Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/822

 

 

 

 

      2023           8            15                                           2023/ДШМ/822

 

М.Дт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Хүслэн,  

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/838 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Дын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2306000001326 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Цагаан морь овгийн М.Д, 1984 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын в-9 дүгээр гудамжны 450б тоотод оршин суудаг, /РД:ИЦ84082111/,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ялуудын хөнгөнийг нь хүндэд нь багтааж 5 жил 1 хоногийн хорих ялаар,

Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дт мөнх хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын баривчлах ялын зарим хэсэг болох 1 сар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын зарим хэсэг болох 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 6 жилийн хорих ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил 08 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

М.Д нь 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 58 дугаар байрны 44 тоот хохирогч М.Шолпаны орон сууцны цонхны цоожийг эвдэж, хүн байнга амьдрал орон байранд нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүрээстэй чихрийн таваг, 1 ширхэг жинсэн өмд, 1 ширхэг саарал пүүз, эрэгтэй хар хөх өнгийн богино куртик зэргийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цагаанморь овогт М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дт оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дын нь энэ хэргийн учир цагдан хоригдсон 62 хоногийг түүний эдлэх ял оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Доос нийт 211.950 /хоёр зуун арван нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч М.Шолпанд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч М.Д давж заалдах гомдолдоо: “...Миний бие тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллааны аль ч үед өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Нагац эгч Байгалмаа нь харааны бэрхшээлтэй бөгөөд хүний асрамжид байдаг тул миний хохирлыг төлөх боломжгүй билээ. Надад өөр хамаатан байхгүй тул бусдад учирсан хохирол төлбөрөө өөрийн биеэр ажил хөдөлмөр эрхэлж нөхөн төлөхөө илэрхийлж байна. Мөн өөрийн хийсэн үйлдлээ ухамсарлаж байгаа бөгөөд дээрх байдлуудыг минь харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж багасгаж өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор З.Хүслэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож түүнд 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн зүгээс хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2 жилээс 8 жилийн хугацаагаар хорих ялын санкцитай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно. ...” гэж заасан. Хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч М.Д нь 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 58 дугаар байрны 44 тоот хохирогч М.Шолпаны орон сууцны цонхны цоожийг эвдэж, хүн байнга амьдрал орон байранд нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүрээстэй чихрийн таваг, 1 ширхэг жинсэн өмд, 1 ширхэг саарал пүүз, эрэгтэй хар хөх өнгийн богино куртик зэргийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Шолпаны “...2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 30 минутад гэрээсээ гарч ажилдаа явсан. Ажил дээрээ байхад 17 цаг 30 минутын үед миний 88085802 дугаар руу цагдаагаас залгасан байсан бөгөөд дуудлагыг нь аваагүй. Үүний дараа манай эмэгтэй дүү 99155658 дугаараас над руу залгаж “гэрт чинь хулгай орсон байна” гэхээр нь шууд Цагдаагийн хэлтэс дээр ирээд манай гэрийн гадна тагтны салхивчаар ороод гал тогооны өрөөний вакум хаалганы түгжээг эвдэн гэрт орсныг мэдсэн. Манай гэрийн том өрөөнд байсан 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүрээстэй чихрийн таваг, 1 ширхэг жинсэн өмд, 1 ширхэг саарал пүүз, эрэгтэй хар хөх өнгийн богино куртик гэх зүйлүүд алга болсон байна. Гэрээсээ гарахдаа хаалгаа цоожлоод гарсан. Эд зүйлээ авмаар байна, эвдэрсэн зүйлсээ янзлуулмаар байна, хохирлоо барагдуулмаар байна. ...” /хх 12/,

М.Дын яллагдагчаар өгсөн “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөч байна. ...” /хх 79/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-9/,  хөрөнгө үнэлгээний тайлан /хх 15-17/, эд зүйл түр хүлээн авсан тэмдэглэл /хх 20/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 21, 23/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24-25/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 26-29/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч М.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Дын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, урьд энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж ял шийтгэгдэж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх зааснаар М.Дыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Д “...надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, багасгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасан бөгөөд хавтаст хэргийн материалд авагдсан баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Д нь 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 63 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/838 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ