| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0027/э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2018-01-05 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
улсын яллагч Д.Энх-Оргил,
шүүгдэгч Ч.А /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цэхэр овгийн Чулуунбаатарын Алтангэрэлд холбогдох эрүүгийн 1711005780367 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц овгийн Ч А, 1993 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 57-790б тоотод оршин суух хаягтай,
2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, регистрийн дугаар .
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ч.А нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Pease mall /пийс молл/ худалдааны төв рүү таксигаар хүргүүлсэн Ц.Номуундарийн гээгдэл эд хөрөнгө LG K-10 загварын гар утсыг завшиж 600.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ц.Номуундарь нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Пийс молл төв дээр ажлын байрандаа ирэхдээ цагаан өнгийн таксигаар хүргүүлж ирсэн. Тэгж ирэхдээ би гар утсаа унагаасан байх. Би ажил дээрээ орж ирээд цүнхээ арын агуулахыг өрөөнд тавьсан байсан ба нэг эмэгтэй хувцас өмсөж үзэх гэж байгаад агуулах руу орж байгаа харагдсан. Тэгээд гар утсаа үзэхэд байхгүй байхаар нь тэр эмэгтэйг авсан гэж бодсон. Гэтэл би таксины арын суудалд суухдаа утсаа унагаасан байх. Миний утас LG K-10 загварын, 2017 оны 5 дугаар сард лизингээр 720.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Одоо би утсаа авсан тул гомдол саналгүй...” гэжээ /хх-18-21/.
Гэрч Б.Чулуунбаатар мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын сүүлээр байх гадуур халтууранд явж байгаад Соёолж төвийн хойд талаас 30 орчим насны эмэгтэй хүн гар өргөхөөр нь аваад хүргэж өгөөд гэртээ ирсэн. Хашаандаа ирээд машины арын хаалгыг онгойлгож үзэхэд маркийг нь мэдэхгүй бор шаргал өнгийн ухаалаг гар утас байхаар нь хүү Алтангэрэлд чи барих юм бол бариараа гээд өгсөн. Би тэр утсыг ашигласан зүйл байхгүй. Би тэр өдөр олон хүнд үйлчилсэн, утас нь цэнэггүй болоод унтарсан байсан учраас эзэнтэй нь холбогдож чадаагүй...” гэжээ /хх-27/.
Эд зүйлийн үнэлгээ /хх-34/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-36/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 08 дугаар тогтоол /хх-82/, шүүгдэгч Ч.Аийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-81/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Ч.А нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Pease mall /пийс молл/ худалдааны төв рүү таксигаар хүргүүлсэн Ц.Номуундарийн гээгдэл эд хөрөнгө LG K-10 загварын гар утсыг завшиж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Аийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Ад ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.
Хохирогч Ц.Номуундарь нь “...2017 оны 5 дугаар сард лизингээр 720.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Одоо би утсаа авсан тул гомдол саналгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цэхэр овгийн Чулуунбаатарын Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН