Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 123/ШШ2024/0084

 

 

 

 

 

 

 2024      11        13                                                  123/ШШ2024/0084

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Г***************н” ХХК,

Хариуцагч: Төв аймгийн Ө***********т сумын Засаг дарга нарын хоорондын ашигт малтмалын хайгуулын XV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван /цахимаар/, хариуцагч Төв аймгийн Ө***********т сумын Засаг дарга А.Даваа-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жигмэддорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч талаас “Г***************н” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Төв аймгийн Ө***********т сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2. Нэхэмжлэгчээс XV-021849  дугаар тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 057 дугаар албан бичгийг хариуцагчид хандан гаргасны дагуу хариуцагч Төв аймгийн Ө***********т сумын Засаг дарга 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/60 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах асуудал нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны хэрэг үүсэн шалгагдаж байгаа тул дээрх шалтгааны улмаас уг төлөвлөгөөг хянан үзэх боломжгүй байна гэсэн хариуг өгч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Төв аймгийн Ө***********т сумын Засаг даргын үйлдэлтэй холбогдуулан Төв аймгийн Засаг даргад хандан 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 061 дугаартай албан бичгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг таслан зогсоож, төлөвлөгөөг батлахыг даалгуулахаар гомдол гаргасны дагуу Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаас  ... Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 227/МА2023/0726 дугаар магадлалаар “Хавцал уул” нэртэй XV-021849 тоот дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 жилийн хугацаа 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болохоос өмнө байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулах шаардлагатай, хариуцагчаас ч батлах үүрэгтэй болохыг тэмдэглэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан байх тул асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэнэ үү гэсэн чиглэлийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 07/965 дугаар албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн байна. /хх-9,12/,[1]

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэлүүдийн талаар:

3.1. Нэхэмжлэгч "Г***************н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г***************н” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийг 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Төв аймгийн Ө***********т сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч “Г***************н” ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан үндэсний хөрөнгө оруулалттай, геологи-хайгуулын салбарт үйл ажиллагаа явуулдаг компани юм. Манай компани нь Ашигт малтмал газрын тосны газраас зарласан 52 дугаар сонгон шалгаруулалтад оролцон 89 оноо авч, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 241 тоот шийдвэрийн дагуу Төв аймгийн Ө***********т сумын нутагт байрлах “Хавцал уул” нэртэй, 5582.61 га талбай бүхий XV-021849 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар авсан. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-т зааснаар жил болгон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Засаг даргад хүргүүлэн батлуулах ёстой байдаг. Гэтэл 2021 оноос хойш одоог хүртэл батлаагүй. Тус шүүхэд бид нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 он, 2022 он, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах нь цаг хугацааны хувьд ач холбогдолгүй гэж үзсэн. Харин 2024 оны менежментийн төлөвлөгөөг батлах үүрэг Засаг даргад байна, Засаг дарга хууль зөрчсөн байна, эс үйлдэхүй гаргасан байна гэдгийг нэгэнт дүгнэсэн. Өмнөх 2021 он, 2022 он, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахтай холбоотой маргаан шийдвэрлэгдсэн. Бид нар ойлгохдоо шүүхээс хариуцагчийг хууль зөрчсөнийг тогтоосноор 2024 оны менежментийн төлөвлөгөөг батлах үүрэг байна, батлаарай гэж шүүхийн шийдвэрт дурдсан учраас 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №57 дугаар албан бичгээр Төв аймгийн Ө***********т сумын Засаг даргад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулъя гээд шүүхийн шийдвэрт 2024 оны төлөвлөгөөг батлах үүрэгтэй заалтыг дурдаж, ашигт малтмалын газраас батлуулсан хайгуулын ажлын төлөвлөгөөг менежментийн төлөвлөөтэйгөө хамт хүргүүлсэн. Гэвч сумын Засаг дарга 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 60 дугаар албан бичгээр байгаль орчны менежментийн төлөвлөөг батлахаас татгалзсан. Бид нар энэ шийдвэрийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дээд шатны захиргааны байгууллага буюу Төв аймгийн Засаг даргад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 61 дугаар албан бичгээр гомдол гаргасан. Үүний дагуу Төв аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 07/965 дугаар гомдлын хариу өгөх албан бичигт хууль журмын дагуу шийдвэрлэнэ үү гэсэн сумын Засаг даргад зөвлөсөн шинжтэй байсан. Энэ нь ямар нэгэн байдлаар үүрэг болгоогүй. Иймд бид зөрчигдсөн эрх сэргээхээр шүүхэд хандсан. Ө***********т сумын Засаг даргын эс үйлдэхүй Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “менежментийн төлөвлөгөөг баталснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасныг зөрчиж манай компанийн эрхийг зөрчсөн. Энэ заалт нь Засаг даргын үүргийг маш тодорхой заасан. Байгаль, орчны аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалаар “...байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хянан батлах...” тухай журмын дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж, боловсруулаад хүргүүлсэн. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Засаг дарга нэг л тохиолдолд батлахаас татгалзах эрхтэй. Энэ нь тухайн жилийн байгаль орчны төлөвлөгөө энэ журамд заасан шаардлагыг хангаагүй, хангаж боловсруулаагүй, агуулгын хувьд хангалтгүй байх юм бол татгалзах үндэслэл болно. Гэтэл Ө***********т сумын Засаг дарга шал өөр үндэслэл яриад шүүхийн маргаантай байгаа, иргэд захиргааны хэргийн шүүхэд хандсан гэх мэт зүйлийг яриад эс үйлдэхүй гаргаад байна. Захиргааны хэргийн шүүх бүх нотлох баримтыг цуглуулж, холбогдох гуравдагч этгээдүүдийг бүгдийг нь оруулаад асуудлыг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцээд тусгай зөвшөөрөл нэгэнт хууль зөрчөөгүй, хуулийн хүчин төгөлдөр байна гээд тусгай зөвшөөрөлтэй холбоотой, тодорхой газартай давхцалтай, соёлын өвийн хуулийг зөрчсөн гэх асуудал байхгүй байна гэх хүчин төгөлдөр шийдвэртэй. Тухайн нэхэмжлэгч, гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргаагүй. Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас “Г***************н” ХХК өнөөдрийн байдлаар 4 дэх жилдээ тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулж огт чадаагүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл гэдэг хариуцагч талын тайлбарлаж байгаа шиг ан агнуур, соёлын өв, бусад эзэмшлийн газар зэргийг ямар нэгэн байдлаар хөндөхгүй. Ашигт малтмалын тухай хуулиараа соёлын өв, байгалийн дурсгалт зүйл, бусдын эд хөрөнгийг яах эсэх талаар бүгдийг нь зохицуулчихсан. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй хайгуулын үйл ажиллагаа явуулахыг шаарддаг нэг л бичиг баримт байгаа. Бид Төв аймгийн Ө***********т сумын Засаг даргыг 4 жил хүлээж байна. Энэ хугацаанд бид нар өчнөөн хүн цалинжуулж байгаа. Энэ тусгай зөвшөөрлийг ямар нэгэн албан тушаалтанд авлига өгч аваагүй, нээлттэй сонгон шалгаруулалтад оролцоод үнийг нь төлөөд худалдаж авч байгаа. Эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрөл олгочхоод байхад сумын Засаг дарга хайгуулын үйл ажиллагааны явцад батлах үүрэг хүлээсэн бичиг баримтыг батлахгүй байгаагаас болоод тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа. Манай байгаль орчны менежментийн төлөвлөгөө хэрэгт авагдсан байгаа. Хайгуулын үйл ажиллагаа явуулснаар байгалиа хэрхэн хамгаалах, иргэд, орон нутгийн эрх ашгийг хамгаалсан агуулгатай бичиг баримт. Мэдээж өөр хууль бус үйл ажиллагаа явуулбал тусгай зөвшөөрөл цуцлагдана, үйл ажиллагаа зогсоно. Гэтэл хайгуулын үйл ажиллагаа явуулж эхлээгүй байхад бичиг баримтыг нь батлахгүй байгаа. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.2-т зааснаар хайгуул хийж байгаа талбар дээр заавал байлгах бичиг баримтын бүрдэлд байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан байдаг. Үйл ажиллагаа явуулахгүй бол тусгай зөвшөөрөл цуцлагдах хүртэл үр дагавар үүсдэг. Одоо 2024 оны 11 сар болж байна. Үйл ажиллагаа явуулахад цаг агаарын хувьд боломжгүй болсон ч гэсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа явуулахад энэ шүүхийн шийдвэр ийм хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулж чадаагүй юм байна, энэ төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж чадаагүй юм байна гэдгийг нотлох баримт болно. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс Төв аймгийн Ө***********т сумын Засаг даргад 2021 он, 2022 он, 2023 онд батлах үүрэг байсан байна, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаарай, эс үйлдэхүй гаргасан байна гэж  эрх зүйн үйл баримтын хүрээнд дүгнэсэн. Хариуцагч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шүүх дээр маргаан явж байгаа учраас тухайн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэгдтэл шийдэхгүй гэдэг боловч тэр маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээд, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байна. Иймд “Г***************н” ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

3.2. Хариуцагч Төв аймгийн Ө***********т сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлд дурдсан тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан үүсээд шүүхийн шатанд байгаа тул энэ маргаан шийдэгдтэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй байгаа гэдгийг хэлсэн. Засаг дарга бол байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаад, хяналтаа тавиад ажиллах ёстой байдаг. Үүнийг сумын иргэдийн зүгээс хүлээн зөвшөөрдөггүй маш их маргаантай, дандаа зөрчилдөж байдаг. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой сум өөрөө маш жижиг тул амьдрал дээр иргэд маш их эсэргүүцдэг. Бүх юм алган дээр тавьсан юм шиг байдаг. Аргаа бараад иргэддээ хуулийн зүйл заалтыг бүгдийг нь тайлбарлаад, байгаль орчны байцаагчаа дагуулаад, тухайн компанийн төлөөлөлтэй хамт батлах ёстой юм байна шүү гэж ойлгуулах гээд 2, 3 удаа хурал хийсэн. Харамсалтай нь иргэд битгий батал, чамайг батлахгүй бол бид нар энийгээ хамгаалаад явна, шүүхээр явна гэдэг. 2021 он, 2022 он, 2023 онуудад тусгай зөвшөөрөлтэй холбоотой шүүх дээр маргаантай байсан. 2024 оны төлөвлөгөөг батлах юм бол дахиад гомдол гаргана, хайгуул хийлгэхгүй гэх иргэдийн эсэргүүцэлтэй тулаад байгаа учраас би нэхэмжлэгч “Г***************н” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй. Орон нутгийн сонгуультай холбоотойгоор миний бие өнөө маргаашгүй ажлаа өгөх гэж байгаа. Би энэ хэдэн жил батлаагүй байж байснаа ажлаа өгөхдөө нэхэмжлэгчийн байгаль орчны төлөвлөгөөг баталбал иргэд намайг ямар ашиг сонирхлоор баталсан юм бэ гэх асуудалтай тулгараад байгаа юм. Ард иргэд нь бас энэ талаар 4 жил шүүх дээр маргаад явж байгаа учраас аль аль талдаа тодорхой хэмжээний ойлголттой болж байгаа болов уу гэж бодож байна” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жигмэддорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сумын Засаг дарга өөрийнхөө ажил үүрэгтэй холбоотой тайлбар хэллээ. Сумын Засаг дарга нь тухайн орон нутаг, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Яг энэ хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбогдуулаад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах үүрэг Засаг даргад байгаа боловч тэр үүргээ биелүүлэхийн тулд тодорхой нөхцөлүүд бүрдсэн байх ёстой. Хууль тогтоомжид заасан шалгуур шаардлагыг хангасан байх ёстой. Мөн сумын Засаг дарга зөвхөн байгаль орчинтой холбоотой биш түрүүн дурдсанчлан ан агнуур, бүс нутагт менежментийн төлөвлөгөө байгуулан ажиллаж байгаа компани, бэлчээр ашиглалтын гэрээ, өвөлжөө, хаваржаа, иргэдийн газар эзэмших гэрээ зэргээр хүлээсэн үүрэгтэй. 2024 оны менежментийн төлөвлөгөө нь 2021 он, 2022 он, 2023 онуудын менежментийн төлөвлөгөөтэй уялдаа холбоотой. Өмнөх жилүүдэд шүүхээр маргааныг эцэслэн шийдвэрлүүлсэн. 2021 он, 2022 он, 2023 онуудын менежментийн төлөвлөгөөг батлуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сумын Засаг дарга хууль зөрчсөн үйлдэл байхгүй байна гэж шийдвэрлэсэн. Өмнө нь 2021 он, 2022 он, 2023 онуудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах тухай нэхэмжлэл дээр 2024 оны тухай дурдсан нь нэхэмжлэлийн хүрээнээс хальсан асуудал байсан. 28 малчин иргэнээс Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан маргаантай холбогдуулан оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг 06 дугаар сарын 25-ны өдөр гардаж аваад 07 дугаар сарын 08-ны өдөр давж заалдах гомдлоо Төв аймгийн Ө***********т сумын Засаг дарга гаргасан боловч сумын Монгол шуудангийн газар тогтмол явдаггүй, машин, унаа байдаггүй, хувь хүнд дайлгадаг зэрэг асуудлаас болоод гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байдаг. Хугацаандаа гомдлоо гаргаж чадаагүй учраас хугацаа сэргээлгэх хүсэлтээ гаргасан. Одоо ямар шатандаа явж байгаа талаар мэдэхгүй байна гэсэн хариу өгсөн. Байгаль орчныг хамгаалахтай холбогдуулаад малчин иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд ажлаа хийгээд явж байна. Үүний хүрээнд сумын Засаг дарга Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газар түүний хэвлий, ус, ой, ургамал, байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Багийн Иргэдийн Нийтийн Хурал болон сумын хурлаар энэ асуудлуудыг хэлэлцээд дэмжих боломжгүй гэсэн шийдвэрүүд гарч байсан. Өмнөх хэргүүдэд мөн нотлох баримтаар гаргаж өгч байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд түүх соёлын дурсгалт зүйлүүд байвал хэрхэн, яаж хамгаалах тухай дурдсан байдаг. Үүнийг хэрхэн, яаж хэрэгжүүлэх талаар менежментийн төлөвлөгөөндөө дэлгэрэнгүй тусгаагүй байна гэж Ө***********т сумын Засаг даргын зүгээс үзсэн. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д “сумын Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулах ёстой” гэж заасан байтал ийм зөвшилцөл огт ирээгүй. 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус төлөвлөгөөг хянан үзээд, санал хүсэлтээ солилцон хамтран ажиллана гэж найдаж байна гэх санал солилцох албан бичгийг ирүүлсэн. Тусгай зөвшөөрөлтэй маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа учраас тус төлөвлөгөөг хянан үзэх боломжгүй байна, нийтийн эрх ашигт хохирол учруулахуйц нөхцөл байдал арилсан тохиолдолд батлах үүрэгтэй гэсэн үндэслэлээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг буцааж хүргүүлсэн. Нотлох баримтаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэргийн шийдвэрүүдийг хавсаргасан байсан. Шүүхээр энэ асуудал явж байгаа учраас эцэслэн шийдвэрлэгдсэний дараа зөвшилцөнө гэж ярьж байсан. Менежментийн төлөвлөө, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө гээд 2 төлөвлөгөө байгаа. Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмал, хайгуул хийхдээ мэргэжлийн байгууллагаар урьдчилсан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэж заасан. Гэтэл хэрхэн хамгаалах талаар төлөвлөгөө байхгүй, тусгай мэргэжлийн байгууллагын дүгнэлт, судалгаа байхгүй, байгууллагуудын зөвшөөрөл байхгүй. Мөн хайгуулын талбайн зураглалд хаана, хаана, ямар, ямар дурсгалт зүйл байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй. Эдгээр зүйлүүд нь менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх хангалттай үндэслэл болж байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэг. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

1.2. Нэхэмжлэгч “Г***************н” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа ашигт малтмалын хайгуулын XV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Төв аймгийн Ө***********т сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах гэж тодорхойлсон.

Хоёр. Хэргийн оролцогчдоос дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч талаас Ашигт малтмал газрын тосны газраас зарласан 52 дугаар сонгон шалгаруулалтад оролцон 89 оноо авч, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 241 тоот шийдвэрийн дагуу Төв аймгийн Ө***********т сумын нутагт байрлах “Хавцал уул” нэртэй, 5582.61 га талбай бүхий XV-021849 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар авсан. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3 дахь хэсэгт зааснаар жил болгон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Засаг даргад хүргүүлэн батлуулах ёстой байдаг. Гэтэл 2021 оноос хойш одоог хүртэл батлаагүй. Тус шүүхэд бид 2021 он, 2022 он, 2023 он оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар өмнө нь нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 12 дугаар сард шийдвэрлэхдээ 2021 он, 2022 он, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах нь цаг хугацааны хувьд ач холбогдолгүй гэж үзсэн. Харин Засаг дарга 2024 оны менежментийн төлөвлөгөөг батлах үүрэгтэй гэж дүгнэсэн. Мөн Засаг дарга эс үйлдэхүй гаргасан, хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн. Бид нар ойлгохдоо шүүхээс хариуцагчийг хууль зөрчсөнийг тогтоосноор 2024 оны менежментийн төлөвлөгөөг батлах үүрэг байна, батлаарай гэж шүүхийн шийдвэрт дурдсан учраас 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №57 дугаар албан бичгээр Төв аймгийн Ө***********т сумын Засаг даргад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулъя гээд шүүхийн шийдвэрт 2024 оны төлөвлөгөөг батлах үүрэгтэй заалтыг дурдаж, ашигт малтмалын газраас батлуулсан хайгуулын ажлын төлөвлөгөөг менежментийн төлөвлөөтэйгөө хамт хүргүүлсэн. Гэвч сумын Засаг дарга 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 60 дугаар албан бичгээр байгаль орчны менежментийн төлөвлөөг батлахаас татгалзсан. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс Төв аймгийн Ө***********т сумын Засаг дарга 2021 он, 2022 он, 2023 онуудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах үүрэгтэй байсан төдийгүй Засаг даргыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэж 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах тухай эрх зүйн үйл баримтын хүрээнд дүгнэсэн. Хариуцагч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шүүх дээр маргаан явж байгаа учраас тухайн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэгдтэл шийдэхгүй гэдэг боловч тэр маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээд, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байна. Манай компани хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл авсан төдийгүй хариуцагчийн буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй байна. Иймд “Г***************н” ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэж,

2.2. Хариуцагч талаас сумын Засаг дарга нь тухайн орон нутаг, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Яг энэ хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбогдуулаад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах үүрэг Засаг даргад байгаа боловч тэр үүргээ биелүүлэхийн тулд тодорхой нөхцөлүүд бүрдсэн, хууль тогтоомжид заасан шалгуур, шаардлагыг хангасан байх ёстой. Мөн сумын Засаг дарга зөвхөн байгаль орчинтой холбоотой биш түрүүн дурдсанчлан ан агнуур, бүс нутагт менежментийн төлөвлөгөө байгуулан ажиллаж байгаа компани, бэлчээр ашиглалтын гэрээ, өвөлжөө, хаваржаа, иргэдийн газар эзэмших гэрээ зэргээр хүлээсэн үүрэгтэй. 2024 оны менежментийн төлөвлөгөө нь 2021 он, 2022 он, 2023 онуудын менежментийн төлөвлөгөөтэй уялдаа холбоотой. Өмнөх жилүүдэд шүүхээр 2021 он, 2022 он, 2023 онуудын менежментийн төлөвлөгөөг батлуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сумын Засаг дарга хууль зөрчсөн үйлдэл байхгүй байна гэж маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Өмнө нь 2021 он, 2022 он, 2023 онуудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах тухай нэхэмжлэл дээр 2024 оны тухай дурдсан нь нэхэмжлэлийн хүрээнээс хальсан асуудал байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт “сумын Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулах ёстой” гэж заасан байтал ийм зөвшилцөл ирээгүй. 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус төлөвлөгөөг хянан үзээд, санал хүсэлтээ солилцон хамтран ажиллана гэж найдаж байна гэх санал солилцох албан бичгийг ирүүлсэн. Тусгай зөвшөөрөлтэй маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа учраас тус төлөвлөгөөг хянан үзэх боломжгүй байна, нийтийн эрх ашигт хохирол учруулахуйц нөхцөл байдал арилсан тохиолдолд батлах үүрэгтэй гэсэн үндэслэлээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг буцааж хүргүүлсэн. Нотлох баримтаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэргийн шийдвэрүүдийг хавсаргасан байсан. Шүүхээр энэ асуудал явж байгаа учраас эцэслэн шийдвэрлэгдсэний дараа зөвшилцөнө гэж үзсэн. Менежментийн төлөвлөө, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө гээд 2 төлөвлөгөө байгаа. Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмал, хайгуул хийхдээ мэргэжлийн байгууллагаар урьдчилсан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэж заасан. Гэтэл хэрхэн хамгаалах талаар төлөвлөгөө байхгүй, тусгай мэргэжлийн байгууллагын дүгнэлт, судалгаа байхгүй, байгууллагуудын зөвшөөрөл байхгүй. Мөн хайгуулын талбайн зураглалд хаана, хаана, ямар, ямар дурсгалт зүйл байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй. Эдгээр зүйлүүд нь менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх хангалттай үндэслэл болж байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж, тус тус маргаж байна.

Гурав. Маргааны үйл баримтын талаар:

3.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 241 дүгээр шийдвэрээр “Г***************н” ХХК-д Төв аймгийн Ө***********т сумын нутаг, Хавцал Уул нэртэй газарт 5582,61 гектар талбайд ХV-021849 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ.[2]

3.2. Нэхэмжлэгчийн Ашигт малтмалын хайгуулын ХV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тухайн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.3. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2023/0726 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 жилийн хугацаа 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болохоос өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулах шаардлагатай, хариуцагчаас ч батлах үүрэгтэй болохыг тэмдэглэн дүгнэлт өгсөн нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хайгуулын тусгай зөвшөөрлийн 2021, 2022, 2023 оны төлөвлөгөөг одоо батлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь өнгөрсөн цаг хугацааны үр дагаваргүй, харин ирээдүйд хийх ажлын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг буюу 2024 онд хариуцагч энэ үндэслэлээр батлахаас татгалзах эрхгүй, батлах үүрэгтэй болохыг тогтоож шийдвэрлэжээ.[3]

3.4. Энд өмнө нь нэхэмжлэгчийн Ашигт малтмалын хайгуулын ХV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн 2021 он, 2022 он, 2023 онуудын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүйд холбогдох маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх ба тухайн маргаанд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлд холбогдох он, онд Засаг даргаар батлуулах нэг зүйлийн асуудал давтагдан гарч, хариуцагчаас өмнө нь шүүхээр дүгнэгдэн шийдвэрлэгдсэн үндэслэлээр дахин маргаж байгаа нь тодорхойлогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

3.5. Нэхэмжлэгч “Г***************н” ХХК нь Төв аймгийн Ө***********т сумын Засаг даргад хандан 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 57 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн талбайн 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах тухай хүсэлтээ гаргаж, тухайн төлөвлөгөөг хүргүүлсэн. Ө***********т сумын Засаг даргаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/60 дугаар албан бичгээр уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны хэрэг үүсэн шалгагдаж байгаа тул дээрх шалтгааны улмаас уг төлөвлөгөөг хянан үзэх боломжгүй байна гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн.

3.6 Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах” гэж заасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 57 дугаар албан бичгээр ашигт малтмалын хайгуулын ХV-021849 дугаар тусгай зөвшөөрлийн 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахтай холбоотой зөвшилцөхөөр хүргүүлсэн нь мөн хуульд нийцэж байна.

 3.7. Гэтэл хариуцагчаас тусгай зөвшөөрлийн талбайд 2024 онд хэрэгжүүлэх Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзаж, “...иргэдийн нэхэмжлэлээр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны хэрэг үүсэн шалгагдаж байгаа тул дээрх шалтгааны улмаас уг төлөвлөгөөг хянан үзэх боломжгүй байна” гэсэн хариуг өгсөн, мөн өнөөдрийн шүүх хуралдаанд “Энэ асуудал 4 жил явж байгаа. Ганцхан ашигт малтмалын хуулиар биш, олон хууль хэрэгжүүлж байгаа. Эцсийн байдалд сумын Засаг даргыг хэцүү нөхцөлд оруулж байна. Сумын Засаг дарга хуульд зааснаар батлах ёстой. Гэхдээ иргэд үүнийг ойлгодоггүй. ...Засаг даргаа чи өнөөдөр бид нарыг хамгаалах ёстой, нутаг усаа хамгаална гэж байгаа бол наад менежментийн төлөвлөгөөгөө битгий батлаарай, баталсан байвал танд өөртэй чинь хариуцлага хүлээлгэнэ шүү, тархи толгойг чинь хагална гэж заналхийлдэг”,  “Харамсалтай нь иргэд битгий батал, чамайг батлахгүй бол бид нар хамгаалаад явна. 2021, 2022, 2023 онд шүүх дээр маргаантай байсан. 2024 оны төлөвлөгөөг батлах юм бол дахиад гомдол гаргана. Хайгуул хийлгэхгүй гэх иргэдийн эсэргүүцэлтэй тулаад байгаа учраас батлаагүй. Баталчихдаг, гэтэл иргэд ямар ашиг сонирхлоор баталсан юм гэх асуудалтай тулгараад байгаа юм.” гэсэн тайлбаруудаар  хариуцагч Засаг дарга нь нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хуульд заасны дагуу хянаж баталгаажуулах үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдож, улмаар хариуцагчийн шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасныг зөрчсөн болох нь нотлогдож байна.

3.8. Түүнчлэн нэхэмжлэгчээс Төв аймгийн Засаг даргад гаргасан гомдлыг хянаад  Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаас шийдвэрлэхдээ “ ... Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 227/МА2023/0726 дугаар магадлалаар “Хавцал уул” нэртэй XV-021849 тоот дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 жилийн хугацаа 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болохоос өмнө байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулах шаардлагатай, хариуцагчаас ч батлах үүрэгтэй болохыг тэмдэглэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан байх тул асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэнэ үү” гэсэн чиглэлийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 07/965 дугаар албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн байх боловч хариуцагч үүний дагуу ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна.

3.9. Дээрхээс нэхэмжлэгч “Г***************н” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлээгүй үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаар нэхэмжлэгчийн ХV-021849 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2024 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй, үндэслэлгүй татгалзсан хариу өгч хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь нотлогдож байна.

3.10. Иймд нэхэмжлэгчийн ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж тус тус заасныг биелүүлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна.

3.11. Мөн түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд “нэхэмжлэгчийн 2024 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө нь шалгуур хангаагүй, ан агнуурын бүс, соёлын өв, гэрээгээр  ашигладаг бэлчээр, 28 айлын өвөлжөө, хаваржааны газарт тусгай зөвшөөрөл олгосон” гэж тайлбарласан боловч энэ асуудлаар өмнө нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээр нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн Ашигт малтмалын хайгуулын ХV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн 2021 он, 2022 он, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүйд холбогдох маргаанд хариуцагчаас мөн энэхүү үндэслэлийг гаргаж, маргааныг  шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дээрх үндэслэл нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлах хариуцагчийн үйлдэлд шууд хамаарах үндэслэл бус болох талаар нэгэнт дүгнэсэн, мөн хариуцагч талаас  “Төлөвлөгөөнд зарцуулах зардал нь 1 сая төгрөг гаргахаар заасан нь хангалтгүй гэж үзэхээр байгаа” гэж тайлбарлан маргасан боловч хариуцагч Ө***********т сумын Засаг даргын шүүхэд ирүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хариу тайлбарт “...Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж үзээгүй болно” гэж уг төлөвлөгөөг огт хянаагүй буцаасан буюу хүсэлтийг хүлээн авсан тухайн үедээ дээрх хуульд заасны дагуу хянаж, зөвшилцөж баталгаажуулах үүргээ гүйцэтгээгүй эс үйлдэхүй гаргасан  болох нь тогтоогдож байх тул энэхүү тайлбаруудыг хүлээн авах үндэслэлгүй байна.[4]

3.12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан буюу мэтгэлцэх зарчмын үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл эзэмших, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3.13. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Ө***********т сумын Засаг даргаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г***************н” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон “Г***************н” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Ө***********т сумын Засаг даргад холбогдох “Г***************н” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Төв аймгийн Ө***********т сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг “Г***************н” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Ө***********т сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Ө***********т сумын Засаг даргаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г***************н” ХХК-д олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтас 9,12 дугаар тал,

[2] 1 дүгээр хавтас 5-7 дугаар тал,

[3] 1 дүгээр хавтас 44-50 дугаар тал,

[4] 1 дүгээр хавтас 29 дүгээр тал,