Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 06

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Геофорс ресурс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдох,
“Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1-459 тооттой “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх” 9 тоот саналыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Ашигт Малтмалын Газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 6/687 тоот мэдэгдлийн хариу саналыг дахин явуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бадрал, У.Батгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амартөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: “Геофорс ресурс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь 2015 оны 02 сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-025077 тоот өргөдлийг Ашигт малтмалын газарт цахимаар гаргасан, уг өргөдөл нь ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан учраас мөн хуулийн 19.3-т зааснаар 6/687 тоот албан бичгээр орон нутгийн Засаг даргад холбогдох саналыг хүргүүлэхэд Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 03 сарын 12-ны 1-459 тоот албан бичгээр дэмжихгүй гэсэн санапыг ирүүлсэн байна.
Ашигт малтмалын газар нь Өмнөговь аймгийн Засаг даргын 1-459 тоот саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 сарын 11-ний өдрийн 355 дугаар шийдвэрээр манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай мэдэгдсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заажээ.
Манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн талбай Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт оршдог. Тиймээс Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжих тухай асуулгыг хүргүүлжээ. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 сарын 27-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор тус санапыг дэмжих тухай шийдвэрлэжээ. Энэ санал нь манай хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн талбай орших орон нутгийн иргэдийн санал бөгөөд Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн санал нь орон нутгийн иргэдийн хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэж байна.
Харин Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 сарын 26-ны 46 тоот албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг уламжилсан байна. Тус албан бичигт сумын иргэдийн Төлөөлөгчдийн саналыг үндэслэсэн гэж дурдсан боловч 46 тоот албан бичиг 2015 оны 02 сарын 26-ны өдөр бичигдсэн байна. Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн үндэслэсэн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал 2015 оны 02 сарын 27-ны өдөр гарчээ. Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ХурлынТөлөөлөгчдийн санал Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн саналд үндэслээгүй байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга 2015 оны 03 сарын 12-ны өдрийн 1-459 тоот саналыг сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналд үндэслэн гаргасан тухай тус саналд дурджээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн тухай Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан байхад тус саналыг үндэслэн гаргасан дээд шатны хурлын шийдвэр, аймгийн Засаг дарга нарын санал нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэжээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 62.2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно.
Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тусгайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно”, аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний удирдлагын тухай хуулийн 13.3-т “30.1.13 харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргуүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санап өгөх” гэсэн тус тус заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Бид 2015 оны 05 сарын 11-ний өдрийн Кадастрын хэлтсийн даргын 355 дугаар шийдвэр гарсан тухай мэдээд 2015 оны 05 сарын 13-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд 355 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрөл олгуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Тус нэхэмжлэлийн дагуу 2015 оны 05 сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх захиргааны хэрэг үүсгээд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх явцад 355 дугаар шийдвэрийн үндэс болсон Өмнөговь аймгийн Засаг даргын 1-459 тоот саналыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагатай гэж үзэн Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд дээрх санал нь илт хууль бус шийдвэр болохыг хүлээн зөвшөөрүүлж, манай компанийн хүсэлт өгсөн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн акт гаргаж Ашигт маптмалын газарт хүргүүлэхийг Өмнөговь аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бадрал, У.Батгэрэл нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт сумаас урагшаа 26 км-т байдаг, Хар толгой гэдэг нэртэй газарт шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмалын газарт өргөдөл гаргасан. Манай гаргасан өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байсан учраас 6/687 тоот албан бичгээр орон нутгийн Засаг даргад холбогдох саналыг хүргүүлсэн. Аймгийн Засаг дарга Б.Бадраа 2015 оны 03 дугаар сарын 12-ны 1/459 тоот албан бичгээр мөн өдрийн 9 дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд дэмжихгүй гэсэн саналыг хүргүүлснийг 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянагдаж явах үед мэдэж тэгээд Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Аймгийн Засаг даргын явуулсан энэ санал хуулийн дагуу гаргаагүй Монгол Улсын үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтыг зөрчиж байгаа учир манай зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй, энэ талаар нэхэмжлэл дээр тодорхой бичсэн байгаа. Хуулиар олгосон сумын иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн эрх хэмжээний асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид шийдэх ёсгүй. Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын ирц 80 хувьтай байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдахдаа Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслээд байгаа нь ойлгомжгүй. Ноён сум Тэргүүлэгчдээрээ хуралдаад ашигт малтмалын хайгуулийн тусгай зөвшөөрөл олгох нь тэнд байгаа ашигт малтмалыг тогтоох боломжтой учраас дэмжчихвэл яасан юм гэсэн саналуудыг хоорондоо ярилцсан байсан. Насанбуян дарга саналаа гаргахдаа өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтыг барьж саналаа гаргасан.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдахдаа нэг өдрийн дараа хуралдсан Ноён сумын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслээд шийдвэрээ гаргасан байгаа. Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газар дээр бид өргөдөл өгөөгүй. Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс олгож болохоор талбай гэсний үндсэн дээр өргөдлөө өгөөд сум иргэдээсээ дэмжлэг авахыг хүсч байсан. Ноён сумын иргэд дэмжлэг үзүүлсэн. Дэмжихгүй гэсэн саналаа ямар хуулийн ямар зүйл заалтаар дэмжихгүй гэдгийг л тодруулмаар байна. Шүүхэд Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1/459 тоот саналыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 6/687 тоот мэдэгдлийн хариу саналыг дахин явуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байсан, Өмнөговь аймгийн Засаг дарга дээрх албан бичгээр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх 09 дугаартай саналыг явуулсан байна.
Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1-459 тооттой “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх” 9 тоот саналыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, мөн Ашигт Малтмалын Газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 6/687 тоот мэдэгдлийн хариу саналыг дахин явуулахыг Өмнөговь аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 2015 оны 02 сарын 27-нд Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр дэмжсэн тогтоол гарсан, 02 сарын 26-нд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэмжихээс татгалзсан шийдвэр гарсан байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт үндэслээгүй байгаа тул аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т заасан харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн хурлын шийдвэрийг үндэслэн санал өгөх гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн нь үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ хэмээн хуульчилсан. Үүнээс үзэхэд Ашигт малтмалын газар нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохдоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг биш аймгийн Засаг даргын саналыг харгалзан үзнэ.
Хэрвээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэмжсэн шийдвэр гаргасан бол аймгийн Засаг дарга болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэмжсэн шийдвэр гаргах ёстой гэсэн ойлголт биш юм. Өөрөөр хэлбэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэмжсэн шийдвэр гаргасан ч аймгийн Засаг дарга тэр шийдвэрийг заавал тэр агуулгаар нь дэмжсэн шийдвэр гаргаж хэвээр батлах үүрэггүй.
Зөвхөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг харгалзан үзэх, нутгийн иргэдийн үзэл бодлыг саналын хэмжээнд танилцаж байгаа хэлбэр юм. Мөн аймгийн Засаг дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын эрх зүйн үндэслэлийг хянах, хөндлөнгөөс оролцох эрх хэмжээгүй тул нэхэмжлэлд дурьдсаны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр 2015 оны 02 сарын 27-ны өдөр гарсан байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол 2015 оны 02 сарын 26-ны өдөр гарсан нь үндэслэлтэй эсэхийг нягтлан шалгах хянах эрхгүй бөгөөд дээрх тогтоолуудын агуулга үзэл баримтлалд нийцүүлэн өөрийн саналыг гаргах үүрэггүй. Тиймээс Ашигт малтмалын газраас ирүүлсэн мэдэгдлийн дагуу Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч танилцан тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан саналыг Ашигт малмалын газарт хүргүүлсэн нь эрх зүйн үндэслэлтэй, Ашигт малтмалын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэж байна.
“Геофорс ресурс” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх эрх хэмжээтэй байгууллага нь Ашигт малтмалын газар бөгөөд тус хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч татгалзсан хариу өгсөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 355 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар хандсан захиргааны хэрэг маргааныг шүүх эцэслэн шийдвэрлээгүй, хууль зүйн үндэслэлтэй эсэхийг тогтоогоогүй байхад уг шийдвэрийн үндэслэл болсон аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1-459 тоот саналыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хэрэг маргааныг шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэг хэрэг маргааныг хоёр талаас нь хоёр шүүх хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй гэсэн хариу тайлбарыг хүргүүлж байна. Иймд “Геофорс ресурс" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амартөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талыг хуулийг буруу ойлгож тайлбарлаад байна гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтад аймаг, нийслэлийн засаг дарга нь энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд хэрвээ ямар нэгэн хариу өгөөгүй бол тухайн саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэж хуульчилаад өгчихсөн. Нэхэмжлэгч тал ярихдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал саналаа гаргаад түүний дараа аймгийн Засаг дарга саналаа гаргах мэтээр яриад байна.
    Тэгэхээр яг ийм нарийвчилсан дарааллыг тогтоосон зүйл бол хуулинд байхгүй. 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаад энэ хурлаараа маш олон асуудал хэлэлцсэн байдаг. Тэр өдрийн тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт хавсаргагдсан байгаа. Мөн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдсан хурлын тэмдэглэл, хурлын даргынх нь саналын хамт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч талын ярьж байгаа шиг Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдсан зүйл байхгүй. Ноён сумаас ирүүлсэн хурлын тэмдэглэлийг нь та бүхэн уншсан байх.
Хурал дээрээ дэмжсэн хүн бол байхгүй, саналаа Засаг дарга Насанбаяр нь явуулахдаа дэмжиж байна гэж явуулсан байна лээ. Энэ талаараа хариу тайлбар дээрээ тодорхой дэлгэрэнгүй бичсэн байгаа. Та бүхний хэлж байгаачилан Үндсэн хуулийн зүйл заалт зөрчиж эрх хэмжээнд нь халдсан зүйл бол биш юм. Мөн сумын иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр нь дэмжиж байна гэсэн саналыг ирүүлсэн гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дэмжихгүй гэсэн санал өгсөн. Тэгэхээр сумын хурлаас гаргасан шийдвэрийг яагаад ч үндэслэсэн болж таарахгүй гэдгийг та бүхэн харах хэрэгтэй.
    Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гэдэг бол нэг өөр субъект, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гэдэг бол бас нэг өөр эрх хэмжээтэй субъект бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дагана гэсэн үг биш, хуульд зааснаар энэ хоёрын саналыг авч Засаг дарга хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Төрийн захиргааны байгууллагад хариу өгөхөөр заасан байгаа.
    Хавтаст хэргийн 25, 26 дугаар хуудсанд Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл байсан. Энэ тэмдэглэл нь өөрөө хууль зүйн үндэслэл муутай, тухайн хуралд оролцсон хүмүүс саналаа бүгдээрээ хэлсэн хирнээ хамгийн сүүлд ямар хуулийг үндэслэн, ямар шийдэлд хүрсэн нь тодорхойгүй, хичнээн хүн нь хар толгой нэртэй газарт гар өргөж дэмжсэн талаар байхгүй, тэмдэглэл дээрээ дэмжсэн талаараа тогтоол гаргаж хүргүүлье гэсэн мөртлөө тогтоол ирүүлсэн зүйл байхгүй, зөвхөн Насанбаяр гэж хүний албан бичиг л ирүүлсэн байдаг.
    Харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид их ярьцгаасан, дэмжихгүй байх шийдвэрээ гаргасан байдаг. Энэ тухай хурлын тэмдэглэл дээр тодорхой байгаа. Тухайн гаргасан саналуудыг үзээд аймгийн Засаг дарга дэмжих боломжгүй юм байна гэсэн саналаа хүргүүлсэн. Ашигт малтмалын газар, кадастрын хэлтэс нь тухайн Засаг даргын саналыг үндэслэлтэй эсэхийг өөрсдөө шийдээд нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх нь тэдний эрх хэмжээний л асуудал. Засаг даргын хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу саналаа л хүргүүлсэн. Ингэхдээ хууль тогтоомж зөрчөөгүй.
    Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Геофорс ресурс” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1/459 тоот саналыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Ашигт Малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 6/687 тоот мэдэгдлийн хариу саналыг дахин явуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Харин хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1-459 тоот саналыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагаа “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх” 9 тоот саналыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэж тодруулж өөрчилжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Геофорс ресурс” ХХК нь Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг “Хар” нэртэй, 17680.87 га талбай бүхий газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт Малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 02 сарын 06-ны өдөр гаргасан, мөн татгалзсан хариу авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-34-40, 45, 46 дугаар тал/
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “...тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх...”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.е-д “нутагт дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх” гэж тус тус зааснаар Өмнөговь аймгийн Засаг дарга нь Ашигт Малтмалын газрын 2015 оны 02 сарын 09-ний өдрийн 6/687 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүлээн аваад нутгийн өөрөө удирдах байгууллагуудын шийдвэрийг авсны үндсэн дээр Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрийн К-48-38, К-48-37 кодтой планшетэд заасан, өргөдлийн бүртгэлийн NE-025077 /ХА-017815-001-NE/ дугаарт бүртгэгдсэн, “Хар” нэртэй 17680.87 гектар талбайд ашигт малтмал хайхыг хүсч гаргасан өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” гэсэн саналаа гаргасан нь Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 сарын 27-ны өдрийн 05 дугаар тогтоол, хуралдааны тэмдэглэл, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 сарын 26-ны өдрийн 46 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 сарын 26-ны өдрийн 04 дугаар хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-21, 25-27, 68-70 дугаар тал/
Нэхэмжлэгч нь “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжсэн”  тухай Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 05 дугаар тогтоол 2015 оны 02 сарын 27-ны өдөр гарсан байхад тус саналыг үндэслэн гаргасан дээд шатны хурлын “дэмжихгүй тухай” шийдвэр 2015 оны 02 сарын 26-ны өдөр гарсан, үүнийг үндэслэж аймгийн Засаг даргын манайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн санал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тусгайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргуүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санап өгөх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн” гэж маргаж байна.
Тухайн талбай байрших Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн” 2015 оны 02 сарын 27-ны өдөр 05 дугаар тогтоолыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна. Тухайн хурлын саналыг аваагүй боловч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” гэсэн хуулийн зохицуулалтаас үзвэл ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлын эцсийн шийдвэрийг сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр гаргана гэж ойлгогдож байна.
 Иймээс Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 сарын 27-ны өдөр 05 тоот шийдвэр нь хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзнэ.
 Мөн Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж  тухайн талбайд “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэж шийдвэрлэснийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батчулуун 2015 оны 02 сарын 26-ны өдрийн 46 тоот албан бичгээр Өмнөговь аймгийн Засаг даргад мэдэгдсэн байна.  
Өмнөговь аймгийн Засаг дарга нь дээрх шийдвэрүүдийг үндэслэн саналаа гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн, 30 дугаар зүйлийн 30.1.13-т “харъяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” гэсэнтэй нийцэж байна.  
Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс “дэмжинэ”, аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс “дэмжихгүй” гэсэн зөрүүтэй саналыг хүлээн авч Өмнөговь аймгийн Засаг дарга нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн тайлбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...” гэсний дагуу “Хар” нэртэй 17680.87 гектар талбайд ашиглалт малтмал хайхыг хүсч гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн 09 тоот саналыг гаргасан бөгөөд уг саналаа мөн өдрийн 1-459 тоот албан бичгээр Ашигт Малтмалын Газарт хүргүүлжээ. /хх-41 дүгээр тал/
Хавтаст хэрэгт авагдсан дээрх сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлүүдээс үзэхэд тухайн талбайд ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгохгүй байх үндэслэлийн талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид саналаа тодорхой гаргаж, хэлэлцүүлсэн, саналыг зохих журмаар хурааж олонхийн саналаар татгалзсан хариуг өгсөн байна гэж үзэхээр байна.
Мөн Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 сарын 27-ны өдрийн 05 дугаар тогтоолын 2 дугаар заалтаар тогтоолыг аймгийн Засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэсэн байх тул энэ тогтоолоор шийдвэрлэсэн асуудал нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр гарах үндэслэл болсон гэж үзэх боломжгүйгээс гадна аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний Тэргүүлэгчдийн саналыг үндэслэн санал гаргах журмыг хуулиар зохицуулаагүй байх тул  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан “аймгийн хурал нь сумын хуралдаа нөлөөлсөн”, “сумын хурлын шийдвэр аймгийн хурлын шийдвэрийн дараа гарсан” гэх агуулга бүхий тайлбаруудыг үндэслэлгүй байна.
Түүнчлэн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авсан нь  Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “...тухайн тайлбай байрших ... аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...” гэж заасантай нийцэж байгаа тул  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын аймгийн Засаг дарга саналаа гаргахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргуүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” гэж заасныг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй байна.
Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж үзвэл Өмнөговь аймгийн Засаг даргын “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэж санал гаргасныг буруутгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.  
Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын ашигт малтмал хайхыг хүсч гаргасан өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” гэсэн санал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу гарсан байх тул Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1-459 тооттой “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх” 9 тоот саналыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Ашигт Малтмалын Газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 6/687 тоот мэдэгдлийн хариу саналыг дахин явуулахыг даалгах”-ыг хүссэн “Геофорс ресурс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1-459 тооттой “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх” 9 тоот саналыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Ашигт Малтмалын Газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 6/687 тоот мэдэгдлийн хариу саналыг дахин явуулахыг даалгах”-ыг хүссэн “Геофорс ресурс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.




ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ОТГОНЦЭЦЭГ