Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/14

 

                                         Ж.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

СБ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Б даргалж, шүүгч Б.Д, Д.Г нарын бүрэлдэхүүнтэй, “Б” танхимд нээлттэй хийв.

 Шүүх хуралдаанд:

               прокурор Д.С

                        шүүгдэгч Ж.Г

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э

нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

1. СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор Д.С-ийн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Г-т холбогдох эрүүгийн ...................... дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                                                     Биеийн байцаалт:

2. МУ-ын иргэн, 19 онд СБ аймгийн БУ суманд төрсөн, ...настай, ......,*******, ...........мэргэжилтэй,*******,, охины хамт СБ аймгийн БУ сумын ....дугаар баг, .............гудамж 0-0 тоотод оршин суух,,,,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн Х овогт Ж.Г 

Холбогдсон хэргийн талаар:

3. Шүүгдэгч Ж.Г нь 2022 оны 07 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө СБ аймгийн БУ сумын ...дугаар багт үйл ажиллагаа явуулах “.....” баарны урд талын автомашины зам дээр СБ аймаг дахь ЦГ-ын газрын ................Б.Г-г албан үүргээ гүйцэтгэж байхад цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж,, зүүн хацарт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

4. Хяналтын прокурор Д.С нь шүүгдэгч Ж.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

5. СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г-т холбогдох ............. дугаартай эрүүгийн хэргийг СБ аймгийн П-ын газарт буцааж, яллагдагч Ж.Г-т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

6. Хяналтын прокурор Д.С эсэргүүцэлдээ: Тухайн гэмт хэрэг гарах үед О-ээс бусад хүмүүс болох Б, О, Г, Д нараас, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтнуудаас гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авч, цуглуулж бэхжүүлсэн. Хэргийн талаар нотолбол зохих байдал тогтоогдсон тул О-ийн мэдүүлэг нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтооход ач холбогдолгүй, хэргийн нөхцөл байдалд нөлөөлөхгүй юм. Яллагдагч Ж.Г-аас мөрдөн байцаалтын шатанд гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн тогтоолууд хэрэгт байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасны дагуу хохирогч шүүх хуралдаанд биечлэн оролцож, өөрт хадгалагдаж буй дүрс бичлэгийг шүүхэд гаргаж өгөх эрхтэй бөгөөд шүүх түүнийг үнэлэх эсэх нь эрх хэмжээний асуудал юм. Мөрдөгч нь хохирогч нотлох баримт гаргаж өгөхөөс татгалзсан тохиолдолд хууль бус арга, хэрэгсэл хэрэглэх боломжгүй байх тул эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

7. Шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

8. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

9. Давж заалдах шатны шүүхээс яллагдагч Ж.Г-ын гомдлын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүгчийн захирамж нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байх хуульд заасан  шаардлага хангасан байна.

10. Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   хэрэгт ач холбогдол бүхий  эд зүйлийг эд мөрийн баримтад тооцон прокурорын зөвшөөрлөөр хураан авч, тэмдэглэлд тусган бэхжүүлж хэрэгт хавсаргах ёстой. Гэтэл мөрдөгч И.С нь  прокурорын зөвшөөрөлгүй 2023 оны 01 сарын 25-ны өдөр “police”  нэртэй энгэрийн хяналтын  камерийг тогтоол үйлдэн хураан авч, мөн оны 02 сарын 15-ны өдөр  Б.С-т хүлээлгэн өгсөн байна. Иймээс тухайн камерийг хуульд заасан журмын дагуу хураан авч, түүнд байгаа гэмт хэргийн үйл явдал агуулсан дуу-дүрсний бичлэг сэргээгдэх эсэх талаар мэргэжлийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай. 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг тогтоох зорилгоор эргүүлийн цагдаа Б.Г-ын гар утсанд прокурорын зөвшөөрлөөр үзлэг хийж, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдалтай холбоотой дуу-дүрсний бичлэгийг эд мөрийн баримтаар тооцон хураан авч, тэмдэглэлд тусган бэхжүүлэх хэрэгтэй. /1хх-15, 29, 182х/,

12. Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйлийг гарган өгч, хэрэгт бэхжүүлж тусгуулах эрхийг мөрдөн шалгах ажиллагааны үед эдлэх бөгөөд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатанд хэргийн бодит байдлыг нотлохтой холбоотой баримт биш зөвхөн иргэний нэхэмжлэлийн шаардлага болон хувийн байдалтай холбоотой  баримтыг  гаргаж өгч болно.Учир нь: 12.а. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 4, 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч нь хэргийн бодит байдлыг нотлохын тулд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж цуглуулан тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэн хэрэгт хавсаргах, яллагдагчийн яллах,  цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй байдаг бол шүүх нь мөрдөгчийн цуглуулж бэхжүүлэн хэрэгт хавсаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр оролцогчдийн  хүсэлтээр шинжлэн судалж, хэргийн бодит байдлыг тогтоох  үүрэг хүлээдэг.

12.б. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8, 9 дэх хэсэг,  39.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар шүүх шинэ нотлох баримт цуглуулж бэхжүүлэх, хэрэгт авагдаагүй баримтыг шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлах эрхгүй тул хохирогч Б.Г-ын 2023 оны 01 сарын 20-ны өдрийн “Ж.Г нь энгэрийн камерийг цохисноос тогтмол усанд унаж эвдэрсэн. Гар утсаараа үргэлжлүүлэн хийсэн бичлэгээ шүүхийн шатанд гаргаж өгнө” гэх мэдүүлэг болон прокурорын эсэргүүцэлд дурдсан “хохирогч хуульд зааснаар гар утсаар хийсэн дуу-дүрсний бичлэгийг шүүхийн шатанд шинээр гаргаж өгөх эрхтэй бөгөөд түүнийг шүүхийн  хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хэрэгт ач холбогдолтой эсэхийг үнэлэх боломжтой” гэсэн тайлбар нь үндэслэлгүй юм. /1хх-29х/

13. Яллагдагч Ж.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа Ч.О-ийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан байхад прокурор  энэ хуулийн 16.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэсэн үндэслэлээр түүний хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоол гаргасан нь яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хязгаарлажээ. Мөн мөрдөгч И.С-ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.14-т зааснаар гэрч Ч.О-ийг асуулгахаар 2023 оны 01 сарын 31-ний өдөр .........дүүргийн ЦГ-ын .......дугаар хэлтэст даалгавар бичсэн боловч, түүний хариуг цугларсан нотлох баримтын хамт ирүүлэхийг шаардаж аваагүй байна.  /1хх-174-175, 184, 208х/

14. Энэ хэрэгт бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байх түүнийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг  хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Хяналтын прокурор Д.С-ийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.БААТАРСҮХ

 

                 ШҮҮГЧИД                                   Б.ДЭНСМАА

 

                                                                         Д.ГАНЗОРИГ