Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2016/00

 

Ч.Нямдаваа, М.Энхцэцэг нарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/03853 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1229 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Ч.Нямдаваа, М.Энхцэцэг нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Баттулгад холбогдох,

11.162.515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Билэгсайхан, хариуцагч Г.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ганбаатар, нарийн бичгийн дарга И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015.12.08-ны өдөр Эрдэнэт хотын Төрийн банкнаас 9.000.000 төгрөгийн зээл авч, автомашин худалдаж авахаар Улаанбаатар хотод ирсэн. 2015.12.10-ны өдөр нь Г.Баттулгаас 8.4 сая төгрөгөөр машин  худалдаж авсан. Гэвч машины араа залгах болгонд дуу гаргаж байсан. Машин авсан өдрийн маргааш нь  уулзаж, энэ хэлэхэд  “засаж өгье” гэсэн тул бид энэ үгэнд нь итгэсэн. Ингээд Орхон аймагт 2015.12.19-ний өдөр гарааш руу оруулаад буцааж гаргах гэхэд урагшаа явдаг араа нь ажиллахгүй байсан. 2015.12.20-ны өдөр Г.Баттулга нь “би завгүй байна өөрөө тань руу эргээд залгая, энэ талаар ах Б.Эрдэнэсүрэн мэднэ” гэж хэлсэн. Ингээд оношлогоонд ороход хурдны хайрцагт эвдрэл байсан, засварчин  гадагшаа явсан байгаа, 3 хоногийн дараа  ирнэ гэсэн боловч  2016.01.10-ны өдөр хүргэсэн. 2016.01.26-ны өдөр Б.Эрдэнэсүрэн хурдны хайрцагаа аваад явуулчих засаад өгье гэсэн тул 1 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд 40.000 төгрөгөөр хүн хөлслөн хурдны хайрцагаа авахуулж Улаанбаатар хот руу хот хоорондын зорчигч тээврийн автобусанд 10.000 төгрөг төлж явуулсан. 2016.01.31-ний өдөр хурдны хайрцагийг чинь засаад явуулсан аваарай гэж ярьсан. Тэрийг бас 10.000 төгрөг төлж авсан. Дараа нь "Монгол Хьюндай автомотив" төвд автомашинаа чирүүлж очин хурдны хайрцагаа угаалгаж, тос хийлгэхэд нийт зардал 188.000 төгрөг болсон. Автомашиныг асааж үзэхэд хурдны хайрцаг, мотор 2-ын завсраар тос их хэмжээгээр гоожиж байсан Б.Эрдэнэсүрэнтэй ярих гэсэн боловч утсаа аваагүй тул наймаа буцаая гэж мессеж бичсэн. 2016.02.16-ны өдөр Б.Эрдэнэсүрэнтэй уулзан энэ бүгдийг хэлэхэд одоо та нар өөрсдөө янзлуул гэсэн. Энэ автомашиныг аваагүй бол биднээс ийм хэмжээний зардал гарч хохирохгүй байсан. Иймд хариуцагчаас нийт 11.162.515 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Г.Баттулга шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2015.10.25-ны өдөр уг автомашиныг боомтоор оруулан ирж, 2015.11.02-ны өдөр оношилгоонд оруулсан. Тэгэхэд ямар ч эвдрэлгүй байсан. Улмаар 2015.12.10-ны өдөр нэхэмжлэгч нар ах Б.Эрдэнэсүрэнтэй ярьсан гэж ирсэн. Тэр өдөр би өөрөө автомашиныг барьж яваад унаж үзүүлсэн. Сэтгэлд нь нийцсэн тул үнийг жаахан буулгаач гэхээр нь би 8.400.000 төгрөг болгож буулгаж тэд машиныг худалдан авсан.  Маргааш нь рулийн кноп эвдэрсэн талаар ярьж ирсэн. Хурдны хайрцагны талаар огт яриагүй. Үүнээс хойш 9 хоногийн дараа автомашин урагшаа явахгүй байгаа талаар нэхэмжлэгч ярьж хэлсэн. Тухайн үед нь ах мэднэ гээд түүнтэй яриулсан. Ах хурдны хайрцагыг нь Эрдэнэтээс авчруулаад 200.000 төгрөгөөр засуулж буцааж явуулсан. Анх авч явахад нь зүгээр байсан автомашин гэнэт эвдрэх учиргүй тул өөрсдөө эвдэлсэн гэж бодож байна. Хурдны хайрцаг тосгүй явснаас зуурч эвдэрсэн байна гэж засварчин надад хэлсэн. Иймд би автомашин буцааж авахгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/03853 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Баттулгаас 10.470.212,5 төгрөг гаргуулж Ч.Нямдаваа,М.Энхцэцэг нарт олгож,  нэхэмжлэлээс үлдэх 692.302,5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208.516 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 182.473 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох шийдвэр гаргажээ.   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1229 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх  хуралдааны тэмдэглэлээс үзвэл даргалагчийн зүгээс хариуцагчаас нотлох баримттай холбоотой тайлбар байгаа эсэх, утсаар холбогдож байсан асуудлаар маргаан байгаа эсэх талаар асуухад хариуцагч нь "...тамга тэмдэг байхгүй учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Утсаар холбогдож байсан талаар маргаан байхгүй” гэж тайлбарласан байна. Дээрх хурлын тэмдэглэл болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, хариуцагчийн хариу тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгчтэй маргааны зүйл болох автомашины доголдлын талаар утсаар холбогдож байсан талаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүх ч шийдвэртээ уг үйл баримтын талаар талууд маргаагүй болохыг дурдсан байна. Үүнээс үзвэл нотлох баримттай холбогдуулан тайлбар гаргах, мэтгэлцэх эрхийг хариуцагчид олгоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2015.12.19-нөөс 2016.01.26-ны өдрийн хооронд хариуцагчтай удаа дараа утсаар болон биечлэн ирж уулзаж, автомашинд эвдрэлтэй байгаа талаар мэдэгдсэний дагуу доголдол бүхий хурдны хайрцгийг 2016.01.28-ны өдөр Улаанбаатар хот руу зорчигч тээврийн автобусаар явуулсан бөгөөд 2016.01.31-ний өдөр засаад явууллаа гэсний дагуу очиж авсан. Хариуцагч болсон үйл явдлын талаар маргаагүй бөгөөд хурдны хайрцгийг 200.000 төгрөгөөр засуулаад явуулсан гэдэг тайлбарыг гаргасан.Уг хурдны хайрцаг суулгуулахад 60.000 төгрөг, тосоор угаалгах 34.000 төгрөг, шинээр тос хийлгүүлэхэд 34.000 төгрөг, нийт 128.000 төгрөгийг төлсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх нэг үйл явдлын талаар зөрүүтэй баримтууд гаргасан мэтээр дүгнэлт хийв.  Шүүх  хайхрамжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхий талаас нь дүгнэн үзээгүй, болсон үйл явдлыг буруугаар ойлгож үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардах эрхийн эрх зүйн үндэслэлийн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.Хариуцагч доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлсэн гэх тайлбараа нотлохдоо 2015.11.02-ны өдрийн Авто техникийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгээр доголдолгүй байсан гэж байгаа боловч уг дүгнэлт нь талуудын хооронд гэрээ байгуулагдахаас 38 хоногийн өмнө хийгдсэн, мөн нэхэмжлэгчийн зүгээс маргааны зүйл болох машины хурдны хайрцаг эвдрэлтэй байгаа талаар хариуцагчид мэдэгдэхэд өөрийн зардлаар засуулсан гэх тайлбар зэргээс үзвэл анхан шатны шүүх маргааны зүйл болох автомашиныг доголдолтой гэж дүгнэсэн үндэслэлтэй байна.Түүнчлэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь машиныг шалгаж хүлээж авсан гэсэн тайлбарыг шүүхэд гаргадаг боловч автомашины хурдны хайрцагны гэмтэл нь энгийн хүний нүдээр мэдэгдэхгүй бөгөөд Иргэний хуулийн 255.1.1-д заасны дагуу доголдлын талаар мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ :   

 Ч.Нямдаваа, М.Энхцэцэг нар нь Г.Баттулгаас худалдан авсан автомашины үнэ  8.4 сая төгрөг, автомашины дугаарын үнэ 40.000 төгрөг, засварын үнэ 188.000 төгрөг масло 88.000 төгрөг, 2 хүний тээврийн зардал 120.000 төгрөг, автозогсоолын төлбөр 60.000 төгрөг, зээл хүүгийн төлбөр 2.266.515 төгрөг нийт 11.162.515 төгрөг шаардсаныг /хх 72/  хариуцагч зөвшөөрөхгүй маргасан байна. 

Анхан шатны шүүх хариуцагчаас автомашины үнэ 8.4 сая төгрөг, засварын үнэ  152.000 төгрөг, 2 хүний тээврийн зардал 45.000 төгрөг, автозогсоолын төлбөр 60.000 төгрөг, зээл хүүгийн төлбөр 1.813.212,5 төгрөг нийт 10.470.212,5 төгрөгийн шаардлагыг  хангасан /хх 84-87/, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. /хх 102-108/

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... автомашины доголдолын талаар уг үйл баримтын талаар талууд маргаагүй тул  магадлал  үндэслэлгүй байна... хурдны хайрцаг суулгуулахад нийт 128.000 төгрөг төлсөн гэтэл давж заалдах шатны шүүх цаг хугацааны хувьд өөр өөр, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тус тусдаа төлсөн төлбөрийг нэг үйл явдлын талаар зөрүүтэй баримтууд гаргасан мэтээр дүгнэлт хийсэн.... нийт 128.000 төгрөгөөр гүйцэтгэсэн гэх баримтыг 60.000 төгрөгийн баримт байна гэж үзэн 3 өөр зөрчилдөөнтэй баримтыг үндэслэн анхан шатны шүүх шийдвэр гаргасан мэт үзсэн нь буруу... нэхэмжлэлийн шаардах эрхийн эрх зүйн үндэслэлийн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй... анхан шатны шүүх автомашиныг доголдолтой гэж дүгнэсэн үндэслэлтэй... доголдлын талаар мэдэх боломжгүй байсан...” гэжээ.  /хх 114-116/

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас автомашины үнэ 8.400.000 төгрөгөөс гадна /хх 1/  Эрдэнэтээс Улаанбаатар хот явсан 2 хүний замын зардал 60.000 төгрөг, авто зогсоолын төлбөр 60.000 төгрөг, банкны зээлд төлсөн таван сарын хүү 2.266.515 төгрөг нийт 10.786.515 төгрөг /хх 59/ шаардсан бөгөөд нэхэмжлэлийн энэ шаардлагад хариуцагч тайлбар /хх 19-22, 67-68/ өгчээ.

Ч.Нямдаваа, М.Энхцэцэг нар нь Г.Баттулгаас 10.786.515 төгрөг нэхэмжилсэн атлаа   шүүх хуралдаан дээр шаардлагыг өөрчилж, үнийн дүнг нь нэмэгдүүлсэн /хх 73/ байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-г зөрчжээ. Тодруулбал, нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаанаас өмнө 10.786.515 төгрөг шаардахдаа үндэслэлээ “... автомашины үнэ 8.400.000 төгрөг, замын зардал 60.000 төгрөг, авто зогсоолын төлбөр 60.000 төгрөг, банкны зээлийн хүү 2.266.515 төгрөг...” гэж тайлбарласан бол уг үнийн дүг шүүх хуралдаан дээр 11.162.515 төгрөг болгон нэмэгдүүлснээс гадна шаардлагынхаа үндэслэлийг “...автомашины үнэ 8.4 сая төгрөг, автомашины дугаарын үнэ 40.000 төгрөг, засварын үнэ 188.000 төгрөг, масло 88.000 төгрөг, тээврийн зардал 120.000 төгрөг, автозогсоолын төлбөр 60.000 төгрөг, зээл хүүгийн төлбөр 2.266.515 төгрөг...” гэж өөрчилсөн  байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй ч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, хариу тайлбар, нотлох баримт болон сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ.

Түүнчлэн, шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх хариуцагчид  танилцуулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-г мөн зөрчжээ.

Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх шийдвэрийг хүчингүй болгоно гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.   

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн тул давах, хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1229 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 193.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ