Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/0916

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.М*******  /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б******* /РД:*******/

Хариуцагч: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц******* /РД:*******/, П.М******* /РД:*******/ нарын хоорондын “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Г*******гийн М*******г үүрэгт, ажил албан тушаалаас нь чөлөөлөх тухай дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”-тай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц*******, П.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Г*******гийн М*******г үүрэгт, ажил албан тушаалаас нь чөлөөлөх тухай дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах”

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд

2.1. Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар тус Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан нэхэмжлэгчийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэж.

2.2. Нэхэмжлэгч Г.М*******г Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр тушаалаар Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын ажил, албан тушаалд томилсон байна.

2.3. Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 01 дүгээр сарын албан даалгавар, Засгийн газрын 2023 оны “2023-2024” оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоол, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01/189 “Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах, биелэлт ирүүлэх тухай”, Хөдөлмөр нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн даргаас 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дүгээр албан бичгийг хариуцагч байгууллагад хүргүүлсэн байна.

2.4. Дээрх албан даалгавар, тогтоол, албан бичгүүдийг үндэслэн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Иын 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн дүгээр тушаалаар Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Г*******гийн М*******г үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

2.5. Нэхэмжлэгчээс энэхүү тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дугаар “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “таныг тус газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмыг зөрчиж, төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, салбар зөвлөлөөс нэр дэвшүүлээгүй байхад томилсон нь Төрийн албан тухай хууль тогтоомж зөрчсөн гэж дүгнэхээр байна. ...гомдолд дурдсан асуудлыг хүлээн авч хянан шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг өгсөн байна.

2.6. Иймд нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Г******* овогтой М******* миний бие Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр тушаалаар Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын ажил, албан тушаалд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тусгай шалгалт зохион байгуулагдах хүртэл хугацаанд томилогдсон бөгөөд тус албан тушаалд ажиллаж байх хугацаандаа төрийн албыг нэр төртэй, хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу хашиж ирсэн. Миний бие анх 2005 оноос Эийн Нийгмийн ажилтан, Баянгол Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Ахлах зохион байгуулагч, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Дэд дарга,

3.2. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга зэрэг албан тушаалуудыг хуульд заасан шатлан дэвших зарчмын дагуу хашиж төрийн албанд тасралтгүйгээр 19 дэх жилдээ ажиллаж байгаа ба энэ хугацаанд Монголын нутгийн удирдлагын холбооны хүндэт үнэмлэх, Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу алтан медаль”, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт үнэмлэх”, Нийслэлийн Баянгол дүүргийн хүндэт тэмдэг, Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хүндэт тэмдэг, Нийслэлийн Засаг даргын хүндэт "Жуух бичиг", Хөдөлмөр нийгмийн, хамгааллын сайдын "Жуух бичиг", Хөдөлмөр нийгмийн, хамгааллын яамны  "Тэргүүний ажилтан" тэмдэг болон бусад шагнал, урамшууллыг авч байсан.

3.3.  Гэтэл Үндэсний их баяр наадмын бүх нийтээр амрах амралтын өмнөх өдөр буюу 2024 оны 07 дугар сарын 09-ний өдрийн 19 цагт манай байгууллагын хүний нөөцөөс намайг намайг ажлаас чөлөөлж байгаа тушаалыг viber-аар явуулсан ба тус тушаалыг гаргахаас өмнө нь надад урьдчилан мэдэгдэж, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй болно. Улмаар миний бие 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Иын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн "Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Г*******гийн М*******г үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлөх тухай" дүгээр тушаалыг гардан авсан.

3.4. Тус тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан зохицуулалтуудыг тус тус үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн, дугаартай албан бичгийг ирүүлсэнтэй холбогдуулан Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г*******гийн М*******г 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлсүгэй гэж шийдвэрлэсэн байна.

3.5. Харин маргаан бүхий тушаалын үндэслэл болсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Агийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай албан бичгээр "Төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг үндэслэл болон тусгай шаардлагыг зөрчиж томилсон албан хаагчдын томилсон үндэслэл, шалтгааныг нягтлах, зөрчлийг арилгах ажлуудыг салбарын хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. Танай байгууллагын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.М*******г Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийг зөрчин томилсон байх тул зөрчил арилгах холбогдох арга хэмжээг авч, эргэн мэдэгдэхийг хүсье” гэсэн агуулга бүхий албан бичгийг манай  байгууллагад хүргүүлсэн ба тус албан бичгийн гол агуулга нь Г.М******* намайг сонгон шалгаруулалт зарлах хүртэлх хугацаанд тухайн албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэх шаардлагыг тавьсан болохоос төрийн албанаас чөлөөлөх шаардлагыг тусгаагүй байгаад анхаарч үзэхийг хүсье.

3.6. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг", 27 дугаар зүйлийн 27.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө", 43 дугаар зүйлийн 43.6-д "Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно" 46 дугаар зүйлийн 46.2-т "Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө", 46.2.1-д "Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон",

3.7. 46.2.2-т "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн", 46.2.3-т "төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн", 46.2.4-д "өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан", 49 дүгээр зүйлийн 49.1-д "Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно", 49.2- т "Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно" 62 дугаар зүйлийн 62.1-д "Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана", 62.1.1-д "энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх" гэж тус тус заажээ.

3.8. Г.М******* намайг Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын ажил, албан тушаалд тусгай шалгалт зохион байгуулагдах хүртэл хугацаанд томилсон ба намайг томилсноос хойших хугацаанд Төрийн албаны зөвлөлөөс уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан хэдий ч өмнөх албан тушаалтан нь шүүхийн маргаантай гэсэн үндэслэлээр тодорхой хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн. Сонгон шалгаруулалт зарлагдаагүй энэхүү нөхцөл байдал нь төрийн жинхэнэ албан хаагч надаас шалтгаалсан үйлдэл биш бөгөөд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн "Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын орлон гүйцэтгэгч Г*******гийн М*******г үүрэгт ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай" дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлгүйгээр намайг албан тушаалаас минь чөлөөлж 19 жил төрд зүтгэсэн зүтгэлийг минь үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна.

3.9. Нөгөөтэйгүүр миний бие нь ажиллаж байх хугацаандаа аливаа зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ажлын гүйцэтгэлийн үр дүнгээр тогтмол сайн үнэлэгдэж байсан, төрийн албанд мэргэшсэн, тогтвортой ажиллаж, чадахуйн зарчимд тулгуурлан шатлан дэвших болзлыг хангаж, уг албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага, үзүүлэлтүүдийг бүрэн хангасан байтал Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэн намайг ажлаас чөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаас Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөх, халах шийдвэр гаргахгүй орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллахыг сайд нарт үүрэг болгосон бөгөөд сонгуулийн үр дүнтэй зэрэгцэн намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж байгаа асуудалд анхаарч өгөхийг хүсье.

3.10. Иймд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн "Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Г*******гийн М*******г үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлөх тухай" дүгээр тушаалыг хүчингүй болгож, Г.М******* намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, уг тушаал гарснаас хойших цалин хөлстэй тэнцэх олговор болон нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, төрийн жинхэнэ албан хаагч миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү.” гэжээ.

Дөрөв. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

4.1. “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/113 дугаар тушаалаар Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байсан Г.Саранхүү нь ажил, албан тушаалаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн нь гэх асуудлаар Төрийн албан зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж хэрэг хянан хэлэлцэгдэж байсан. Энэ хугацаанд буюу агентлагийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр тушаалаар Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.М*******г Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргаар (эрхэлсэн түшмэлийн албан тушаал)-д тусгай шалгалт зарлагдах хүртэлх хугацаанд түр томилсон байна.

4.2. Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15 дахь заалтад "төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийхийг хориглоно" гэж заасны дагуу Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалаас Г.Саранхүүг чөлөөлсөнтэй холбоотой гомдол маргааныг эцэслэн шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаанд уг ажлын байранд томилгоо хийхгүй байх зохицуулалттайг анхаарах тухай 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01/2396 дугаартай Мэдэгдлийг манайд ирүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар, Засгийн газрын 2023 оны "2023-2024" оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай" 49 дүгээр тогтоолоор "5Ш" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагийн дарга, Засаг даргын тамгын газрын дарга, төсвийн байгууллагын дарга, төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дарга нарт чиглэл хүргүүлсэн.

4.3. Үүний хүрээнд "Шүүр" ажиллагааны хүрээнд зөрчлийг илрүүлэх, арилгах, хэрэгжилтийг хангаж тайлан мэдээллийг ирүүлэх чиглэлээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичиг, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/189 дугаартай албан бичиг, "Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах, биелэлт ирүүлэх тухай", мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай "Албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах тухай" албан бичиг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр" Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.М******* Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийг зөрчин томилсон байх тул зөрчил арилган, эргэн мэдэгдэх тухай" дугаартай албан бичгийг тус тус ирүүлсэн.

4.4. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн "Шүүр" ажиллагааны хүрээнд Г.М*******г Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргаар томилсон нь хууль бус болохыг илрүүлсэн бөгөөд хууль зөрчин томилогдсон албан тушаалтныг чөлөөлж, зөрчлийг арилгах талаар албан бичиг, чиглэлийг удаа дараа ирүүлсэн. Мөн Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.М*******г томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмыг зөрчсөн, төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, тухайн албан тушаалд томилохтой холбоотой Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлээгүй байхад хууль бусаар тухайн албан тушаалд томилсон байна. Агентлагийн дарга нь Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэг, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 дахь хэсэгт заасны дагуу хууль зөрчин томилогдсон төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, зөрчлийг арилгах хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахтай холбоотой эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

4.5. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.М*******д дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөхтэй холбоотой мэдэгдлийг 2024 оны 05 дугаар сарын 03, 20-ны өдрүүдэд тус тус хүргүүлж, сонсох ажиллагааг явуулж, түүний тайлбар, саналыг сонсож, тэмдэглэл үйлдэж, агентлагийн даргын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр тушаалаар ажлаас нь чөлөөлсөн.

4.6. Иймд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр тушаалаар тус газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.М*******г үүрэгт, ажил албан тушаалаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасныг үндэслэн Г.М*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Нэхэмжлэгч Г.М*******гаас Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргад холбогдуулан  гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...Төрийн албаны хуулиар хамгаалагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлүүлээгүй, тухайн албан тушаалд тавих шаардлагыг бүрэн хангасан байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн” гэж, хариуцагчаас “...хууль зөрчиж томилогдсон албан тушаалтныг чөлөөлөх албан шаардлагууд удаа дараа ирсэн, хууль зөрчин томилсон зөрчлийг арилгасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

6. Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар тус Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан нэхэмжлэгчийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын ажил, албан тушаалд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тусгай шалгалт зохион байгуулагдах хүртэл хугацаанд томилсон байна.

7. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн дүгээр тушаалаар Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын ажил, албан тушаалаас нь “Төрийн албан тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 01 дүгээр сарын албан даалгавар, Засгийн газрын 2023 оны “2023-2024” оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоол, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01/189 “Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах, биелэлт ирүүлэх тухай”, Хөдөлмөр нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн даргаас 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дүгээр албан бичиг, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн чөлөөлж шийдвэрлэсэн байна.

8. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалын нөөцөд байгаа иргэдээс”, 27.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ”, 43 дугаар зүйлийн 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно гэж тус тус заажээ.

9. Эдгээр зохицуулалтуудаас үзэхэд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмыг баримтлан төрийн албанд ажиллаж байгаа, эсхүл хуульд зааснаар удирдах албан тушаалын нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж томилох, төрийн жинхэнэ албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тохиолдолд Төрийн албан тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасан журмаар түр орлон гүйцэтгүүлэхээр зохицуулсан боловч нэхэмжлэгчийг томилсон тушаалын хувьд эдгээр Төрлийн албан тухай хуулийн заалтуудын дагуу тухайн албан тушаалд томилогдсон гэж үзэхээргүй байна.

10. Тодруулбал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын ажил, албан тушаалд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тусгай шалгалт зохион байгуулагдах хүртэл хугацаанд томилсон тушаал нь хэдийгээр 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасныг баримталсан хэдий ч тухай хуулийн заалтыг хангаагүй байхад нь томилсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

11. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд тавигдах шаардлагыг ханган тусгай шалгалт өгөөгүй, салбар зөвлөлөөс нэр дэвшүүлээгүй байхад, шатлан дэвшүүлэх хуулийн заалтыг баримталж тусгай шалгалт зохион байгуулагдах хүртэл гэсэн хуульд байхгүй үндэслэлээр томилогдсон байна. Ийнхүү хууль бусаар томилогдсон албан хаагчийн хувьд Төрийн албан тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас  бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халдагдахгүй байх” гэж заасан баталгааг эдлэхгүй бөгөөд хууль ёсны дагуу томилогдсон Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд тухайн баталгааг эдлэхээр байна.

12. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д “төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийхийг хориглоно” гэж заасныг зөрчиж өмнө нь тухайн албан тушаалд ажиллаж байсан этгээдийг албан тушаалаас нь чөлөөлсөнтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байх үед томилсон үйл баримт, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өрийн , Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаар магадлалаар тус тус тогтоогдож байна.

13. Маргаан бүхий тушаалын хувьд үүнийг зөвтгөж хууль зөрчиж томилогдсон этгээдийг албан тушаалаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй бөгөөд хэрэгт авагдсан Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаар “Албан даалгаврын хэрэгжилт ирүүлэх тухай” албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дүгээр “Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай” албан бичиг, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, ”2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дугаар “гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хууль зөрчсөн үйлдлээ Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасны дагуу маргаан бүхий тушаалыг гаргасан байх тул энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

14. Иймд нэгэнт хуульд зааснаар томилогдоогүй, хууль бусаар томилогдсон этгээдийн эрхийг хамгаалах тухай ойлголт байхгүй тул нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг хариуцагчид даалгах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.6, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 43 дугаар зүйлийн 43.6-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.М*******гийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Г*******гийн М*******г үүрэгт, ажил албан тушаалаас нь чөлөөлөх тухай дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.МӨНХ-ӨЛЗИЙ