Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/00253

 

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/00253

 

 

 

                                          Д.Гнэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/02409 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Гхариуцагч Э.Охолбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6 027 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Э.О 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 900 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 4 000 000 төгрөг зээлдэн авсан. Гэрээнд хүүгээ cap бүр төлөөгүй тохиолдолд хүү, алдангийг тооцон шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан. 900 000 төгрөгийн хүү 209 хоногийн 624 000 төгрөг, алданги үндсэн зээлийн 50 хувь 450 000 төгрөг, үндсэн зээл 900 000 төгрөг нийт 1 974 000 төгрөг. 4 000 000 төгрөгийн зээлийн хүү 154 хоног нь 2 053 000 төгрөг, алдангийг үндсэн зээлийн 50 хувиар тооцон 2 000 000 төгрөг, нийт 8 053 000 төгрөг болно. 2 зээл нийт 10 027 000 төгрөгөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 4 000 000 төгрөгийг хассан. Одоогийн байдлаар үндсэн зээл 4 900 000 төгрөг, хүү 1 127 000 төгрөг, нийт 6 027 000 болно. Иймд Э.Оаас 6 027 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: Э.О 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Д.Гсарын 10 хувийн хүүтэй 900 000 төгрөг 12 сарын хугацаатай, 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр сарын 10 хувийн хүүтэй 4 000 000 төгрөг 12 сарын хугацаатай зээлдэн авч, хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ. Хариуцагч нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зээлийн хүү 90 000 00 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үндсэн зээл 900 000 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ хугацаанд эхний зээлийг 1 сарын хүүтэй нийт 990 000 төгрөгийг барагдуулсан байхад төлөөгүй мэтээр нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн зээлийн хүүг 10 хувь байхаар гэрээ байгуулсан нь хариуцагч Э.Оы эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байна. 2019 оны 4, 5 дугаар сарын байдлаар Монгол банкнаас гаргасан иргэд хоорондын 1 жилийн хугацаатай зээлийн жигнэсэн дундаж хүү тоон статистикаар жилийн 18.8-18.9 хувийн хүүтэй байхад 1 сарын 10 хувийн хүүтэй зээл олгосон нь хэт өндөр, нэг талын ашиг сонирхолд суурилсан байна. Зээлийн хүүг тухайн үеийн жишиг дүнд оруулан тооцож, хүүгийн хувь хэмжээг хасуулна. Хариуцагч Э.Оы 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зээлсэн 900 000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй болгож, 7 сарын хүү 100 800 төгрөг, үүнээс хүүнд төлсөн 90 000 төгрөгийг хасуулах, 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зээлсэн 4 000 000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй болгож, 6 сарын хүү 384 000 төгрөг болгож тооцуулна. Хариуцагч нь 2 зээлийг 12 сарын хугацаа хэтрэхээс өмнө төлж барагдуулсан тул үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээл 900 000 төгрөг, хүү 624 000 төгрөг, алданги 450 000 төгрөг  нийт 1 974 000 төгрөгөөс 1 873 200 төгрөгийг, зээл 4 000 000 төгрөгийн хүү 2 053 000 төгрөг, алданги 2 000 000 төгрөг нийт 4 053 000 төгрөгөөс 3 669 000 төгрөг хасуулж, нийт 394 800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх:   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Э.Оаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2 450 000 төгрөг, хүү 1 670 000 төгрөг, нийт 4 120 000 /дөрвөн сая нэг зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 980 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Г 927 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111 382 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Э.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 80 870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтулга, өмгөөлөгч А.Билгүүний давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд нэхэмжлэгчид нийт 4 990 000 төгрөг төлсөн. Анхан шатны шүүх хариуцагчаас нийт 4 120 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь тооцооллын хувьд зөрүүтэй, шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай уялдуулж зээлдэгч зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлдэн авсан мөнгийг бүхэлд нь төлөх талаар гэрээний 3.1 дэх хэсэгт тусгасан. Гэтэл анхан шатны шүүх талуудын уг тохиролцоог харгалзаж үзэхгүйгээр хариуцагчаас 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 720 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч 2019 оны 5 дугаар сард 90 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 4 900 000 төгрөг төлсөн байдаг. 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний 3.1-д заасны дагуу зээлийн үндсэн төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулсан хугацаа болох 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааг тооцож үзвэл 6 сарын зээлийн хүү 540 000 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 900 000 төгрөг, нийт 1 440 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Нэхэмжлэгч 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний 3.6-д заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр анх шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байдаг. Гэрээг цуцалж байгаа нь хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцаа цаашид дуусгавар болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргасан талаар дурдсан байдаг хэдий ч Д.Гхувьд гэрээг цуцалж, шүүхэд анх нэхэмжлэл гаргасан хугацаа нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байх бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад тодорхой ажиллагаа хийсэн байдаг. Тиймээс хариуцагчийн хувьд анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны гэрээний үүргийг хүлээхээр байна. Дээрх зохицуулалтын дагуу хариуцагчийн хувьд 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт гэрээг цуцалсан хугацаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт 5 сарын зээлийн хүү буюу 2 000 000 төгрөгийг гэрээний 2.6-д “зээлийн хүүг сар бүрийн хугацааны эцэст төлөх”-р тохиролцсон тул 6-10 сарын хүү, үндсэн зээлийн хамт төлөх үүрэгтэй байсан. Зээлийн гэрээний хугацаанд хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 4 990 000 төгрөгөөс 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 1 440 000 төгрөгийг хасаж тооцвол 3 550 000 төгрөг үлдэх ба уг үнийн дүнгээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний хүү 2 000 000 төгрөгийг хасаж тооцоход хариуцагч Э.О нь үндсэн зээлийн төлбөрөөс 1 550 000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөр 2 450 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Иймд хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 4 120 000 төгрөгөөс 1 670 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Э.Охолбогдуулан 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 6 027 000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 927 000 төгрөгөөс татгалзсан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Э.О 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Д.Г900 000 төгрөг,  2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 4 000 000 төгрөг тус тус 12 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдэн авч, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, мөнгө өгч, авсан талаар маргаагүй байна. Харин зээл төлөлтийн тооцоолол, зээлийн хүүгийн хэмжээнд маргажээ.

2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гэхэд үндсэн зээл 900 000 төгрөг, зээлийн хүүнд 1 080 000 төгрөг, нийт 1 980 000 төгрөг төлөхөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 90 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 900 000 төгрөг, нийт 990 000 төгрөг төлсөн.

2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэхэд үндсэн зээл 4 000 000 төгрөг, зээлийн хүүнд 4 800 000 төгрөг, нийт 8 800 000 төгрөг төлөхөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 4 000 000 төгрөг төлжээ. /хх27, 44/

Анхан шатны шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн дүнг 2 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 450 000 төгрөг, зээлийн хүүг сарын 10 хувиар тооцоолон 1 670 000 төгрөг, нийт 4 120 000 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх журамтай нийцээгүй байна.

Хариуцагч нь “сар тутамд төлөх зээлийн хүү 10 хувь байхаар гэрээ байгуулсан нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байна, зээлийн хүүгийн хэмжээг хасч тооцуулна” гэж тайлбарлаад хэрэгт иргэн, хувийн байгууллага, улсын байгууллага, бусад санхүүгийн байгууллагаас 2019 оны 4, 5 дугаар сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүүгийн хүснэгтийг нотлох баримтаар ирүүлсэн байх ба үүнийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй байна. Дээрх харьцуулсан хүүгийн хэмжээнээс харахад хариуцагчийн хүүгийн хэмжээ илт их гэх татгалзал үндэслэлтэй. /хх19-20/

Уг хүснэгтэд гэрээний хугацаа уртсах тутамд хүүгийн хэмжээ багассан байдалтай байна. Нэхэмжлэгч нь 10 хувийн хүүгийн хэмжээг хүлээн зөвшөөрч төлбөр хийгдсэн тул сүүлийн төлбөр хийгдсэн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл зээлийн хүүг 10 хувиар тооцоолно. Харин уг хугацаанаас хойш нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны зээлийн хүүг 2.5 хувиар тооцоолох нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт нийцнэ.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн сард төлөх хүүгийн хэмжээг 2.5 хувиар тооцоолон үзвэл 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үндсэн зээл 900 000 төгрөг, зээлийн хүүнд 618 000 төгрөг /900 000*10%=90 000 төгрөг* 6 сар 26 хоног/, нийт 1 518 000 төгрөг төлөхөөс 990 000 төгрөг төлж, 528 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 02 дугаар сарны 12-ны өдрийн байдлаар тооцож үзэхэд 528 000*2.5%=13 200 төгрөг*3 сар 15 хоног, нийт 574 200 төгрөгийн үүрэгтэй байна.

2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үндсэн зээл 4 000 000 төгрөг, зээлийн хүүнд 2 053 332 төгрөг /4 000 000*10%=400 000 төгрөг*5 сар 4 хоног/, нийт 6 053 332 төгрөг төлөхөөс 4 000 000 төгрөг төлж, 2 053 332 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 02 дугаар сарны 12-ны өдрийн байдлаар тооцож үзэхэд 2 053 332*2.5%=51 333 төгрөг*3 сар 15 хоног, нийт 2 232 997 төгрөгийн үүрэгтэй болно. Хариуцагч нь дээрх 2 гэрээний үүрэгт нийт 2 807 197 төгрөг төлөхөөр байна. Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулсан шийдвэр биш болно.  

Зохигчид гэрээ байгуулахдаа алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дэхь хэсэгт заасны дагуу 0.5 хувиар тогтоосон байх боловч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан тул алданги шаардах эрхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/02409 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Оаас зээлийн гэрээний үүрэгт 2 807 197 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 292 803 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “80 870” гэснийг “59 865” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                            

 

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

      ШҮҮГЧИД                             Ц.ИЧИНХОРЛОО

 

                 А.МӨНХЗУЛ