төгрөг шилжүүлсэн талаарх төлбөрийн хүсэлт, “Р” ХХК-ийн 16 дугаартай нэхэмжлэх, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-, “Р” компанийн захирал Б.Д нарын байгуулсан “Ш” ХХК-ийн эзэмшлийн газарт нөхөн сэргээлт хийх гэрээний хуулбар, Нөхөн сэргээлт хийгдсэн ажлын тайлан зэрэг баримт, материалууд (1 дэх хавтаст хэргийн 195-211 дэх тал),
17. Ш ХХК-иас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн Т/1022 дугаартай “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3-р багийн нутагт байрлах Ш ХХК-ийн эзэмшлийн 3400 м.кв шатахуун түгээх станцын зориулалттай газарт нөхөн сэргээлт хийж өгнө үү” гэсэн албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 212 дахь тал),
18. “Р” ХХК-ийн эзэмшлийн *********** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2 дахь хавтаст хэргийн 48 дахь тал),
19. “Ш” ХХК-наас 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 9.950.000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын ************** дугаартай дансанд шилжүүлсэн баримт (3 дахь хавтаст хэргийн 11 дэх тал),
20. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-ы “Ш” ХХК-нд хүргүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3/563 дугаартай “Танай компанийн Өлгий сумын 3-р багт байрлалтай ШТС-ын зориулалтаар эзэмшиж байгаа газарт Өлгий сумын Засаг даргын 2015 оны 5-р сарын 21-ний өрийн захирамжаар 2100 м.кв газрыг нэмж олгосон тул тус газарт төрийн аудитын газраас шалгалт хийгдэж 9950000 төгрөгийн газрын нөхөн төлбөрийн акт бичсэн байна. Иймд уг актын биелэлтийг хангаж 2019 оны 12 дугаар сарын 15-ны дотор Өлгий сумын ЗДТГ-ын /9006222/ ************** тоот дансанд шилжүүлж өгнө үү.” гэсэн албан бичиг, хавсаргасан баримтууд (3 дахь хавтаст хэргийн 13-19 дэх тал),
21. Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны баримт бичигт үзлэг хийсэн тухай “..Явуулсан баримт бичгийн бүртгэл №1 Өлгий сумын ЗДТГ 2019 он гэсэн гарчигтай цагаан өнгийн дэвтэр байлаа. Тус дэвтэрт явсан бичгийн он, сар өдрөөр явуулсан байгууллага, товч утга, хуудасны тоо зэргийг тусгаж бүртгэсэн байх бөгөөд 563 дугаарт 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай албан бичгийг “Ш” ХХК-нд, товч утга хэсэгт “Хүсэлт тавих тухай” хуудасны тоо 0-5 гэж тэмдэглэсэн байна. ...2019 оны ирсэн бичгийн бүртгэл хөтөлсөн 2 дэвтэр байх ба тус дэвтэрт “Ш” ХХК-иас ямар нэгэн албан бичиг ирүүлээгүй байна.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (3 дахь хавтаст хэргийн 81-91 дэх тал),
22. Яллагдагч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сард Ч.Б- өрөөндөө дуудаж уулзаад “та өмнө нь 2 ажлыг сайн хийж гүйцэтгэсэн. Одоо танаар ажил хийлгэхгүй. Гэхдээ та надад нэг гэрээнд гарын үсэг зураад мөнгийг бэлнээр гаргаад өг” гэхээр нь би Хятадаас ачаа тосож авах гээд яарч байсан болохоор гэрээнд нь гарын үсэг зурж өгөөд явсан. Яваад ирсний дараагаар миний компанийн дансанд 9.950.000 төгрөг орж ирсэн. Тэгэхэд удалгүй Ч.Б- залгаад “таны данс руу мөнгө орсон байгаа, та түүнийг гаргаад өг” гэхээр нь би тэр өдөр өгч чадалгүй маргааш нь банкнаас бэлнээр гаргаж аваад өөрийнхөө өрөөнд авч очоод байж байтал Өлгий сумын газрын даамал А- орж ирээд нөгөө мөнгийг авсан. Би “Ш” ХХК-ний газарт ямар ч нөхөн сэргээлт хийгээгүй...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 159-160 дахь тал),
23. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.А-ийн өгсөн “...Э- надтай холбогдож “би Ш ХХК-наас мөнгө шилжүүлнэ. Наанаасаа гаргаж авах боломж байна уу” гэж асуусан. Тэгээд би Б-д тэр талаар хэлсэн. Анх 30-40 сая төгрөг гаргуулна гэж хэлэхэд нь Б-аас асуухад 30-40 сая төгрөг гаргах боломж байхгүй, 10 сая төгрөгөөс доош байвал нэг компанитай гэрээ хийгээд гаргуулж авч болно гэж хэлсэн. Би Б-, Б- нарт мөнгө өгч, өөрөө ч бас авч, үлдсэнийг нь Э-ад өгсөн...” гэх мэдүүлэг тусгагдсан тэмдэглэл (4 дэх хавтаст хэргийн 30-40 дэх тал),
24. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Ч.Б-ы өгсөн “...Газрын төлбөрийн талаар Б.А- сайн мэдэж байгаа. Э- гэх хүн Шунхлай ХХК- нд худалдсан газрыг хэнээс авсан, хэдээр зарсан гэдгийг шалгуулж үзмээр байна...” гэсэн мэдүүлэг тусгагдсан тэмдэглэл (4 дэх хавтаст хэргийн 30-40 дэх тал),
25. Иргэн Б.Ө-ны ХААН банкны *********** дугаартай данснаас 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр М.Э-ын ХААН банкны *********** дугаартай дансанд А-ээс гэх утгатай 1.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4 дэх хавтаст хэргийн 143 дахь тал),
26.Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Ш ХХК-ийн ажилтан Э-тай урьд өмнө нь ажлын шугамаар танилцаж байсан. Тэгтэл 2019 оны өвөл над руу залгаж “чам руу 30-40 сая төгрөг шилжүүлье, ямар нэгэн аргаар гаргах боломж байна уу” гэж ярьсан. Тэгээд би асуугаад үзье гээд Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Б-тай уулзаад Ш ХХК-иас Э- гэдэг хүн ярилаа, 30-40 сая төгрөг гаргаад өгөх боломж байна уу гэж байна” гэсэн.Тэгэхэд Б- дарга “30-40 сая бол арай болохгүй байна. 10 сая төгрөг бол шууд гэрээ байгуулах болохоор гаргаж болох юм байна гэж хэлсэн. Тэгээд Ш ХХК-ийн ажилтан Э-тай Б-ыг яг тэр даруйд яриулсан. Тэгээд хоорондоо яриад 9,950,000 төгрөг шилжүүлэхээр тохирсон. Ингээд нэг өдөр намайг Б- дарга дуудаад Б-ээс очоод аваад ир гэсэн. Би Б-ээс очиж мөнгө бэлнээр авсан. Б-эд 10 %-ийн шимтгэл 1 сая төгрөг өгөөд үлдсэн мөнгийг бэлнээр Б-д 1,300,000 төгрөг өгөөд би өөрөө 1,000,000 төгрөг аваад үлдсэн мөнгийг нь яах бэ гээд Э-аас асуухад тэрээр 1,000,000 төгрөгийг над руу шилжүүлээд үлдсэн мөнгөнд нь каз, коньяк, чихэр аваад явуулчих гэхээр нь би хайрцагт захисан болон үлдсэн мөнгийг нь бэлнээр хайрцаглаад Улаанбаатар хот руу явах гэж байсан автобусны жолоочид мөнгийг нь өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 122 дахь тал),
27. Яллагдагч Ч.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би энэ талаар өмнө нь хэлсэн. Ш ХХК-ийн хүн утсаар ярьж албан бичгийг ингэж бичиж өг гээд бичүүлж авсан. Хэн гэдэг хүн болохыг мэдэхгүй байсан. Одоо бол Э- байсан гэдгийг мэдсэн. Э- ярьсны дагуу би албан тоот бичиж өгсөн. Миний албан бичгийн он, сар, сүүлд байгаа нь ямар учиртай вэ гэхээр нь тухайн үедээ бичээд өг гээд утсаар ярьсны дараа явуулсан юм. Тэгээд сүүлд тэднийх албан бичгээ нөхөж ирүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 124 дэх тал),
28. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/317 дугаартай “Ч.Б-ыг Засаг даргын Тамгын газрын даргаар томилох тухай” захирамжийн хуулбар, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын хуулбар (3 дахь хавтаст хэргийн 180-189 дэх тал),
29. Иргэн М.Э-ын ХААН банкны *********** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (4 дэх хавтаст хэргийн 141 дэх тал),
30. Яллагдагч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөх болсон. Би тухайн үед 1 сая төгрөг авчихсан болохоор хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Би 1 сая төгрөг авсан маань үнэн болохоор би хүлээн зөвшөөрч байна. ...Би Б.А-ээр ааруул, каз, коньяк авхуулдаг байсан. Гэхдээ энэ асуудал гарахаас өмнө буюу 2019 оноос өмнө авхуулж байсан. Хайрцгаар бэлэн мөнгө авч байсан удаа байхгүй. Хэрэв тэр мөнгийг надад өгөх байсан бол дансаар л шилжүүлчих байсан. Надад 1 сая төгрөгийг шилжүүлсэн юм чинь үлдсэн мөнгийг нь ч гэсэн дансаар шилжүүлж болох л байсан....” гэсэн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 22-23 дахь тал) зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.
13. Шүүгдэгч Ч.Б-, Б.А-, А.Б-, М.Э- нарт холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар Ч.Б-, Б.А-, А.Б-, М.Э- нар нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ.
Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгч нарт оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна.
14. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Ч.Б-, Б.А-, А.Б-, М.Э- нар нь бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
Иймд шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-ын Б-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 (долоон сая) төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын А-т нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр, шүүгдэгч А-ын Б-эд нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ийн Э-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 (долоон сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдалд тус тус тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
15. Шүүгдэгч Ч.Б-ы “...шүүгдэгч Ч.Б- надад оногдуулсан торгуулийн ял болон нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг багасгаж, 2,975,000 төгрөгийн хохирлыг хасаж өгнө үү....” гэх гомдлыг хянан үзэхэд: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б-ы үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчилж, дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь гэм буруугийн болон хууль ёсны байх зарчимд нийцжээ. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, түүнд оногдуулсан торгох ял гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн тул шүүгдэгч Ч.Б-ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б-ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Д.КӨБЕШ