| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00687/И |
| Дугаар | 301/ШШ2025/00100 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 301/ШШ2025/00100
|
|
301/ШШ2025/00100 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Э сумын .тоотод оршин суух П овгийн Ц.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ц.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Би 10 дугаар анги төгсөөд Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад барилгачнаар 1984 оны 4 сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад 1985-1988 онд Ардын армийн 120 дугаар ангид алба хаасан. Цэргийн албанаас ирээд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ногооны зооринд ажилчнаар 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалгүй учраас нийгмийн даатгалын газар ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Иймд миний Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад барилгачнаар 1984 оны 4 сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ногооны зооринд ажилчнаар 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- хүсэлт гаргагчийн 294806 дугаар хөдөлмөрийн дэвтэр
- Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 02 сарын 27-ны өдрийн 2820 дугаар лавлагаа
- Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2020 оны 02 сарын 14-ний өдрийн 688 тоот лавлагаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагч Ц.Д-н хүсэлтээр Л.Д, Г.С нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- анх иргэний паспорт авсан маягт-1, 1988 оны 12 сарын 05-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 01/806 тоот лавлагаа
- хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 03-01/6342 тоот лавлагаа/
- Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 06-ны өдрийн 02/650 тоот албан бичиг
- Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 1158 тоот лавлагаа
- Баянхонгор аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Эрдэнгэцогт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 01 сарын 06-ны өдрийн “байнгын хариуцлагатай эргүүл дежур томилох тухай” 4 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Эрдэнгэцогт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 02 сарын 06-ны өдрийн “хариуцлагатай жижүүр томилох тухай” 10 дугаар тушаал зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Д нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад барилгачнаар 1984 оны 4 сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ногооны зооринд ажилчнаар 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан хүсэлт гаргагчийн 294806 дугаар хөдөлмөрийн дэвтэр, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 02 сарын 27-ны өдрийн 2820 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2020 оны 02 сарын 14-ний өдрийн 688 тоот лавлагаа, анх иргэний паспорт авсан маягт-1, 1988 оны 12 сарын 05-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 01/806 тоот лавлагаа, хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 03-01/6342 тоот лавлагаа/, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 06-ны өдрийн 02/650 тоот албан бичиг, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 1158 тоот лавлагаа, Баянхонгор аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Эрдэнгэцогт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 01 сарын 06-ны өдрийн “байнгын хариуцлагатай эргүүл дежур томилох тухай” 4 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Эрдэнгэцогт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 02 сарын 06-ны өдрийн “хариуцлагатай жижүүр томилох тухай” 10 дугаар тушаал, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Л.Д, Г.С нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Хүсэлт гаргагч Ц.Д-н
3.1. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад барилгачнаар 1984 оны 4 сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь: “Ц.Д Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар 1984-1985 онуудад дараах цалин гарлаа. 1984 оны 10 сард 144, 11 сард 532, 12 сард 249, 1985 оны 1 сард 336, 3 сард 225, 4 сард 407. Энэ цалин нь аймаг дахь төрийн архивын тасгийн сан хөмрөгийн Х№59 Б№01 ХН№23-24р нэгжид хадгалагдаж байгаа болно” гэсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 1158 тоот лавлагаа, “Ц.Д 1984 оны 4 сарын 01-нд нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад барилгачнаар авч ажилуулав. Баянхонгор НДҮ-ийн даргын 1984 оны 4 сарын 01-ний өдрийн 10 тоот тушаалаар, 1985 оны 6 сарын 01-нд цэргийн албанд явах болсон тул ажлаас нь чөлөөлж цэрэг татлагын комиссын мэдэлд шилжүүлэв. Баянхонгорын даргын 1985 оны 6 сарын 01-ний өдрийн 16 тоот тушаалаар” гэсэн бичилттэй 294806 дугаар хөдөлмөрийн дэвтэр, “Ц.Д БХЯ-ны сайдын 1985 оны 6 сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Баянхонгор аймгаас 1985 оны 6 сарын 08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 120 дугаар ангид алба хааж мөн сайдын 1988 оны 6 сарын 10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988 оны 6 сарын 18-ны өдөр 591279 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 02 сарын 27-ны өдрийн 2820 дугаар лавлагаа, гэрч Л.Д-н “Ц.Д хугацаат цэргийн алба хааж ирээд 1984 оны 9 сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад нормчноор ажиллаж байсан. Бид Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нэгдэл дундын үйлдвэрт хамт ажиллаж байсан. Би тогоочоор, Ц.Д нормчин буюу туслах ажилчнаар ажиллаж байсан тул түүний ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбараар,
3.2. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ногооны зооринд ажилчнаар 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан: Баянхонгор аймгийн Архивын тасгийн лавлагаа болох “1. Байнгын эргүүл дежур хүмүүсийг 1 дүгээр хавсралтаар баталсугай. Хавсралт нэрсийн жагсаалтын 6-д. Б, Д...” гэсэн Эрдэнгэцогт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 01 сарын 06-ны өдрийн “байнгын хариуцлагатай эргүүл дежур томилох тухай” 4 дүгээр тушаал, “1. Хариуцлагатай эргүүл жижүүрийн нэрс ажиллах цагийн хувиарыг 1-р хавсралтаар баталсугай. Хавсралтад Д ...” гэсэн Баянхонгор аймгийн Эрдэнгэцогт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 02 сарын 06-ны өдрийн “хариуцлагатай жижүүр томилох тухай” 10 дугаар тушаал, “Ц.Д 1988 оны 10 сарын 01-нд Эрдэнэцогт сумын ХБ ангийн ногооны зооринд ажилчнаар авч ажиллуулав. ХБ ангийн даргын 1988 оны 10 сарын 01-ний өдрийн 43-р тушаал, 1989 оны 5 сарын 01-нд ХБ ангийн ногооны зоорины ажилчны үүрэгт ажлаас чөлөөлөв. ХБ ангийн даргын 1989 оны 5 сарын 01-ний 16-р тушаалаар” гэсэн 294806 дугаар хөдөлмөрийн дэвтэр, “Ц.Д, эрхэлдэг ажил-нормчин, ажилд орсон он-1988.10.01, ХБ ангид, сум-Жаргалант, 1988-12-05” гэж бүртгэгдсэн хүсэлт гаргагчийн регистрийн ХААТР-1 маягт, “хүн ам, орон сууцны 1989 оны тооллогоор Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвд оршин суугч Ц.Д тэргүүлэгч өөрөө, нас-23, эрэгтэй, эрхэлдэг ажил-ХБА-д ачигч” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 03-01/6342 тоот лавлагаа/, гэрч Г.С-н “Тэрээр 1988-1989 онуудад Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилчнаар /ногооны зоорины галч/ ажиллаж байсан. Бид Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын худалдаа бэлтгэлийн ангид хамт ажиллаж байсан. Тэрээр эцэг, эхтэйгээ хамт амьдардаг байсан. Түүний эцэг н.Ц нь малын эмчээр ажиллахаар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Бат зам нэгдэлд томилогдож ирсэн. Тэгээд хүү Ц.Д нь манай байгууллагад ажилчнаар ажилд орсон” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Ц.Д-н Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад барилгачнаар 1984 оны 4 сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ногооны зооринд ажилчнаар 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар П овгийн Ц.Д-н
- Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад барилгачнаар 1984 оны 4 сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл,
- Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ногооны зооринд ажилчнаар 1988 оны 10 сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА