| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2018/00008/Э |
| Дугаар | 00018 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 00018
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч О.Баярсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох 1832000000005 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1976 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8 эхнэр, 6 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн задгайд оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан сана бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Онход овогт Бат-Эрдэнийн Э /РД:МЭ76080773/
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу эхнэр Д.Быг 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр зодож сэтгэл санааны болон бие махбодийн гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын өгсөн…. ... 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдөр эхнэрийн дүү Баийнд очиж шинэ жилийн баяр тэмдэглэсэн. Тэгээд эхнэр бид хоёр хоорондоо маргалдсан. Нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд намайг зодсон гэж цагдаад дуудлага өгөөд эрүүлжүүлэгдээд гарсан. Үүнээс хойш архи ууж эхнэрээ зодсон асуудал гаргаж байгаагүй гэх мэдүүлэг
Хохирогч Т.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ 2017 оны 12 сарын 29-ний орой манай нөхөр Б.Э 21:00 цагийн үед согтуу байдалтайгаар гэртээ ирсэн. Би 6 хүүхдийнхээ хамт тухайн орой гэртээ байсан бөгөөд Э орж ирээд унтаад өгсөн. 23:00 цагийн үед намайг зурагт үзээд сууж байхад Э сэрээд босч ирэнгүүтээ шууд миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэр хөл нүцгэн байсан. Би түүнд өшиглүүлээд нүд харанхуйлаад толгой манараад доош тонгойгоод байж байх үед миний эрэгтэй дүү Ба орж ирсэн. Ба Эыг загнахад Э хэсэг дуугүй сууж загнуулж байгаад унтаад өгсөн. Би ч тэгсхийгээд унтаж амарсан. Маргааш өглөө нь сэрэхэд миний тархи доргисон юм шиг байгаа юм, бас нүүр минь битүү хавдар болчихсон байсан. Болсон явдлын талаар цагдаад мэдэгдэх гэсэн боловч 1-рт баярын өдөр таарсан, 2-рт нүүр ам хавдартай болохоор очиж чадаагүй. Э тухайн өглөө босоод гарч яваад өдөр нь орж ирсэн.Миний биеийг яаж байна ч гэж асуугаагүй. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 31 –ны өглөө бас гарч яваад орой нь ирээгүй ба 2018 оны 01 сарын 01-ний 10:00 цагийн үөд ирэхдээ мөн л согтуу байдалтай ирсэн бөгөөд согтуурхаж агсам тавиад байхаар нь би айсандаа цагдаад мэдэгдсэн юм. Гэх мэдүүлэг /Хх-н 8-9 дугаар хуудас/
Гэрч Ш.Эрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2017 оны 12 сарын 29-ний өдрийн орой 23 цагийн үед байхаа Бын эгчийн гэрт гар утсаа авахаар очсон тэгсэн чинь Б эгч түүний нөхөр Э маргалдаж байсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой байсан тэгсэн надад гар утас өгөх ёстой байсан Б эгчийн дүү Улаан гэх залуу гар утасны бичиг аваад ирье гээд гараад явсан тэгээд Б эгч Э хэрэлдэж байснаа Э Бэгчийн духруу гутлаараа өшиглөөд тэгээд гараараа хэд хэдэн удаа цохисон тэгэхээр нь би очоод салгасан тэгсэн гайгүй болчихоор нь би гараад явсан гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 4 ......
Дүгнэлт
Б.Эын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 34 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 23 дугаар хуудас/
Б.Э нь өмнө нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 25 дугаар хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний эрсдлийн түвшин нь дунд гэсэн маягт /Хх-н 26 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн № 214 дугаартай шийтгэвэр /Хх-н 28 дугаар хуудас/
Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 29-32 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн № 126 дугаартай шийтгэвэр /Хх-н 40 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Д.Быг 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр зодсон болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу эхнэр Д.Быг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, аюулын зэргийн үнэлгээ, мөн шинжээчийн дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Э нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 06 дугаар сараас эхлэн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хамгийн сүүлчийн үйлдэл нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тул шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн прокурорын яллах дүгнэлтийн дагуу шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, тэнссэн хугацаанд хуульд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хохирогч Д.Б нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Онход овгийн Бат-Эрдэнийн Эыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу эхнэр Д.Быг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.
. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Б.Эд оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Эт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН