| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 301/2025/00098/И |
| Дугаар | 301/ШШ2025/00101 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 301/ШШ2025/00101
|
|
301/ШШ2025/00101
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Ө сумын Б багт оршин суух Б овгийн Н.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Н.Э
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.Э нь мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Би 1995 онд аав, ээжтэйгээ мал маллаж байгаад 1996 онд Н.Г-тай гэр бүл болж одоог хүртэл тасралтгүй мал маллаж байна. Би малчин нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандсан боловч малын 1995-2000 оны малын А данс архивд хадгалагдаж үлдээгүй үндэслэлээр дээрх хугацаанд мал маллаж байсныг тогтоохоос татгалзаж шийдвэрлэсэн. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хандсан боловч дээрх хугацаанд мал маллаж байсантай холбоотой баримтгүй үндэслэлээр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн шийдвэрийг хэвээр үлдээсэн гэв.
3. Хүсэлт гаргагчаас:
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Засаг даргын 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 33 тоот тодорхойлолт
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 3/29 тоот тодорхойлолт
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 04-ний өдрийн 615 тоот тодорхойлолт
- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 10 сарын 23-ны 16/14 дүгээр тогтоол,
- Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 12 сарын 27-ны 32/94 дүгээр тогтоол
- хүн, ам орон сууцны 1989, 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 9 сарын 03-ны өдрийн 03-06/4845, 03-06/4846, 03-06/4847, 03-06/4848 тоот лавлагаа/
- Н.Га-д холбогдох 2001, 2005, 2011 оны мал тооллогын лавлагаа, баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 03-ны өдрийн 608 тоот лавлагаа/
- Н.Э-гт холбогдох 2013 оны 4 сарын 05-ны өдрийн 0105000119 дүгээр малчин мэргэжлийн үнэмлэх
- Н.Д-н төрсний бүртгэлийн гэрчилгээ
- Н.Г, Н.Э нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ
- Г.Да-д холбогдох 1в ангийн журнал зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хүсэлт гаргагч Н.Э-н хүсэлтээр Ш.Ж, Ц.Ц нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 19 тоот тодорхойлолт
- Г.Да-н төрсний ХААТР-11 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 01/89 тоот лавлагаа
- хүн, ам орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 03-02/1201 тоот лавлагаа/
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Засаг даргын 2025 оны 02 сарын 21-ний өдрийн 93 тоот тодорхойлолт
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 3/71 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.Э-н нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Засаг даргын 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 33 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 3/29 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 04-ний өдрийн 615 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 10 сарын 23-ны 16/14 дүгээр тогтоол, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 12 сарын 27-ны 32/94 дүгээр тогтоол, хүн, ам орон сууцны 1989, 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 9 сарын 03-ны өдрийн 03-06/4845, 03-06/4846, 03-06/4847, 03-06/4848 тоот лавлагаа/, Н.Г-д холбогдох 2001, 2005, 2011 оны мал тооллогын лавлагаа, баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 03-ны өдрийн 608 тоот лавлагаа/, Н.Э-гт холбогдох 2013 оны 4 сарын 05-ны өдрийн 0105000119 дүгээр малчин мэргэжлийн үнэмлэх, Н.Да-н төрсний бүртгэлийн гэрчилгээ, Н.Г, Н.Э нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, Г.Д-д холбогдох 1в ангийн журнал, Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 19 тоот тодорхойлолт, Г.Д-н төрсний ХААТР-11 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 01/89 тоот лавлагаа, хүн, ам орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 03-02/1201 тоот лавлагаа/, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Засаг даргын 2025 оны 02 сарын 21-ний өдрийн 93 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 3/71 тоот тодорхойлолт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Ш.Ж, Ц.Ц нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3. “Тус архивын сан хөмрөгт Өндөр-Улаан сумын Бэлхи багийн 1995-2000 онуудын баримт шилжиж ирээгүй тул Н.Э-т холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 19 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан бөгөөд Н.Э-г 1995-2000 онд малчнаар ажилласнаар тооцох боломжгүй гэж Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл тус тус шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагч Н.Э нь 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд тус тус хандаж шийдвэрлүүлснийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэсэн гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн 1995 оноос 2000 онд мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.
4. Хүсэлт гаргагч Н.Э-н мал маллаж байсан талаар тодорхойлсон “Тус багийн иргэн Н овогтой Э нь 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-нийг хүртэл Бэлхи багийн халзан гэх газар хөдөө мал маллаж байсан нь үнэн болно” гэсэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Засаг даргын 2025 оны 02 сарын 21-ний өдрийн 93 тоот тодорхойлолт, “Б овгийн Н.Э 1995-2000 онд тус сумын Бэлхи багт малчнаар ажиллаж байсан нь үнэн” гэсэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 3/71 тоот топорхойлолт, “Г.Д эцэг, эхийн ажил-малчин, Бэлхи баг...” гэсэн Г.Д-д холбогдох 1в ангийн журнал, “хүүхэд Г.Д, эцэг Н.Г эрхэлдэг ажил-малчин, эх Н.Э эрхэлдэг ажил-малчин, бүртгэсэн он, сар, өдөр 1997-4-21” гэсэн Г.Д-н төрсний ХААТР-11 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, “Н.Э 1995-2000 онд хаана ямар байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж байсан нь тодоохойгүй тул нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх лавлагаа гаргах боломжгүй болно” гэсэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 01/89 тоот лавлагаа, “хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор А аймгийн Ө сумын Б багийн хөдөөд оршин суугч Н.Э, эхнэр, 1975 оны 6 сард төрсөн, нас-24, эмэгтэй, эрхэлдэг ажил-малчин” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 03-02/1201 тоот лавлагаа, гэрч Ш.Ж-н “Би Э-н аав Н-тай хамт Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохоор Э-йг хүүхэд байхаас нь мэддэг юм. 1990 онд Э Өндөр-Улаан суманд 8 дугаар анги төгсөөд мал дээр гарсан. Э 1990-1996 он хүртэлх хугацаанд аав Н, ээж Я нарынхаа хамт Өндөр-Улаан сумын Донгой багт хувийн малаа малласан. Э 1996 онд Г-ай гэр бүлж Өндөр-Улаан сумын Донгой багаас тус сумын Бэлх баг руу шилжиж тэндээ одоог хүртэл хувийн малаа маллаж байгаа. Э мал маллахаас өөр ажил хөдөлмөр эрхэлдэггүй” гэх мэдүүлэг, гэрч Ц.Ц-н “Миний мэдэхээр Э 1990 онд Өндөр-Улаан суманд 8 дугаар анги төгсөөд мал дээр гарч аав Н, ээж Я нарынхаа хамт Өндөр-Улаан сумын Донгой багт хувийн малаа малласан. Э 2000 оны хавьцаа Г-тай гэр бүл болсон. Гэр бүл болсон оныг нь сайн санахгүй байна. Г Өндөр-Улаан сумын Бэлхи багийн хүн. Э нь Г-тай гэр бүл болсон хугацаанаас хойш одоог хүртэл Өндөр-Улаан сумын Бэлхи багт хувийн малаа маллаж байна. Э Г-тай гэр бүл болоод Өндөр-Улаан сумын Донгой багаас тус сумын Бэлхи баг руу шилжсэн. Э, Г нар 3 хүүхэдтэй. Э мал маллахаас өөр ажил хөдөлмөр эрхэлдэггүй, малчин хүн” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Н.Э-н Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байсан нь тогтоогдож байна.
Иймд Н.Э-н Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан хүн, ам орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 9 сарын 03-ны өдрийн 03-06/4845, 03-06/4847 тоот лавлагаа/, Н.Г-д холбогдох 2001, 2005, 2011 оны мал тооллогын лавлагаа, баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 03-ны өдрийн 608 тоот лавлагаа/, Н.Э-т холбогдох 2013 оны 4 сарын 05-ны өдрийн 0105000119 дүгээр малчин мэргэжлийн үнэмлэх, Н.Да-н төрсний бүртгэлийн гэрчилгээ, Н.Г, Н.Э нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримт нь хүсэлт гаргагч Н.Э-н мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б овгийн Н.Э-нАрхангай аймгийн Өндөр-Улаан суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА