Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 320/ШШ2025/00205

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 320/ШШ2025/00205

Х аймаг

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

320/2025/00151/И

Хөвсгөл  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Х нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Х аймгийн Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Б.Г нь Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, түүнд 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 4,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн.

Гэтэл Б.Г нь зээлийн гэрээний хугацаанд огт төлбөр төлөөгүй байна.

Иймд Б.Г ээс 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд: Миний бие Х.М нь Б.Г ийн эх бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Б.Г нь Х аймгийн Х газраас 4,000,000 төгрөгийг малжуулах хөтөлбөрөөс авсан нь үнэн бөгөөд тухайн 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж, барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг,

Х аймгийн Х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд: Миний бие Э.Х нь Х аймгийн Х газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г эд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М нь шүүхэд тайлбартаа зээлийн төлбөр болох 4,000,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариу тайлбарыг ирүүлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбартаа бичсэн 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор зээлийн төлбөрийг төлж барагдуулах тухай саналыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хүсэлтийг тус тус ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн Х нь хариуцагч Б.Г эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 4,000,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах тухай хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг зохигч эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд зохигчийн энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж хуульчилсан тул нэхэмжлэгч Х аймгийн Х нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага 4,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийн тал хувь болох 39,475 төгрөгийг хариуцагч Б.Г ээс гаргуулж, улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х аймгийн Х нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Г ээс 39,475 (гучин есөн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА