Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 17

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор:  Э.Ууганзаяа,

            Хохирогч Б.У,

       Шүүгдэгч: Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогтой Т-ийн А-т холбогдох эрүүгийн 1735002110004 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, фермер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт Увс аймгийн Сагил сумын 3-р багт оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОЮ97010530, Т ургийн овогтой Т-ийн А.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.А нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.У-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  1. Шүүгдэгч Т.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

                  Шүүгдэгч Т.А нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.У-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.У-ийн: “Би 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Т.А-тай хурим найраа хийж тусдаа гарсан юм. А бид хоёр одоогоор Сагил сумын 3-р баг “Өндөр мод” гэх нэртэй газарт мал маллаж амьдардаг бөгөөд бид хоёр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж амжаагүй байгаа юм. 2017 оны 12-р сарын 10-ны өдөр нөхөр бид хоёр Сагил сумаас аймгийн төвд орж ирсэн юм. Тэгээд 2017 оны 12-р сарын 11-ний өдөр 20:00 цагийн үед А бид хоёр Улаангом сумын 10-р баг Тээврийн хороонд байх манай хамаатны ах болох Б-ын гэрт очсон юм. А, Б нар нь 2,5 литрийн “Сэрүүн” нэртэй 2 сав пивийг хувааж уусан. Тэгээд 23:00 цагийн үед А бид хоёр Б-ын гэрээс гараад Улаангом сумын 11-р багийн нутагт байдаг “Бадмаараг” үсчин гоо сайхны газар луу А-ын найзтай уулзахаар очсон. А бид хоёр “Бадмаараг” үсчинд очиход уг үсчин гоо сайхны газарт А-ын найз Б ганцаараа байсан юм. Тэр үед А согтуу байсан бөгөөд надад “Чи манай аав ээж хоёрт яах гэж худлаа яриад байгаа юм бэ, би чамайг дээрэлхсэн зүйл байхгүй” гэж хэлээд агсам согтуу тавьж эхэлсэн юм. А намайг манай найз болох А гэх залуутай холбоотой байдаг гэж хардаад байдаг бөгөөд энэ шалтгааны улмаас бид хоёр гурван удаа хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан юм. Тэгээд А нь үсчин дотор надад агсам согтуу тавьж байгаад намайг заамдаж аваад гараараа миний нүүр, толгой, хоёр гар луу цохисон. Мөн миний гэдэс рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж зодсон юм. Тэгээд А, Б бид гурав А-ын танил гэх айлд очиход тухайн айлд миний танихгүй 4 хүн байсан бөгөөд уг айлд байсан 4 хүн болон А, Б нар нь 2,5 литрийн “Боргио” гэх нэртэй пиво 1 ширхэг, 0,5 литрийн “Улаанбаатар” гэх нэртэй 1 шил архийг хувааж уусан. Би уг архинаас уугаагүй юм. Тэгээд 2017 оны 12-р сарын 12-ны шөнийн 02:00 цагийн үед тэр айлаас А, Б бид гурав гарсан. Тухайн айлаас гараад явж байтал А дахин хоёр гараараа миний толгой руу хэд хэдэн удаа цохиод хөл, гэдэс рүү өшиглөсөн бөгөөд тэр үед миний баруун нүд хөхөрч, хамар хэсгээр хавагнаж, толгой өвдөөд байсан юм. Тухайн үед А бид хоёрын хажууд Б байсан бөгөөд бид гурав тэндээсээ алхаад “Хүслэн” гэх зочид буудалд очсон.  Бид гурав тэндээ нэг өрөө аваад орсон ба  А тэнд архи уух гээд намайг “Буудал ажлуулж байгаа эгчээс аяга аваад ир” гэж хэлэхээр нь би буудал ажилуулж байсан эгчээс аяга авахаар зогсож байхдаа тэр эгчид “Эгчээ намайг манай нөхөр зодоод байна” гэж хэлсэн. Тэгж байтал А хүрч ирээд намайг дагуулаад өрөө рүү ороод надад “Чи яах гэж худал хэлээд байгаа юм бэ” гэж хэлээд дахин миний нүүр лүү гараараа цохисон тул  би өрөөнөөс гүйж гараад буудал ажилуулж байгаа эгч дээр очоод цагдаад дуудлага өгсөн юм. А бид хоёр урьд өмнө нь гурван удаа хэрэлдэж маргалдаж байсан бөгөөд тухайн үед намайг зодож цохиж байгаагүй юм. А бид хоёр тусдаа гарч хамт амьдраад 2 сар болж байгаа. Одоо миний толгой, гэдэс өвдөж байна. Мөн миний хамар, зүүн нүд хөхөрсан байсан. А нь намайг зодож миний биед гэмтэл учруулсан явдалд би гомдолтой байна. ” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/,

                  Хохирогч Б.У-ийн шүүхийни хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн үед А намайг зодсоны улмаас миний тархи доргисон, хамар яс хугарсан, зүүн нүдний орчим тэр чигтээ хавагнаж хөхөрсөн, завьжны дотор тал шалбарсан, зүүн хөлийн өвдөг, шилбэ орчмоор хөхөрсөн, баруун гарын бугалганы орчимд хөхөрсөн гэмтлүүд учирсан юм. А-т зодуулаад миний биеийн байдал хүнд байсан тул аймгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд гарсан боловч одоог хүртэл толгой хатгаж өвдөөд байгаа тул одоо Сагил сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. А-т зодуулсны улмаас эмчилгээний төлбөрт 500.000 төгрөгийн зардал гарсан бөгөөд А-ын зүгээс хохирол барагдуулсан зүйл байхгүй. Намайг эмнэлэгт хэвтэж байхад эргэж ирээгүй, аав нь 2 удаа ирсэн, ээж нь ирээгүй. А нь өнөөдрийг хүртэл надтай ирж уулзаагүй, утсаар ч яриагүй. Миний бие урьд өмнө нь өвдөж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан удаа байхгүй. Надад ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг,

                  гэрч  Д.Б-ны “Намайг 2017 оны 12-р сарын 11-ний өдөр 22:50 цагийн үед би Улаангом сумын 03-р багт байх “Жэтс” клубд үсчдийн шинэ жилийн арга хэмжээн дээр байж байтал над руу манай найз А-ын эхнэр У залгаад “Хаана байна, гарах болж байна уу, би очих гэж байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй 23:00 цагийн үед У, А хоёр “Жэтс” клубын гадна ирж бид гурав тэндээсээ алхаад Хөдөлмөрийн дээд сургуулийн урд талд байх миний ажилладаг “Бадмаараг” үсчин гоо сайхны газар луу явсан юм. Тухайн үед А согтуу байсан бөгөөд У архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд би өөрийн ажилладаг үсчний газрынхаа хувцас солих жижиг өрөө рүү ороод хувцсаа сольж байхад У, А хоёр хоорондоо хэрэлдээд эхэлсэн бөгөөд А нь У-т “Чи худал хэлээд, өөр хүнтэй ярьж мессэж бичсэн биз дээ. Мөн манай ах, дүү нарт худал хэлж намайг буруутгадаг биз дээ. Би чамайг зодож чадна” гэж хэлээд агсам тавиад байх шиг байсан. Тэгэхээр нь би хувцсаа сольчихоод өрөөнөөс гарахад А нь гараараа У-ийн толгой, гарлуу нь цохиод, гэдэс бие рүү нь хэд хэдэн удаа өшиглөөд байсан юм. Тэгэхээр нь би дундуур нь ороод тэр хоёрыг салгасан. Тэгээд байж байтал надтай хамт ажилладаг үсчин Д орж ирээд хувцасаа солиод гарсан бөгөөд Д эгч гарахдаа А, У бид гуравт “Та нар манайд хүрээд ирээрэй” гэж хэлээд явсан юм. Тэр үед А уурлахаа болиод бид гурав хэсэг хугацааны дараа Улаангом сумын 9-р багт байх Д-ийн гэрт очиход Д эгч нөхөр, бага насны 2 хүүхдийнхээ хамт, мөн гоо сайханч М нар байсан юм. Бид гурав 0,5 литрийн “Улаанбаатар” нэртэй 1 шил архи авч очсон бөгөөд уг архийг задлаад тойруулаад эхэлж байтал М эгч “Нөхөр дуудаад байна” гэж хэлээд яваад өгсөн юм. Тэгээд уг архийг бид нар хувааж ууж байтал У гэнэт уйлаад байсан юм. Тэгтэл Д эгчийн нөхөр “Та нар манай гэрт яагаад уйлаад байгаа юм. Айлд орж ирчихээд уйлаад байж болохгүй ш дээ” гэж хэлсэн. Тэгээд А, У бид гурав тэр айлд байж байгаад 02:00 цагийн үед гараад хашааны гадна явж байтал А нь Ут “Чи яагаад айлд ирээд уйлаад байгаа юм” гэж хэлээд гараараа У-ийн толгой, нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон. Мөн гэдэс рүү нь өшиглөөд байсан тул би дундуур нь ороод тэр хоёрыг салгасан. Тэр үед  У-ийн зүүн нүд, хамар хэсэг нь хавагнасан . Тэгээд бид гурав тэндээсээ алхаад “Хүслэн гэх нэртэй зочид буудалд очоод буудлын нэг өрөөнд орсон юм. Уг өрөөнд ороод байж байтал А нь Ут “Чи архи уух аяга олоод ир” гэж хэлэхэд У гараад явсан. Удалгүй араас нь А гарч яваад У-ийг дагуулаад өрөөнд орж ирсэн. Тэгээд А У-т “Чи яах гэж худал хэлээд байгаа юм бэ” гэж хэлээд нүүр лүү нь гараараа цохиод байсан юм. Тэгтэл У гүйж гараад буудал ажиллуулж байгаа хүнд хэлээд цагдаад дуудлага өгсөн байсан. А, У бид гурав найзууд бөгөөд найзлаад 3 жил болж байгаа юм. А У-ийн толгой, нүүр, гар, хөл рүү гараараа цохиж, хөлөөрөө гэдэс рүү нь хэд хэдэн удаа өшиглөж зодсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,

                  гэрч Ц.Л-гийн “2017 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 02:20 цагийн үед А гэх залуу, Б гэх эмэгтэй болон өөр нэг эмэгтэйгийн хамт ирээд миний ажилладаг “Хүслэн” буудалд өрөө авсан юм. Удалгүй А-тай хамт явсан эмэгтэй нь гарч ирээд надад “Эгчээ А намайг зодоод байна. Би яаж зугатаах вэ” гэж хэлээд байж байтал А орж ирээд тэр охиныг дагуулаад өрөө рүүгээ явсан. Тухайн үед А хаалганы гадна чагнаад зогсож байсан юм байна лээ. Тэгтэл удалгүй минут ч болоогүй байтал нөгөө охин гүйж гарч ирээд “Эгчээ намайг аваарай” гэж хэлээд миний өрөөнд орж ирэхээр нь би түүнийг өөрийнхөө араар оруулахад А араас нь гүйж гарч ирээд тэр охиныг зодоод, өшиглөөд байсан. Тэгэхээр нь би тэднийг салгаад тэр охиноос дугаар авч ар гэрийн хүмүүсийг нь дуудахад 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс ирээд цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн үед А тэр охины толгой руу нь цохиод, хөл рүү нь өшиглөөд байсан. Мөн миний араар ороход нь хөөгөөд цохиод байсан юм. Анх тэр охин буудалд орж ирэхэд түүний биед ил харагдах бэртэл, гэмтэл ажиглагдаагүй. Сүүлд миний хажууд тэр охиныг зодоход нүд нь хөхөрч, хамар нь гэмтэж, хөл нь хөхөрсөн байсан. Надад хөлөө гаргаж үзүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

                  гэрч Д.М-ын “Би 2017 оны 12 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Сагил суманд гэртээ амарч байтал шөнө 02:30 цагийн орчимд миний дүүгийн нөхөр болох Н гэх хүн над руу утасдаад “У-ийг нөхөр нь буудалд авч ороод зодчихсон байна. Та нар орж ирэх боломж байна уу” гэж хэлсэн тул би нөхрийн хамт тэр шөнө Улаангом суманд ирсэн юм. Биднийг ирэхэд У, А нарыг цагдаагийн газар дээр авч ирсэн байсан. А бид нарт “Би архи уугаад ухаан мэдрэлээ алдчихсан байна. Намайг уучлаарай” гэж хэлээд байсан бөгөөд өөр зүйл яриагүй. Тухайн үед У-ийн хамар яс хугарсан, зүүн нүдний орчимд хавдаж хөхөрсөн, доод уруул дотор талын завьж шалбарсан, зүүн хөл нь хөндүүрлэж өвдөж байсан. Ер нь нүүрнийх нь зүүн талаар маш хавдартай, зүүн хөл нь энд тэнд хөхөрсөн байдалтай байсан ба “Толгой өвдөж байна” гэж хэлж байсан. Тархи нь доргисон гэж эмч хэлж байсан. Охин маань одоог хүртэл толгой болон бие нь өвдөж толгой эргэж, нүд нь  харанхуйлж  гэрт хэвтрийн байдалтай байгаа юм. У нь А-тай 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болж хурим найраа хийсэн боловч бид тэр хоёрын гэрлэлтийг албан ёсоор батлуулаагүй байсан юм. Энэ хугацаанд А нь миний охин У-ийг элдэв янзаар хэл амаар доромжилж байсан гэж сонссон. Харин зодож цохиж байгаагүй юм байна лээ. А-ынх манайхаас хол байдаг тул байнга очиж байгаагүй тул сайн мэдэхгүй байна. Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд арай гайгүй болсон боловч үе үе хийж буй үйлдэл, хэлсэн зүйлээ мартчихаад байдаг болчихсон. Энэ хугацаанд А болон түүний ар гэрийнхний зүгээс бидэнтэй ирж уулзаагүй, эмчилгээний төлбөрийг барагдуулаагүй өдийг хүрсэн. Уулзах нь битгий хэл биеийг нь асууж утсаар ярьсан удаа ч байхгүй байна. Миний хувьд эрүүл саруул, өвчин хуучгүй хүүхдээ А-т эхнэр болгож өгөөд удаагүй байтал уг хэрэг гарч одоо охин маань өвчин эмгэгтэй болж, эрүүл мэндээрээ хохироод үлдэж байгаад гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг, /хх-ийн 13/,

                  шүүгдэгч Т.А-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “Би тухайн үед пиво уугаад согтсон байсан бөгөөд эхлээд хардалтын улмаас У-ийг зодсон. Дараа нь У-ийг айлд уйлаад байсан тул гадна гаргаад зодсон. Сүүлд зочид буудалд очоод У буудлын ажилтанд худал хэлэхээр нь түүнийг дахин зодсон юм. Би “Жетс” баарны гадна Б-ыг хүлээж байтал хоёр залуу ирсэн бөгөөд нэг нь А гэх У рүү залгаад байдаг залуу байсан тул би түүнтэй маргалдаад зодолдож байтал хүмүүс салгасан юм. Надад зодуулаад У-ийн зүүн нүд хавдсан байсан. Би тухайн үед пиво уусан согтуу байсан бөгөөд У-ийг цохих үед хажууд Б, зочид буудлын ажилтан хоёр байсан. Манай эхнэр У нь А гэх залуутай утсаар холбогдоод харилцаатай байсныг би утаснаас нь санаандгүй мэдчихсэн юм. Энэ асуудлаас болж өмнө нь У бид хоёрын хооронд хааяа маргаан гардаг байсан боловч би У-ийг зодож байгаагүй. Би одоогоор У-т учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа бөгөөд цаашид төлж барагдуулах болно. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би энэ хэргээр цагдаад шалгагдаж байсан учраас хөдөө явж У-тэй уулзаж амжаагүй байгаа. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,     

                  Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №11 дугаартай: “Үзүүлэгч Б.У-ийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, хамар яс хугарсан, доод уруулын дотор талын салст шалбарсан, зүүн нүдний эргэн тойрон, баруун бугалга, зүүн мөр, зүүн шилбэ, өвдөгний орчим хар хөхөрсөн зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 15/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.     

                 Шүүгдэгч Т.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.У-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Т.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.                

                 Хохирогч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт “А-т зодуулсны улмаас эмчилгээний төлбөрт 500.000 төгрөгийн зардал гарсан бөгөөд А-ын зүгээс хохирол барагдуулсан зүйл байхгүй. Эмчилгээний төлбөрөө нэхэмжилж байна. Би гомдолтой байна ” гэж мэдүүлсэн бөгөөд хэрэгт хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт авагдаагүй байх тул тооцож гаргуулах боломжгүй байна. Иймд хохирогч Б.У нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

                  2. Шүүгдэгч Т.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

                  Шүүгдэгч Т.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

      Шүүгдэгч Т.А-ын хувийн зан байдал болон амьдралынх нь талаар гэрч Л.Т-ийн “А нь миний ууган хүү бөгөөд багаасаа хөдөө өссөн. Дунд сургуульд суралцаж 9-р ангиасаа “Улаангом коллеж”-д орж фермер мэргэжил эзэмшсэн боловч одоогоор ажил төрөл эрхлэхгүй байгаа. Саяхан буюу 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эхнэр авч тусдаа гарч хурим найраа хийсэн бөгөөд эхнэр У-тэйгээ албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байгаа юм. Хүү маань сэргэлэн цовоо, ажил төрөлд сайн, шаламгай хүүхэд бөгөөд найз нөхөд олонтой. Улаангом коллеж төгссөнөөс хойш хөдөө гэртээ тогтохгүй, аймгийн төв рүү тэмүүлээд байдаг болсон . Өнгөрсөн хавар Улаангомд хэрэгт холбогдоод шүүхээс тэнсэн ял шийтгэгдсэн юм. Ар гэрийн амьдралын хувьд дутагдах гачигдах зүйл байхгүй. Эхнэр авч найр хурим хийсэн тул өмч тасалж өгсөн. А 200 гаруй малтай бөгөөд албан ёсоор гэрлэлт батлуулаагүй тул миний нэр дээр тоологддог. Хувьдаа иж бүрэн тавилгатай гэртэй, гэр нь хөдөө байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12/ хэрэгт авагджээ.

                  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Т.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах буюу хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал болон хувийн байдал, улсын яллагчийн саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв. 

                  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

              Шүүгдэгч Б.А-т Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.13-ны өдрийн 44 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 3 сар хорих ялаар шийтгэж,  хорих ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзах хугацааа тогтоож шийдвэрлэснийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заасныг баримтлан дээрхи шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.       

                  Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.                  

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                  1. Шүүгдэгч Т овогтой Т-ийн А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-т 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           4. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.У гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                                   

 

                                                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН