| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2024/0108/З |
| Дугаар | 128/ШШ2024/1006 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2024/1006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э*******” ХХК /РД:*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н /РД:*******/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Э******* /ҮД:*******/
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү******* /РД:*******/
Гуравдагч этгээд: Т******* ХХК /РД: *******/
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А /РД: / нарын хооронд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “Э” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд
2.1. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар тушаалаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт орших анд аялагч зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалттайгаар 0.8 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр № тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон байна.
2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай тушаалаар "Э" ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-дахь заалт, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтуудыг тус тус үндэслэн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй, ойн сангийн талбайг ашиглаж байгаа гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
2.3. Иймд нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “Э" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Маргаан бүхий акт дараахь үндэслэлээр хууль бус. Үүнд: “Манай "Э" ХХК 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2018 онд "Х” байгуулахаар төсөл бичиж, төсөл хэрэгжүүлэх газраа анд хэрэгжүүлэхээр төлөвлөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргасан бөгөөд тус захиргааны байгууллагаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 0.9 га газрыг ашиглуулах боломжтой талаарх саналыг уламжилсны дагуу бид Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулсан.
3.2. Ингээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар тушаалаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт орших анд аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалттайгаар 0.8 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, улмаар 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр № тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон болно. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай тушаалаар "Э" ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 болон 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1117 дугаартай Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай" албан тоот шуудангаар ирүүлснийг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч мэдсэн.
3.3. Улмаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-д заасныг баримтлан 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гомдол гаргасан боловч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1360 дугаартай албан бичгээр "Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг хүчингүй болгох хуулиар олгогдсон эрх байхгүй тул холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү гэх хариуг өгсөн, харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай албан бичгээр "Танай компанид олгосон газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна" гэх хариу өгснийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шуудангаар хүлээн авч бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
3.4. Гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх зөрчлийн тухайд: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар тушаалыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр № тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон боловч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан газар ашиглах эрхийн үндэслэл болох гэрээг "Э" ХХК-тай тухайн үе байгуулаагүй. Манай компаниас гэрээ байгуулах талаар 2020, 2021 онуудад удаа дараа хүсэлт гаргасны эцэст 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөр огноолсон № тоот "Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ"-г 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б баталгаажуулснаар албан ёсоор гэрээ байгуулагдаж, газар ашиглах эрх үүссэн билээ.
3.5. Гэхдээ бид 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдсон учир "Х байгуулахад хөрөнгө оруулалт татаж хамтран ажиллахаар гадаадын хөрөнгө оруулагчтай "Хөрөнгө оруулалтын гэрээ" байгуулсан байсан боловч 2020 оноос эхлэн дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарч, хөрөнгө оруулагч тал Монгол Улсад орж ирэх боломжгүй болсон тул гэрээг хэрэгжүүлж чадаагүй, улмаар төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт бүрэн зогссон. 2022 оны 03, 04 дүгээр сараас эхлэн Ковид-19 цар тахалтай холбогдуулан улсын хэмжээнд тогтоогоод байсан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан тул төслийн үйл ажиллагаагаа эхлүүлэх зорилгоор газар дээрээ очиж үзэхэд манай зэргэлдээ газрын ашиглагч "Т*******" ХХК нь өөрийн ашиглах эрх бүхий газраас хэтрүүлэн манай компанид олгогдсон газар руу оруулж зам барьсан болохыг олж мэдсэн.
3.6. Ингээд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдтэй биечлэн уулзаж, хариуцсан мэргэжилтний хамт газар дээр нь очиж нөхцөл байдлыг танилцуулсан боловч тус газраас зохих арга хэмжээ аваагүй, утсаар лавлаж асуухад тодорхой хариу өгөхгүй байсан тул 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд албан бичгээр гомдол гаргасан боловч 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 658 дугаартай албан бичгээр хариу өгөхдөө ашиглах эрхтэй газарт хамаарах маргаан нь “Э” ХХК-д хамааралтай гэх хариуг өгч, "Т*******" ХХК-ийн гаргасан зөрчлийг шалгах, таслан зогсоох ажиллагаа огт хийгээгүй.
3.7. Ийнхүү гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн, түүнчлэн зэргэлдээ газрыг ашиглагч нь манай ашиглах эрх бүхий газрын дийлэнх хэсэг рүү оруулж барилга, зам, ногоон байгууламж барьсны улмаас бид газраа ашиглах боломжгүй болсон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр" гэх нөхцөлд хамаарахгүй, энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 1.10-д "Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “…хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр…” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно" гэж тодорхой заасан байдаг.
3.8. Үүнээс гадна Улсын Дээд шүүхийн дээрх тайлбарт Газрын тухай хуулийн мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгохоор заасан ба 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш тоолоход 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхаас гадна, газраа ашиглаж чадахгүй бодит нөхцөл байдал байгааг захиргааны байгууллага харгалзан үзэх учиртай.
3.9. Газрын төлбөр төлөөгүй гэх зөрчлийн тухайд: Дээр дурдсанчлан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай компанитай газар ашиглах гэрээг байгуулсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт "Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:", 37.2.2 дахь хэсэгт "газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг, төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх хугацаа" гэж заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрээг баталгаажуулан байгуулснаар бид газар ашиглах төлбөрийн хэмжээ, хугацааны талаар мэдээлэлтэй болсон.
3.10. Гэхдээ Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д "Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ", 9.5-д "Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ." гэж заасны дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд манай компанийн татварын цахим системд газрын төлбөрийн нэхэмжлэх үүсээгүй бөгөөд энэ нь захиргааны байгууллагын үйл ажиллагаатай хамааралтай.
3.11. Үүнээс гадна "Т*******" ХХК-ийн гаргасан зөрчлөөс шалтгаалан ашиглах эрхтэй газраа зохих ёсоор ашиглах ямар ч боломжгүй нөхцөл байдалд хүрсэн тул 2022 оноос хойш Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаан дээр хэд хэдэн удаа очиж, "Т*******" ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгахыг шаардаж, манай газрыг чөлөөлөөгүй нөхцөлд газар ашиглах эрхээ зохих ёсоор хэрэгжүүлэх боломжгүй болсон тул газрын төлбөр төлөх боломжгүй болохоо илэрхийлсэн болно. Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь манай компанид үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэж өгөх талаар ямар ч арга хэмжээ аваагүй, эдгээр нөхцөл байдлын талаар бүрэн мэдэж байсан атлаа газар ашиглах эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн гэж үзэж Сайдын тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгуулсан нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.
3.12. Эцэст нь манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон захиргааны акт гаргаж буй нөхцөлд уг актыг батлан гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулах үүргийг захиргааны байгууллага хүлээдэг атал эдгээр ажиллагааг хийгээгүйн улмаас газар ашиглах эрхээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүй бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, манай компанийг Газрын тухай хуульд заасан зөрчил гаргасан гэж үндэслэлгүйгээр буруутгасан байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
3.13. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, ойн сан бүхий талбайтай давхацсан гэх гурван үндэслэлээр хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг шууд буруутгах хууль зүйн үндэслэл хангалттай тогтоогдохгүй байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т сум, дүүргийн Засаг дарга 36 дугаар зүйлийн 36.1-т заасан шийдвэрийг үндэслэж иргэн аж ахуй нэгж байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаа байгуулах зохицуулалттай.
3.14. Тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргийг тухайлан тусгах зохицуулалтаас харахад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээг байгуулахдаа талууд газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргийг зохицуулж, гэрээ байгуулагдсанаар төлбөр төлөх үүрэг үүснэ. Газар ашиглах эрхийн гэрчилгээ 2019 оны 12 дугаар сард олгогдсон боловч газрыг ашиглуулах тухай гэрээ 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан. Гэрээг “Э” ХХК өөрөө байгуулах эрх хэмжээ байхгүй энэ нь захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал. Байгууллага өөрөө хүсэлт гаргаагүй тул бид гэрээ байгуулахгүй гэдэг агуулгаар тайлбарлаж байна заавал өөрөө хүсэлт гаргаснаар гэрээ байгуулагдах агуулга хуульд байхгүй.
3.15. Монгол Улсын дээд шүүхийн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан тайлбарт “газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш гэж тайлбарласан. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэснээр тухайн иргэн аж ахуй нэгж байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээ тогтоож, гэрээг бүртгэж нэхэмжлэх үүсгэж Татварын цахим системд нэхэмжлэх үүссэнээр төлөгдөнө.
3.16. Гуравласан гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэх үүсээгүй. Газрын тухай хууль 40 дүгээр зүйлийн 40.1.5 үндэслэлгүй. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ. 7.2.18-т зааснаар Газрын төлбөр нь татварын нэг төрөл, Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41- заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт юу хамаарахыг заасан. 6.1.41.д.хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг; гэж заасан. гэнэтийн аюул давагдашгүй хүчин зүйл хамаарна.
3.17. Ковид-19 цар тахлаас шалтгаалаад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаагүй, гуравласан гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй байсныг Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр нотолсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш “Э” ХХК-аас Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд зааснаар эрхээ хэрэгжүүлж Татварын албанд хүсэлт гаргаснаар татвар төлөх хугацааг сунгуулсан. Газрын тухай хууль 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан үндэслэл тогтоогдохгүй. Тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, ашиглаагүй нь өөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүй байхыг шаарддаг. Дээрх хоёр нөхцөл хамт бүрдэж байж дээрх зохицуулалтыг хэрэглэх нөхцөл бүрдэнэ. Захиргааны байгууллага нөхцөл байдлыг шалгаж тогтоосны үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой.
3.18. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагааг захиргааны байгууллага хангалттай хэрэгжүүлж чадсан уу? гэж асуухад Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хэрэгжүүлэх чиг үүрэг, тухайн захиргаанаас сонсох ажиллагаа явуулсан, санал ирүүлсний үндсэн дээр шийдвэр гаргасан гэж хариуллаа. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй. Акт гаргахын өмнө хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг шалгаж, тухайн газарт хээрийн судалгаа хийж нарийвчлан тогтоох үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй.
3.19. Нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглахын тулд төрийн захиргааны эрх бүхий байгууллага болон бусад холбогдох байгууллагаас шаардагдах баримт бичгийг бүрдүүлсэн. Газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл баримтын хэмжээнд нотлогдохгүй байна. Мэдэгдэх ажиллагааны хувьд 2016 оны Захиргааны ерөнхий хуульд орж ирсэн онцлог зохицуулалт. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т зааснаар эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэж оролцоог нь хангахаар зарчим болгож заасан. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-т заасан зохицуулалт нь хаяглагдсан этгээдэд хувьд нь мэдэгдэх боломжгүй тохиолдолд хэрэглэнэ.
3.20. Яамны цахим хуудас нь Байгаль орчин, уул амьсгалын өөрчлөлтийн яамны үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, тайлагнах зориулалттай. Иргэд өдөр бүр цахим хуудсыг харах боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 хэрэглэгдэхгүй. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ашиглах эрхий гэрчилгээг хураалгах тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар ирүүлсэн хэр нь сонсох ажиллагааны мэдэгдлийг баталгаат шуудангаар ирүүлээгүй. Яагаад баталгаат шуудангаар ирүүлж болоогүй вэ. “Э” ХХК хаяг дээрээ байсан тул сүүлийн мэдэгдлийг хүлээн авсан.
3.21. Газар ашиглах эрх олгогдох үед ойн сан бүхий талбайтай давхцалтай гэх нөхцөл байдал байгаагүй. Өөр бусад этгээдийн зөвшөөрөлд тусгагдсан нөхцөл байсан бол яагаад газар ашиглах эрх олгосон бэ. Төслийг хүлээж аваад хэрэгжүүлэх боломжтой гэж үзээд өөрсдөө газрыг нь зааж өгсөн. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жижиг хэмжээтэй одон орон судлалын төв байгуулах зорилготой. Үндсэндээ 4 жилийн дараа ойн сангийн газартай давхцалтай байна, “Т*******” ХХК инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж барьжээ. Та нар мэдсээр байж хандахгүй яасан юм бэ гэж хандаж байгаа нь гуравдагч этгээд эрхгүй газраа барилга барьсныг зөвтгөж, гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалаад байгаа юм уу? гэдэг нь ойлгомжгүй байна.
3.22. Газар ашиглах эрхийг шууд хүчингүй болгох актын үндэслэл тогтоогдсон уу? хэрэгт авагдсан баримтуудад үндэслээд актын хүчингүй болгох шийдвэр гаргах боломж шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж байна. Анх газар ашиглах олгох үед ойн сантай давхцалтай гэх нөхцөл байгаагүй. Захиргааны байгууллагаас акт гаргахдаа нөхцөл байдлыг тогтоогоогүй. Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам хэрэгжээгүй. “Т*******” ХХК нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газар руу ямар хэмжээгээр барилга байгууламж барьж орж ирснийг шалгаж нягтлалгүйгээр акт гаргасан учраас захиргааны актыг түдгэлзүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Нэхэмжлэгч компанийн хувьд өөрийн зуун хувь буруутай үйл ажиллагаанаас эрхээ хэрэгжүүлээгүй нөхцөл хангалттай нотлогдох тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Дөрөв. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, үндэслэлдээ:
4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Э" ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтуудыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дүгээр тушаалаар "Э" ХХК-д олгогдсон 7997 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
4.2. Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар саналыг үндэслэсэн. Тус саналд сонсох ажиллагааг явуулсан ба хариу тайлбарыг авсан талаар дурдсан байдаг. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 625 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6."Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.", 29 дүгээр зүйлийн 29.1.10. "ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах" гэж тус тус Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхтэй газар нь ойн сан бүхий газартай давхцалтай байх тул маргаан бүхий тушаал гарсан.
4.3. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул "Э" ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд нэхэмжлэгч талын газар руу орсон асуудлыг ажил эхлэх явцад иргэний журмаар гомдол гаргаж таслан зогсоох газраа чөлөөлүүлэх боломж байсан. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2 жилийн хугацаанд газраа ашиглаагүй гэж шалгалт явагдаад эхлэхэд 2023 оны 05 сард дээрх асуудлыг хөндөж анх хүсэлт гаргасан. Хөрөнгө оруулагчийн талаар яриад байна газар ашиглах гэрчилгээ гараад гэрээ байгуулагдсанаас хойш маш олон бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай. Тэдгээрийн бүрдлийг огт хангаагүй. Гэрээ байгуулах хүртэлх бичиг баримтын бүрдлийг хангаад түүнээс хойш ажил хийгдээгүй.
4.5. Хөрөнгө оруулагчтай ямар гэрээ байгуулсан, хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй байсан талаар баримт ирүүлээгүй. Сонсох ажиллагаатай холбоотой мэдэгдлийг 21 ба түүнээс дээш этгээдэд шуудан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад арга хэрэгслээр мэдэгдэх сонголтыг хуулиар олгож өгснөөр албан ёсны цахим хуудсаар мэдэгдсэнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзнэ. Сайдын тушаал хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Тав. Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, үндэслэлдээ:
5.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Э ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Маргаан бүхий захиргааны акт нь тухайн аж ахуйн нэгж газраа 2 жил ашиглаагүй, газрын төлбөр хураамжийг төлөөгүй үндэслэлээр гарсан байна. Гэтэл нэхэмжлэгч талаас Т******* ХХК-д холбогдуулан газар ашиглалт болон давхардсан талаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж нэхэмжлэлийн шаардлагад холбогдолгүй асуудлыг маргаанд татах сонирхлоор хандаж байгаа нь үндэслэлгүй юм.
5.2. Хэрэв Э ХХК болон Т******* ХХК-ийн хооронд газар ашиглалтын аливаа маргаан байгаа бол аж ахуйн нэгж хоорондын эдийн болон эдийн бус харилцаатай холбоотой асуудал бөгөөд Газарын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар хувийн эрх зүйн харилцаанд хамаарах учиртай бөгөөд 2018 оноос өдийг хүртэл хугацаанд Э ХХК-аас манай эрхэлж буй үйл ажиллагаанд холбогдуулан ямар нэгэн гомдол, хүсэлт, асуулга тавьж байгаагүй ба иргэний шүүхэд хандсан зүйл огт байхгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар нийтийн эрх зүйн маргаан буюу Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2023 оны 03-р сарын 15-ны өдрийн дугаар тушаал, түүний хууль эрх зүйн үндэслэл холбогдох зохицуулалттай бөгөөд Э ХХК-ийн дээрх хүсэлт нийтийн эрх зүйн маргааны хувьд хамааралгүй гэж үзэж байна.
5.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа зэрэг хариуцагч талаас ирүүлсэн, ирүүлэх боломжтой нотлох баримтыг шинжээч томилон дахин хийлгүүлэх шаардлагагүй. Иймд тухайн асуудалтай холбогдуулан ирүүлсэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын тоот шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасаж өгөхийг хүсэж байна. Харин маргаан бүхий газар нь Э ХХК-д олгогдохоос өмнө нь ямар зориулалтаар хэний ашиглалтад байсныг тодруулах шаардлагатай бол тэр хэмжээнд нь нийтэд ил баримт нотолгооны хүрээнд судлан үзэх бүрэн боломжтой. Тухайлбал Гүүгл компанийн олон нийтэд нээлттэй “google earth pro” программын тусламжтайгаар маргаан бүхий газрын тухайн үеийн нөхцөл байдлыг ухрааж үзвэл “Э” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 0,8 га газар авсан байдаг.
5.4. Гэтэл 2019 оны 04 дүгээр сард манай төсөл орц гарц, зам талбайн ажлууд хийгдсэн бүтээн байгуулалт бүрэн эхэлсэн байгааг харж болно. 2020 оны 10 дугаар сарын байдлаар манай төсөл замаа хагас асфалтан хучилт хийж ойр орчмыг хамгаалсан байсан бол “Э” ХХК дөнгөж газар ашиглах гэрээ байгуулах хүсэлт гаргаж байсан байдаг. 2021 оны 10 дугаар сарын байдлаар манай төсөл бүтээн байгуулалт дууссан байв. Харин “Э” ХХК бусдын зам дээр газар ашиглах гэрээ байгуулж байсан байна. 2022 оны 9 дүгээр сарын байдлаар бид төслөө улсын комисст хүлээлгэн өгөхөөр бэлтгэл нэгэнт хангасан байх үед “Э” ХХК Хот байгуулалт хөгжлийн газарт барилга барих хүсэлт гаргаж байжээ.
5.5. Тухайн газарт бусдын орц гарц, зам тавигдсан байсан болох нь ойлгомжтой бөгөөд энэ үйл баримт нь Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас 2024 оны 02 дугаар сарын 26-нд өдөр тоот албан бичгээр ирүүлсэн “2016 оноос хойших агаарын болон сансрын зургийн нотлох баримт”-аар давхар нотлогдож байгаа. Бусдын явган болон авто зам, сантехник, эрчим хүчний дэд бүтэц бүхий газрыг өөр этгээдэд давхардуулан олгох нь анхнаасаа боломжгүй байсан нь илэрхий. “Э” ХХК нь анхнаасаа ямар нэгэн үйл ажиллагааг тухайн газар явуулах хүсэл сонирхолгүй бөгөөд өргөн нь 10-18 метр орчим зурвас газар бүтээн байгуулалт хийх техникийн боломжгүй бөгөөд газар авах хүсэлтээ гаргаж байх үед нь тухайн газар нь бусдын хөрөнгө хүчээр явган болон авто замын байгууламж баригдсан байсныг мэдэх хангалттай хугацаа өнгөрсөн байв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаал ч мөн энэ нөхцөл байдлыг харгалзан 2 жил ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэх хуулийн үндэслэл болгосон нь зүйтэй байна." гэв.
5.6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч тал захиргааны хэргийн шүүхэд маргаж байгаа асуудлаа “Т******* ХХК–д хамаатуулж хувийн эрх зүйн маргаан мэт харагдуулсан. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг ярьж байна. Э ХХК-ийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ нь 2019-2020 оны гэрчилгээ, энэ хугацаанд хөрөнгө оруулагчгүй, газрын төлбөрөө төлөөгүй гэж үзвэл 2020-2023 онд газар дээр “Т*******” ХХК барилга барьсан байхад бүтэн 3 жил яагаад газрын төлбөрөө төлөөгүй вэ. Анхнаасаа газрыг ашиглах сонирхол байгаагүй. Сонсох ажиллагаа хийгдэх гэх мэт захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааг дурдлаа энэ нь мөн аж ахуй нэгж бидний үүрэг байгаа.
5.7. Алдсан хугацаагаа сэргээлгэх хүсэлтээ гаргаад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа захиргааны байгууллагын хүрээнд явагдсан бол тэнд эдгээр асуудал яригдах боломжтой. Яам танайд мэдээлэл өгснөөс биш гомдлыг хэлэлцээгүй. Хөөн хэлэлцэх хугацаа бидний хэрэгжүүлэх ёстой үүрэг. Маргаан бүхий тоот тушаал нь өмнөх хууль зөрчсөн алдаатай үйл ажиллагаагаа яам зассан, алдаагаа засах эрх нь яаманд байгаа. 2019 оны дүгээр тушаал нь Ойн тухай хуулийг зөрчиж газар олгосон шийдвэр учир акт бол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий акт. Нэг талаас аж ахуй нэгжийн хариуцлагагүй байдал, нөгөө талаас захиргааны байгууллага голгох ёсгүй байсан газрыг олгосон үйлдлээ зассан шийдвэр учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ