Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2017/0606

 

2017 оны 8 сарын 24 өдөр                   Дугаар 221/МА2017/0606                          Улаанбаатар хот       

Т.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Т.Түмэндэмбэрэл, гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баялагмаа, гуравдагч этгээд “Могулскай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо нарыг  нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0418 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Т.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0418 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Могулскай” ХХК-аар захиалгаар бариулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул хотхоны 98/1А байрны 9 давхарт байх 806 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Түмэндэмбэрэлийг бүртгэж гэрчилгээ олгохыг нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч Т.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Т.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0418 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

  1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Гэтэл нэхэмжлэгч Т.Түмэндэмбэрэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой мэдүүлэг гаргаж байгаагүй, … байна” гэж дүгнэсэн нь бодит бус байна. Учир нь Хан уул дүүргийн бүртгэлийн хэлтэст өмчлөгчөөр бүртгүүлэхээр хандахад миний өмчлөлийн мэдүүлгийг хүлээн авах, мөн улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгохоос татгалзсан хариуг амаар өгдөг байсан. Тийм учраас иргэний шүүхэд хандаж өмчлөгчөөр тогтоолгосны дараагаар мэдүүлгээ дахин хэд хэдэн удаа өгч, татгалзсан хариу авсан талаар шүүх хуралдааны явцад хэлж байсан ба үүнийг нэхэмжлэл дээрээ тодорхой бичсэн билээ. Гэтэл энэ талаар шүүх хуралдааны үеэр улсын бүртгэлийн газраас асууж тодруулж, нөхцөл байдлыг бүрэн дүгнээгүй байж нэг талын барин, өөрийн үзэмжээр дүгнэн миний биеийг өмнө нь огт мэдүүлэг өгч байгаагүй мэтээр шүүхийн шийдвэрт тусгаж үндэслэжээ.
  2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Түүнчлэн маргаан бүхий эд хөрөнгө болох 98\1А байрны 9 давхрын 806 тоот 100.56 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц Улаанбаатар хотын банк, “Могулскай” ХХК-ийн хооронд байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцаанд байх ба...” гэж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9 ... мэдүүлэгт дурдсан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол, тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1 … улсын бүртгэгч мэдүүлэг хүлээн авахаас татгалзах” дүгнэсэн нь тус тус хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь, мэдүүлэгт дурдсан эрх буюу маргаан бүхий эд хөрөнгө болох 98\1А байрны 9 давхрын 806 тоот 100.56 м кв талбай бүхий 3 өрөө орон сууц өөр этгээдийн нэр дээр бүртгэсэн талаарх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд дээрх орон сууц Зээлийн барьцааны гэрээний зүйл биш юм. Улаанбаатар хотын банк, “Могулскай” ХХК-ийн хооронд байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний зүйл нь 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга бөгөөд 100 хувийн гүйцэтгэлтэй миний өмчлөлийн орон сууц “Зээлийн барьцааны гэрээ”-ний зүйлд хамаарахгүй юм. Улсын бүртгэлийн газар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан тул Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 00621 дугаар шүүхийн шийдвэрээр Т.Түмэндэмбэрэл миний бие тус орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон. Тус орон сууцны өмчлөл урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байдал тогтоогдоогүй байхад 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын бүртгэлийг маргаан бүхий орон сууцны бүртгэл гэж үзэж болохгүй.
  3. Улсын бүртгэлийн тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль
    болон холбогдох бусад хууль тогтоомжид барьцаанд байгаа эд хөрөнгийн улсын
    бүртгэлд бүртгэхгүй гэсэн ойлголт байхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу
    өөрийн өмчлөлийн болсон үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж, үл
    хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад Эд хөрөнгө өмчлөх эрх,
    түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн
    14 дүгээр зүйлийн 14.1-д заасан татгалзах үндэслэл байхгүй байхад татгалзаж
    байгаа нь иргэн миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Мөн улсын бүртгэгчийн мэдүүлэг хүлээн авч, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2. “энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасныг зөрчиж байгаа болно. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д иргэн нь “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасан бөгөөд иргэн миний шударгаар өмчлөх эрхийг олж авсан үл хөдлөх хөрөнгөө хууль журмын дагуу өмчлөх, өмчлөх эрхээ баталгаажуулан авах бүрэн эрхтэй гэж үзэж байна.
  4. Дээрх үндэслэл, нөхцөл байдал болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих”-д эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах, 24 дүгээр зүйлийн 24.1 “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана”, 24.4 “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу миний өмчлөлийн хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэх үндэслэлтэй юм.
  5. Тус шийдвэртэй холбогдуулж нэмэлт тайлбар гаргах болно” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Түмэндэмбэрэл нь “Могулскай” ХХК-аар захиалгаар бариулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул хотхоны 98/1А байрны 9 давхарт байх 806 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Түмэндэмбэрэлийг бүртгэж гэрчилгээ олгохыг нийслэлийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гуравдагч этгээд “Могулскай” ХХК нь 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Могул таун, Ар зайсангийн гудамж 98 тоот хаягт баригдаж буй 81 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгүүлж, улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт “Улаанбаатар хотын банк” ХХК-тай байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЗБГ0001/110727 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-ээр тус банкинд барьцаалжээ.

Харин нэхэмжлэгч Т.Түмэндэмбэрэл нь дээрх барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Могулскай” ХХК-тай “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-г байгуулж, барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 98/1А байрны 806 тоот орон сууцыг худалдан авахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдүүдийн өмчлөх болон барьцааны эрх нь дээрх байдлаар нэхэмжлэгчтэй “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ” байгуулахаас өмнө үүсчээ.

Хэдийгээр дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Т.Түмэндэмбэрэлийг тогтоосон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 637 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2016/00621 дүгээр тогтоол гарсан ч энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Түмэндэмбэрэлийг бүртгэж, гэрчилгээ олгох үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” тус тус заасны дагуу дээрх орон сууцны өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас барьцааны эрх нь хөндөгдөх “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн зөвшөөрлийг заавал авах шаардлагатай бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой барьцааны бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд хариуцагчаас Т.Түмэндэмбэрэлийн мэдүүлгийн дагуу эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчлөн бүртгэх боломжгүй, шүүх ийнхүү бүртгэхийг даалгах үндэслэлгүй болно.

Түүнчлэн гуравдагч этгээд “Могулскай” ХХК нь “Улаанбаатар хотын банк” ХХК-д улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Могул таун, Ар зайсангийн гудамж 98 тоот хаягт баригдаж буй 81 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг барьцаалахдаа түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийг мөн барьцаалсан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д “Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно ...” гэж заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн “... зээлийн барьцааны гэрээний зүйл нь 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга бөгөөд 100 хувийн гүйцэтгэлтэй миний өмчлөлийн орон сууц зээлийн барьцааны гэрээний зүйлд хамаарахгүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Мөн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... улсын бүртгэгч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах нөхцөл байдал байхгүй байхад мэдүүлэг хүлээн авч, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, 14.2-т заасныг зөрчсөн...” гэх боловч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8-д заасан улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хориглох болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрдсэн байсан тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй юм.

Харин Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4010 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 1046 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 13 дугаар тогтоолыг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад маргаан бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 98/1А байрны 806 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 дугаар албан бичгээр түдгэлзүүлснээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 / Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:/, 18.1.10 /улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх/-д заасан бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох нөхцөл байдал тогтоогдсон байх боловч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0418 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                     

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                          Г.БИЛГҮҮН