| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00039/И |
| Дугаар | 157/ШШ2025/00036 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 157/ШШ2025/00036
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Д**************” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.**************т холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 6,399,143.47 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Д**************” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.************** нь 2023 оны 12 сарын 06-ны өдөр ЗГ2321438Х дугаартай "Зээлийн гэрээ"-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 4,249,900.00 төгрөгийн зээлийг сарын 3.5%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол буюу cap бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн байх ба 2025-01-29-ний өдөр зээлийн гэрээний үүрэг 390 хоног зөрчигдсөн байна. Дээрх хугацаанд хариуцагч нь 0 төлөлт хийсэн байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б.**************аас
- Үндсэн зээл: 4,249,900 төгрөг
- Зээлийн хүү: 2,053,926 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 83,317.47 төгрөг
- Нотариатын зардал 12,000.00 төгрөг, нийт 6,399,143.47 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.5 дахь заалтад "... Зээлийн эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20%-иар нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө. Үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараа өдрөөс эхлэн тооцно..." гэж заасны дагуу тооцов.” гэжээ.
Хариуцагч Б овогт Б-ын ************** шүүхэд гаргасан тайлбартаа: “Батболд овогтой ************** миний бие Д**************-аас 2024 онд утас лизингээр аваад олон зээлтэй байсан учир зээлээ төлж чадаагүй. Гэрээнд заасан хугацаандаа зээлээ төлж дуусгана. 6,399,143.47 төгрөгийг төлж барагдуулахад маргах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Д**************” ХХК нь хариуцагч Б.**************т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,399,143.47 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.************** нь 6,399,143.47 төгрөгийг “Д**************” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ2321438Х дугаартай зээлийн гэрээ, Б.**************ын зээл эргэн төлөлтийн хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,399,143.47 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,399,143.47 (зургаан сая гурван зуун ерэн есөн мянга нэг зуун дөчин гурав зууны дөчин долоо) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,340 төгрөгөөс тавин хувь 58,670 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 58,670 төгрөгийг, хариуцагч Б.**************аас улсын тэмдэгтийн хураамж 58,670 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Д**************” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Д**************” ХХК-ийн нэхэмжилсэн 6,399,143.47 (зургаан сая гурван зуун ерэн есөн мянга нэг зуун дөчин гурав зууны дөчин долоо) төгрөгийг хариуцагч Б.************** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,340 төгрөгөөс тавин хувь 58,670 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 58,670 төгрөгийг, хариуцагч Б.**************аас улсын тэмдэгтийн хураамж 58,670 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Д**************” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР