Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/16

 

Т.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

СБ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.О даргалж, шүүгч О.Б, Г.У нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. Шүүх хуралдаанд:

ахлах прокурор Х.Н,

шүүгдэгч Т.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д,

   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нарыг оролцуулан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ерөнхий прокурор Н.Н-ийн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Б-д холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. МУ-ын иргэн, 19.... онд СБ аймгийн.... суманд төрсөн,*******,*******,*******,*******,*******,*******, эхийн хамт СБ аймгийн БУ сумын ... дүгээр баг “.......тоотод оршин суух, урьд СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгийн торгох ялаар, СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж,, ......овогт Т.Б

2. Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ СБ аймгийн БУ сумын ... дүгээр баг дахь "............" дэлгүүрийн урд талын гудамжинд хамтран амьдрагч Ц.У-ийн гэдэс, хэвлий хэсэгт өшиглөн эрүүл мэндэд “хэвлийн битүү гэмтэл,, наалдац үрэвсэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Хяналтын прокурор Г.Б нь түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

4. СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,, хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Т.Б-д оногдуулсан хорих ялд ........аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 14 дугаартай шүүгчийн захирамжаар хяналт тогтоосон 4 сар 9 хоногийн хугацаанаас эдлээгүй үлдсэн 17 хоногийг мөн хугацаагаар хорих ялаар сольж,,,,, СБ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогч Ц.У гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын эмчилгээний зардалд 2062700 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 400000 төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдаж шийдвэрлэжээ.

5. Ерөнхий прокурор Н.Н эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-д хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ эрүүгийн хууль буруу хэрэглэсэн. Шүүхээс оногдуулсан ялыг бүрэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимтай холбоотой. Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн нь түүний нийгэмд аюултай зан төлөвийн бодит илрэл бөгөөд шүүх эдлээгүй үлдсэн бүх ял буюу 4 сар 9 хоногийн хорих ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг тогтоох байсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “эдлээгүй үлдсэн ял” гэх ойлголтыг шүүгдэгч нь суллагдаж, хяналт тогтоосон хугацаанаас хойш ямар хугацааны дараа гэмт хэрэг үйлдсэнээс үл хамааран өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн бүх хугацааг ойлгох юм. Шүүх ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг баримтлахаас гадна эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэнэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

6. Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би ээжтэйгээ хамт амьдардаг, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний ялыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2023 оны 06 сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хяналтаа тавьж байсан. Хорих ялын хугацаанаас өмнө тэнссэн суллагдсан 4 сар 9 хоногоос 17 хоног үлдсэн буюу бусад ялаа эдэлсэн. 4 сар 9 хоногийг нэмж байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, эрүүгийн хариуцлага давхардуулж оногдуулах асуудал үүсэж байна. Энэ хэрэгт оролцсон прокурор эдлээгүй үлдсэн 17 хоногийг тооцож өгнө үү гэж саналаа гаргаж байсан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

8. Ахлах прокурор Х.Н шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгдэгч Т.Б-ийн хувьд ..... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 4 сар 9 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан. Энэ хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн учир түүний ялыг шүүхээс нэмж нэгтгэсэн. Нэмж нэгтгэхдээ эдлээгүй үлдсэн ялыг бүхэлд нь нэмж нэгтгэх ёстой байтал шүүхийн шийтгэл тогтоол гарах үед үлдсэн хугацаа буюу 17 хоногийн хугацааг нэмж нэгтгэж хууль хэрэглээний алдаа гаргасан. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Миний хувьд Т.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөөгүй, тухайн зүйл хэсэгт заасан оногдуулсан ялыг нэмж хүндрүүлэхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэхгүй гэж үзэж байгаа. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж харж байна гэв.  ТОДОРХОЙЛОХ нь:

        1. Давж заалдах шатны шүүх ерөнхий прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

   2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

      3. Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ СБ аймгийн БУ сумын .... дүгээр багт үйл ажиллагаа явуулах “.........” дэлгүүрийн урд талын гудамжинд хамтран амьдрагч Ц.У-ийн гэдэс, хэвлий хэсэгт өшиглөн эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл,, наалдац үрэвсэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,, хэсэгт зааснаар түүнд 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялд ........ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай шүүгчийн захирамжаар хяналт тогтоосон 4 сар 9 хоногийн тэнссэн хугацаанаас эдлээгүй үлдсэн 17 хоногийг мөн хугацаагаар хорих ялаар сольж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 1 сар 17 хоногийн хугацаагаар тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байна. Тодруулбал:

4.1. СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Б-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. /хх 65-67/

4.2. Хэрэгт авагдсан СБ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/283 дугаар болон 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/667 дугаар албан бичгүүд зэргээс үзэхэд дээрх шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 4 сар 9 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн байх ба ........ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр шүүгчийн захирамжаар түүнийг хорих ялаас хугацааны өмнө суллаж, 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хяналт тогтоожээ. /хх 69, 118/

4.3. Ялтан Т.Б нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр буюу Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул сүүлд үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “эдлээгүй үлдсэн ял” гэх ойлголтыг шүүгдэгч суллагдаж, хяналт тогтоосон хугацаанаас хойш ямар хугацааны дараа гэмт хэрэг үйлдсэнээс үл хамааран өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн бүх хугацааг ойлгох юм.

5.Гэтэл анхан шатны шүүх шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял дээр СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 128 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 9 хоногийн ялыг нэмж нэгтгэхээр байхад 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг буруу тооцож, эрүүгийн хууль буруу хэрэглэсэн алдааг гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж тус шүүхийн эрх хэмжээг хууль тогтоогч хуульчлан тогтоосон бөгөөд ял хүндрүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах эрх хэмжээгүй юм. Иймд анхан шатны шүүхийн хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ гаргасан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

Хоёр. Сүхбаатар аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Н-ийн эсэргүүцлийг хангасугай.

 Гурав. Шүүгдэгч Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг СБ аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар энэ хэргийг хэлэлцтэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

Дөрөв. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНТУНГАЛАГ

 

                 ШҮҮГЧИД                                О.БААТАРСҮХ

 

                                                                              Г.УРТНАСАН