| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 109/2024/0035/З |
| Дугаар | 109/ШШ2024/0036 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 109/ШШ2024/0036
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Б.Б-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Цагдаагийн газарт холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Архангай аймгийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс Б.Б-ын нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Үүнд: иргэн Б.Б нь 1984 онд төрсөн, 40 настай, 2005 оны 12 дугаар сараас эхлэн өнөөг болтол цагдаагийн байгууллагад тасралтгүй 19 дэх жилдээ зөрчил, дутагдал гаргалгүй ажиллаж байна. Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2005 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 118 дугаар тушаалаар 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн жолоочийн албан тушаалд энгийнээр томилогдож, улмаар 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс энгийн ажилтнаас чөлөөлөгдөж Шуурхай албаны жолоочоор томилогдож цагдаагийн бүрэлдэхүүнд орсон байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1. дэх хэсэгт “Цагдаагийн албанд анх томилогдох иргэнийг албаны бэлтгэл, албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор 1 жил хүртэл туршилтын хугацаанд ажиллуулж болно.”, 70.2. дахь хэсэгт “Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтнаар томилж гэрээ байгуулна. Дадлагажих ажилтан туршилтын хугацаанд гүйцэтгэх чиг үүрэгт нийцсэн энэ хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж, үүрэг хүлээнэ.”, 70.7. дахь хэсэгт “Туршилтын хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцно.” гэсний дагуу Б.Б-ын дадлагажихаар ажилласан 1 жилийн хугацааг төрийн тусгай алба хаасан хугацаанд тооцуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Тус шүүх иргэн Б.Б-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Цагдаагийн газарт холбогдох “Б.Б-ын 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаартай энгийнээр түр томилсон тушаалыг дадлагажих ажилтнаар түр томилох болгон өөрчлөхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
2. Уг хэргийн үйл баримтын тухайд, иргэн Б.Б нь анх Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2005 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 118 дугаар тушаалаар Б.Б-ыг 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус хэлтэст шуурхай албаны жолоочийн орон тоон дээр энгийнээр түр томилон ажиллуулсан байна. Үүний дараа 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаар тушаалаар шуурхай албаны жолоочийн орон тоо дээр энгийнээр ажиллаж байгаа Б.Б-ыг 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цагдаагийн бүрэлдэхүүнд оруулж, цагдаа-жолоочоор томилон, цагдаагийн дэд ахлагч цол олгожээ. (Хавтаст хэргийн 42-43 дахь тал)
3. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ ... миний бие цагдаагийн байгууллагад орж ажиллахдаа дадлагажих ажилтны үүргийг гүйцэтгэн ажиллаж, жагсаалын үзлэг бэлтгэл, албаны бэлэн байдлыг шалгах зэрэг ажилд үндсэн алба хаагч нарын нэгэн адил хамрагддаг байсан бөгөөд дадлагажих ажилтнаар томилсон тушаал гаргалгүй, энгийнээр ажилд томилсон гэсэн тушаал гаргасан нь цэргийн байнгын тэтгэвэрт гарахад эрх зүйн хувьд хохиролтой цэргийн ажилласан жилд тооцогдохгүй байна ...” гэж тайлбарлажээ.
4. Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 28-05/2058 дугаар лавлагаанд Б.Б-ыг Архангай аймгийн Цагдаагийн газарт 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс одоог хүртэл тус газарт цагдаа-жолоочоор ажиллаж байгаа талаар тодорхойлсон бөгөөд мөн хугацаанд тус газраас нийгмийн даатгалын шимтгэл төлөгджээ. (Хавтаст хэргийн 6-10 дахь тал)
5. Нэхэмжлэгч Б.Б-ыг 2005 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 118 дугаар тушаалаар томилон шуурхай албаны жолооч орон тоон дээр энгийнээр түр ажиллах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1993 оны 12 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4.-т “Цагдаагийн алба хаагчаар томилохын өмнө туршилтын хугацаагаар, эсхүл дагалдуулан ажиллуулж болно. Дагалдах ажилтан бие дааж цагдаагийн алба хаагчийн үүрэг гүйцэтгэхгүй.” гэж зохицуулсан байна.
6. Мөн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7. дахь хэсэгт Туршилтын хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцно.”, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3. дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албанд анх орсон иргэнд туршилтын хугацааг 6-12 сар хүртэл хугацаагаар тогтоож болно.”, 28.4. дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалд ажилласан туршилтын хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.”, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журмын 1.4.-т Төрийн тусгай албан хаагчийн эрх зүйн байдлыг тухайлан зохицуулсан бусад хууль тогтоомжид туршилтын хугацаагаар ажиллуулах асуудлыг нарийвчлан зохицуулаагүй бол энэхүү журмыг баримтална., 7.1.-т Туршилтаар ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно гэж тус тус заажээ.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Архангай аймгийн Цагдаагийн газар нь 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 31/6231 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар гаргажээ. Тодруулбал, хариуцагчийн зүгээс Б.Б-ын нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Үүнд: иргэн Б.Б нь 1984 онд төрсөн, 40 настай, 2005 оны 12 дугаар сараас эхлэн өнөөг болтол цагдаагийн байгууллагад тасралтгүй 19 дэх жилдээ зөрчил, дутагдал гаргалгүй ажиллаж байна. Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаар тушаалаар 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн жолоочийн албан тушаалд энгийнээр томилогдож, улмаар 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс энгийн ажилтнаас чөлөөлөгдөж Шуурхай албаны жолоочоор томилогдож цагдаагийн бүрэлдэхүүнд орсон байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1. дэх хэсэгт “Цагдаагийн албанд анх томилогдох иргэнийг албаны бэлтгэл, албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор 1 жил хүртэл туршилтын хугацаанд ажиллуулж болно.”, 70.2. дахь хэсэгт “Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтнаар томилж гэрээ байгуулна. Дадлагажих ажилтан туршилтын хугацаанд гүйцэтгэх чиг үүрэгт нийцсэн энэ хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж, үүрэг хүлээнэ.”, 70.7. дахь хэсэгт “Туршилтын хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцно.” гэсний дагуу Б.Б-ын дадлагажихаар ажилласан 1 жилийн хугацааг төрийн тусгай алба хаасан хугацаанд тооцуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. (Хавтаст хэргийн 41 дэх тал)
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно., 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. гэж тус тус заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
9. Иймд иргэн Б.Б-аас Архангай аймгийн Цагдаагийн газарт холбогдуулан гаргасан “Б.Б-ын 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаартай энгийнээр түр томилсон тушаалыг дадлагажих ажилтнаар түр томилох болгон өөрчлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
10. Мөн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1., 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1., 70.2., 70.7. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-аас Архангай аймгийн Цагдаагийн газарт холбогдуулан гаргасан “Б.Б-ын 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаартай энгийнээр түр томилсон тушаалыг дадлагажих ажилтнаар түр томилох болгон өөрчлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА