| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/00031/И |
| Дугаар | 308/ШШ2025/00068 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 308/ШШ2025/00068
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Э,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.Э нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Г.Э миний бие нь Ч.Гтай 1996 онд гэр бүл болсон. Бид гэр бүл болсон цагаас эхлэн хөдөө мал маллан амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2 хүүхэд төрж, манай ам бүл 4-үүлээ болсон бөгөөд одоог хүртэл малаа маллан амьдарч байна. Би Аймгийн Улсын бүртгэлээс өөрийнхөө малчнаар ажилласан жилээ тооцуулахаар архиваас малын “А” дансны бүртгэлийг авахад манай нөхөр Ч.Ггийн нэрийг Ч.Гбаатар гэж буруу бичсэн байсан ба тус аймгийн шүүхээр орж Ч.Г болохыг тогтоолгосон. Гэвч архиваас гарч ирсэн малын А дансны баримтанд өрхийн тэргүүн Ч.Ггийн нэр бичигдсэн, ам бүлийн тоо бичигдсэн байсан ба тус бүртгэлд малчин өрхийг мал бүхий өрх гэж алдаатай тэмдэглэгдсэнээс болоод миний малчнаар ажилласан жил хасагдах гээд байгаа нь надад хохиролтой байна. Иймд Г.Э миний 2000 оны 07 дугаар сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Гэрлэлтийн баталгааны хуулбар, Ц.Нийн тодорхойлолт, Ч.Гн тодорхойлолт, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 136/ШШ2024/00433 дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 344 дугаар Малчин даатгуулагчид олгох архивын лавлагааны хуулбар, 2000-2003, 2005-2007, 2009 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулга, Мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн 2013 оны тооллогын хуулбар, Хүн ам, Өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас 1995-2000, 2000-2006, 2007-2011 оны хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийг гаргуулан, гэрч Ч.Гг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагч Г.Э нь малчнаар 2000 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
5.Хүсэлт гаргагчийг 2000 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны мал тооллогын нэгтгэлийн А дансанд бүртгээгүй байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагч Г.Э нь 2000 оны 07 дугаар сарын 01-нний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь
-Гэрлэлтийн баталгааны хуулбарт Чулуунбаатарын Г, Гаахүүгийн Э нар 1996 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болсон,
-Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 136/ШШ2024/00433 дугаар шүүхийн шийдвэр,
- Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 344 дугаар Малчин даатгуулагчид олгох архивын лавлагааны хуулбар, 2000-2003, 2005-2007, 2009 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулга, Мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн 2013 оны тооллогын хуулбар, Хүн ам, Өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар,
-Гэрч Ч.Гн “...1996 онд гэр бүл болсон. 2 хүүхэдтэй. Хамт амьдраад 29 жил болж байна . 2000 оны 07 сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамт амьдарч байсан. Өнөөдрийг хүртэл хамт амьдарч байна. Тус хугацаанд Г.Э нь мал маллаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
7.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Г.Эийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж хүсэлт гаргагч Г.Эт гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Эийг 2000 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж хүсэлт гаргагч Г.Эт гаргуулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ