Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/00254

 

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/00254

 

 

 

 

                                          Д.Иын нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/03354 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Иын хариуцагч ОУХ НЦ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнхтуяа, Б.Батсэлэнгэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Д.И нь 2014 оноос хойш ОУХ НЦт захирлын туслах, бичиг хэрэг, архивын ажилтнаар ажиллаж байсан. Гэтэл 2018 онд байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдөж архивын ажилтан, экологичийн албан тушаалд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байсан. Гэвч тус цогцолборын захирлын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/337 дугаар тушаалаар албан тушаалын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас халсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Ажлын байрны нэр “захирлын туслах, бичиг хэрэг, архив хариуцсан ажилтан” гэж өөрчлөгдсөнөөс ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр байсаар атал үндэслэлгүйгээр ажлаас халсан. 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 5 349 344 төгрөг гаргуулна. Ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэх хэсэг тодорхойгүй буюу орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн эсэхээ тодорхой тусгаагүй, ISO2019 стандартад үндэслээгүй шийдвэр гаргасан. Д.Иын ажлын байрны тодорхойлолтод захирлын туслах, бичиг хэргийн ажилтныг хавсран гүйцэтгэх чиг үүрэгтэй талаар заасан. Нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан тухайн орон тоонд ажиллаж байхад өөр ажилтныг адилхан орон тоон дээр ажилд авсан нь тодорхойгүй байна. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн хариу тайлбарт: Д.И нь ОУХ НЦын ерөнхий захирлын 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралт авсан Б.Баттунгалагийн оронд тус цогцолборын захирлын нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар түр ажиллаж байгаад ерөнхий захирлын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар архив, бичиг хэргийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Мөн өдрөөс байгаль орчны экологичоор түр, ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар байгууллагын нууц хариуцах, архивын ажилтан, экологичоор ажиллаж байгаад ерөнхий захирлын Б/18 дугаар тушаалаар 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс архивын ажилтан, экологичийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс захирлын туслах, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан.

ОУХ НЦын ерөнхий захирлын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/77 дугаар тушаалаар 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл архивын ажилтан-экологичийн үүрэгт ажилд түр, ерөнхий захирлын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/324 дүгээр тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/189 дүгээр тушаалыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс архивын ажилтан-экологичоор тус тус томилогдон ажилласан. Ерөнхий захирлын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Н.Эийг Захирлын туслах-бичиг хэргийн ажилтнаар 3 сарын хугацаатай түр томилж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/92 дугаар тушаалын дагуу тус цогцолборын ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/345 дугаар тушаалаар Н.Эийг Захирлын туслах-бичиг хэрэг, архив хариуцсан ажилтнаар томилон ажиллуулж байгаа бөгөөд ажлаа хийж байсан ажилтныг сонгон шалгаруулалтад оруулах шаардлагагүй. Тухайн байгууллагын дотоод журмаар хэнийг ажиллуулах талаар зохицуулагдсан байдаг. А/92 дугаар тушаалаар А/291 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцож ОУХ НЦын зохион байгуулалтын бүтэц, дүрмийг шинэчлэн баталж, тушаалын 3 дугаар хавсралтаар албан тушаал, орон тооны жагсаалт батлагдсан. Уг тушаалд архивын ажилтан-экологич ажилтны орон тоо хасагдсан тул Д.Ид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан талаар тайлбарлаж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулж 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдлийг гардуулж өгсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д зааснаар албан тушаал нь хасагдсан тул өөр ажил, албан тушаалд ажиллуулах саналыг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр бичгээр мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. Д.Иыг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгчид ажлын байр санал болгосон боловч өөрөө ажилд ороогүй. Засгийн газраас тогтоосон цалингийн сангаас хэтэрсэн цалин хөлс олгох үндэслэлгүй. Ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл дээр хуулийн бүх заалтыг бичдэггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:   Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Иыг ОУХ НЦын захирлын туслах-бичиг хэрэг, архив хариуцсан ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ОУХ НЦоос ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3 990 708 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн нөхөн бичилт хийхийг ОУХ НЦт даалгаж, нэхэмжлэгч Д.И нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ОУХ НЦоос улсын тэмдэгтийн хураамж 78 801 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Д.И нь ОУХ НЦын ерөнхий захирлын 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар анх ажилд орж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/92 дугаар тушаалаар ОУХ НЦын зохион байгуулалтын бүтэц, дүрмийг шинэчлэн баталж тушаал гарах хүртэл 6 жилийн хугацаанд 7 удаагийн тушаалаар тус байгууллагад өөр өөр төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын 2020 оны А/92 дугаар тушаалаар архивын ажилтан-экологич ажилтны орон тоо хасагдсан тул Д.Ид энэ талаар тайлбарлаж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулж 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдэл гардуулж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх “байнгын ажлын байр” гэдгийг буруу тайлбарласан бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын 2020 оны А/92 дугаар тушаалаар “архивын ажилтан-экологич” албан тушаал байхгүй болж хасагдсан. Д.Итой хөдөлмөрийн гэрээг өмнөх ажил олгогч байгуулсан бөгөөд гэрээ дүгнэх хугацаанаас өмнө сайдын тушаалаар байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдөж архивын ажилтан экологичийн орон тоо хасагдсан. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн тодорхой заалтийг гэрээнд тусгах шаардлагагүй. Архивын ажилтан-экологичийн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр батлагдсан. Захирлын туслах-бичиг хэрэг, архив хариуцсан ажилтны албан тушаалын тодорхойлолтыг 2020 оны А/92 тоот тушаалд нийцүүлэн 2020 оны 08 дугаар сарын 31 ны өдөр батлагдсан байхад шүүх уг хоёр ажлын байрны тодорхойлолтыг хооронд нь харьцуулж буруу дүгнэлт хийсэн. ОУХ НЦын ерөнхий захирлын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/99 дүгээр тушаалаар цогцолборын хөдөлмөрийн дотоод журам батлагдсан бөгөөд уг журмын 7.1.1-д “сул байгаа орон тоонд ажилд орохыг хүссэн иргэний хүсэлт, материалыг захиралын туслах-бичиг хэргийн ажилтан бүрдүүлэн хүлээн авч, ерөнхий захиралд танилцуулж, хүний нөөцийн менежер судлан сонгон шалгаруулалт явуулна. Холбогдох нэгжийн даргын саналын хамт ерөнхий захирлын тушаалаар ажилд томилно” гэж заасан. Н.Эийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар захирлын туслах-бичиг хэргийн ажилтнаар томилогдсон бөгөөд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтан Н.Эийг эрх зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж сонгон шалгаруулалтанд оруулах боломжгүй. 2020 оны А/92 дугаар тушаалаар Д.Иыг ажлаас чөлөөлөгдөхөөс 4 сарын өмнө томилогдсон байсныг сонгон шалгаруулалтад оруулаагүй дотоод журам зөрчсөн мэтээр анхан шатны шүүх буруу тайлбарласан. Дотоод журмын 7.1.1-д сул байгаа орон тоонд ажилд орохыг хүссэн иргэний асуудлыг ажиллаж байгаа хүнтэй хольж буруугаар тайлбарласан гэж үзэж байна. Мөн журмын 12.2.8-д ажил олгогч нь батлагдсан дүрэм, орон тоо, бүтцийг баримтлан ажиллах ба тухайн ажилтны ажлын байрыг өөрчлөх тохиолдол бүрд ажилтанд 45 хоногоос доошгүй хугацааны өмнө мэдэгдэнэ гэж заасныг зөрчсөн гэжээ. Гэтэл уг заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дах хэсэгт байгууллага аж ахуй нэгж татан буугдасны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд 45 хоног байхаар зохицуулсан. Д.Иыг ажлаас чөлөөлсөн нь ямар нэгэн хууль бус үйлдэл байхгүй. Мөн Д.Ид Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д зааснаар өөр ажил, албан тушаал санал болгож 2020 оны 05 дугаар сарын 12 өдөр бичгээр мэдэгдсэн боловч хариу тайлбар гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгохоор тушаалд заасан боловч Д.И нь Ерөнхий захирлын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/39 тоот тушаалаар батлагдсан ажилчдын орон сууцны комиссын бүрэлдэхүүн, журам шинэчлэн батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралт журмын 6.6-д  зааснаар орон сууцаа хүлээлгэж өгөөгүй тул тэтгэмжийг түр хойшлуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Д.И нь хариуцагч ОУНЦУТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “ОУХ НЦ”-ын ерөнхий захирлын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Иыг захирлын туслах, архив бичиг хэргийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр архивын ажилтан, экологичоор томилж хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байна. Тэрээр 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/337 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйл, Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/92 дугаар тушаал, Цогцолборын дүрмийн 6.5.6 дах заалтыг тус тус үндэслэн ажлаас нь чөлөөлжээ. /хх5,7-8/

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэх үндэслэлээр цуцлагдсан  бол ажил олгогч байгууллагын бүтцээс тухайн ажилтны ажиллаж байсан албан тушаал, ажлын байр байхгүй болсон нь тогтоогдсон байх ёстой. Харин ажилтны орон тоо цөөрүүлэх гэдэгт ажил албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгахыг ойлгоно.

 

Ажил олгогчийн дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан”, “ажилтны тоог цөөрүүлсэн” үндэслэлийн аль үндэслэлээр нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж байгаа талаар тодорхой тусгаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэс болж байгаа байдлын талаархи  нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Шүүхээс хариуцагч талд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөх эрхээр нь хангаж байх боловч хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан журмын дагуу нотлоогүй байна. Иймд шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийг захирлын туслах бичиг хэрэг, архив хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоосныг буруутгах боломжгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар хариуцагч байгууллагаас хөдөлмөрийн дотоод журам, нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, дүрмийг шинэчлэн баталсан тушаал, албан тушаал, орон тооны жагсаалт зэргийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн боловч байгууллагын “хуулбар үнэн” тэмдэг дарж хэрэгт ирүүлсэн байна. /хх46-53/

 

Мөн ОУХ НЦын зохион байгууллалтын бүтэц, дүрмийг шинэчлэн батлах тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/189, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/291 дүгээр тушаалууд хэрэгт авагдсан байх боловч хавсралтаар баталсан орон тооны жагсаалт нь байхгүй байна. /хх27-28/

Нэхэмжлэгч нь 2014 онд захирлын туслах, бичиг хэргийн ажилтан, 2015 онд байгаль орчны экологичоор, 2016 онд захирлын туслах, бичиг хэргийн ажилтан, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч байгууллагад архивын ажилтан, экологичоор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан ажил олгогчийн тушаал, талуудын тайлбараар тогтоогдсон. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/92 дугаар тушаалаар хариуцагч байгууллагын захиргаа хамтын ажиллагааны хэсэгт захирлын туслах, бичиг хэрэг, архив хариуцсан ажилтны албан тушаалын орон тоо 1 байхаар батлагдсан байна.

Шүүх “Д.И болон шинээр захирлын туслах бичиг хэрэг, архив хариуцсан ажилтны албан тушаалд томилогдсон Н.Э нарын ажлын байранд архивын ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байхад сонгон шалгаруулалт явуулалгүй Н.Эийг ажилд томилсон нь Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн” гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Хэргийн 9-11, 73-75 дугаар талд авагдсан “архивын ажилтан экологич”, “захирлын туслах бичиг хэрэг, архив хариуцсан ажилтан”-ны ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын чиг үүрэг огт алга болоогүй, захирлын туслах бичиг хэрэг, архив хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт байна.

Шүүх нэхэмжлэгчийг захирлын туслах, бичиг хэрэг, архив хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 990 708 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 555 тоот тушаал зэрэгтэй нийцжээ.

 

Н.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч этгээд биш. Ажил олгогч өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх асуудлыг шүүхээр урьдчилан дүгнэлт хийлгэж шийдвэрлүүлэх боломжгүй. Хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж байна.

Шүүх “ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлаас чөлөөлөх мэдэгдлийг ажилтанд 45 хоногоос доошгүй хугацааны өмнө мэдэгдэнэ гэснийг зөрчсөн” гэж буруу дүгнэлт хийсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/03354 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                      

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                               А.МӨНХЗУЛ