| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2205036991125 |
| Дугаар | 2023/ДШМ/833 |
| Огноо | 2023-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Анужин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2023/ДШМ/833
2023 8 17 2023/ДШМ/833
Б.Дад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ш.Анужин,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/546 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2205036991125 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
*************** овгийн Б.Д, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эх, ах нарын хамт Архангай аймгийн Цэнхэр сум, 0 дугаар баг, ****** гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;
Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фламинго” нэртэй шөнийн цэнгээний газрын гадаа хохирогч А.Дыг зодож, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдолдоо: “...Миний бие ийм хэрэгт холбогдсондоо туйлын харамсаж байгаагаас гадна маш их гэмшиж, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч шүүхэд өгсөн тайлбартаа ямар ч гомдолгүй гэдгээ илэрхийлсэн билээ. Б.Д миний бие ар гэрийн нөхцөл байдлын хувьд, ээж маань хөдөө суманд мал дээрээ байдаг, ямар нэгэн ажил эрхэлдэггүй болно. Иймд ар гэрийн нөхцөл байдал боломж муу байгааг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна.
Миний үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол нөхөн төлсөн байдал зэргээс үзэхэд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тухайн шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх гэсэн үндсэн 2 шаардлагыг хангасан байх гэж заасан.
Иймд миний хувьд дээрх шаардлагыг хангасан гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, надад оногдуулсан ялыг торгох ялаар сольж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Прокурор Ш.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Дад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хохирлыг барагдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх боловч түүнд торгуулийн ял оногдуулах үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фламинго” нэртэй шөнийн цэнгээний газрын гадаа хохирогч А.Дыг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч А.Дын “...улаан куртиктэй нэг залуу миний хамар руу цохьсон. ... Би цагдаа дуудаад гэмтэл дээр очоод зурагаа авхуулахад миний хамар хугарсан байсан. ...” /хх 17/,
гэрч Н.Тын “...нэг казак залуу ирээд танай улаан куртиктэй найз намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн юм. ... Б.Д улаан өнгийн куртикэн хантаазтай, хар өнгийн үүргэвчтэй цүнхтэй байсан. ...” /хх 21-22/,
гэрч З.Аийн “...А.Дыг Тамжид гэх залуугийн найз болох Б.Д гэх залуу баруун гараараа нүүрэн тус газарт хоёр удаа цохих шиг болсон. Би тухайн улаан куртиктэй Б.Д гэх залууг барьж авах гэтэл зугтаагаад явсан. ...” /хх 24-25/,
Б.Дын яллагдагчаар өгсөн: “...Би нэг том биетэй залууг барьж аваад баруун гараараа 2 удаа нүүр хэсэг рүү нь цохьсон. Тэгтэл тухайн залуу газарт унахаар нь би хаяад явчихсан. ...” /хх 37/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15522 дугаар “...А.Дын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хх 28/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн, шүүгдэгч Б.Дын хохирогч А.Дын нүүр рүү цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.Д “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, надад оногдуулсан ялыг торгох ялаар сольж шийдвэрлэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/ шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдсан буюу харилцааны таарамжгүй байдлаас үүдэн бусдад хүч хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон ба гэмт хэргийн улмаас хохирогч А.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Б.Дад анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Дын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх агуулгад нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/546 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР