| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2018/00020/Э |
| Дугаар | 00021 |
| Огноо | 2018-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 00021
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Хохирогч С.Да нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох 1832000000016 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1960 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найрал дууны удирдаач мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа амьдрах, Улаанбаатар хот Сүнгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 176Б тоотод оршин суух, одоо * тоотод түр оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Мөнгөнхараа дуу бүжгийн чуулгад найрал дууны багш ажилтай байсан, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хар морь овогт Дашдэндэвийн Д. /РД: */
Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шөнийн 22-23 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Ахуй үйлчилгээний № 10 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч С.Датэй маргалдан түүний хэвлийн тус газарт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дын өгсөн…. ... 2018 оны 02 дугаар сарын 01-ний орой 17 цаг 30 минутанд ажил тарчаад гэртээ харьж цай уучаад зурагт хараад амраад сууж байсан юм. Тэгтэл хаалга цохихоор нь онгойлгоход дуучин Мөнхнаран, хөгжимчин Да нар нэг шил 0.33 граммын архи барьчихсан орж ирсэн. Тэгээд тэр архийг нь хувааж уугаад Мөнхнаран, Да нарыг харьж амар гэсэн чинь гараад явсан. Би амрах гээд хэвтэж байтал 22 цаг 30 минутын үед хаалга балбаад байхаар нь хэн бэ яах гээд байгаа юм бэ би амарч байна та нар явцгаа гэхэд явахгүй байсан. Би хаалга онгойлгож өгөөд та нар харьж амар гэсэн чинь Мөнхнаран орж ирчихээд түрүүлээд гараад явсан. Да гарч өгөхгүй болохоор нь би түлхсэн. Тэгтэл Да явахгүй гэж маргаан үүсгэсэн. Тэгэхээр нь би уурандаа хутга аваад айлгаж хөөж гаргах санаатай дүр эсгэх гэж байгаад санаандгүй дүрчихсэн байсан. Энэ үйлдэлдээ маш их харамсаж явдаг гэх мэдүүлэг
Хохирогч С.Дагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:....... 2018 оны 02 дугаар сарын 01-ний шөнө хэвлийн тус газартаа хутгалуулсан. Тухайн үед дуучин Мөнхнаран бид хоёр нэг шил архи аваад Д ахынд очиж уугаад гарсан юм. Тэгээд бид хоёр гарч явж байгаад би Д ахынд хонохоор болоод буцаж очсон юм. Тэгсэн чинь Д ах гэр орондоо харь гэж уурласан чинь Мөнхнаран харихаар явж би үлдсэн. Тэгээд Д ахтай харихгүй гэж маргалдаж байсан чинь хэвлий рүү халуун оргихоор нь харсан чинь хутгалсан байсан. Би түүнд та намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Цус их гараад тогтохгүй байхаар нь Д ах цагдаа дуудсан. Одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 19 ...... Дүгнэлт:
1.Дагийн биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх шарх гэмтэл нь 2018 оны 02 дугаар сарын 01-нд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 16 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 05-07 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 24 дүгээр хуудас/
Д.Дын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 25 дугаар хуудас/
Д.Д нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 28 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шөнийн 22-23 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Ахуй үйлчилгээний № 10 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч С.Датэй маргалдан түүний хэвлийн тус газарт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.Дын хохирогч С.Дагийн хэвлийн тус газарт хутгалсан үйлдэл нь гэртээ харьж амар гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Дын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч С.Да нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20 см урттай, модон иштэй хутгыг устгах, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэргийн газрын үзлэг хийсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хавтаст хэрэгт нь үлдээх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Хар морь овогт Дашдэндэвийн Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Д нь 450000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй, 20 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах М.Мөнхзаяад даалгах, хэргийн газрын үзлэг хийсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.
6. Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН