| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01167/И |
| Дугаар | 320/ШШ2025/00172 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 320/ШШ2025/00172
| 2025 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 320/ШШ2025/00172 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/01167/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.М,
Хариуцагч: П.Б,
Хариуцагч: НДГ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 1,162,903 (нэг сая нэг зуун жаран хоёр мянга есөн зуун гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.С ,
Хариуцагч: П.Б ,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Б.Н ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч П.Б, Х хэлтэс нарт холбогдуулан гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 1,162,903 (нэг сая нэг зуун жаран хоёр мянга есөн зуун гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...П.Б хоёр удаагийн үйлдлээр 1,208,064 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн. Мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 546,000 төгрөг төлсөн учир би Э.М ын 1,162,903 төгрөгийг төлөхгүй гэж маргасан гэж ойлгож байна. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ хүнд хоёр акт тавиулсан байсан. Нэг актаа 1,208,064 төгрөгөөр төлсөн. 546,000 төгрөгийг жил дутуу байсан учир нэмж авсан гэх тайлбарыг хэлж байна. Би өөр ойлголттой байна. Энэ маргаан 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Н ын газар удирдамжтай шалгалт хийгээд 17/45, 17/46 гэсэн актаар тэтгэвэр нь тогтоогдоогүй 41 иргэний тэтгэврийг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зогсоосон. Тэтгэврийг зогсоосон байх хугацаандаа 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,208,064 төгрөгийг барагдуул гэсэн. Энэ мөнгийг П.Б нь төлчих юм бол ямар ч асуудалгүй гэсэн. П.Б намайг тухайн үед итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө оруулж, тухайн акт дээр гарын үсэг зурж өгөөч гэсэн. Тэгээд би актанд гарын үсэг зурж, П.Б 1,206,064 төгрөгийг төлсөн. Иргэн П.Б би төлөх ёсгүй мөнгө төлсөн гэж нутгийн иргэдийн дунд зохимжгүй байдал үүсгэсэн. Ийм учир Н ын санг хамтран хариуцагчаар татсан. 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 41 иргэдийн тэтгэврийг зогсоосон. 2019 оноос 2021 оны хоорондох олгосон тэтгэврийн баримт бичигт шалгалт хийхэд 1987 оноос 1989 онд тэтгэвэр авсан юм гэдэгтэй санал нийлэхгүй байна. Малчнаар ажилласан шүүхийн шийдвэр гарсан байхад дахиад яагаад акт тогтоогоод 1,208,064 төгрөг төлүүлсэн юм бэ гэдэг нь өөрөө ойлгомжгүй байгаа учир маргааныг үнэн зөвөөр шийдвэрлэхийн тулд Н ын байгууллагыг хариуцагчаар татсан. Шүүхийн шийдвэрийг уншиж үзэхэд 1987 оноос 1989 оны хооронд давхардсан байгаа харагддаг. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр үйлчлээд явж байхад хуурамч нотолх баримт үйлдсэн гэж үзээд тэтгэврийн акт дахин үйлдэж уг мөнгийг оногдуулж байгаа нь эргэлзээтэй байсан учир хамтран хариуцагчаар татсан. 2021 оны 02 дугаар сард 462,001 төгрөг, тус оны 3, 4 дүгээр сард 350,000 төгрөгөөр хоёр удаа авсан. Энэ нь нийт 1,620,903 төгрөг болж байна. 17/16 дугаартай актад асуудлын гол нь байна. Хариуцагч яагаад над дээр ийм мөнгө гарч ирээд байгаа юм бэ гэж маргаад байгаа учир эргэлзээгүй шийдвэрлүүлэхийн тулд тухайн байгууллагыг хамтран хариуцагчаар татсан. Э.М ыг 1,162,903 төгрөгийг бүрэн төлсөн гэдгийг хэлж байна. Н ын улсын байцаагчийн 2 акт байгаа нь эргэлзээ төрөөд байна гэж П.Б үзээд байна. Тийм учраас 1,162,903 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулна... гэв.
Хариуцагч П.Б 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...1.Миний бие хариуцагч П.Б нь Х хэлтсийн тэтгэврийн сангаас илүү тэтгэвэр авч тус газраас байцаагчийн акт тогтоогдсон нь үнэн билээ. Тухайн акт гарснаас шалтгаалан миний тэтгэврийг зогсоосон. Н ын хэлтсийн байцаагч П.М илүү авсан тэтгэврийн мөнгөө буцааж төлөхгүй бол тэтгэврийг цаашид олгохгүй гэж удаа дараа шаардаж байсан учраас түүний хэлсний дагуу миний бие өөрийн ХААН банкинд эзэмшдэг 5*** тоот данснаас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1,208,064 (нэг сая хоёр зуун найман мянга жаран дөрөв) төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 546,000 (таван зуун дөчин зургаан мянга) төгрөгийг шилжүүлэн өгч илүү авсан мөнгөө бүрэн төлж барагдуулсан юм. Төлж барагдуулсны дараа миний тэтгэвэр дахин тогтоогдож хэвийн үргэлжлэн олгогдож эхэлсэн. Ийм байхад Х хэлтэс нэхэмжлэгч Э.М аар миний өмнөөс 1,162,903 (нэг сая нэг зуун жаран хоёр мянга есөн зуун гурав) төгрөгийг төлүүлсэн болохыг огт ойлгохгүй байна.
2. Нэхэмжлэгч Э.М ын нэхэмжлэлийг шүүхээс хүлээж аваад Х хэлтэс дээр очиж учрыг лавлахад байцаагч П.М нь архиваас акт үз гэж хэлсэн. Архиваас нь тухайн үед тавигдсан актыг үзэх гэтэл нууцын зэрэглэлтэй учраас үзүүлэхгүй гэсэн болно. Миний ойлгож байгаагаар аймгийн Н ын хэлтсээс өртэй хүмүүсийн мөнгөний төлж барагдуулсан үнийн дүнг хасалгүйгээр шүүх рүү оруулснаас шалтгаалан нэхэмжлэгч Э.М эрүүгийн хэргээ шийдвэрлүүлэх явцдаа төлөх ёсгүй мөнгийг төлсөн гэж үзэж байна. Илүү авсан тэтгэврийн мөнгөө буцаан өгч бүрэн барагдуулсан миний бие ямар ч үндэслэлгүй мөнгө төлөхөд хүрч байгаадаа гомдолтой байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
З. Нэхэмжлэгч Э.М намайг илүү авсан тэтгэврийн мөнгийг бүрэн төлснөөр тэтгэврээ үргэлжлүүлэн авч байгааг сайн мэднэ. Манай сумын иргэдээс төлсөн мөнгийг Н ын хэлтэс түүнээс шүүхийн шийдвэрээр давхардуулан авсан тул нэхэмжлэгч Э.М Х хэлтсийг энэ хэрэгт хамтран хариуцагчаар татаж оролцуулах нь маргааныг үнэн шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Нэхэмжлэгч Э.М өөрөө хохирсон атлаа мөнгөө төлсөн биднийг давхар хохироож аймгийн Н ын хэлтэст бидний төлсөн мөнгийг завших боломжийг олгоод байгааг огт ойлгохгүй байна. Шүүхээс энэ асуудлыг анхааралдаа авч хэрэг маргааныг хариуцагч Н д төлсөн мөнгөө нэхэмжлэгчид дахин төлж давхар хохирохгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
Би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,200,000 гаруй төгрөг төлсөн. Дараа нь жил хэдэн сарын мөнгө өгөх ёстой гээд 560,000 гаруй төгрөг төлүүлсэн. Манай суманд Н ын байгууллагыг төлөөлж П.М очиж байсан. Тэгээд намайг та одоо болсон гэсэн. Нэхэмжлэгч надаас авахаар би хоёр өгөх гээд байна.,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х сумын оршин суугч Э.М иргэн П.Б , Х газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай шалгалтын удирдамжийн дагуу Х сумын 2020 оноос 2021 онд шинээр тогтоогдсон тэтгэвэр, түүний олголтод хяналт шалгалт явуулахад Н ын байцаагч Э.М нь Н ын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг тус тус зөрчиж тэтгэвэрт гарах хүсэлт, материалаа өгсөн тодорхой тооны хүмүүсийн тэтгэврийн хувийн хэргийг нээж Н ын газарт ирүүлж тэтгэврийг тогтоолгохгүйгээр өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэж тэтгэврийг иргэдэд олгосон байсан. Дээрх шалгалтын хүрээнд 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 17/45 дугаартай улсын байцаагчийн актаар нэр бүхий 41 хүнд хууль зөрчиж олгосон нийт 59,565,131 төгрөгийн төлбөрийг Э.М д хариуцуулан төлүүлэхээр акт тогтоосон. Дээрх актыг хариуцагч Э.М хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Тухайн актад дурдагдсан 41 иргэн дотор иргэн П.Б ид 2021 оны 2, 3, 4 дүгээр сарын хугацаанд нийт 1,162,903 төгрөг олгосон ба дээрх мөнгийг Э.М бүрэн барагдуулсан. Н ын газрын хяналт шалгалтын тасгаас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай удирдамжийн хүрээнд Хөвсгөл аймгийн хэмжээнд 2019 оноос 2021 онд шинээр тогтоогдсон тэтгэвэрт хяналт шалгалт хийх явцад Ч сумын тэтгэвэр авагч П.Б нь 1987 оноос 1989 оны хооронд малчнаас өөр мэргэжлээр ажиллаж байсан хугацаагаа шүүхийн шийдвэрээр малчнаар ажиллаж байсан гэж гаргуулснаар Н ын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтыг хангахгүй болж, 2021 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын хугацаанд авсан өндөр насны тэтгэвэрт Н ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар хуурамч бичиг баримт бүрдүүлж, худал мэдүүлэг зэргээр тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон илүү авсан гэх заалтаар 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17/116 дугаартай улсын байцаагчийн актаар 1,208,064 төгрөгийн акт тогтоосон. Тэтгэвэр авагч П.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С дээрх актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж хүлээн авсан. Актыг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Х газрын Ч суман дахь тэтгэврийн дансанд бүрэн барагдуулсан байдаг. Иргэн П.Б маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тухайн үед хэрэгжиж байсан Малчин иргэдийн нөхөн даатгалын тухай хуулийн дагуу 1 жил 1 сарыг 546,000 төгрөгөөр худалдаж авсан. 546,000 төгрөг нь иргэн хуулийн хүрээнд тушаасан мөнгө. Дээрх хоёр актын хувьд 1,208,064 төгрөгийг өөрөө барагдуулсан. Э.М ын төлөх ёстой актад багтсан иргэн П.Б ийн авсан тэтгэвэр 1,162,903 төгрөгийг Э.М бүрэн барагдуулсан.
Энэ хоёр актын хувьд Ч сумын Н ын байцаагчаар ажиллаж байсан. Э.М ашиг, сонирхлын шинжтэй үйлдэл гаргасан учир манай байгууллагаас удирдамжтай шалгалт орсон. Улсын байцаагчийн 2 акт гарсан. 17/45 дугаартай актын хувьд Н ын газарт Э.М баримтаа ирүүлээгүй, программд оруулалгүй, өөрийнхөө эрх мэдлийг урвуулан ашиглаж иргэдийн дансанд дураараа мөнгө шилжүүлсэн байдаг. 2021 оны 02 дугаар сараас 4 дүгээр сарын хооронд иргэн П.Б ид 1,162,903 төгрөгийн тэтгэвэр олгосон байсан. Тухайн үед Х газраас хяналт шалгалтын баг очиж тус суманд ажилласан. Бүх иргэдийг дуудаж дансны хуулгыг нь авч танилцуулсан. Таны материалыг хүлээн аваад материалыг хүргүүлэхгүйгээр таньд тэтгэвэр олгосон байна. Бид бүх материалыг нь үзээд тэтгэвэрт орох боломжтой хүмүүсийг аль болох хохироохгүйгээр тэтгэврийн эрхийг нь үүсгээд явсан. Хөвсгөл аймгийн хэмжээнд Н ын газрын төлөвлөгөөт шалгалтаар 2019 оноос 2021 оны хооронд шинээр тогтоогдсон тэтгэврүүдэд хяналт шалгалт явагдсан. Манай баазад хадгалагдаж байгаа баримт нотолгоотой тулган шалгалт явуулсан. Дээрх шалгалтыг явуулахад П.Б ийн шүүхээр малчин гэж гаргуулсан хугацаанд тэрээр өөр ажил мэргэжлээр ажилласан байдаг. Ийм учир шүүхэд худал мэдүүлсэн байсан. Малчин гэх шүүхийн шийдвэрийг шүүхэд худал мэдүүлж шүүхийг хууран мэхлэх зорилгоор гаргасан байна гэж үзээд 2021 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын хугацаанд авсан тэтгэвэрт улсын байцаагч 17/116 дугаартай акт дахин тогтоосон. Баримттай танилцаж үзэхэд Л.С гуай өөрөө 746 дугаартай итгэмжлэлээ хуулбарлан өгч П.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонсох ажиллагаанд оролцон гарын үсэг зурсан байдаг. Бүх материалтай танилцсан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тухайн актыг бүрэн барагдуулсан. Э.М ыг эрх нь үүсээгүй хүнд тэтгэврийг олгосны төлөө хариуцан төл гэж акт гаргасан. Хавсралтын хувьд энэ хүнд тэдэн төгрөг олгосон байна гэсэн хавсралт байдаг. Үүнийг П.Б гуай төлнө, төлөхгүй гэдэг дээр маргахгүй. Н ын байцаагч Э.М дээр акт тавьсан. Үүний дагуу төлсөн. Иргэний хувьд Э.М ын нэхэмжлэх асуудал учир оролцохгүй. П.Б нь хуурамч бичиг баримт бүрдүүлж шүүхийг хуурч шийдвэр гаргуулснаа хүлээн зөвшөөрч маргааш нь 546,000 төлж тухайн үед хэрэгжиж байсан хуулийн дагуу 01 жил 01 сар худалдаж авснаар тэтгэврийн эрх нь үүсэж тэтгэврээ тогтоолгон одоог хүртэл авч байгаа. гэв.
Нэхэмжлэгч Э.М нь иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 5**** тоот дансны Мөнгөн шилжүүлгийн баримт, Орлогын мэдүүлгийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/209 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ДШМ/34 дүгээр магадлал зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Бүртгэлийн дугаар 0250 Итгэмжлэл зэрэг баримтуудыг,
Хариуцагч П.Б нь хариу тайлбар, хариуцагч Х газар нь хариу тайлбар, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгчээ.
Шүүх хариуцагч П.Б ийн хүсэлтээр Х газраас хариуцагчийн илүү авсан тэтгэвэрт тогтоогдсон акт, төлбөр төлсөн баримтуудыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...Хариуцагч П.Б нь 2021 оны 02 дугаар сард 462,001 төгрөг, тус оны 3, 4 дүгээр сард 350,000 төгрөгөөр хоёр удаа авсан. Энэ нь нийт 1,620,903 төгрөг болж нэхэмжлэгч Э.М нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Х газарт энэ мөнгийг төлсөн байдаг. Н ын улсын байцаагчийн 2 акт байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа. Ийм учраас 1,162,903 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулна... гэв.
Хариуцагч П.Б дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
...1. Х хэлтсийн тэтгэврийн сангаас илүү тэтгэвэр авч тус газраас байцаагчийн акт тогтоогдсон нь үнэн. Тухайн акт гарснаас шалтгаалан миний тэтгэврийг зогсоосон. Н ын хэлтсийн байцаагч П.М илүү авсан тэтгэврийн мөнгөө буцааж төлөхгүй бол тэтгэврийг цаашид олгохгүй гэж удаа дараа шаардаж байсан учраас түүний хэлсний дагуу миний бие өөрийн ХААН банкинд эзэмшдэг 5*** тоот данснаас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1,208,064 (нэг сая хоёр зуун найман мянга жаран дөрөв) төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 546,000 (таван зуун дөчин зургаан мянга) төгрөгийг шилжүүлэн өгч илүү авсан мөнгөө бүрэн төлж барагдуулсан. Төлж барагдуулсны дараа миний тэтгэвэр дахин тогтоогдож хэвийн үргэлжлэн олгогдож эхэлсэн. Ийм байхад Х хэлтэс нэхэмжлэгч Э.М аар миний өмнөөс 1,162,903 (нэг сая нэг зуун жаран хоёр мянга есөн зуун гурав) төгрөгийг төлүүлсэн болохыг огт ойлгохгүй байна.
Миний ойлгож байгаагаар аймгийн Н ын хэлтэс өртэй хүмүүсийн төлж барагдуулсан үнийн дүнг хасалгүйгээр шүүх рүү оруулснаас шалтгаалан нэхэмжлэгч Э.М эрүүгийн хэргээ шийдвэрлүүлэх явцдаа төлөх ёсгүй мөнгийг төлсөн гэж үзэж байна. Илүү авсан тэтгэврийн мөнгөө буцаан өгч бүрэн барагдуулсан миний бие ямар ч үндэслэлгүй мөнгө төлөхөд хүрч байгаадаа гомдолтой байгаа.
Нэхэмжлэгч Э.М намайг илүү авсан тэтгэврийн мөнгийг бүрэн төлснөөр тэтгэврээ үргэлжлүүлэн авч байгааг сайн мэднэ. Манай сумын иргэдээс төлсөн мөнгийг Н ын хэлтэс түүнээс шүүхийн шийдвэрээр давхардуулан авсан тул нэхэмжлэгч Э.М Х хэлтсийг энэ хэрэгт хамтран хариуцагчаар татаж оролцуулах нь маргааныг үнэн шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Нэхэмжлэгч Э.М өөрөө хохирсон атлаа мөнгөө төлсөн биднийг давхар хохироож аймгийн Н ын хэлтэст бидний төлсөн мөнгийг завших боломжийг олгоод байгааг огт ойлгохгүй байна.
Би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,200,000 гаруй төгрөг төлсөн. Дараа нь жил хэдэн сарын мөнгө өгөх ёстой гээд 560,000 гаруй төгрөг төлүүлсэн. Манай суманд Н ын байгууллагыг төлөөлж, П.М очиж байсан. Тэгээд намайг та одоо болсон гэсэн. Нэхэмжлэгч надаас авахаар би хоёр өгөх гээд байна... гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
...2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай шалгалтын удирдамжийн дагуу Х сумын 2020 оноос 2021 онд шинээр тогтоогдсон тэтгэвэр, түүний олголтод хяналт шалгалт явуулахад Н ын байцаагч Э.М нь Н ын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг тус тус зөрчиж тэтгэвэрт гарах хүсэлт, материалаа өгсөн тодорхой тооны хүмүүсийн тэтгэврийн хувийн хэргийг нээж Н ын газарт ирүүлж тэтгэврийг тогтоолгохгүйгээр өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж тэтгэврийг иргэдэд олгосон байсан. Дээрх шалгалтын хүрээнд 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 17/45 дугаартай улсын байцаагчийн актаар нэр бүхий 41 хүнд хууль зөрчиж олгосон нийт 59,565,131 төгрөгийн төлбөрийг Э.М д хариуцуулан төлүүлэхээр акт тогтоосон. Дээрх актыг хариуцагч Э.М хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Тухайн актад дурдагдсан 41 иргэн дотор иргэн П.Б ид 2021 оны 2, 3, 4 дүгээр сарын хугацаанд нийт 1,162,903 төгрөг олгосон ба дээрх мөнгийг Э.М бүрэн барагдуулсан. Э.М ашиг, сонирхлын шинжтэй үйлдэл гаргасан учир манай байгууллагаас удирдамжтай шалгалт орсон. Улсын байцаагчийн 2 акт гарсан. 17/45 дугаартай актын хувьд Н ын газарт Э.М баримтаа ирүүлээгүй, программд оруулалгүй, өөрийнхөө эрх мэдлийг урвуулан ашиглаж иргэдийн дансанд дураараа мөнгө шилжүүлсэн байдаг. Э.М ыг эрх нь үүсээгүй хүнд тэтгэврийг олгосны төлөө хариуцан төл гэж акт гаргаж, Э.М манай байгууллагад төлсөн... гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х газрын 2024 оны 12 дугаар 13-ны өдрийн 354 дүгээр албан бичгээр ирүүлсэн Х газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 12 сарын 13-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х газрын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 17/45 дугаар Төлбөр төлүүлэх тухай акт, түүний хавсралт, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 17/116 дугаар Төлбөр төлүүлэх тухай акт, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/209 дүгээр шийтгэх тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч Н.Мөнхзул нь Х сумын Н ын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд тэрээр албан тушаалынхаа хувьд сумын тэтгэвэрт орохоор өргөдөл гаргасан иргэний шаардлагатай баримтуудыг анхан шатны журмаар хүлээн авч, дараагийн шатлалын буюу Х хэлтэст хүргүүлж, тухайн дээд шатны байгууллага түүний ирүүлсэн баримтыг хянаж үзэн зөвшөөрсөний үндсэн дээр иргэнд тэтгэвэр авах эрх үүсдэг.
Дээрх дараалал журмын дагуу хариуцагч П.Б нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сумын Н ын байцаагч болох нэхэмжлэгч Э.М д өргөдлөө гаргасан боловч тэрээр хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүйгээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2021 оны 02 дугаар сараас хариуцагч П.Б ид тэтгэвэр олгосон.
Нэхэмжлэгч Э.М ыг Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/209 дүгээр шийтгэх тогтоолоор эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэрээр шийтгэх тогтоолоор тогтоогдсон хохирол төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч Н ын байгууллагад төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Тухайн төлбөрт хариуцагч П.Б той холбоотой 1,162,903 төгрөгийн төлбөр багтсан бөгөөд шийтгэх тогтоолд иргэний хариуцагч П.Б оос 1,162,903 (нэг сая нэг зуун жаран хоёр мянга есөн зуун гурав) төгрөг нэхэмжлэх эрхтэйг дурдсан зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.
Харин хариуцагч П.Б нь ...Би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,200,000 гаруй төгрөг төлсөн. Дараа нь жил хэдэн сарын мөнгө өгөх ёстой гээд 560,000 гаруй төгрөг төлүүлсэн. Манай суманд Н ын байгууллагыг төлөөлж, П.М очиж байсан. Тэгээд намайг та одоо болсон гэсэн. Нэхэмжлэгч надаас авахаар би хоёр өгөх гээд байна. Нэхэмжлэгч Э.М д төлөх үндэслэлгүй... гэж маргалаа.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Н нь...2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 17/45 дугаартай улсын байцаагчийн актаар нэр бүхий 41 хүнд хууль зөрчиж олгосон нийт 59,565,131 төгрөгийн төлбөрийг Э.М д хариуцуулан төлүүлэхээр акт тогтоосон. Дээрх актыг хариуцагч Э.М хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Тухайн актад дурдагдсан 41 иргэн дотор иргэн П.Б ид 2021 оны 2, 3, 4 дүгээр сарын хугацаанд нийт 1,162,903 төгрөг олгосон ба дээрх мөнгийг Э.М бүрэн барагдуулсан. Э.М нь Н ын газарт тэтгэвэр тогтоолгох хүмүүсийн баримтыг ирүүлээгүй, программд оруулалгүй, өөрийнхөө эрх мэдлийг урвуулан ашиглаж иргэдийн дансанд дураараа мөнгө шилжүүлсэн гэм буруутай болох нь шүүхээр тогтоогдсон. Энэ төлбөрийг манай байгууллага хариуцах үндэслэл байхгүй. Харин хувь тухайн хувь хүнээсээ өөрийн төлсөн төлбөрөө нэхэмжлэх эсэх нь түүний эрх учраас манай байгууллага энэ асуудалд оролцохгүй... гэж тайлбарлав.
Нэхэмжлэгч Э.М нь шийтгэх тогтоолоор тогтоогдсон 1,162,903 төгрөгийг П.Б ийн өмнөөс Х хэлтэст төлсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Гэвч нэхэмжлэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч П.Б ид ногдох төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд 1,162,903 төгрөгийг төлөх болсон үндэслэл нь нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдлээс үүсэлтэй байх тул хариуцагч П.Б ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Н ын байгууллага П.Б ид 2 акт тавьсан нь учир дутагдалтай эргэлзээтэй гэж тайлбарлан хариуцагч Х газраас төлбөрийг хуваан гаргуулна гэж шаардаж байх боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Э.М ын нэхэмжлэлтэй, хариуцагч П.Б , Х хэлтэс нарт холбогдох гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 1,162,903 (нэг сая нэг зуун жаран хоёр мянга есөн зуун гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгч Э.М ын нэхэмжлэлтэй, хариуцагч П.Б, Х газар нарт холбогдох гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 1,162,903 (нэг сая жаран хоёр мянга есөн зуун гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,460 (гучин хоёр мөнгө дөрвөн зуун жар) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА