| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2305000000263 |
| Дугаар | 2023/ДШМ/825 |
| Огноо | 2023-08-15 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2023/ДШМ/825
2023 8 15 2023/ДШМ/825
П.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Түвшинбаяр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хишигт,
шүүгдэгч П.Бын өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Н.Нямдаваа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/467 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хишигт, шүүгдэгч П.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн П.Бд холбогдох 2305000000263 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тахианхан овгийн П.Б, 2004 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, малчин 2 дугаар гудамжны 84 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ПК04312818/;
П.Б нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын политехник коллежийн спорт зааланд “нэг багт тоглож буй хүүхдийн нүүрэн тус газар нь бөмбөгөөр цохилоо, уучлалт гуйсангүй” гэх шалтгаанаас үүдэн Х.М маргалдаж улмаар түүний хэвлийн тус газар нь зэвсэг буюу хутгаар 1 удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тахианхан овогт П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд 12 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд 12 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бын цагдан хоригдсон 117 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баас 18.272.322 төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн 9 хороо, Горькийн 5-126 тоотод оршин суух, ЧИ77092498 дугаар регистртэй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хишигтэд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэргийн үйл баримтыг тогтоосон ач холбогдол бүхий нотлох баримт байх тул хэрэгт хадгалахаар тогтоож, Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт хадгалагдаж байгаа бор өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж, энэ хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч П.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие 18 настай, амьдралд дөнгөж хөл тавин алхахдаа өөрийн гэнэн томоогүй зан болон хариуцлагагүй байдлаасаа болоод Эрдэнэт хүний алтан амь насыг хохироож түүний ар гэр, төрөл төрөгсдөд нь нөхөж барашгүй гарз хохирол учруулсандаа маш их харамсаж, эмгэнэж гэмшиж байна. Түрхэн зуурын уур бухимдлаа барьж чадалгүй ийм аймшигтай зүйл болно гэдгийг ойлгож ухаарч чадаагүйдээ чин сэтгэлээсээ гэмшиж уучлал хүсэж байна. Би одоо 18 настай Монгол Улсын ирээдүй болсон залуу хүчин, ял шийтгэл эдлээд суллагдахад 30 настай гарна. Би цаашдаа яаж амьдрахаа мэдэхгүй, ойлгохгүй байна. Би найз охинтой бөгөөд тэр маань одоо 7 сартай жирэмсэн, намайг хэзээ ирэх бол гээд хүлээгээд байж байгаа. Хүүхэд маань намайг гарч ирэхэд 12 нас хүрсэн байна, хүүхэд маань 12 жилийн турш гэр бүлийн халуун, дулаан элэг бүтэн уур амьсгалыг амсаж мэдрэхгүй өснө. Иймд миний ирээдүйд сайн аав, сайн хүү, сайн нөхөр болох боломж олгож ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хишигт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хүү Х.Мөнххүслэнг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр сургууль дээрээ биеийн тамирын хичээлд орж байхад нь /багш нь түр гарсан байсан/ 12 цаг 00 минутын орчимд үл таних этгээд орж ирж, ялимгүй маргасан төдийгөөр хэвлий рүү нь нуруунд нь тултал хутгалсны улмаас миний хүү 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр амь насаа алдсан юм. Хүү маань хутгалуулсан даруйдаа Цэргийн төв эмнэлэгт түргэнээр хүргэгдэн очсон боловч ходоод, сэмж, чацархай нь нэвт сүлбэгдэж, зүүн бөөрний дээд булчирхай, бөөрний тараагуур, хураагуур судас, нойр булчирхай нь тасарсны улмаас гурван хоногийн турш ихэд тарчлан, эмчлэх явцад 4-өөс 5 удаа зүрх нь зогсож, зургаан цагийн турш хагалгаанд орсон боловч шархаа даалгүй нас барсан билээ.
Эмнэлэгт ухаан алдахын өмнө “Ааваа хүү нь ямар ч буруугүй шүү, тэр залууг би танихгүй” гэж хэлсэн нь миний хүүгийн сүүлчийн үг байлаа. Миний хүүгийн гэмтлийн тухай шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 623 дугаартай дүгнэлт гарсан байдаг.
Талийгаач Х.Мбол миний хувьд хүний ганц хүүхэд, 2006 онд төрсөн, 17 настай, 2022 онд сургуулийнхаа шилдэг оюутнаар шалгарсан, ааш зан, харилцаа хандлага, сурлагаар үлгэр жишээ сайн хүү байлаа. Бид хүүгээ эцэг, эхийн хайраар дутаалгүй өсгөж, улмаар мэргэжил боловсрол эзэмшүүлэн, ирээдүйн амьдрал нь баталгаажаасай гэсэндээ тус сургуульд оруулсан юм. Үрээ алдсан миний хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, манай гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэлээ. Мэргэжлээ хүүдээ өвлүүлэх гэж барилгын сургуульд оруулсандаа одоо ч харамсаж, өөрийгөө уучилж чадахгүй байна.
Ганц үрээ алдсан миний хувьд шүүгдэгчийг уучлах ямар ч боломжгүй, түүнд насан туршдаа гомдож явах болно. Биедээ балиус авч явж, гэгээн цагаан өдрөөр олны дэргэд эрдэнэт хүний амийг бүрэлгэсэн этгээдийг нийгмээс удаан хугацаагаар тусгаарлах ёстой гэж үзэж байна. Болсон явдлаас үзвэл шүүгдэгч П.Б нийгэмд онц аюултай, юу ч хийж мэдэх хүн юм. Түүнд ямар ч ял өглөө гээд хүү маань босож ирэхгүй нь үнэн боловч, өөр хэн нэгний үр хүүхэд дахин гэмт хэргийн золиос болоосой гэж хүсэхгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр П.Бд нээлттэй хорих ангид 12 жил хорих ял оноосныг бид хэт хөнгөдсөн гэж үзэн, туйлын их гомдолтой байна. Шүүгдэгч этгээд хэдхэн жилийн дараа эрх чөлөөтэй болж, харин миний хүү үүрд нойрссон гэж бодохоор шударга бус байна.
Шүүгдэгч давж заалдах гомдолдоо “би хүүхэдтэй” гэж бичиж биднийг үл хүндэтгэж байна. Гэтэл би хүүгээ алдсандаа маш их харамсаж байна. Миний хүүгийн амь нас ийм хямдхан байсан юм уу. Хэргийн газрын бичлэгийг үзэхэд шүүгдэгч 1 минут ч хүрэхгүй хугацаанд хутга гарган ирж хүүг минь хутгалсан байдаг. Анхан шатны шүүх шүүгдэгчид хэт хөнгөн ял оногдуулсан. Шүүгдэгч ялаа эдлээд гараад ирнэ. Харин миний хүү хэзээ ч босож ирэхгүй.
Иймээс хэргийг үнэн мөнөөр нь дэнсэлж үнэрлэх үргүй болсон миний гомдол цөхрөлийг нимгэлэн, П.Буяжаргалд 15 жилийн хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй хаалттай хорих ангид эдлүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч П.Бын өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэхийг харгалзан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн шийтгэх тогтоол гаргасан. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь миний үйлчлүүлэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч П.Б нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын политехник коллежийн спорт зааланд “нэг багт тоглож буй хүүхдийн нүүрэн тус газар нь бөмбөгөөр цохилоо, уучлалт гуйсангүй” гэх шалтгаанаас үүдэн Х.М маргалдаж улмаар түүний хэвлийн тус газар нь зэвсэг буюу хутгаар 1 удаа хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хишигтийн “...2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 12 цаг 30 минутад хүүгийн ангийн багш над руу утасдаад “Мөнххүслэн зааланд тоглож байгаад хүнд хутгалуулсан, яаралтай цэргийн төв эмнэлэгт ирээрэй” гэсэн. Эмнэлэг дээр очиход хүү минь хүлээн авахын орон дээр хэвтэж байсан бөгөөд “ааваа, би буруугүй шүү, аавыгаа үнсье” гэж хэлсэн. Ямар хүн хутгалсан юм бэ гэж асуухад “өмнө нь харж байгаагүй ах намайг хутгалсан” гэж хэлсэн. ...” /1хх 47/,
насанд хүрээгүй гэрч Э.Баянбилэгийн “...Хичээл дундуур орж ирсэн хүүхэд Мөнххүслэнтэй маргалдаад байх шиг байсан. ...Бор өнгийн иштэй хутга гаргаж ирээд гартаа барьж байгаад шууд Мөнххүслэнгийн гэдэс хэсэг рүү нэг удаа хутгалчихсан. Мөнххүслэн гэдсээ дараад хэвтээд орилсон. ...” /1хх 50-51/,
насанд хүрээгүй гэрч Т.Төгс-Эрдэнийн “...Бөмбөгөнд цохиулаад манараад зогсож байсан чинь ангийн дарга Баянбилэг бөмбөг цохисон хүүхдийг “уучлалт гуйдаггүй юм уу” гээд хоорондоо маргалдаж байсан. Мөнххүслэн хэрэлдэж байж байтал нөгөө багийн нэг хүүхэд, хутгалсан хүүхдийг дуудсан. Нөгөө хүүхэд нь Мөнххүслэнтэй хэрэлдэж байгаад баруун халааснаасаа хар өнгийн гэртэй хутга гаргаж ирснээ хутгаа шууд сугалж гаргаж ирээд Мөнххүслэнгийн зүүн хэвлийн дунд хэсэгт нь хутгалсан. ...” /1хх 69-70/,
насанд хүрээгүй гэрч Б.Гансүхийн “...Манай ангийн хүүхдүүдийг давуулалт хийсэн бөмбөг нь нүүрийг нь оночихсон. Тэгээд ангийн дарга “ядаж уучлалт гуйж болдоггүй юм уу” гэсэн шаардлага тавьсан чинь нөгөө хүүхэд нь өөдөөс нь хэрэлдэх маягтай байсан. Мөнххүслэн хажуугаас нь нь ороод хэрэлдээд байж байсан чинь нөгөө хүүхэд нь хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд Мөнххүслэн муудалцаж байгаад “чаддаг юм бол хутгалчих” гээд орилсон чинь нөгөө хүүхэд нь шууд хутгалчихсан. ...” /1хх 82-83/,
насанд хүрээгүй гэрч Б.Нацагдоржийн “...Б ах эргэж хараад нөгөө хүүхэдтэй маргах шиг болсон ба би хажууд нь дөхөөд очтол нөгөө хүүхэд “май шаа” гээд хэвлий хэсэг рүүгээ заасан чинь Б ах нөгөө хүүхэд рүү дөхөж очоход нөгөө хүүхэд хэвлийн хэсгээ бариад “намайг хутгалчихлаа” гэж хэлээд газар унасан. Тэр үед Б ах иргэж хараад хар өнгийн уут шиг зүйлд хутгаа хар иштэй, 20 орчим см урттай хутга далд хийгээд баруун талынхаа халаас хэсэг рүү хийгээд заалнаас гараад гүйсэн. ...” /1хх 99/,
П.Бын яллагдагчаар өгсөн “...Тогтоолыг уншиж танилцлаа, санал, хүсэлт байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Мөнххүслэнгийн амь насыг хохироосон үйлдлийг гаргахдаа хэн нэгний дарамт шахалт, хэн нэгний хэлсний дагуу хийгээгүй, туайн үед хохирогчтой маргаан хийсний улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн. ...” /1хх 152, 2хх 48/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач Х.М биед хэвлийн зүүн дээд хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрч сэмж, чацархай, ходоод, зүүн бөөрний дээд булчирхай, зүүн бөөрний тараагуур, хураагуур судасны жижиг салаа, нойр булчирхайн их биеийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн хатгагдаж, зүсэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлийг босоо, суугаа, хэвтээ аль ч байрлалд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Талийгаачийн биед учирсан хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх нь урдаас арагш, зүүнээс баруун доош чиглэлтэй байна. Талийгаач нь Цэргийн төв эмнэлгийн №23х/00519 өвчний түүхэнд 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 25 минутад нас баржээ. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн боловч амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэсэн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 623 дугаартай /1хх 104-118/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...П.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэргийн улмаас сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэлгүй, сэтгэцийн хөгжил нь өөрийн насны түвшинд байна. Сэтгэцийн хоцрогдолтой гэх шинж тэмдэг, баримт мэдээлэлгүй байна. П.Б нь болсон явдалд дүгнэлт хийж, үг яриа болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. ...” гэсэн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 174 дугаартай /1хх 125-126/ дүгнэлтүүд,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 6-8/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-16/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 17/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 18-19/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 24-25/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 26-29/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 32/, гэрэл зургын үзүүлэлтүүд /1хх 33-40/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 41/, нас тоолсон тэмдэглэл /2хх 6/, хохирлын баримтууд /2хх 17-39/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Шүүгдэгч П.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд 12 жил хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хишигт “...П.Буяжаргалд 15 жилийн хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй хаалттай хорих ангид эдлүүлж өгнө үү. ...” гэсэн шүүгдэгч П.Б “...ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж, эсхүл хүндрүүлж шийдвэрлэхгүй бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хорих ял болон хорих ял эдлэх байгууллагын дэглэмийг өөрчлөх талаар хуульд заагдаагүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хишигтийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн хавтаст хэргийн материалд авагдсан баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хохирол төлбөрийг барагдуулаагүй зэргийг харгалзан, түүнчлэн анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэм бурууд нь тохирсон байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байх тул шүүгдэгч П.Бын гаргасан давж заалдах давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирол, хор уршигтай холбоотой асуудлыг хэрхэн, яаж шийдүүлэх талаар заагаагүй, ойлгомжгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хишигт нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баас 18.272.322 төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн 9 хороо, Горькийн 5-126 тоотод оршин суух, ЧИ77092498 дугаар регистртэй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хишигтэд олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баас 18.272.322 төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн 9 хороо, Горькийн 5-126 тоотод оршин суух, ЧИ77092498 дугаар регистртэй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хишигтэд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хишигт нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хишигт, шүүгдэгч П.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Б нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 64 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/467 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баас 18.272.322 төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн 9 хороо, Горькийн 5-126 тоотод оршин суух, ЧИ77092498 дугаар регистртэй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хишигтэд олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баас 18.272.322 төгрөг гаргуулж, Баянгол дүүргийн 9 хороо, Горькийн 5-126 тоотод оршин суух, ЧИ77092498 дугаар регистртэй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хишигтэд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хишигт нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хишигт, шүүгдэгч П.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ