Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 157/ШШ2025/00028 

 

                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

               Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Хүсэлт гаргагч: З  овогт М-ын Т-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Ч-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

              

               Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагч М.Т оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч М.Т нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ч.Ч-той 2012 онд танилцаж гэр бүл болсон. 2014 оны 06 сарын 29-нд том охин Ч.******************, 2019 оны 10 сарын 09-нд бага хүү Ч.*************** нар мэндэлсэн. 2012 оноос хойш Дорнод аймгийн Дашбалбар суманд цагдаагийн алба хашдаг байсан. Үе үе ажилтай байсан нэрээр 7 хоногоос 1 сар гэртээ ирдэггүй байсан. 2019 оноос холбоо тасарсан тул  одоо оршин суугаа хаягийг нь мэдэхгүй байгаа учир Ч.Ч-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.

Ч-той одоог хүртэл холбоогүй байгаа. Хүүхдүүд мань эцгийгээ мэдэхгүй. Энэ хүнийг ирэх байх гэж хүлээсэн боловч ирэхгүй байгаа учраас эрэн сурвалжилж байна. ... Хүүхдийн тэтгэмж тогтоолгож жилдээ хүүхдүүдээ аавтай нь уулзуулмаар байна. ... Би Дорнод аймгийн Дашбалбар суманд хамт амьдардаг байсан. Тэгээд Ч- ажилдаа явлаа гэж гараад 7 хоног ч юм уу ирдэггүй байсан. Сүүлдээ сар болсон. Ажилдаа очдоггүй. Цагдаагийн байгууллагатай нь хамт хайж үзсэн” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

М.Т нь Ч.Ч-той 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2014 оны 06 дугаар сарын 29-ний өдөр охин Ч.******************, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүү Ч.*************** нар төрсөн байна.

 Ч.Ч- 2019 оноос хойш эхнэр, хүүхэдтэйгээ холбогдоогүй, гэр бүлийн гишүүдээ тэжээн тэтгэх үүргээс зайлсхийж байна гэх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Тэрээр оршин суух хаягтаа байдаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр  тогтоогдож байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.9 дэх хэсэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах,  155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргана гэж хуульчилсан.

 

Иймд хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Ч-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ч.Ч-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоохыг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ................регистрийн дугаартай Б  овогт Ч-ын Ч-, түүний эх Дамдмаагийн утасны дугаар ................ гэх мэдээллийг хүсэлт гаргагч шүүх хуралдаанд өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ... регистрийн дугаартай Б  овогт Ч-ын Ч-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч.Ч-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.БАТБАЯР