Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 307/ШШ2025/00212

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:307/2025/00084/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас: ********/ -гийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Л.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Л.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1987 онд Увс аймгаас Дархан-Уул аймагт ирээд 1991 оноос хойш Барилга үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Нийгэм ахуйн барилга угсралтын конторт хуваарилагдан ажилласаар ирсэн. Энэ хооронд ХХК болон өргөжин тусдаа гарч нэр нь өөрчлөгдсөн. 2008 онд ******* Дархан ХХК байх үед жирэмсний амралтаа аваад эргэж ажилдаа ороогүй. Захирал ******* нь бурхан болсон. Тэтгэврээ тогтоолгох гэтэл миний халагдсан тушаал байхгүй байсан учраас намайг 2006 оноос 2008 оны 02 сар хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн төрийн архивын тодорхойлолт, №738516 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, гэрэл зургууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.       Хүсэлт гаргагч Л.*******гийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

2.    Хүсэлт гаргагч Л.******* нь ******* Дархан ХХК-д 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2008 оны 02 сар хүртэл ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.

 

4. Хүсэлт гаргагч Л.******* нь ажилд орсон, ажлаас халагдсан тушаал байхгүй гэсэн үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

 

5. Шүүх хуралдаанаар №738516 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ... 2006 оны 01 дүгээр сараас 2006 оны 12 дугаар сарыг дуусталх, 2007 оны 01 дүгээр сараас 2007 оны 12 дугаар сарыг дуусталх, 2008 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацааны шимтгэл төлсөн гэсэн бичилт, ... ажилласан аж ахуй нэгж, байгууллагын нэр ... ******* Дархан ХХК, эрхэлж байсан ажил, албан тушаал ... барилгын даамал, ажилд авсан он, сар, өдөр ... 2006 оны 05 сарын 08, тушаал шийдвэрийн дугаар 01, гэрэл зургууд зэрэг бичилтүүд зэргийг шинжлэн судлав.

 

6. Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Л.*******г ******* Дархан ХХК-д 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд барилгын даамлаар ажиллаж байсан болохыг тогтоож, Л.*******гийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* *******г ******* Дархан ХХК-д 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд барилгын даамлаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА