Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 157/ШШ2025/00042

 

   

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Б*********** даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн  шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Ө***********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Б  овогт Т-ын Б***************, Д  овогт Ч-ы Д************ нарт холбогдох “18,444,600  төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 27-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б***********, хариуцагч Т.Б***************, Ч.Д************ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

          Нэхэмжлэгч “Ө***********” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө**************ХХК-ийн ажилтан Сүхбаатарын Б*********** нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Ч.Д************тай 230407 тоот "Барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ" байгуулан 9,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж байгууллагын тамга тэмдэг дарсан. Өнгөрсөн хугацаанд Ч.Д************ын эхнэр Т.Б*************** хоёр удаа хүүгийн төлбөр хийсэн бөгөөд 2023 оны 07-р сарын 01-нээс хойш зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэл нэг ч үндсэн зээлийн төлбөр болон хүүгийн төлбөр дахин хийгээгүй болно. Зээлдэгч Ч.Д************ болон түүний эхнэр Т.Б*************** нар нь манай байгууллагын байнгын үйлчлүүлэгч байсан бөгөөд хэрэгтэй үед нь шаардлагатай мөнгийг барьцаа хөрөнгө дээр үндэслэн өгдөг байсан. 2023 оны 04-р сарын 03-ны өдөр зээлдэгч нар нь яаралтай төлбөр төлөх хэрэгтэй болсон тул 1ш macbook, 10.7 грамм алтан ээмэг болон бөгж 2 ширхэг, 33.8 грамм монет бөгж, ээмэг, гинж нийлсэн 8 ширхэг үнэт эдлэл барьцаанд тавьж 9,000,000 төгрөг зээлж авсан. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нартай холбоотой байсан бөгөөд удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүрээд байна. Иймд барьцаат зээлийн үйлчилгээний гэрээнд заасны дагуу үндсэн зээл 9,000,000 төгрөг, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болох 9,444,600 төгрөг, нийт 18,444,600 төгрөгийг хариуцагч Ч.Д************, Т.Б*************** нараас гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү.гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*********** шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Ө***********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*********** миний бие 2024 оны 11 сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Ч.Д************, Т.Б*************** нартай харилцан тохиролцож 18,444,600 төгрөгөөс бууруулан 12,500,000 төгрөгийг 2025 оны 08 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахгүй. Барьцаа хөрөнгийг төлбөр бүрэн төлөгдөж дууссаны дараа  хариуцагч нарт  хүлээлгэн өгнө” гэжээ.

 

Хариуцагч Ч.Д************, Т.Б*************** шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа: “Хариуцагч Ч.Д************, Т.Б*************** бид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б***********тай харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагаа 18,444,600 төгрөгөөс багасгаж 12,500,000 төгрөгийг 2025 оны 08 сарын дотор хувааж төлөхөөр харилцан тохиролцсон болно. Төлбөрөө төлж дууссаны дараа барьцаанд тавьсан эд зүйлээ хүлээн авна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ө***********” ХХК нь хариуцагч Ч.Д************, Т.Б*************** нарт холбогдуулан 18,444,600  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*********** нь нэхэмжлэлийн шаардлагаа 5,944,600 төгрөгөөр багасгаж, 12,500,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ч.Д************, Т.Б*************** нар нь төлөхийг зөвшөөрч, зохигч талууд эвлэрсэн болох нь талуудын шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг буюу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах, эвлэрэх эрхийг олгосон байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*********** нь хариуцагч талтай эвлэрлийн гэрээ байгуулах эрхтэй гэж үзлээ.

 

Иймд зохигч талууд эвлэрч, бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,173 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Д************, Т.Б*************** нараас улсын тэмдэгтийн хураамж 250,173 төгрөгийг гаргуулахгүйгээр талууд тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ө***********” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 5,944,600 төгрөгөөр багасгаж, 12,500,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ч.Д************, Т.Б*************** нар нь төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,173 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Д************, Т.Б*************** нараас улсын тэмдэгтийн хураамж 250,173 төгрөгийг гаргуулахгүйгээр талууд тохиролцсон болохыг дурдсугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Ч.Д************, Т.Б*************** нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Р.Б***********