Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/824

 

 

 

 

      2023           8            15                                           2023/ДШМ/824

 

Э.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сумъяа,

шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/419 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Гд холбогдох 2310007520572 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэтнүүд боржигин овгийн Э.Г, 1998 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, “Минду тайду” ХХК-д орчуулагч ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өгөөмөр гудамжны 18 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 508 дугаар байрны 115 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЕЙ98051214/,

Э.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шилжих шөнө Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Оргил стар хотхоны 57 дугаар байрны гадна байршуулсан “Тэнэгэр зам” ХХК-ийн эзэмшлийн 15-19 УБН улсын дугаартай хар өнгийн Тоёота Лексус 470 загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч, 45.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шилжих шөнө Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Оргил стар хотхоны 57 дугаар байранд байрлах “Тэнэгэр зам” ХХК-ийн албан өрөөнд итгэмжлэл олгох баримт бичгийг хуурамчаар үйлдэж, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр авто тээврийн үндэсний төвд өөрийн үйлдсэн хуурамч баримтыг өгч “Тэнэгэр зам” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Лексус” 470 загварын тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэн авсан буюу хуурамч бичиг баримт үйлдэж, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Ган-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэтнүүд боржигин овогт Э.Г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Гд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Гд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, “Тэнэгэр зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч хохирогч Б.Даваадоржид төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч О.Ган-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх хорих ялыг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Э.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа бөгөөд цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ажил хөдөлмөр эрхэлж амьдрах болно. Би эх, 7 нас, 5 настай 2 охин дүүгийн хамт амьдардаг ба гэр бүлдээ хар толбо үлдээж байгаадаа харамсаж байна. Иймд надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Лхагвадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь миний үйлчлүүлэгчийн хувийн байдал болон анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө бүрэн төлсөн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж, харамсаж байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

Миний үйлчлүүлэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Гэвч Э.Г нь хоёр чихний сонсгол муу бөгөөд эмчийн хяналтад байдаг билээ. Энэхүү шалтгааны улмаас анхан шатны шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн болон бусад оролцогч нарын ярьж буй зүйлийг бүрэн сонсож чадаагүй тул амны хайрцаг унших эсхүл бусдын ярьж буй зүйлүүдийг таамаглаж бүрэн ойлголгүйгээр өөрийн санал бодлоо бүрэн илэрхийлж чадаагүйн улмаас шүүх бүрэлдэхүүн болон оролцогч нарт буруу ойлголт төрүүлсэн байж болзошгүй байна. Мөн цаашлаад шүүх хуралдааны явцад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, ухамсарлаж байгаагаа хангалттай хэмжээгээр бүрэн гүйцэд илэрхийлж чадаагүй байна.

Иймд Э.Г нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө бүрэн төлсөн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж, ухамсарлаж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.7 дугаар зүйл тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Сумьяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхэд шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг “хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хохирол төлбөрөө төлсөн боловч асуусан асуултад хариулах байдал, түүний биеийн хэлэмж, үйлдэл нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж ухаараагүй байна” гэж дүгнэж түүнд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Э.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шилжих шөнө Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Оргил стар хотхоны 57 дугаар байрны гадна байршуулсан “Тэнэгэр зам” ХХК-ийн эзэмшлийн 15-19 УБН улсын дугаартай хар өнгийн Тоёота Лексус 470 загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч, 45.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шилжих шөнө Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Оргил стар хотхоны 57 дугаар байранд байрлах “Тэнэгэр зам” ХХК-ийн албан өрөөнд итгэмжлэл олгох баримт бичгийг хуурамчаар үйлдэж, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр авто тээврийн үндэсний төвд өөрийн үйлдсэн хуурамч баримтыг өгч “Тэнэгэр зам” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Лексус” 470 загварын тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэн авсан буюу хуурамч бичиг баримт үйлдэж, ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Даваадоржийн “...Э.Гэс 15-19 УБН улсын дугаартай Лексус 470 загварын тээврийн хэрэгслийг хүлээж авсан. Одоогоор хохирол байхгүй. . ...” /хх 30/,

Э.Ган-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдөр шилжих шөнө би өөрийн ажиллаж байсан “Тэнэгэр зам” ХХК-ийн гаднаас тухайн компанийн эзэмшлийн 15-19 УБН улсын дугаартай Лексус 470 загварын автомашиныг хувьдаа ашиглахаар авч явсан, тухайн өдөр би 20 цагийн үед өөрийн комьпютер дээр өөрийн нэр дээр итгэмжлэл үйлдэж, ил байсан компанийн тамгыг авч өөрийн хийсэн итгэмжлэл дээр тамга дарж захирлын өрөө рүү орж хувцасны шүүгээн дотроос нь автомашины түлхүүрийг авч гадаа зогсоол дээрээс машиныг авч явсан. ...” /хх 52-53/ гэсэн мэдүүлгүүд,

авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 20/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 22-24/, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх 25/, хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /хх 36-37/, автомашин хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 71/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Э.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж нар “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуулыг гаргасан бөгөөд хавтаст хэргийн материалд авагдсан баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан, түүнчлэн анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэм бурууд нь тохирсон байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл ял солих боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Г нь 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 61 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/419 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 61 /жаран нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ