Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00009

 

            Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд     

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Б.Эрхэмбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч  С.Галцацрах, Д.Хатанбаатар

Иргэдийн төлөөлөгч М.Алтантунгалаг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Эд холбогдох 1732000000052 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1971 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хануу овогт Бат-Оршихын Э.   /РД: */

 

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, үтрэмийн 2-7 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн гишүүн болох өөрийн нагац ах 90 настай Л.Луийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын өгсөн ….  2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би нөхөр Ж.Гатай хамт айлд очиж архи уучаад гэртээ ирэхэд ах Л.Лу байсан. Ж.Га боорцог хийдэг савны тагийг сөхөж үзчихээд ховдог өвгөн хамаг боорцог дуусгачихаж гэсэн чинь Лу ах би ганцаараа идээгүй Энтай хамт идсэн гэсэн. Тэгэхээр нь би Эн 20 хоногийн өмнө хөдөө уул руу явсан ш дээ гэсэн чинь тэгвэл Эны найз юм байлгүй хэдэн хүүхэд орж ирээд идсэн гэсэн. Тэгтэл Га чи муу хэзээ хэргээ хүлээж байсан юм бэ гээд Лу ахыг цохисон. Би тэгэхэд зүүн талын орон дээр сууж байсан. Лу ах муухай орилохоор нь би гүйж очоод Гат чи яахаараа дандаа ахыг дээрэлхэж байдаг юм чамд дээрэлхүүлж байхаар би өөрөө алчихъя гээд Лу ахын нуруу луу нь цохисон. Тэгээд би Га руу эргэж хараад юм хэлэх үед талийгаач миний баруун хөмсөг орчимд цохихоор нь бид хоёр зууралдаж аваад ноцолдсон. Тэгээд бид хоёр орон дээр ноцолдож байгаад газарт унахад Га хажууд наадхаа ал ал гээд орилоод байсан. Тэгээд би босох гэхэд Га наадхаа гүйцээчих гээд хачин муухай дуугаар инээхээр нь би өндийж байтал талийгаач миний толгой руу цохих шиг болсон. Тэгээд би ухаан балартсан байсан нэг мэдэхэд би гадаа харанхуйд байж байсан. Одоо бодож байхад миний толгой руу талийгаач ах биш Га цохисон санагдаж байна. Тэгээд намайг ухаан муужрах үед Га өвгөнийг зодоод гадаа гаргасан юм шиг байна лээ гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Яллагдагч Б.Эын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ 2017 оны 10 сарын 31-ний өдрийн өглөө 08 цаг өнгөрч байхад боссон намайг сэрэхэд манай нөхөр Ж.Га босчихсон цай чанаж байсан цайгаа уучихаад Ж.Га бид 2 захиргаан орж газрын зээл хөөцөлдөхөөр гарсан зээл маань бүтээгүй тэгэхээр нь Ж.Га бид 2 Мөнхтүвшингийнд очиж өмнө нь өгсөн байсан ногооны мөнгөө авахаар Ахуй үйлчилгээнд байдаг гэрт нь очсон. Мөнхтүвшин гэртээ байсан Мягмарсүрэн гадуур явж байна гэсэн тэгэхээр нь утсаар ярьсан чинь одоо очлоо гэж байсан. Мөнхтүвшин Ж.Га ахаа ганц юм уухуу гэхээр нь Ж.Га зөвшөөрсөн чинь Мөнхтүвшин эхнэр Мягмарсүрэн лүүгээ яриад нэг шил архи захисан. Мягмарсүрэн удалгүй гэртээ ирэхдээ нэг шил Хараа нэртэй 0.5 литрийн архи авчирсан уг архийг Мөнхтүвшин, Ж.Га бид 3 хувааж уучихаад дахиад нэг шил архи авчихаар болоод Мягмарсүрэн бид 2 дэлгүүр орж мөн Хараа нэртэй 0 5 литрийн нэг шил аваад Мөнхтүвшингийн гэрлүү явсан тэр архийг дуусаад Ж.Га бид 2 архи авч өгөхөөр болоод бид 2 дэлгүүрээс нэг шил Хараа нэртэй 0.5 литр архи авчирсан. Мөнхтүвшин би уул явна архи болно гээд байхаар Ж.Га бид 2 аваад ирсэн тэр архиа дахиад 3-лаа уусан. Ингээд нилээн согтоод ухаан санаа орж гараад байсан ямар ч байсан гадаа гэгээтэй байсан нэг ухаан ороход дөнгөж орж ирж байсан тэгээд Ж.Га бид 2 гэртээ ортол Л.Лу ах байж байсан ширээн дээр байсан саванд байсан боорцогийг ховдог өвгөн Л.Лу бүгдийг нь идсэн байна гэсэн тэгсэн Л Лу ах хэлэхдээ танай хүүхэд Эн идсэн би ганцаараа идээгүй гэсэн тэгэхээр нь би Эн уул явсан та юу яриад байгаа юм гэж хэлсэн чинь Л.Лу ах тэгвэл Эны чинь найзууд орж ирээд идсэн шдээ гэж уурласан тэгсэн Ж.Га “Чи өөрөө идчихээд дандаа ингэж худлаа ярьдаг биздээ” гээд Л.Лу ахыг Ж.Га цохисон тэгсэн  Л. Лу ах ёоо ёоо гэхээр нь гэнэт миний уур хурээд чи яагаад миний ахыг ингэж байдаг юм чамд ингэж ад үзүүлж байхаар би өөрөө алчихъя гээд Л.Лу ахын нуруу луу нь цохитол Л.Лу уурлаад босч ирээд миний духны баруун хэсэгт цохиод намайг боогоод заамдаад авсан. Тэгээд бид 2 дээр доороо орж ноцолдоод гэрийн баруун талын орны хажууд газар унагаад явах гэтэл Л.Лу ах миний шилэн хүзүүрүү гараараа цохисон уу юугаар цохисон нэг юмаар тас хийтэл цохисон тэгсэн гэрийн зүүн талд байх орон дээр Ж Га хэвтчихсэн надад хандаж "наад өвгөнөө гүйцээгээч” гэж хэлээд инээгээд байсан тэгэхээр нь миний уур хүрээд Л.Лу ахтай ноцолдож зодолдоод эхэлсэн би өөрөө их зүрх муутай тухайн үед уур хүрээд нэг мэдсэн Л.Лу ах гэрийн үүдэнд байха амбаарт хэвтэж байсан Ж.Га гэрийн орон дээр унтаад байсан тэгэхээр нь би нэг л биш боллоо гэж бодоод Ж.Гаийг сэрээх гээд хөөе гэтэл ухаангүй унтаж байсан тэгэхээр нь би гэрээс гараад цагдаа дуудъя гээд өөрийнхөө гар утсаар цагдаа руу залгаж "Би хүн алчих шиг боллоо” гэж  хэлсэн. Тэгээд миний халаасанд мөнгө байхаар нь архи авч ууя гэж бодоод аль дэлгүүрээс авснаа санахгүй байна нэг шил 0.5 литрийн Хараа нэртэй архи авч уугаад цагдаа руу явсан. “Ачлал” нэртэй дэлгүүрийн хажуугаар гараад цагдаагийн хэлтсийг хараад орж чадаагүй хүн цагаа тулахаар орж чаддаггүй юм байна лээ тэгээд архи цуг уух хүн олъё гэж бодоод Мобикомын урд байрлах “Дэлгэрэх” барилгын дэлгүүрийн манаач Цэрэннадмид ахынд ороод болсон асуудлыг яриад би уйлсан тэгсэн хэн нь хэлсэн юм бол мэдэхгүй юу яриад байгаа юм тэгвэл цагдаа руу очиж хэргээ хүлээ та гэхээр нь би авч явсан архинаас уугаад тэдний гэрээс гарсан. Тэгээд дөнгөж гараад явж байтал цагдаа нар таараад намайг аваад явсан гэх мэдүүлэг /Хх-н 114 дүгээр хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  Л.Урийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ....……. Л.Лу гуай нь манай аав Л.Лувсан-Осорын төрсөн ах байгаа юм уг асуудал болсноос хойш манай хамаатнууд ярилцаж тохироод уг хэрэгт талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр би оролцохоор болсон. 2017 оны 10 сарын 31-ний өдөр Л.Лу ах нас барсан гэж сонсоод манай хамаатнууд Зүүнхараад ирсэн яг нарийн зүйлийг мэдээгүй ээ. Би Л.Лу ахтай ер нь нэг их уулзаад байдаггүй юм хамгийн сүүлд бараг жилийн өмнө уулзсан санагдаж байна цагаан сараар уулзаж чадаагүй ээ. Л.Лу ах хөдөө аж ахуй малын эмчээр төгсөөд Дундговь аймгийн Хулд суманд малын эмч хийж байгаад Сэлэнгэ аймагт очоод усны аж ахуйн манаачаар ажиллаж байгаад 2000 оны эхээр Зүүнхараад Б.Эын гэрт ирсэн үүнээс хойш Б.Эын гэрт амьдраад 13-14 жил болж байна. Б.Э л баас шээстэй нь зууралдаад халамжилдаг байсан. Гэр бүлийн хувьд эхнэр хүүхэдгүй гэр бүл болж байгаагүй насаараа ганцаараа амьдарсандаа. Зан байдлын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ их агсам тавьдаг үүнээс болж хамаатнууддаа нүд үзүүрлэгдэж Б.Э анхаарал халамж их тавьсандаа би гэртээ байлгах гэсэн боловч архи уучихаараа агсам тавиад байдаг болохоор байлгаагүй юм. Эрүүлдээ төлөв даруу хүн архи уучихаараа их агсам согтуу тавиад байдаг юм. Ийм асуудал болсонд маш их харамсаж байна. Бид нарын хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ талаараа ч бичгээр хэрэгт хавсаргуулсан байгаа гэх мэдүүлэг /Хх-н 39 дүгээр хуудас/

Гэрч Н.Эрдгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би 2017 оны 10 сарын 31-ний орой өөрийн гэртээ буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Баруун-Өлөнтийн 141 тоотод байж байтал орой 18 цаг 12 минутад манай найз Бат-Оршихын Э өөрийн 95019140 дугаарын утаснаас миний 99931087 дугаарын утасруу залгаж “Би Лу өвгөнийг алчихлаа” гэхээр нь би чи хаана байгаа юм бэ гэж асуусан чинь Б.Э “Би өөрөө цагдаа дуудчихаад гэрийнхээ хашааны үүдэнд сууж байна” гэхээр нь би наана чинь өөр хэн байна гэж асуусан чинь Б.Э “Хэн ч байхгүй, Га тасарчихсан унтаж байгаа, Лу өвгөн үхчихсэн” гэж хэлэхээр нь би айгаад дотор салгалж эхэлсэн. Тэгээд Б.Э “Би хүн алчихсан юм чинь шоронд орох нь тодорхой боллоо, миний охин Энхийг сайн харж байгаарай” гэж хэлсэн. Б.Э надтай ингэж утсаар ярихдаа нэлээд согтуу бололтой яриад байхаар нь би худлаа байж магадгүй гэж бодсон. Б.Эын төрсөн охин Энх нь манай гэрт амьдардаг болохоор нь би Энхт хандаж “Чи Эн ахруугаа залга, ээж дээрээ очоод үзээдэх” гэж хэлсэн чинь Энх манай гэрээс гар утсаараа Эн ахынхаа эхнэр рүү залгаж яриад Өөдөс гэдэг ахынхаа утасны дугаарыг олж аваад Өөдөс ахтайгаа ярьж “Ээж согтуу утсаар яриад байна, та гэртээ хариад үзээдэх” гэж ярьсан, нөгөө Өөдөс ах нь “За” гэж хэлчихээд таг чиг алга болчихоор нь би Энхийн төрсөн ах Өөдөс рүү дахиж залгаад “Чи хурдан гэртээ хариад ээжийгээ үзчихээд энэ дугаар руу буцаад хэл өгөөч” гэж хэлсэн.Ингээд Өөдөс бидэнд хэл өгөөгүй байж байтал манай гэрт цагдаа нар орж ирээд Б.Эыг надаас асуухлээр нь би Э надруу 18 цаг 12 минутад залгасан, хүн алчихлаа гэж хэлсэн талаар нь хэлж мэдэгдсэн. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /Хх-н 43 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Г.Намнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2017 оны 10 сарын 31-ний өдрийн орой 19 цаг өнгөрч байхад намайг гэртээ өвөө Цэрэннадмидын хамт байхад гаднаас Б.Э эгч согтуу, куртикныхаа дотор талын халаасанд нэг шил архи хийчихсэн орж ирсэн. Тэгээд Б.Э эгч өвөөг “та сайхан намаржиж байна уу” гэж хэлсэн тэгсэн өвөө сайхан намаржиж байна гэтэл Б.Э эгч “Би айлаа гүйцээгээд явж байна” гэж хэлсэн. Тэгээд өвөө тэр 2 Б.Э эгчийн авчирсан архийг хуваагаад уугаад байх шиг байсан манайд ойролцоогоор 15-20 минут орчим болсон би хичээлээ хийгээд сууж байтал удалгүй Б.Э гараад явсан гэх мэдүүлэг /Хх-н 45 дугаар хуудас/

Гэрч Ш.Эрбгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....2017 оны 10 сарын 31-ний өдрийн өглөө 08 цаг 30 минутанд цагдаагийн хэлтсийн ерөнхий жижүүрийн үүргийг хүлээн авч мэдээлэл авагч Х.Одсайханы хамт 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд тус өдрийн 18 цаг 10 минутанд цагдаагийн хэлтсийн 70367102 дугаарлуу 95019140 дугаараас залгаад “Согтуу эмэгтэй бололтой нэг эмэгтэй Үтрэмийн 02-07 тоотод би хүн алчихсан байж магадгүй шүү” гэж мэдээлсэн тэгэхээр нь би “Та хэн бэ” гэтэл “Намайг Э гэдэг” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд цагдаагийн хэлтсийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан а/а Ж.Түмэндэмбэрэл, д/а Ганжуур нарт мэдэгдэн Үтрэм 02-07 тоотод очиж шалгадах гэж хэлээд 95019140 дугаарын утасруу би өөрийнхөө 99392905 дугаарын утсаар залгахад утсаа авахаар нь би “та хэн гэдэн хүн бэ одоо хаана байгаа юм ямар учиртай хүн үхсэн гээд байгаа юм бэ” гэхэд “мэдэхгүй мэдэхгүй” гэж хэлээд салгасан. Удалгүй Үтрэм 02-07 тоотруу явсан а/а Ж.Түмэндэмбэрэл залгаад гэрийн амбаарт нэг хүн ухаангүй цус нөж болсон байдалтай байна эмнэлгийн түргэн тусламж дуудчихлаа гэж хэлсэн би тухайн өдрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Амгаланбаатарт мэдэгдэж Мөрдөн байцаах хэсгийн дарга, цагдаагийн хошууч С.Гантулга өрөөндөө байхаар нь мэдэгдээд цуг Үтрэм 02-07 тоотод очиход хашааны гол хэсэгт нэг амбаартай монгол гэр байсан тэр гэрийн амбаарны хэсэгт настай бололтой эрэгтэй хүн цус нөж болсон ухаангүй байдалтай хэвтэж байсан эмнэлгийн түргэн тусламж уг хүнийг нас барсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /Хх-н 46 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Э.Энхийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн .... Би замын хойно Баруун-Өлөнтийн 141 тоотод Эрдго эгчийн гэрт 7 хоног амьдарсан юм. Учир нь Эрдго эгчийн хүүхэд нь хөл муутай намайг цуг хичээлдээ явж байгаа хүргэж өгч байгаач гэж гуйгаад тэгээд ээж бид 2 зөвшөөрөөд би тэднийд амьдраад 7 хонож байсан юм тэгсэн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 18 цаг өнгөрч байсан байхаа 99931087 дугаарын утасруу ээж өөрийнхөө утсаар дохиод байсан тэгсэн би утсыг нь авах гээд яваад очтол Эрдго эгч хэн залгаж байна гэхээр нь би ээж дохиод байна гэсэн чинь Эрдго эгч өө тийм үү чи залгачих гэхээр нь би эргүүлээд залгатал ээж Б.Э утсаа аваад Эрдго эгчтэй чинь яръя гэхээр нь би гар утсыг Эрдго эгчид өгсөн. Тэгээд би хойд өрөөнд байж байтал Эрдго эгч “ээж чинь залгаад өвөө чинь нас барсан” гэж хэлж байна гэхээр нь бид 2 итгэж чадахгүй байж байтал удалгүй цагдаа нар ирээд Эрдго эгчийг аваад явсан гэх мэдүүлэг /Хх-н 47 дугаар хуудас/

Гэрч Ж.Гаийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....2017 оны 10 сарын 31-ний өдрийн өглөө 07 цагийн орчимд босоод цай чанаад гэрийнхээ ажлыг хийж байгаад тус өдрийн 11 цаг өнгөрч байхад захиргаа орчихоод Мөнхтүвшингийн гэрт очиж өмнө өгсөн байсан 1 шуудай төмс, 1 шуудай байцааны мөнгөө авахаар ахуй үйлчилгээний гудамжинд байдаг гэрт нь очсон. Тэгсэн Мөнхтүвшин алтанд яваад жоохон ёндоорсон гээд ногооны мөнгө гээд 20.000 төгрөг өгсөн тэгээд ганц юм уух юм уу ах гэхээр нь тэгье гэсэн удалгүй гаднаас Мөнхтүвшингийн эхнэр Мягмарсүрэн гаднаас орж ирэхдээ нэг шил Хараа нэртэй 0.5 литрийн архи авч орж ирсэн уг архийг Мөнхтүвшин, манай эхнэр Б.Э бид 3 хувааж уусан архиа дуусаад Мөнхтүвшин дахиад нэг шил архи аваад ир гээд эхнэр Мягмарсүрэн нь дэлгүүр яваад нэг шил архи авчирсан мөн уг архийг бид 3 уусан тэгээд архиа дуусгаад би нэг шил аваад бид 3 уусан ингээд нийт 3 шил архи ууж дуусаад гарсан тухайн үед хэдэн цаг олж байсныг мэдэхгүй байна гадаа гэгээтэй санагдаж байна тэгсэн манай хүү Баярмөнх бид 2-г хүргэж өгөхөөр болоод машингүй байсан болохоор тэнд мод буулгаж байсан хүргэн Бат- Эрдэнийг хүргээд өг гэж хэлсэн тэгээд Батэ эхнэр Б.Э бид 2-г гэрт хүргэж өгнө гэж байсан тэгээд л юу болсныг би санахгүй байна нэг мэдсэн би цагдаагийн эрүүлжүүлэхэд хувцсаа тайлаад орж байснаа санаж байна гэх мэдүүлэг /Хх-н 49 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 49 ...... Дүгнэлт:

1.Талийгаачид цээжинд зүүн 1,2,3,4,5-р хавирганы хөндлөн хугарал.Хэлэн доторх ясны зүүн сэртэнгийн хугарал. Улаан хоолойн ар хананд цус хуралт. Элэг язарсан шарх. Нойр булчирхайн хальсан доорх цус харвалт. Дэлүүний няцралт. Духны зүүн гадна дээд хэсгийн зулгаралт, цус хуралт. Зүүн хөмсгөн дээрх зулгаралт, язарсан шарх. Зүүн хацар, шанаа, чамархай, өвчүүний харалдаа, эгэмний дээрх зулгаралт, цус хуралтууд. Баруун хацрын төвгөрт зулгаралт, цус хуралт, баруун чамархайд зүсгдэж язарсан шарх. Баруун бугалга, тохой, шуу, сарвуунд зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн гэмтэлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10 болон 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно.

            3. Талийгаач хавсарсан гэмтэл, дотор эрхтэний гэмтлийн улмаас цус алдалт, ШОК-н хүндрэлээр нас баржээ.

            4. Талийгаач уушигны архаг үрэвсэлт өвчинтэй байжээ.

            5. Талийгаачийн цусанд 0,6 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолттой байжээ.

            6. Талийгаачийн цус В /III/ бүлгийн харьяалалтай байна гэх /Хх-н 63 дугар хуудас/

            Шүүх сэтгэц эмгэг судлалын № 984 тоот дүгнэлтээс......

            1.Б.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн эмгэггүй байсан байна, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийн учир холбогдолыг зөв ойлгож чадаж байсан байна.

            2.Б.Э нь одоо нь сэтгэл мэдрэлийн эмгэггүй байна, албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна.

            3.Б.Э нь сэтгэл мэдрэлийн эмгэггүй байна, эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

            4.Б.Э нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.5.Б.Э нь хэрэг хариуцах чадвартай байна гэх /Хх-н 100 дугаар хуудас/

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 7-14 дүгээр хуудас/

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 64-69 дүгээр хуудас/

            Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 119 дүгээр хуудас/

            Б.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 120, 122  дугаар хуудас/

            Б.Э нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 124 дүгээр хуудас/

            Талийгаач Л.Луийн дүү Л.Лув, Ц.Батэ, Л.Цэр нараас Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан Б.Эд гомдолгүй гэсэн тодорхойлолт /Хх-н 144 дүгээр хуудас/

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Урээс шүүхэд гаргасан шүүх хуралд оролцохгүй, гомдол санал байхгүй гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, үтрэмийн 2-7 тоотод байрлах өөрийн гэртээ өөрийн нагац ах 90 настай Л.Луийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг цохиж зодон санаатайгаар алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Б.Эыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас өөрийн нагац ах Л.Луид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн амь насыг нь хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн давхар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл анги нь Б.Эын үйлдэлд тохирохгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас амь насыг нь хохироосон гэж үзэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

   Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар мэдүүлэг өгөхдөө яллагдагчаар байцаагдахдаа өгсөн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлж байгаа нь шүүгдэгч өөрийнхөө  эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхээ эдэлж байна гэж үзэв.

Мөн шүүгдэгч Б.Эыг яллагдагчаар татан мэдүүлэг авахдаа хуульд заасан шаардлагыг хангаж түүнд хууль заасан эрх, үүргийг нь болон хуулийн зүйл заалтыг тайлбарлан өгсөн, мөн өмгөөлөгч байлцуулан мэдүүлэг авсан зэрэг нь хууль зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар байцаагдахдаа үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь  хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтуудыг болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай төмөр таяг, 4.3 минтын бичлэг бүхий CD зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад давхар нотлогдож байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэдгээ  хүлээн мэдүүлж зөвшөөрч байгаа боловч бусдыг санаатайгаар алаагүй гэдгээ зөвшөөрөхгүй гэж байгаа нь гэм буруугүйгээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч нараас гаргасан Б.Э нь хохирогч Л.Луийн буруутай үйлдлээс болж санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алсан гэж үзэх, талийгаач Л.Лу нь шүүгдэгч Б.Эыг өмнө нь зодож байсан зэргээс үзэхэд биеэ хамгаалах чадвартай гэж үзэх боломжтой тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх, мөн хохирогч Л.Луийн амь насыг санаатайгаар хохироосон гэж үзэх үндэслэлгүй, нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар буюу цагаатгаж өгнө үү гэсэн саналуудыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь өндөр настай буюу 90 настай нагац ах Л.Луийг бие муутай, биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цохиж зодсоноос хохирогч Л.Лу нас барсан, мөн шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн эмгэггүй байсан байна, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийн учир холбогдлыг зөв ойлгож чадаж байсан байна, болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэсэн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд Б.Эд холбогдох хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэн прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Ур нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Энхжараглын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Б.Эын анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон талийгаачийн ар гэрийнхнээс гаргасан хүсэлт, гомдолгүй гэж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эдлэх хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох үндэслэлтэй байна гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай төмөр таяг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 4 минут 3 секундын бичлэг бүхий CD-г хавтаст хэрэгт нь үлдээх, шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 70 хоногийг нь эдлэх ялд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад  шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Хануу овогт Бат-Оршихын Эыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар Б.Эыг 09 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Эд оногдуулсан 09 жил 10 хоногийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлтттэй хорих байгууллагад элүүлэхээр тогтоосугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай төмөр таягийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 4 минут 3 секундын бичлэг бүхий CD-г хавтаст хэрэгт нь үлдээх, Б.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг баримтлан Б.Эын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Эд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.ХЭРЛЭН

                        

             ШҮҮГЧИД                                  Б.АЛТАНЦЭЦЭГ 

                                                                                  

                                                                    Д.РЕНЧЕНХОРОЛ.