| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2209000001835 |
| Дугаар | 2023/ДШМ/823 |
| Огноо | 2023-08-15 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2023/ДШМ/823
2023 8 15 2023/ДШМ/823
Н.Мад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Булганчимэг,
шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч О.Баяраа,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч С.Оюунчимэг, шүүгч А.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/407 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Мад холбогдох 2209000001865 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Сартуул овгийн Н.М, 1984 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүргийн 6 дугаар хороо, Шилжрээ 5 дугаар гудамжны 6 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ВТ84081231/,
Н.М нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 427 дугаар байрны 16 дугаар давхрын 4 тоотод хохирогч Д.Оийг архи согтуурах ундааны зүйл хэрэглэсэн буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, олон тооны шарх, гэмтэл үүсгэж шаналган, тарчилган зовоож онц харгис хэрцгийгээр зодож, улмаар хавсарсан гэмтэл учруулж амь насыг хохироосон буюу хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтуудад тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Сартуул овогт Н.Мыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтуудад тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтуудад тус тус зааснаар шүүгдэгч Н.Мыг 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мын цагдан хоригдсон 189 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мад оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, цагаан өнгийн шаазан аяга 1 ширхэг, бор өнгийн даавууны хэсэг, шоотой эрээн даавууны 2 хэсэг, хөвөн даавууны 3 хэсэг, савхин куртик 1 ширхэг, цагаан өнгийн үдээстэй пүүзэн гутал 1 хос, шар өнгийн футволк, цагаан өнгийн майк, саарал өнгийн бэлтгэлийн өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Маас 7.516.871 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Анандад олгож, шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Анандын 82.500.000 төгрөгийн сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэл, цалин хөлстэй холбоотой 1.045.450 төгрөгийн нэхэмжлэл зэргийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчид холбогдуулан дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч О.Баяраа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.М нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргадаггүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Оршуулгын зардалд 7.000.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн ба анхан шатны шүүх хуралдааны дараа 7.520.000 төгрөгийг төлж барагдуулсан. Н.М нь Налайх дүүрэгт өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтуудад тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Н.М нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 427 дугаар байрны 16 дугаар давхрын 4 тоотод хохирогч Д.Оийг архи согтуурах ундааны зүйл хэрэглэсэн буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, олон тооны шарх, гэмтэл үүсгэж шаналган, тарчилган зовоож онц харгис хэрцгийгээр зодож, улмаар хавсарсан гэмтэл учруулж амь насыг хохироосон буюу хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Анандын “...Би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ТВ5 телевиз дээр 22 цагт шууд нэвтрүүлэгтэй байсан бөгөөд уг ажил руугаа явж байхад манай талийгаач ээжийн эгчийнх нь хүүгийн эхнэр нь болох Даваасүрэн над руу залгаж “ээжийн чинь бие муу байна, гэнэт зүрх нь зогсоод байна гэж байна, Гэмтэл, согог судлалын Үндэсний төвд байна, Гансүх ах руу залга” гэж хэлсэн. Би Гансүх ахтай холбогдоод Гэмтэл, согог судлалын Үндэсний төвд явж очсон бөгөөд очих үед ээж минь өөд болсон байсан. Гэмтэл, согог судлалын Үндэсний төвд очиж талийгаачийг харахад нүүр нь хөхөрч хавдчихсан, хүнд маш их зодуулсан байдалтай байсан... хохирол төлбөрт оршуулгын зардалд 16.656.000 төгрөгийн хохирол, төлбөр нэхэмжилж байна. Холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргасан. Мөн сэтгэл санааны хохиролд 82.500.000 /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлснээр/ 7.000.000 төгрөгийг баримтаар нэхэмжлээгүй зүйлд 82.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /1хх 78-80, 82/,
гэрч Д.Энхжингийн “...Би буруу сонссон юм бол уу гэж бодоод өрөөндөө ороод хаалгаа дутуу хаагаад сонссон тэгтэл дахиад “туслаарай” гээд дугарсан. Тэгэхээр нь бид хоёр хаалганы гадаа очсон чинь эрэгтэй хүн дугарах шиг болсон. Би гайхаад хаалгыг нь тогшсон тэгтэл “ороо” гээд дугарсан тэгээд хаалгыг нээгээд харахад үл таних эрэгтэй хүн орон дээр нь буруу хараад суучихсан, харин байрны эгч ард нь ямар ч хувцасгүй нүцгэн нүүр хэсэг нь хавдаад тэгшрээд улаан нялга болчихсон, бие нь дийлэнх хэсгээрээ хөхөрсөн харагдаж байсан. Тэгтэл өрөөнд байсан ах бид хоёрыг “байж бай” гээд хэлсэн тэгэхээр нь бид хоёр хаалгыг нь хаагаад буцаж өрөөндөө ороод би өөрийн 88188682 дугаараас 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Тэр үед манай найз залуу гараад “нөгөөг залууг нь бариад авъя” гээд байсан. Тэгэхээр нь би маргааш хөдөө ажилдаа явах гэж байгаа болохоор янз бүрийн хэрэгт холбогдоод дэмий гэж бодоод “цагдаа иртэл хараад байж байя” гэсэн. Тэгээд нөгөө хүн нь гараад зугтчихаж магадгүй гэж ярилцаад хувцсаа өмсөөд гадаа орцны үүдэнд зогсож байгаад цагдаа ирэхээр хамт оръё гэж бодоод үүдний хэсэгт гутлаа өмсөөд сууж байтал байрны эзэн эгчийн өрөөний хаалга нээгдээд үл таних эрэгтэй хүн гартаа юм барьчихсан ардаа нуугаад “нааш ир” гэж нэг удаа хэлчихээд толгойгоо хөдөлгөөд бид хоёрыг дуудаад байсан. Тэгээд бид хоёр айгаад шууд гараад хаалгаа гаднаас нь түгжээд байрнаас гараад үүд хэсэгт хараад зогсож байсан. Тэгээд дахиад цагдаа руу залгаад “яаралтай ирээрэй” гээд хэлсэн. ...” /1хх 93-95, 97/,
гэрч Х.Ханхайгийн “...Тэгээд бид хоёр чагнаад үзэхэд дугаралдаад байсан, хаалгыг нь нээгээд харахад байрны эгчийг зодчихсон шинжтэй хувцасгүй, орны цаана зогсож байсан. Харин үл таних эрэгтэй хүн орон дээр сууж байсан тэгтэл эрэгтэй хүн нь “та хоёр цаанаа байж бай” гэсэн тэгэхээр нь бид хоёр гараад өрөөндөө ороод цагдаа дуудсан. Бид хоёр гарья гээд гутлаа өмсөөд үүдний хэсэгт байж байтал байрны эгчийн өрөөний хаалга онгойгоод тухайн эрэгтэй гартаа юм барьсан ардаа нуусан шинжтэй гарч ирээд намайг “нааш ир” гээд дуудсан. Тэгээд бид хоёр шууд гараад дахиад цагдаа дуудаад “та хэдийг иртэл одоо ямар арга хэмжээ авах бэ” гээд асуухад “гадаанаа байж бай” гэж хэлсэн. Тэгээд хүлээж байгаад цагдаа ирээд хамтдаа бид хэд орсон. Тэгтэл юм шатаж байгаа шинжтэй хиншүү үнэртээд утаа гарч байсан. Ороод харахад тухайн эрэгтэй балкон дээр тамхи татаад сууж байсан. харин байрны эгч өрөөндөө газар ухаан алдсан шинжтэй, юм ярихгүй хэвтэж байсан. ...” /1хх 98-101, 103/,
Н.Мын яллагдагчаар өгсөн “...Тэгээд дэлгүүрээс гарсан бөгөөд тэр эгчийг тавиад холдох гэхэд тухайн эгч надад “манай гэр яг энэ ар талд байгаа, намайг хүргээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би байрных нь дэлгүүр рүү орж 2 ширхэг нэг удаагийн аяга авсан. Аягыг нь өгтөл “наад архиа задлаад хийгээд өгөө” гээд гар нь чичрээд байсан бөгөөд архинаас аягалж өгсөн. Намайг “чи өөртөө хий” гэж хэлсэн. Тэгээд 2-оос 3 хундагыг уусан бөгөөд хий огиулаад байсан. Би тухайн архинаас 2-оос 3 хундагыг уусан. Тэр эгч “би гэр рүүгээ орж чадахгүй байна, намайг оруулаад өгөөч” гэж хэлэхэд нь би “гэрийнхэн чинь мэдэх юм бишүү” гэхэд “зүгээр ээ” гэж хэлээд хамт гэр рүү оруулж өгөх болсон. Орцоор ороод цахилгаан шатаар 16 давхарт гараад 4 тоот хаалга руу орсон байх. ...Нөгөө эгч “архинаас хий” гэж хэлээд архи хуваан уусан. Тэр эгч өөрийнхөө тухай ярьж сууж байгаад нилээн согтоод эхэлсэн бөгөөд өрөөнийхөө намхан орны булан хэсэгт суусан, сууж чадахгүй уначих гээд байсан. Тэгээд би “яаж байна” гэхэд сууж байгаад хана тал руугаа унаад байсан, хоёр ч удаа унасан ба би татаж босгосон. ...” /1хх 202, 206-209, 2хх 136/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Н.М 2022.10.07” гэж хаягласан шээснээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. “Н.М 2022.10.07” гэж хаягласан шээсэнд 1,9 промилли спирт илэрсэн. Согтолтын зэргийг зөвхөн цусанд тогтоодог болно. ...” гэсэн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4982 дугаартай /1хх 104-111/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тархины дух дагзны дэлбэнгийн аалзан хальс доор цус харвалт, хоёр талын олон хавирганы хугарал, хоёр уушгины бүрэн бус авчилт, толгой, цээж, мөчдийн олон тооны цус хуралт /15-20%/, баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун хөмсөг, хоёр зовхи, зүүн хацар баруун гуя, зүүн шилбэнд зулгаралт, баруун сарвууны эрхий долоовор, ядам зүүн эрхий дунд хурууны хумсан доорх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хоёр талын олон хавирганы хугарал, хоёр уушгины бүрэн бус авчилт гэмтэл хүнд зэрэгт бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Шинжилгээгээр мөчдийн олон тооны цус хуралт, хумсан доорх цус хуралт тогтоогдлоо, Талийгаачийн цусанд 2,6 промилли, ходоодны шингэнд 3,1 промилли спиртийн зүйл илрэв. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Ходоодны шингэнд САЗ-н хүрээнд хорт бодис болон эмийн бодис, хүчил шүлт илрээгүй, талийгаач нас барахдаа хүнд зэргийн согтолттой байжээ. ГССҮТ-ийн өвчний түүхэнд талийгаач нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны 21 цаг 35 минутад нас барсан гэжээ. Шинжилгээгээр үхэлд нөлөөлөх өвчингүй байна. Талийгаач нь ДОХ, Тэмбүү, Заг хүйтэн, Трихомониазын халдваргүй, үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй. Талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас уушги гялтангийн шокод орж нас баржээ. ГССҮТ-д өвчтөний биеийн байдал маш хүнд, ухаангүй, даралт пульс тодорхойлогдохгүй ирж сэхээн амьдруулах лавшруулсан тусламжийг үзүүлсэн боловч үр дүнгүй нас баржээ. ...” гэсэн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2628 дугаартай /1хх 164-177/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Н.М нь хэрэг учрал болсон гэх 2022.10.06-ний өдөр болон өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Н.М тухайн үед болж байгаа үйл явдлыг үнэн зөвөөр тусган ойлгох чадвартай байсан байна. Н.М нь хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна. Н.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.М нь тухай болсон явдлыг үнэн зөвөөр тусган авч ойлгон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.М нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. Н.М нь хэрэг учрал болох үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь бодит явдлыг үнэн зөвөөр тусган авахад нөлөөлөл багатай болно. ...” гэсэн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1035 дугаартай /1хх 190/ дүгнэлтүүд,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 2-3/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 7-12/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 4-6/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 17, 18-19/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 63-66/, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1хх 68/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 71-73/, хохирлын баримтууд /2хх 101-106/, хохирол төлсөн баримтууд /2хх 94, 194/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Шүүгдэгч Н.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтуудад тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Мын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтуудад тус тус зааснаар шүүгдэгч Н.Мыг 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч О.Баяраа “...Н.Мад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасан бөгөөд хавтаст хэргийн материалд авагдсан баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч Н.М нь анхан шатны шүүх хуралдааны дараа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад заасан хохиролд 7.516.871 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Анандад хохирол төлбөрт 7.520.000 төгрөг төлсөнийг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.М нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 123 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/407 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 123 /нэг зуун хорин гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүгдэгч Н.М нь хохирол төлбөрт 7.520.000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ